Нийгмийн хариуцлага
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн өнөөдөр Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээн Ерөнхий захирал үг хэлж, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа 2019 оны үйлдвэрлэлийн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлт гэсэн мэдээллээр танилцуулга бэлтгэн хүргэлээ. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд Орхон аймагтай 5 чиглэлээр 14 ажил дээр хамтран ажиллаж, 94 хувийн биелэлтээр гүйцэтгэлээ хаажээ. Харин энэ оны санхүүжилтээр 5 чиглэлээр 13 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. 
   Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын хувьд баг бүр нь Иргэдийн хуралд төлөөлөлтэй. Тэр ч утгаараа иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, төсөвт тодорхой ажлуудаа суулгах гээд төлөөлөгч нарын ажлын хариуцлага их байдаг. Эдийн засгийн мэдээллийн дараа асуулт хариултын цаг үргэлжилж, төлөөлөгч нар багийнхаа иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхэд хариулт авсан юм. Орон сууцны болон гэр хорооллын багуудад тулгамдсан асуудал харилцан адилгүй. Тиймдээ ч Уртын гол, Их залуу багийн төлөөлөгч үерийн усны далан, зам харгуй зэргийг шийдвэрлэхэд техникийн дэмжлэг хүссэн бол Согоот багийн төлөөлөгч сургуулийн өргөтгөл барих ажилд туслалцаа хүслээ. 
   Эрдэнэт үйлдвэр катодын зэсийн үйлдвэр барьж байгуулахаар тооцоо судалгаагаа хийж байна. Мөн гэр хорооллын багуудад тулгамдсан утааны асуудлыг шийдвэрлэхээр утаагүй түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэхээр болсон. Цагаан тоосны бүсчлэлд амьдарч байгаа болон бусад багаас түүврийн аргаар сонгосон 500-аад иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулж эхэлсэн. Хамтын ажиллагааны бодит үр дүн олон бий. Хурлын төлөөлөгч нар Эрдэнэт хотод Мөсөн ордон барьж байгуулах, орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, Баян-Өндөр сумын багууд, Эрдэнэт үйлдвэрийн цехүүд хоорондын харилцаа холбоог сайжруулах, Жаргалант сумын иргэдийн хүнсний ногоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг хангах хүсэлтэйгээ илэрхийллээ. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эргэх холбоо шинэ түвшинд гарч, хөрөнгө оруулалтын үр өгөөж бодит ажил болсоор байна.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд гадны байгууллага оролцохгүй, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн шинэ залуу ажилчдаас бүрдсэн 19 баг аврах ажиллагааны бэлтгэл бэлэн байдлаа шалгуулан өрсөлдөж байгаагаараа онцлог юм. Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээн зам тээврийн ослын, барилга байгууламжийн, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа гэсэн төрлөөр үргэлжилж байна. Тэмцээний дүн маргааш гарна. 
 
М.ОДГЭРЭЛ
Фото: Ш.ЛХАМСҮРЭН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
     Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цех болох Хүдрийн ил уурхай, Геологи хайгуулын анги, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Автотээврийн цехийн ажиллагсдыг хамруулсан уулзалт ярилцлагад үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар оролцлоо. Удирдлагуудын тавьсан илтгэлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд, тэдгээрийн үр өгөөж, эдийн засгийн ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар тодорхой тусгажээ. Тооцоо судалгаа, нарийвчилсан тоо баримтад тулгуурласан мэдээллийн дараа ажилчдын чөлөөт асуултын цаг эхэлсэн юм. 
     Автотээврийн цехийн ажилчдын асуулт дийлэнх хувийг эзэлсэн бөгөөд юуны өмнө ажилчдаа сонсох уулзалт хийж байгаад тэд талархалтай хандлаа. Ажилчид тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч цалингийн шатлал үүсгэснийг өөрчлөх цаг болсон тухай сануулж, дотооддоо шатах тослох материалын үйлдвэрлэл байгуулах, өдөр тутамд нэн шаардлагатай жижиг зүйлсийг цаг алдалгүй ханган нийлүүлэх, хайгуулчдын үр дүнг харгалзан цалингийн нэмэгдэл олгох боломжтой эсэхийг удирдлагуудаас тодруулсан юм. Уулзалтыг үр өгөөжтэй болгох үүднээс Ерөнхий захирал асуулт бүрт зохих хариулт өгч, нягтлах шаардлагатай зүйлсийг тэмдэглэн авлаа. Мөн тэрээр 2017-2019 онд үйлдвэрлэлийн нөөцийг өсгөхөд геологичид хэрхэн оролцсон талаар судалж, үнэлэлт гаргахаар болсон юм. Цаг үеийн мэдээ мэдээллийг сар бүр танилцуулж, ажилтнуудынхаа тулгамдсан бэрхшээлийг сонсох үүрэг даалгаврыг цех, нэгжийн удирдлагуудад өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө. 
     Уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой, нүүр тулсан яриа бүр тодорхой ойлголцолд хүрч байв. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, алсын хараа, эрхэм зорилгоо оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын төслүүдээ хөхиүлэн дэмжих, урагш хөдөлгөх нь удирдлагын багийн шийдвэр, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Удирдлагуудын шийдвэрээр өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 100 гаруй төслийн үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн хувь заяа тодорхойлогдох бөгөөд гол хөдөлгөгч хүч нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин болохыг сануулснаараа онцлог байлаа. 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Дэлхийн жишиг, Монголын бахархал болсон Эрдэнэт үйлдвэр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Дэд бүтэц, орон сууц, барилга байгууламж, иргэд, олон нийтийн үйлчилгээний цогцолборууд гээд энэ хотод байх ёстой бүх зүйлийг шийдэж өгсөн нь өнөөгийн хотын хөгжлийг бүрэн илтгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн товлосон уулзалтанд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд ч багтсан. Энэ удаад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар 20-иод төрийн бус байгууллагын тэргүүний хамтаар хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлага төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, тодорхой хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэвч төрийн нуруун дээрх ачааг чадлынхаа хэрээр хуваалцаж, зарим чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, сэтгэлийн үгсээ хуваалцсан нь анхных билээ. Энэ ч утгаараа зочид санал хүсэлтээс илүүтэй ажлыг нь олонтаа дэмжсэн явдалд баярлаж, талархсан сэтгэгдлээ өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн нь харагдаж байлаа. 
   Орхон аймгийн “Сороптимист” клуб, “Шүүдэр” охидын төвийнхөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуульд нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт явуулах, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас Эрүүл зөв хооллолтын талаар Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад лекц, сургалт зохион байгуулах, “Эрдэнэт-Ард түмний өмч” ТББ-аас хотын утааны асуудлыг шийдэхэд дорвитой анхаарал хандуулах зэрэг хэд хэдэн санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн зарим саналыг ирэх 2020 оны төлөвлөгөөнд тусган, аймаг, үйлдвэр, төрийн бус байгууллага гэсэн гурван талт хамтын ажиллагааны нэгдсэн бодлого гаргахаар шийдвэрлэлээ. 
   Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзалтын төгсгөлд, “Бид нэгдсэн нэг бодлогоор ажиллана. Улмаар нэг том ажлыг өөр өөрийн оролцоотой хийж гүйцэтгэх нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Аймгийн удирдлагууд нэгдсэн бодлогод анхаарах байх. Эрдэнэт хот, Монгол улсыг эрүүл, боловсролтой хүн л хөгжүүлнэ. Энэ чиглэлд хамтран ажиллахад бид бэлэн байгаа учраас ажлын журмаар ярилцаж шийдвэрлье. Уурхайчид бид газрын хэвлийн баялгийг худалдан борлуулж, үндэсний баялаг бүтээдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсний 30 тэрбумыг Орхон аймгийн, найман тэрбум төгрөгийг Булган аймгийн төсөвт төвлөрүүллээ. Цаашид боломжийн асуудлаа шийдээд явна. Хүний төлөө, хөгжил дэвшлийн төлөө чиглэл чиглэлээр ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцахад таатай байлаа. Аймаг, орон нутгийн ажлын нэг хэсэг гэж ойлгож ирсэн аймгийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Хүний төлөөх ажил тань өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Бид эв нэгдэлтэй байж, ярих зүйлсээ хуваалцан, сэтгэл санаагаар нэгдэж, шаардлагатай үед биендээ гар сунган туслах болно. Ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэв. 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
   
 
   
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоос тухайн бүсэд амьдардаг иргэдэд хэрхэн  нөлөөлж буйг тогтоох эрүүл мэндийн үзлэгийг тус үйлдвэр  нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгийг  Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Медипас” төв эмнэлэг, Эрүүл мэндийн газар, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр эхлүүллээ. Медипас эмнэлэгтэй хоёр дахь жилдээ хамтарч буй эрүүл мэндийн үзлэгт энэ жил 488 иргэнийг хамруулахаар бүртгэжээ.  Тэдний 326 нь цагаан тоосны дэгдэлтийн голомтын бүс буюу Говил, Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн иргэн бол 163 нь цагаан тоосны голомтын бус хяналтын бүсэд багтах  Баян-Өндөр сумын 6 багийн иргэдийн төлөөлөл байгаа юм. Эрүүл мэндийн үзлэгт голомтын бүсээс гадна голомтын бус хяналтын бүсийн иргэдийг хамруулж байгаа нь харьцуулалтын дүн шинжилгээ хийж, цагаан тоосны сөрөг нөлөөллийг бодитой тогтоох зорилготой гэж мэргэжлийн багийнхан ярьж байна.  
   Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлын нийт 90 орчим сая төгрөгийн зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний төсвөөс гаргажээ. Харин үзлэгт хамрагдах иргэдийн бүртгэлийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар өөрийн багуудаар дамжуулан зохион байгуулж, Медипас эмнэлэг үзлэг, шинжилгээг хариуцаж байна. Өдөрт 30 иргэнийг хүлээн авах бөгөөд иргэн бүрт 184 430 төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм. “Энэ жилийн үзлэгээр  лабораторийн болон үйл оношийн шинжилгээ хийхийн зэрэгцээ зүрхний хэт авиа, уушгины томографи зэрэг  зарим нарийн шинжилгээ, оношилгоог нэмэлтээр хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын багц үзлэгт давхар хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх үзлэгт хамрагдаж буй иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг бол эрүүл мэндийн сангаас санхүүжиж байгаа багц үзлэгийн үйлчилгээг авах боломж нээгдсэн” гэж Медипас эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч Т.Амгаланбаяр эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдлын талаар онцоллоо.   
 
М.Балжинням
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог