×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” үйлдвэр эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор дэмжив Онцлох

19 4-р сар 2018 12:00
416 удаа үзсэн

     Газар шороотой харьцдаг уул уурхай нь зөвхөн эрэгтэйчүүд давамгайлсан салбар гэх уламжлалт ойлголт хэдийнэ өөрчлөгджээ. Техник технологийн хөгжил, нийгэм ч үүнийг шаардаж байна. Тиймээс Монголын уул уурхайн техник, нарийн мэргэжил, удирдах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зохистой харьцаа ямар байвал энэ салбарын эдийн засаг үр өгөөжтэй, хүн бүрт хүртээмжтэй байх вэ?
     Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг хүйсийн ялгаваргүй тэлэх бодлого чухал. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах, уурхайчин эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа юм гэдгийг энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт хотноо болсон “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганы үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон. Энэхүү чуулганд Монгол улсын уул уурхайн салбарын 15 компанийн 400 гаруй эмэгтэй оролцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Амарзаяа нар болон “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарын удирдлагууд оролцож, эрдэс баялагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, санаачилгын талаар бүсгүйчүүдийн үзэл бодлыг сонсов.

     Өнөөдөр уул уурхайн салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, уул уурхайн компаниудын ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монголд хамгийн их буюу нийт уурхайчдын 20 гаруй хувийг эзэлдэг нь гарсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь улсын дунджаас төдийгүй дэлхийн дунджаас ч өндөр үзүүлэлт юм.  Энэ тоо “Эрдэнэт”-д эмэгтэйчүүд манлайлж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ачааны хүндийг үүрэлцэж байгааг тодотгоно. Эмэгтэй ажилчид манлайлсан компанийн бизнесийн үр ашиг өндөр байдаг нь нэгэнт нотлогджээ.
     “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд уурхайчдын нийгмийн цогц үйлчилгээг бий болгосон. Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, спортын болон урлагийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Энэ үйлдвэрийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж, тэд эрчүүдийн нэгэн адил эрх эдэлдэг. Тухайлбал хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжид сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэхүү чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал уг тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Эх үрсийн баяраар гаргахаа амласан нь төлөөлөгч бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт сайн туршлага бусад уул уурхайн компанид үгүйлэгдэж буйг чуулганы үеэр онцлов.

     Төлөөлөгчид эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх талаар ярилцахын зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлаар ч санал солилцсон. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сайн туршлагаа хуваалцья, эрх зүйн орчин эмэгтэйчүүд гэсэн сэдвээр өрнөж, салбар хуралдаан бүрт саналаа нэгтгэв. Үндэсний чуулганд оролцогчид уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих сан байгуулж, хүүхэд гэр бүлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцох нөхцөл боломжийг ханган ажлын цагийн зохицуулалт хийх, уул уурхайн бүс нутаг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бодитой хийж, ажлын байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан зөвлөмж, уриалга гаргаж Улсын их хурал, Засгийн газарт илгээв.


У.Цэрэнбат

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 19 4-р сар 2018 07:01
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог