×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ Онцлох

13 10-р сар 2017 12:00
260 удаа үзсэн

    Үйлдвэрлэлийн ажлын гол хүч болдог мастеруудын ажил үүргийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлоход Мастеруудын анхдугаар зөвлөгөөний зорилго чиглэгдсэн байна. Их бүтээн байгуулалтыг цогцлоож, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастерууд бол үйлдвэрлэлийн ажлын од нь юм. Тиймээс урлаг спортын мастеруудыг од хэмээн хүндэлдэгтэй адил үйлдвэрлэлийн мастеруудаа  ийн нэрлэх учиртайг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний эхэнд бахархангуй өгүүлэв.
    Анхдугаар зөвлөгөөний эхэнд “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан толилууллаа. Тэрээр илтгэлдээ, он удаан жил ажилласан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх, байгууллагын санах ойн асуудал, өндөр ур чадвартай, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээг хийх техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх нь өнөөгийн тулгамдаж буй асуудал гэж онцолсон. Харин эдгээрийг шийдвэрлэх арга зам нь техник технологийн, хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч тодотголоо. Анхдугаар зөвлөгөөнд “Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг  нь өрнүүлэх талаар лекц уншсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй мэдлэг өглөө хэмээн оролцогч мастерууд олзуурхаж байлаа.
     Өдөр бүрийн ажлын  нарийн горим, хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцдаг мастеруудын ажлыг үнэлж дүгнэх нь Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлж, урамшуулах бодлогын томоохон хэсэг байдаг. Тиймээс зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэртээ олон жил хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа шилдэг тэргүүний мастеруудад шагналын хур буулаа. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн уулын мастер М.Мандах, Засвар механикийн заводын хайлах хэсгийн мастер Н.Тугтөгс нарын таван ажилтныг “Тэргүүний уурхайчин” цолоор шагнасан бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 15 мастерт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, “Тэргүүний мастер” өргөмжлөл хүртээсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хамт хэлэлцэж, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллыг дээшлүүлэхэд том алхам боллоо.

 

М.Балжинням

Гэрэл зургийг Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 13 10-р сар 2017 11:06
Үнэлэх
(1 Санал)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог