Нийгмийн хариуцлага

   Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт  бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил юм. Гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж барилгын суурийн ажлыг дуусгаад байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн барилгын үндсэн багануудыг барих ажил эхэлнэ. Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил одоогоор 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтын ажил он дуустал үргэлжилж ашиглалтад хүлээн авах юм.
   Үүнээс гадна тус хэсэгт хосолмол секцийн завсрын бүтээгдэхүүнийг баяжуулах машины ажлын хэсгийг солих томоохон ажил хийгдэж байна. Энэ машин нь 19 жил ажилласан учир ажлын хэсгийг нь солих зайлшгүй шаардлага гарчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн нэгдүгээр  ээлжийн  завсрын бүтээгдэхүүний машины ажлын хэсгийг нь сольж байгаа учир ажлын бүтээмжид эергээр нөлөөлөх юм.  
   Эдгээр бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, ХМТАЦ-ийн хамт олон оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна. “Эдгээр баг хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье” гэж Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Гэрэлт-Од мэдээллээ.

А.Бямбамаа

  

 

   Олон улсын хүүхдийн төв “Артек” зуслангийн төлөөллүүд Орхон аймагт айлчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо. “Найрамдлын Эрдэнэс” зусланг үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ барьж байгуулсан бол өдгөө хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх томоохон цогцолбор болоод байгаа юм.
   “Артек” зуслангийн Тэргүүн дэд захирал Виктория Витальевна Королёва, ерөнхий эмч Олег Георгиевич Паррёнов нарыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.     
   “Монголын багачууд” Төрийн бус байгууллага хоёр жилийн өмнөөс олон улсын туршлагаас хуваалцаж, хүүхдийн зусланг хөгжүүлэхэд сургалт, арга зүйн зөвлөгөө авах зорилгоор “Артек” зуслантай хамтран ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр “Бид Артек явна” уралдаанд шалгарсан Орхон аймгийн Орос 19 дүгээр сургуулийн авьяаслаг таван сурагчийн хэлний мэдлэг өндөр түвшинд байсныг зочид онцлоод, Монголын хүүхэд багачуудыг хүлээн авахдаа хэзээд таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн онд Монголоос 64 хүүхэд “Артек” зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, 21 хоног амарчээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Шинийн 15-ны бэлгэт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар 2019 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Анхдагчдын өлгий Булган нутгийн нэгээхэн хэсэг болох “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрын үүцийг задалж, газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.
   2018 онд Булган аймгийн 80 жил, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосонтой холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ анх удаа нэг тэрбум төгрөгөөр Булганчуудын хөгжил дэвшил, хэтийн сайн сайханд хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ онд хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан 500 сая төгрөгийг Булган аймгийн удирдлагууд боловсролын салбарт болон “Аваргуудын цогцолбор”-ын бүтээн байгуулалт, сумдын нийгмийн хариуцлагын хүрээний тодорхой зорилтуудыг шийдвэрлэх, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулахаар төлөвлөж байгаагаа уламжиллаа. 
   Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би анхдагчдын өлгий нутаг Булганчуудаар бахархаж явдаг. Сайхан ард түмэн, азтай хийморьтой хүмүүс. Төрийн их баяр наадмын түрүүлсэн бөх, морьдын буян хишиг, сурчдын уухай шингэсэн эдгээр сайхан өдрүүдэд Булган аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлгэшээж байна. Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Бидний хийж буй гэрээ, санамж бичиг Булганчуудын сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлээд явж байна. Булганчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээсэн.
   Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд Булган аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бид аймгийнхаа 80 жилийн ойг зорин ирсэн 80 мянган хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь аймгийн төв төдийгүй Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн сумдын ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болох болно. Өнгөрсөн жилийн хэмжээнээсээ ахисан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

   Эрдэнэсийн их уурхай Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг улсын баяр наадмын босгон дээр өндөрт өргөсөн хоёр гавьяатдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн хүндтэй эрхэм бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ юм. Ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон тэрээр 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхийн 36 жилийг хамтдаа бүтээлцэж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр Инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэсэн юм.
   “Эрдэнэт үйлдвэрийн түүхийг бүтээлцэж, уул уурхайн салбарын инженерүүдийн нэр төрийг өндөрт өргөж яваа хоёр гавъяатаараа уурхайчин хамт олон нь бахархаж байна. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Лхагва, 17 7-р сар 2019 00:00

“Сайн” мэдээ

   Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны долоодугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 108.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 109.9 хувиар тус тус биелүүлжээ. Хүдэр олборлолтыг 107.1 хувь, хүдэр боловсруулалт 96.6 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 84.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.1 хувь, ачигдсан молибдений баяжмалын чанар 103.1 хувьтай байна. Баялгийг бүтээгч уурхайчид баяжуулагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог