Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эмэгтэйчүүд, залуучуудаа дэмжиж ажиллана Онцлох

23 2-р сар 2018 12:00
253 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 54 хувь нь 18-40 насны залуус байдаг бол 32 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд тус үйлдвэрийн хөгжил дэвшилд тэдний оролцоо, хувь нэмэр чухал үүрэгтэй. Уулзалтын зорилгыг  төрийн бус байгууллагуудынхаа удирдах ажилтнуудаар төлөөлүүлэн тэдний ард байгаа олон арван эмэгтэйчүүд, залуучуудаа сонсож, санал хүсэлтийг нь үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа гэж Ерөнхий захирал онцлов.
     Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооноос 2018-2023 он хүртэлх Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Залуучуудынхаа нийгмийн амьдралд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эерэг хандлага, хариуцлагатай байж, бие даах зан үйлд суралцуулах зэрэг олон боломжийг нээж өгөх уг хөтөлбөртөө дэвшүүлжээ. Харин энэхүү хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэхэд үйлдвэрийн үйл ажиллагааны бодлогод тодорхой зорилт тусгаж өгөхийг хүслээ. Мөн ажилчин залуучуудын нийгмийн асуудлууд, тухайлбал хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж, үйлчилгээ, орон сууцны хангамж, өндөр боловсролтой, чадварлаг залуучуудаа дэмжих зэрэг олон сэдвээр санал бодлоо хэлэв. Энэ талаар  үйлдвэрийн захиргааны зүгээс бүхий л боломжит хэлбэрээр үйл ажиллагааны бодлого хөтөлбөртөө тусган хамтран шийднэ гэдгийг удирдлагууд онцоллоо.
     Үйлдвэрийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нь уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал, гэр бүлийн сайн сайхны төлөө, тэдний нийгмийн асуудал, сургалт, нийгмийн хариуцлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хүнд үйлдвэрт ажиллаж буй эмэгтэйчүүдийнхээ чөлөөт цагийг  үр өгөөжтэй өнгөрөөх зорилгоор “Одонтой ээжүүд”, Манлай гэр бүл”, “Цэцэн бэр”, Манлайллын ур чадвар зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь эдүгээ тогтмолжиж, үр дүнгээ өгчээ. Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сард Уурхайчин эмэгтэйчүүдийн холбооны үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буйг зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа танилцуулав. Мөн тус зөвлөлөөс зохион байгуулах олон талт үйл ажиллагааны төсөв зардал, уулзалт ажлын өрөө, ягаан суудлын хэрэгжилт, эерэг мэдээ түгээх зэрэг олон асуудлыг шийдэж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
     Залуучууд, эмэгтэйчүүд бол тус үйлдвэрийн ажиллах хүчний том хэсэг. Тиймээс тэдэнд  дэмжлэг, урам зориг өгөхийн тулд эдгээр төрийн бус байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, нийгмийн асуудлуудыг бүрэн шийдэх судалгаа, гарц замыг олж бодлогын хүрээнд хэрэгжүүлж ажиллахаа удирдлагууд онцоллоо. Ажилчдынхаа дуу хоолой болж, тэдний эрх ашиг, хөгжил төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж буй Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбооны удирдлага, тэргүүлэгч гишүүдэд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 23 2-р сар 2018 02:17
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог