×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэндчилгээ Онцлох

28 12-р сар 2017 12:00
527 удаа үзсэн
     

      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон, нийт ажилтан, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
     Улирч буй 2017 он бидний хувьд хөдөлмөрийн амжилт бүтээл арвин, олон чухал үйл явдал дүүрэн байлаа. Хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан гүйцэтгэж, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх, дэвшилтэт технологиор сольж сайжруулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тухайлбал, уулын ажлын гол хөдөлгөгч хүч болох бульдозер, автогрейдер, автоачигч тус бүр нэг, 130 тоннын даацтай өөрөө буулгагч Белаз гурав, ус тээврийн Белаз хоёр, хүн тээврийн автобус зургааг худалдан авсан бөгөөд Баяжуулах үйлдвэрийн хоёр тээрмийг шинэчлэх гэрээ байгуулав. Дулааны цахилгаан станцыг 48 мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажил бүрэн дууссан бөгөөд Засвар механикийн заводод Liebherr-944 эксковаторын 18 м кубын багтаамжтай шанагыг үйлдвэрлэлээ.
     Нийт ажилтны цалинг 2017 оны тавдугаар сарын нэгнээс 10 хувиар нэмж, урамшууллын санг долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлогыг 120-450 мянган төгрөгөөр өсгөөд байна. Орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд ажилтан нарыг төрөл бүрийн сургалтад хамруулах зэргээр компанийн ажилтан, уурхайчдынхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.
     Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт Төвийн бүсийн чуулганыг амжилттай зохион байгуулж, авьяаслаг уран бүтээлчид маань хүндэтгэлийн нэгдсэн концертыг Улаанбаатар хотод толилууллаа.
    Эрдэнэт үйлдвэр нь ямагт шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Шинэ зууны нийгэм-эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны туршлагадаа тулгуурлан боловсруулаад байна. Хөгжлийн үндсэн чиглэлээ тав, таван жилээр, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зорилт тавьж, баримтлах таван бодлогоо тодорхойлсон.
     Энэ оны арванхоёрдугаар сарын 13-14-нд “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймаг, Эрдэнэт хотдоо амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумын үеэр уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг 40-өөд компанийн төлөөллүүдтэй бодлогоо нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцлоо.
     Айлчлан ирж буй 2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн маань 40 жилийн ой тохионо. Энэхүү 40 жилийн түүхийн цаг үед бид хөгжлийн шинэ гараагаа эхлүүлж байна. Компанийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу бид шинэ онд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна. 2018 онд манай хамт олон бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлж, 36 сая тонн хүдэр олборлох зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.
     Анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн өдрөөс 40 дэх оноо угтаж буй энэ цаг мөчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтан, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй шинэ ондоо ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, 
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, 
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
 
Х.БАДАМСҮРЭН
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 28 12-р сар 2017 07:50
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог