×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзав Онцлох

01 3-р сар 2018 12:00
655 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд  орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй саяхан уулзлаа. Уулзалтад  Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний  компани болсонтой холбогдуулан худалдан авалтын дүрэм журмаа Монгол улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтлан ажиллаж байгаа аж. Худалдан авалтын шинэчлэгдсэн бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгч компаниудад танилцуулан, цаашид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Үндэсний үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ

     Уулзалтын эхэнд Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам Худалдан авалтын нээлттэй, шилэн дансны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон, худалдан авалтын журмыг тайлбарлан таниулав. “Эрдэнэт” үйлдвэр нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэдээ дараах шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт: “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал байх. Хоёрдугаарт: Чанар стандартын шаардлага хангасан байх. Гуравдугаарт: Зах зээлийн үнээр байх. Дөрөвдүгээрт: Хугацаандаа  нийлүүлдэг байх. Эдгээр шаардлагыг хангасан  орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтын  журамдаа тусгажээ.

Найдвартай компанитай урт хугацааны гэрээ байгуулна

     “Эрдэнэт” үйлдвэр дээрх шаардлага хангасан тогтвортой үйл ажиллагаатай, тууштай хамтран  ажиллах найдвартай компаниуд, мөн оюуны өмч эзэмшдэг, орон нутгийн аж ахуйн нэгжтэй урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.
     Түүнчлэн үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байна. Албан хүсэлтээ Хангамжийн хэлтэст хүргүүлэх аж. “Манай үйлдвэр жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж,  санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллах юм. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж Хууль эрхзүйн газрын дарга мэдэгдсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Худалдан авалтын гэрээг Захирлуудын зөвлөлөөр шийддэг болгосон нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг компаниудад ээлтэй шийдвэр болжээ. Худалдан авалтын шинэ журмаар Худалдан авах комисс, Онцгой комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн байна.  Тус бүрдээ 20-иод хүний бүрэлдэхүүнтэй эдгээр  комисст  дан ганц дарга нар бус  мэргэжлийн хүмүүс оролцож,  худалдан авах бараа, ажил үйлчилгээг “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, шаардлагатай эсэхийг тодорхойлдог ажээ. Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах нь “Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад цаг хугацаа, зардал хэмнэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа  гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байгаа аж.  

Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгоно

     Худалдан авах ажиллагааны  хамгийн түрүүн хийх алхам нь төлөвлөгөө гаргах  аж. Бүх цех нэгжийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний төлөвлөгөөг холбогдох газар, хэлтэст нэгтгэж, Захирлуудын зөвлөлд оруулан  дэмжигдвэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулдаг аж. Батлагдсан төлөвлөгөөг 12-р сарын 15-ны дотор  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яаманд мэдэгдэж, нийтэд нээлттэй зарлах хуулийн заалтыг цаашид хэрэгжүүлэн ажиллана гэж Хууль эрхзүйн газрын дарга ярьсан. Хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр: “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа нээлттэй байж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал бий болгосноор  урт хугацааны турш ажилтай, тогтмол орлоготой байхад нь дэм болохыг зорьж байна.  Компани урт хугацаанд оршин тогтнож, олон жил “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллахын тулд та бүхэн хууль, журмын дагуу эрүүл  үйл ажиллагаа явуулаарай. Бид боломжоороо дэмжиж  ажиллана гэв.

 

“Эрдэнэт” үйлдвэртэй хамтран  ажиллаж байгаадаа баяртай байна

     Б.Амгалан: Манай “Оракс” компани 2013 онд байгуулагдаж, туршилт, судалгаа хийсний үндсэн дээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн зэс болон молибдений баяжмалын шүүлтүүрийн цамц үйлдвэрлэж, “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. ЗМЗ-ын хайлах зуухнаас гардаг утаа тоос тоосонцрын шүүлтүүрийг 2015 оноос үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа шалгарсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулдгийн давуу тал нь  бүтээгдэхүүний нарийн хэмжээ зөрөх тохиолдолд  газар дээр нь тулгалт хийх, богино хугацаанд засаж өөрчлөх боломжтой байдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
     Г.Эрдэнэ: “Поли-Этилин” компани хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг 2007 онд байгуулж, анх “Эрдэнэт” үйлдвэрээс реагентын хүхэрт натрийн хаягдал шуудай худалдан авч түүхий эдээ бэлтгэдэг байсан. 2009 оноос  молибдений баяжмалд зориулсан хуванцар поддон үйлдвэрлэж, нийлүүлж байна. Мөн Ил уурхайн инженерүүдтэй хамтран жилийн өмнө тэсэлгээний цооногт тулгуурын  томоохон  туршилт хийсэн. Манайх саяхан оюуны өмчийн  гэрчилгээ авсан. Бусад бүтээгдэхүүнээр хамтран ажиллах санал тавьсан ч өмнөх удирдлагуудаас дэмжлэг аваагүй.  Таны хэлсэнчлэн оюуны өмч эзэмшдэг компанитай шууд худалдан авалт хийх бодлого хэзээнээс хэрэгжих вэ?
     Д.Цэрэнбадам:  Оюуны өмч эзэмшдэг л бол давуу эрхтэйгээр шууд гэрээ байгуулна гэсэн үг биш. Худалдан авалтын гол  шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг харгалзана.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж буйд талархаж байна

     Ц.Гүррагчаа: Анд-Энерги хувьцаат компани 2011 онд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр байгуулагдаж, 2014 онд Монголд анхны ЛЕД  гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах санал гаргасан чдэмжиж байгаагүй. Харин 2017 оноос манай үйлдвэрийг дэмжин гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнээр үнэхээр худалдан авалт нээлттэй, зөв болж буйг харуулж байна. Цаашид  цахилгаан угсралт, автоматжуулалтын чиглэлээр шийдэх асуудлыг  нээлттэй зарлахыг  хүсч байна.

Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна

     Д.Одгэрэл: “Нарийн хужиртын гол” компани принтерийн хорны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй өмнө хоёр ч удаа хамтран ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр принтерийн хороо дахин цэнэглүүлж, ашиглавал энэ зардлыг хоёр дахин бууруулах боломжтой. Цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.
     Д.Цэрэнбадам: “Энэ бол манай үйлдвэрийн хувьд авч хэрэгжүүлэх ёстой чухал ажил байна. Бид жилд олон мянган худалдан авалт хийдэг болохоор бүх зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байгаа. Таны гаргасан саналыг ажил хэрэг болгоно”гэв.
     Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгч компаниуд“Эрдэнэт”  үйлдвэртэй харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал бодлоо нээлттэй солилцсоноор  уулзалт өндөрлөв. Үйлдвэрт хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн,  товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулна гэдгээ “Эрдэнэт”-үйлдвэрийнхэн энэ үеэр илэрхийлэв.


Я.Энхтуяа




 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 01 3-р сар 2018 04:09
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог