Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ХЯМРАЛЫН ЖИЛҮҮДЭД УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, АЖИЛЧДЫН ЦАЛИН, НИЙГМИЙН ХАЛАМЖАА ХЭВИЙН БАЙЛГАЖ ЧАДСАН ГАВЬЯАТАЙ Онцлох

26 4-р сар 2018 12:00
2529 удаа үзсэн

     Энэ сарын 18-нд Эрдэнэт хотод болсон Орон нутгийн сэтгүүлчдийн форум дээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар “Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн өнөөгийн байдал болон Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүрэг” гэсэн илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийн хэсгээс уншигч танд тоймлон хүргэж байна.  

     Д.ГАЛБААТАР: -“Эрдэнэт” үйлдвэрийн улсад оруулсан их хувь нэмрийг үнэлээд Монголын төр засаг тус үйлдвэрийг “Зууны манлай бүтээн байгуулалт” хэмээн өргөмжилж тэртээх он жилүүдэд тогтоол шийдвэрээ гаргасан. ОХУ маш том зорилго өвөрлөн Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн байгуулахдаа “Нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн нэгдэл” хэмээн нэрлэж байсан. Орчин цагийн хэллэгээр бол Эрдэнэт үйлдвэр “Нийгмийн хариуцлагатай уул уурхайн кластар” юм. Учир нь тус үйлдвэрийн бүрэлдэхүүнд улс ардын аж ахуйн 20-иод нэгж ажилладаг учраас “кластар” гэдэг үгээр тодотгож байна.
     1972 оны 7-р сарын 12-нд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж Монголд Эрдэнэтийн овоог ашигласан үйлдвэр барих хэрэгтэй гэсэн үндэслэлийг гаргаснаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийг барих шийдвэрт хүрч 1973 онд анхны гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа 1974 оны үнэ ханшаар тооцож үзэхэд энэ том үйлдвэр, нийгмийн барилга байгууламжийг 589 сая рублээр байгуулна гэж анхны эдийн засгийн тооцоог гаргасан. “Эрдэнэт” үйлдвэрийг барих 589 сая рублээс 6 сая рубль хэмнэж энэ үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Яг “Эрдэнэт” үйлдвэрт гаргасан нийт хөрөнгө гэвэл 425 сая рубль буюу тэр үеийн ханшаар 1,8 орчим тэрбум төгрөгөөр энэ том “айл” бүтээн босгогдсон. “Эрдэнэт” үйлдвэрийг яагаад нутаг дэвсгэрийн том комплекс гэж үздэг вэ гэвэл, тус үйлдвэрийн бүрэлдэхүүнд Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам нийт төсөвт өртөгт орсон байдаг. Мөн Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам тавигдсан. Үүний зэрэгцээ Хивсний үйлдвэр, Эрдэнэтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн байгууламжууд, түүнийг тойрсон нэг, хоёр, гуравдугаар бичил хорооллын орон сууцны байрууд баригдсан. Ингэж алсыг харж “ах” нар бидэнд техник, хүнээрээ тусалж энэ үйлдвэрийг Орос улсын хөрөнгөөр барьсан.
     Өмнөх нийгмийн үед Монгол улс хамгийн их зээлийг ОХУ-аас авч байсан./11,7 тэрбум шилжих рубль/ “Эрдэнэт” үйлдвэрийг босгосон хөрөнгө бол дээрх зээлийн 5 хувь нь юм. Ингээд бодохоор Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал, түүний засаг төр хэр зэрэг том бүтээн байгуулалтууд хийж байсан нь эндээс харагдана.
     2017 оны эдийн засгийн гүйцэтгэлээр “Эрдэнэт” үйлдвэр манай улсын нийгэмд оруулж буй хувь нэмэр, гол гол үзүүлэлтийн талаар одоо ярья. Монгол улсын төсөвт 9,2 хувийг нь “Эрдэнэт” үйлдвэр эзэлж байна. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 7,5 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд 14,9 хувь,  нийт экспортын 12,5 хувийг эзэлж байна.
     “Эрдэнэт” үйлдвэрийг стратегийн үйлдвэр гэж үздэг. “Ашигт малтмалын тухай” өмнөх хуульд дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийг үйлдвэрлэдэг бол стратегийн орд хэмээн нэрлэнэ гэсэн үзүүлэлт байсан. Энэ бол дэлхийн дагадаг жишиг юм. Тэр жишиг Монголын хуулинд байсан боловч одоо түүнийг хуулийн заалтаас авсан учраас ямар үйлдвэрийг стратегийн, ямарыг нь стратегийн бус гэх талаар баримжаагүй болоод байна.
     2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ой тохиож байна. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн 40 жилд 16,7 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Зэсийн баяжмал дахь зэс 4,6 сая тонн байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн нэг тонн хүдэрт 4,8 кг зэс агуулагддаг. Нийт хүдэр олборлолт 823,3 сая тонн. Эдгээр агуулгаар цэвэр зэсийн хэмжээ тодорхой харагддаг. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 23 хувийн агуулгатай зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Энэ баяжмал дахь цэвэр зэсийг үнэ хүргэж худалддаг учраас манай үйлдвэр экспортод зэс гаргаж орлого олдог гэсэн үг. Тус үйлдвэрийн ил уурхайн гүн доошлох тусам хүдрийн агуулга буурч байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад төслийн хүчин чадлыг жилд 16 сая тонн хүдэр боловсруулна гэж тооцсон. Тэр үед хүдэр дэх зэсийн агуулга 1-0,8 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, 1000 кг тутамд 8-10 кг зэс байна гэж тооцсон. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн хүдэр олборлолтын хэмжээ 31-32 сая тонн болж байна. Гэтэл хүдэр дэх зэсийн агуулга 0,48 хувь болоод буучихсан. Тиймээс өмнө хэлсэн үнэ цэнэ хүрдэг экспортын бүтээгдэхүүнийг 125 мянган тонн цэвэр зэсээс буулгахгүйн тулд илүү үйлдвэрлэл явуулж, илүү зардал гаргаж байна.
     Санхүү, эдийн засгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 5,4 их хаяд төгрөг төлсөн байна. Энэ хугацаанд цэвэр ашиг 2,2 их наяд төгрөг болсон. Үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 1,8 тэрбум төгрөг гэж би дээр хэлсэн. Тэгвэл энэ тооцоогоор цэвэр ашгийг мянга дахин олсон байна.
     “Эрдэнэт” үйлдвэр зах зээлийн нөхцөлд эдийн засгийн болон бусад хямралыг даван туулсан. Монгол улс 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэн. Шилжилтийн нийгэм эдийн засгийн үед “Эрдэнэт” үйлдвэр улсын нийт төсвийн орлогын 40-50 хувийг дангаараа  бүрдүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд хамгийн анх шилжсэн үйлдвэр бол “Эрдэнэт”. 1993 онд бид зах зээлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд АНУ-д 3, Японд 7, Англид 30 хүнийг сургасан. Эдгээр хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийг жилийн дотор зах зээлд шилжүүлж чадсан.Тэр үед  Монгол улсад нэг, хоёр сая доллар орж ирэхэд Сангийн яам төв банкинд цуглуулдаг байлаа. Тийм хэцүү үед “Эрдэнэт” үйлдвэр жилийн дотор зах зээлд шилжсэн. Зах зээлийн шилжилт үргэлжилсэн сүүлийн 28 жилд “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэнд 3 удаагийн хямрал тохиолдсон. 1998-1999 оны хямрал гэвэл, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2276 доллараас 1572 доллар/тонн болтол 30 хувиар унасан. Гэхдээ энэ хямралын үргэлжлэх хугацаа богино байсан. Ердөө нэг жил үргэлжилсэн. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгөөс үнэ давж унаагүй. 2008-2009 онд дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан үнэт металлын зах зээл дээр мөн хямрал үүссэн. Энэ хямралын үед зэсийн үнэ 6955 доллараас 5149 доллар/тонн болж 26 хувиар буурсан. Энэ үед зэсийн үнэ мөн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаас хэтэрч унаагүй.  Харамсалтай нь 2011 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал бол үнэхээр бодитой байсан. 2011 онд зэсийн үнэ жилийн дунджаар 8821 доллар байсан. Зарим үед 9000-10000 доллар/тонн хүрч байсан. Түүнээс хойш зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 6 жил тасралтгүй унасан. Ингэхдээ бүр бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгөөс доош орж унасан. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 2015 онд 4863 доллар/тонн болсон байв. Гэтэл энэ үед манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг, зардал 5000 доллараас илүү байлаа. Алдагдалд орохоор байсан. Энэ үед үйлдвэрийн менежментийн баг “Хямралын эсрэг авах арга хэмжээ, хэмнэлтийн бодлого” хэрэгжүүлж  бүтээгдэхүүний өртгийг 2015 онд 4820, 2016 онд 4000 долларт хүргэж энэ урт хугацаанд үргэлжилсэн хямралыг Эрдэнэтийн уурхайчид амжилттай давсан юм. Улсын төсөвт өгдөг мөнгө, ажилчдад олгодог цалин, нийгэмд үзүүлдэг халамжаа тэр үед хэвийн байлгаж чадсан гавьяатай.


     Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болсон. Нэгэнт дэлхийн жишиг үйлдвэр мөн юм бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг байнга судлах ёстой. Дэлхий дээр зэсийн эрэлт, нийлүүлэлт хэр зэрэг байх тухай одоо өгүүлье. Зэсийн үйлдвэрлэл 2016-2019 онд өсөх хандлагатай байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 22-23 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Энэ нь баяжмал дахь цэвэр зэсийн үзүүлэлт юм. Үйлдвэрлэлийн өсөлт 2017 онд 0,2 хувиар буурсан. Үйлдвэрлэл буусан хэмжээгээр үнэ өсдөг. Зэсийн хэрэглээ цаашид өсөхөөр байна. Зэсийн хэрэглээний гол өсөлт нь Хятадын эдийн засагтай маш их холбоотой байдаг. Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа 22-23 сая тонн зэсийн 48 хувийг Хятад улс эзэлдэг. Өөрөөр хэлбэл Хятад улс зэсийн үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг гэсэн үг.
     “Эрдэнэт” үйлдвэр 2017 оны байдлаар улсын төсөвт 496 тэрбум, Орхон аймгийн төсөвт 68,3 тэрбум, Булган аймгийн төсөвт 14,3 тэрбум төгрөг тус тус оруулсан байна. Энэ нь Булган аймгийн төсвийн 20 гаруй хувь, Орхон аймгийн төсвийн 85-90 хувийг бүрдүүлж байна гэсэн үг.

     “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн өндөр төлбөр бол “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” юм. Үндсэн хуулинд ашигт малтмалыг “ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Тиймээс дээрх үгнүүдийн учир утгыг сайн ухаж ойлгох хэрэгтэй. “Мэдэлд” гэхээр зэрэг эзэн л юмаа мэднээ дээ. Тэгэхээр ашигт малтмалын эзэн нь ард түмэн байх нь. Харин төр түүнийг хамгаалах үүрэгтэй. Ард түмэн мэдэх, төр хамгаалах, хувьцаа эзэмшигчид ашиг олох, ажилчид сайн үйлдвэрлэл явуулж цалин өндөр авах сонирхолтой, орон нутаг татвараа ахиу авах  бодлоготой. Харамсалтай нь энэ бүх сонирхлыг хуулиар зохицуулсан хэм хэмжээ байдаг боловч хэрэгждэггүй. Ашигт малтмалын тухай хуулинд орон нутагт үлдээх татварын хэмжээ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг суманд, 20 хувийг аймагт үлдээх тухай заалт бий. Хуулийн энэ заалт огт хэрэгждэггүй. Хэрэгжүүлэхгүй юм бол ийм хууль гаргаад яах юм бэ. Ашигт малтмалын тухай хуулинд ордын 10 хувийг нийтэд хувьчлах тухай заалт бий. Харамсалтай нь энэ бас л хэрэгжээгүй. Тавантолгой компанийн 10 хувийг 1076 хувьцаагаар хүн бүхэнд өгсөн. Гэтэл энэ нь одоо хүртэл эдийн засгийн эргэлтэнд ороогүй. Үйлдвэрийн тухайд нийт цэвэр ашгийн 30 хувь нь үйлдвэрт үлдээд, 70 хувь нь хувьцаа эзэмшигчдэд очих ёстой. Үйлдвэрт үлдсэн 30 хувийг хөрөнгө оруулалтанд зарцуулдаг. Хөрөнгө оруулалт нь эргээд хувьцаа эзэмшигчдийн өмч болдог. Ийм хуулийн заалтуудтай мөртлөө тэдгээрийг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас Монгол улс зах зээлийн өрсөлдөөнд хөлөө олоогүй байна. Үүнийг сэтгүүлчид зөв тайлбарлан ойлгуулж чадахгүй байна. Ашиг сонирхлын тухай хууль ч гарлаа. Ийм чухал хуулиуд батлагдсан боловч хэрэгжүүлдэггүй. Тиймээс сэтгүүлчид өнөөдөр нэгдэж байгаа нь маш чухал. Хууль хэрэгжихгүй, төр бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлийг залдаг, засдаг хүмүүс нь сэтгүүлчид. Тэр утгаар нь сэтгүүл зүйн байгууллагыг дөрөв дэх засаглал гэж ард түмэн нэрлэсэн. Өнөөдөр дөрөв дэх засаглал сэрж, дуу хоолойгоо нэгтгэж байгаад би маш их талархаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье гэв.

Ж.ОЮУН

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 26 4-р сар 2018 03:13
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог