×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдлээ Онцлох

30 3-р сар 2018 12:00
755 удаа үзсэн

     Хөдөлмөрийн аюулгүй байдал буюу ХАБ бол ажил хөдөлмөр буцалж буй  аль ч талбарт нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Чухамхүү энэ зорилгыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ  боломж гарц, сайн туршлагаа харилцан солилцож,  түгээх, Монгол улс олон улсын Ослыг тэглэх алсын хараа буюу Vision zero хөдөлгөөнд нэгдэх гурван  багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөл, мэргэжилтнүүд  Эрдэнэт хотноо цуглалаа. Монгол улсын бахархалт бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн босгон дээр ХАБЭА-н талаар хамтдаа хэлэлцэж, осол эрсдэлийн хойноос нь залуурдах бус харин урьдчилан харж, сэлүүрдэх чиглэлээ тодорхойлж байгаа нь энэ удаагийн чуулганы онцлог байв. Долоо дахь жилдээ болж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллажээ.  

     Аюулгүй ажиллагаа гэдэг бол тухайн байгууллага, үйлдвэрийн газрын оршин тогтнох нэгэн чухал баталгаа юм. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн менежмент, оновчтой тогтолцоо, шилдэг туршлага, соёлыг бий болгохыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон эрмэлздэг. Үйлдвэрийн хамгийн үнэт баялаг болсон ажилтан хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөл, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь үргэлж бидний хамгийн том, нэн түрүүний зорилт байх болно” гэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018” чуулганы үйл ажиллагааг дэмжин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг энэ үеэр сонордуулсан. Мэндчилгээнд “Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв орчныг бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ” гэж тус чуулганы ач холбогдлыг дурдлаа.  Аюулгүй ажиллагааг хангах нь  хөдөлмөрийн хүний төлөөх хамгийн эрхэм бодлого гэдгийг чуулганы хамтран зохион байгуулагч Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Нацагдорж нар хэлсэн үгэндээ тэмдэглэсэн нь тус үйл ажиллагаанд оролцогчид ХАБЭА-н соёл, зөв хандлагыг шинэ шатанд гаргах зүгт хамтдаа харж буйг илэрхийлэв.

     Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018  чуулган “Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх” уриан дор зохион байгуулагдсан. Швед улсад замын хөдөлгөөний осол зөрчлийг арилгах зорилгоор анх хэрэгжүүлж эхэлсэн  тус хөтөлбөрт  өдгөө дэлхийн олон орон нэгдэж, үр дүнд хүрснийг илтгэгчид онцолж, Монгол улс эгнээнд нь нэгдэх  цаг болсныг уриалав. Чуулганд оролцогч байгууллагууд уг уриалгыг санал нэгтэй хүлээн авсан.  ХАБЭА-н цогц асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгсөн энэхүү чуулганы гол үр дүн нь уул уурхайн салбарынхан цаашид аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах, өнөөгийн ололтоо бататгах, боловсронгуй болгох бодлого хөтөлбөрөө тодорхойлж чадсан гэдгийг тэмдэглэе. Мөн энэ үеэр үндэсний компаниуд аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас болон хор саармагжуулах бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн харуулсан нь чуулганы цар хүрээг өргөжүүлэв. Чуулган хоёр өдөр үргэлжилж, хуралдааны явцад дэвшүүлсэн санал санаачилгыг үндэслэн шийдвэр гаргаж,  Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо, Олон Улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар байгууллагууд хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөсөн. Тус байгууллагууд аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил дэх оролцоо, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахаа баталгаажууллаа.

 


М.Балжинням

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 30 3-р сар 2018 07:22
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог