Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

БИ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИН Онцлох

13 3-р сар 2018 12:00
479 удаа үзсэн

 

Үүрийн гэгээтэй уралдахаас уурхайчин миний нэг өдөр эхэлдэг. Гэргийнхээ эртлэн босч, чанасан цайг уунгаа сэтгэл амар үнэгчлэх үрийнхээ царайг хараад ажилдаа гарах бас нэгэн жаргал. Манай Эрдэнэтийнхэн эртэч хүмүүс. ГОК-ын ажилчдын автобусны цуваагаар хотын амьдрал өрнөдөг. Өөрийн гэсэн өнгөтэй, соёлтой энэ хотын, цаашлаад эх орныхоо төлөө эртлэн босч, шамдан ажиллаад хайртай хүмүүсээ зорин харих сайхан. Маргаашдаа, ирээдүйдээ итгэл төгс царай, он жилүүдийн гэрч болсон эгэл төрх, энэ л уурхайчин хамт олны нэг нь, Монгол улсын манлай бүтээн байгуулалт, дэлхийд данстай үйлдвэрийн ажилчин гэхээр өөрийн эрхгүй бахархал төрдөг юм.

Манай үйлдвэр 6000 гаруй ажилчинтай, 40 жилийн түүхтэй.  Өнгөрснөөс бидэнд үлдээсэн гашуун сургамж бий. Энэ бол “Хөдөлмөрийн аюулгүй байдал”. Маанийн зургаан үсэг шиг хэлэгдэх энэ өгүүлбэрийг өглөө бүр санаж, өчигдөрхөн инээж яваад өнөөдөр үгүй болсон тусч залуухан андынхаа төлөө харуусдаг юм. Уул уурхайг сүүдэр мэт дагадаг аюул ослоос өөрийгөө болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамтрагчаа аврахын тулд өчигдөр би сайн амарч, өнөөдөр сэтгэл санаа тэгш дүүрэн, хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн хэрэглэж, цаг ямагт сэрэмжтэй байх үүрэгтэй. Энэ бодлыг мянга мянган уурхайчин сэтгэлдээ тээдэг гэдэгт би итгэдэг. Ажилчин бүр нь зөв ажиллахыг дүрэмдүүлж бус дадаж хэвшүүлсэн газар гэдэг цаанаа л гэр шиг минь дулаан. Алхам бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмж, зааварчилгаа бүхий зурагт хуудас, видео самбар нүднээ илхэн, инженер техникийн ажилтнуудын зааварчилгаа, сургалт тасрахгүй. Энэ талаар зөвлөсөн, сануулсан, сэрэмжлүүлсэн мэдээлэл компанийн бүхий л шатанд тарж, ажилчин бүрт хүрнэ. Ажлын байрандаа хариуцлагатай байна гэдэг миний зүтгэл юм. “Өөрөө л зөв ажиллаж, зөв бодолтой явбал туулах зам чинь дардан, зөөлнөөс зөөлөн байдаг юм шүү” гэсэн өвгөн мастерынхаа үгийг би санаж явдаг. Манай үйлдвэрт ах нь дүүдээ сургадаг. Бидэнд өмнөх үеийнхний, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, илгээлтийн эздийн үлдээсэн ардын заншил мэт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын “ёс зүй” гэж бий. Ингэж л бидний бодол сэтгэлд аюулгүй, зөв ажиллах тухай хоногшуулдаг.      

Амьдрал юутай сайхан, баялаг юм бэ? Өнөөдөр учирсан бүхэн өнгөрсөнд одож, гэхдээ маргааш ахиад л шинэ өглөө эхэлнэ. Аз жаргалын гинж мэт уурхайчин миний амьдралын өдөр хоног, “Эрдэнэт” хэмээх уул уурхайн нэвтэрхий толь болсон энэ үйлдвэрийн түүх хоёр зэрэгцэн үргэлжилсээр байна.

У.Цэрэнбат

Үнэлэх
(1 Санал)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог