Нийгмийн хариуцлага

   Швейцарь улсын Женев хотноо ажиллаж, амьдарч буй иргэн Д.Жавзандулам Олон улсын Хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан “Энэрэл” төвийн бяцхан дүү нартаа сэтгэлийн бэлэг илгээсэн байна. Хүүхдийн цэвэр ая тухтай орчинд өсөж, хүмүүжихэд нь нэмэр дэм болгож илгээсэн 30 ширхэг ор дэрний хэрэглэл бүхий бэлгийг “Эрдэнэт” телевизийн редактор  А.Батбаяр, “Энэрэл” төвийн дарга М.Майцэцэгт  өнгөрөгч ням гарагт гардуулж өглөө.  
   Мөн нийгмийн хариуцлагын хамгийн үлгэр дууриал болсон бодлого хэрэгжүүлж, түүнийхээ хүрээнд дэргэдээ өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг өдий болтол амжилттай ажиллуулан, олон арван хүүхдийг ажил, амьдралд хүргэж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, “Энэрэл” төвийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг энэ дашрамд дамжуулав. Иргэн Д.Жавзандулам хүүхдүүдэд илгээсэн мэндчилгээндээ:  “Энэрэл” төвд сурч  боловсорч буй хүүхдүүд та нар бидний ирээдүй үе учраас эрдэм номдоо шамдаж, эх орондоо хэрэгтэй, зөв хүн болж төлөвшихийн тулд одооноос чармайн суралцаж, хичээгээрэй. Та нартаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээжээ.
   Алс холын Женев хотоос сэтгэлийн бэлэг илгээж, урам хайрласан Д.Жавзандуламд “Энэрэл” төвийн хамт олон, хүүхдүүд баярлаж буйгаа илэрхийлэн, сайхан сэтгэл,  сайн үйлс бүхэн нь үргэлж түгэн дэлгэрч байхын ерөөл дэвшүүллээ.

М.Балжинням

   “Токио-2020” зуны XXXII олимпын наадам, паралимпын XVI наадмын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд, баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо. “Токиогийн олимпод орно гэдэг Монгол түмний хувьд том үйл явдал билээ. Өмнө гаргасан амжилтаа бататгаж, ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тамирчдынхаа бэлтгэлийг хангахад өргөн утгаараа төр засагтайгаа баг болж, хамтран ажиллах болсондоо Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бид сэтгэл өндөр байна. Бидэнд итгэл хүлээлгэж буй Монгол Улсын Засгийн газарт баярлалаа. Манай хамт олон тамирчдынхаа бэлтгэлийг бүхий л талаар хангахад, олимпод оролцох эрх авахад нь чармайн зүтгэж ажиллах болно” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.
   Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд “Бээжин-2008” олимпын наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпын эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

 

 


                                 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх сар хаалтын хурал Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны хэлэлцээрийн танхимд өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны эхний таван сар болон тавдугаар сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэв. Баялаг бүтээгч хамт олон 2019 оны эхний таван сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-112 хувиар давуулан биелүүлсэн байна. Тодруулбал, хүдэр олборлолт 3 сая 214 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс илүү 56 мянган тонныг олборложээ. Тайлант хугацаанд металл авалт зэсээр 88.32%, молибдени 45.51 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Мөн төлөвлөгөөнөөс 28 мянган метр.куб уулын цул илүү гарган, хөрс хуулалтын төлөвлөгөөг 100.7 хувиар биелүүлэн 6000 метр.куб хөрс илүү хуулжээ.  

А.Бямбамаа

   Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн саналын системийн шилдэг 100 ажилтанд баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
   2018 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 39 хувь нь инженер техникийн ажилтан, 61 хувь нь ажилчин байв. Ажил мэргэжлийн хувьд 35 хувь нь технологийн, 39 хувь нь механикийн, 12 хувь нь эрчим хүчний, хоёр хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна.
   2018 онд Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 30 санал гаргаж, 83.3 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар анх удаа жагсаалтыг тэргүүллээ.
   Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад гурван цехийн таван ажилтан дөрвөн удаа, найман цехийн 12 ажилтан гурван удаа, есөн цехийн 19 ажилтан хоёр удаа бичигдсэн бол 64 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 1267 санал гаргасны 63 хувь нь хэрэгжсэн бөгөөд 35 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.

Joomla Plugins
Даваа, 03 6-р сар 2019 00:00

Станцын их засвар эхэллээ

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад их засварын ажил эхэллээ. Сүлжээний усны насос, туслах тоноглолын засварууд эхнээсээ дуусч ажилд орж байна. Өвлийн бэлтгэл хангах хүрээнд хийгдэж буй их засварын хамгийн том ажил нь гуравдугаар зуухны засвар байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Мон Илч” компани гүйцэтгэж байгаа бөгөөд одоо буулгалтын ажил үргэлжилж байна. Засварыг 160 хоногт багтаан хийж, зуухыг 10-р сарын эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Одоо станц гурван зуух, таван машины горимоор цагт 36 МВт/ц-ийн дундаж ачаалалтай хэвийн ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийг дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемд шилжүүлэх ажил явагдаж байна. Ингэснээр өөрийн үйлдвэрлэсэн хямд эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм. Засвар угсралт, Барилга засвар, Цахилгаан цех, Дулааны цахилгаан станцынхан хамтран гүйцэтгэж буй энэ ажил 60 орчим хувьтай явна. Үүний дараа системийн автоматжуулалтын томоохон ажил хийгдэх аж.  

М.ГЭРЭЛ

   Технологийн автоматжуулалт хурдтай хөгжиж буй энэ үед манай үндсэн үйлдвэрлэл болох баяжуулах үйл явцад ямар шинэчлэл хийгдэж буй талаар Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Баяжуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Х.Бадралтай ярилцлаа.

   - Танайд өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэж буй ямар ажлууд байна?
   - Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар манайд хоёр том ажил хийгдсэн. Нэг нь Баяжуулах үйлдвэрийн нэгээс дөрөвдүгээр секцийн талбайн урвалжийг автоматаар зохистой удирдах ажил юм. Манайх 120-иод цэгээр урвалж өгдөг. Үүний 30 хувь нь бүрэн автомат, дахиад 30 хувь нь хагас автомат, үлдсэн нь гар тохируулгатай байсан. Үүнийг шинэчлэн сайжруулах тендер зарлаад, “Аристон” компани гүйцэтгэж, 12-р сарын 31-нд ажилд оруулсан. Одоо бид нэгээс дөрөвдүгээр секцийн урвалжийн талбайн үйл ажиллагааг автоматаар бүрэн удирддаг.

   - Шинэчлэл хийхээр хуучин тоног төхөөрөмжөө яадаг вэ?
  - Таваас зургадугаар секцийн урвалжийн талбай руу шилжүүлээд, тэнд хагас доголдолтой байсан төхөөрөмжүүдээ сэлбэсэн. Ингээд урвалжийн талбайн автоматжуулалтад сүүлийн хэдэн жил байгаагүй хөрөнгө оруулалт хийж чамбайруулсан. Хоёр дахь ажил нь тээрмүүдийн удирдлагын ухаалаг эксперт  систем нэвтрүүлэх.

   - Энэ нь ямар ач холбогдолтой систем вэ?
   - Ажиллагч өөрчлөгдөхөд арга барил дагаж өөрчлөгддөг. Харин ухаалаг эксперт систем нь хүмүүсийн олон жилийн сайн туршлага, мэдээллийг цуглуулж сан үүсгээд тухайн өдрийн ирсэн хүдрээс хамааран ийм хүдэр ирэхэд өмнө нь ингэж удирдаж, хамгийн сайн металл авалттай байсан гэдэг арга барилыг санал болгодог давуу талтай. Улам сайжруулбал тэр нь хадгалагдаад мэдээллийн бааз үүсээд явна гэсэн үг. Ухаалаг энэ систем дэлхийн уул уурхайд өргөн ашиглагддаг.

   - Энэ систем үйлдвэрлэлд нэвтэрсэн үү?
   - Тендер шалгаруулалт оройхон хийгдсэнээс болоод он дамжсан ажил. Олон компанийн өрсөлдөөн дундаас Америкийн “Метсо” компанийн эксперт систем оруулахаар болсон. Энэ сарын 3-12-нд Америк мэргэжилтэн ирж манайд ажиллана. Бид хамтран тэдний нийлүүлсэн серверийг эндээ зоогоод, мэдээллийн баазын цуглуулгаа өгөхөд тэд Америкаас онлайнаар харж судалгаа хийгээд эксперт системийн программ хангамжийг алсын зайнаас суулгах юм. Хэдэн мянган бээрийн алсад байгаа хэр нь нэг өрөөнд мэт ажиллаж болох дэлхийн хөгжил ирсэн байна.

   - Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Баталгаатай хамгаалж чадаж байгаа юу?
   -
Бүх мэдээллээ дэлгээд байж болохгүй учраас манай Аюулгүй байдлын хэсэг энд анхаарал хандуулан ажиллаж байна. Бид ч эндээс харж хянана. Тэд эксперт системээс хүлээгдэж буй өгөөжийг их өндөр амалж байгаа. Энэ бол хүдэр нунтаглалтын эргэлтийн эксперт систем. Харин бид энэ онд баяжуулалтын технологийн эксперт систем нэвтрүүлэхээр зорьсон боловч хасагдсан. Эхний эксперт системээс гарах эдийн засгийн хэмнэлт, үр ашгаас  хамаарч дараагийн санал тавих боломж бий.

   - Хэдий хугацаанд үр дүн нь мэдрэгдэх вэ?
  - Цаад компанийнхны хэлснээр хөрөнгө оруулалтаа гурван жилийн дотор чөлөөтэй нөхнө. Энэ эксперт систем манай программистуудын зохиосон системтэй их төстэй. Бид Оросуудтай байхдаа ч, өөрсдөө дангаараа ажиллах хугацаандаа ч олон систем хийсэн. Гэхдээ дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдэд 30 жилийн турш батлагдсан систем суурилуулах зөв шийдэл. Бидний туршсан программтай төстэй хэрнээ илүү сайн загвар учраас хэрэгжүүлэхэд ойрхон, үр дүнтэй гэж үзэж байгаа.

   - Хүдэр нунтаглалтын явцыг одоо яаж хянадаг вэ?
   - Төдөөс төдийн хооронд байвал ингэж ажиллавал авааргүй, тэгвэл ингээрэй гээд бие биеэс нь хамааруулаад горимын хязгаар тогтоочихсон байдаг. Харин эксперт бол нунтаглан баяжуулахын бүх тээрэм дээр хамгийн ашигтайгаар барих автомат систем юм.

   - 2019 онд шинээр ямар жил хийгдэх вэ?
   - Үйлдвэрлэлийн талбайд тоног төхөөрөмжийг хянах системийг өнгөрсөн жил нэг компанийн саналаар үнэгүй туршсан. Нэгж тоног төхөөрөмж бүрийн ажилласан цаг, бүтээмжид хяналт тавьдаг систем юм. Бид технологийн процессоо хянахын тулд программч инженерийн бичиж өгсөн таблиц хараад, тоо нь дээшээ, доошоо болоод явж байдаг шүү дээ. Хэрэв өөр нэг хүн өөр үзүүлэлт харъя гэвэл хоёр хуудсаа ээлжлээд үзэх жишээтэй. Харин энэ систем инженерчлэл, эдийн засагч, ямар нэгэн мэргэжлийн хүн сангийн мэдээллээс хамаарлаа олохын тулд дэлгэц дээр графикаар харна. Графикаар харахын гол онцлог нь хүснэгтээс зөвхөн тухайн үеийн тоо харагддаг. Харин графикаар харахаар өгсөж явна, уруудаж байна гэдгийг харж болно. Графикийг зэрэгцүүлчхээр юунаас юу хамаарсан гэдэг мэдээллийг харахад амар. Сайжирч байвал яаж сайжрав, муу байвал юунаас болж доголдов гээд чиглэл чиглэлээрээ харах боломжтой. Механикийнхан бол төхөөрөмжөө, цахилгааныхан тогны хэлбэлзлээ өөрийн дэлгэцээр хянах боломж олгох систем юм. Энэ программыг одоо ч үнэгүй туршиж байгаа. Цаашид нэвтрүүлэх боломжтой.

   - Манай баяжуулалтын технологийн автоматжуулалт дэлхийн түвшинд хаагуур явна?
  - Харьцуулах аргагүй. Учир нь одоо үйлдвэрийг технологийн орчин үеийн бүх шийдлийг хийгээд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж байгаа. Бүрэн автомат гэсэн үг. Бид үйлдвэрээ 1970-аад оноос хойш ажиллаж байгаа дэлхийн уул уурхайн ямар ч хамаагүй үйлдвэртэй харьцуулах хэрэгтэй. Саяхан гадаадын нэг мэргэжилтэн манайд ирээд “...70”-аад оны үйлдвэр гэхээр хоцрогдсон гэж бодож байлаа. Гэтэл танайх орчин үеийн үйлдвэр байна...” гэж дүгнэж хэлсэн. Манайд хөрөнгө оруулалт цувж ордог дутагдал бий. Нэг гайгүй юм судлаад захиалчихсан байтал дараагийнх нь гараад ирдэг. Манайх том үйлдвэрлэгчид, зах зээлийн дунд байдаггүй болохоор худалдаж авсан зүйлүүд маань Герман, Финланд, Америк, Орос, Хятадынх гээд олон улсын боломжит гайгүй бүхний цуглуулга байдаг. Энэ цуглуулгыг хооронд нь нийцүүлэн зохицуулж ажиллуулаад, бүтээгдэхүүний чанар алдахгүй явна гэдэг манай технологиуд, механикууд, инженер техникийн ажилтнуудын өндөр ур чадвар юм.

   - Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

   Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Өөрөө нунтаглах хэсгийн тээрмүүдийн булингын хоёр насост өндөр хүчдэлийн давтамж хувиргагч суурилуулж, автомат удирдлагатай болгох ажлыг тус цехийн Эрчим зүйн алба, Өөрөө нунтаглах хэсгийн цахилгааны алба хамтран гүйцэтгэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн 500 кВатт-ын хүчин чадалтай энэхүү хувиргагчийг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар авч, саяхан угсарч дууслаа. 6000 вольтын давтамж хувиргагчийг үйлдвэрлэгчийн мэргэжилтнийг оролцуулалгүй манай тохируулгын инженерүүд анх удаа өөрсдийн хүчээр  угсарч ажилд оруулав. Энэ хувиргагчийг суурилуулснаар хэд хэдэн томоохон үр дүн гарах аж. Энэ талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж: “Нэгд, ременэн дамжуулгыг хатуу холбоосоор сольсноор ремен хэрэглэхгүй болохоос гадна холхивчны ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Хоёрт, насосны хурдыг удирдах болсноор тээрмээс гарч буй материалын нунтаглалт жигд болж, ангилалтын ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Гуравт, эрчим хүч бага зарцуулна. Ингэснээр жил гаруйн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, цаашид эрчим хүчний хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдэх юм. Өмнө нь насосыг 200-300 цаг ажиллуулаад сольдог байсан бол энэхүү давтамж хувиргагч тавьснаар насосны элэгдлийг цахилгааны талаас урьдчилан тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл насосны гүйдлийг ажиглаж нөөцийг тултал ашигласнаар ажиллах хугацаа уртасна. Бидний тооцоогоор насосны ажиллах цагийг дунджаар 30 хувиар ихэсгэх юм. Энэчлэн  насосны тоог цөөрүүлэх боломж бүрдүүлснээр багагүй үр ашиг авчирна” гэв.
    Тус албаныхан энэхүү үр дүнтэй ажлаараа Инновацийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Я.ЭНХТУЯА

   Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсгийн Белазын зогсоолын талбайг шинэчлэн засварлаж байна. Барилга засварын цехийнхэн уг 1800 м2 талбайг бетондан засаж байгаа бөгөөд одоогоор ажил 80 хувьтай явна. Белазын зогсоолын талбайг ашиглалтад орсноос хойш засварлаагүйгээс зам талбай эвдэрч, нүх цоорхой гарсан байжээ. Зогсоолыг засварласнаар тэнд засвар үйлчилгээ хийх ажилчдын ажиллах орчин, хэсгийн гадаад үзэмж сайжирч, белазын дугуй болон бусад эд ангийн эвдрэл гэмтэл багасан улмаар эдийн засгийн хэмнэлт гарах  аж.   

Я.ТУЯА

   Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар ахлах  ангийн сурагчдын дунд “Ертөнц” ток шоу  Соёл урлагийн цогцолборын Их танхимд боллоо. Хүүхдүүдээ сонсох, тэдний чин сэтгэлийн үгийг аав ээж, багш нар гээд хамгийн ойрын хүмүүст нь хүргэх гүүр болох зорилготой уг шоуг чөлөөт уран бүтээлийн “ETV” телевиз, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон Нийттэй Харилцах Албаны “Эрдэнэт” телевиз хамтран зохион байгуулж, тус телевизийн сэтгүүлч Б.Мөнгөнтуяа, А.Батбаяр нар хөтлөв.
   Анхны хайрын нандин дурсамжаар эхэлсэн тус шоуны хүндэт зочид нь Орхон аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн дарга Д.Батлут, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон хошин урлагийн Эмоци продакшны жүжигчин, СТА С.Тэмүүжин, жүжигчин Ч.Очгэрэл, “3 сая инээд” шоугаар үзэгчдийн танил болсон зураглаач Б.Жамьяндорж, дөнгөж шинээр нээлт хийгээд буй  “100 жилийн эморол” уран сайхны киноны уран бүтээлчид байлаа. Тэд хүүхэд насны гэгээн сайхан дурсамж, анхны хайрын мартагдашгүй дурдатгалаасаа хуваалцаж, шоунд оролцогч хүүхдүүдийн асуултад хариуллаа.
   “Насанд хүрэгчид, аав ээж бүхэн хүүхдийнхээ зүрх сэтгэлийг ойлгож, тэдний ертөнцийг нээж, илэн далангүй ярилцаж байвал ямар нэг үл ойлголцол гарахгүй. Хүндрэл бэрхшээлээ ярилцаж, түүнийг даван гарах замыг хамтдаа нээснээр хүүхэд зөв хүн болж төлөвших боломж нээгдэнэ. Өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн хүүхэд насаа одоо үеийнхэнтэйгээ харьцуулж, үргэлж дотны зөвлөгч нь байж, хайрлаж яваарай” гэсэн санамжийг энэ шоугаар өгөхийг зорьсон гэж Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэд тэргүүн Ц.Ариунаа шоуны зорилго, ач холбогдлын талаар ярив. Ийнхүү Эрдэнэтийн  ирээдүй болсон хүүхдүүд нэг өдөр  томчуудтай хамт байж, тэдний сургаал зөвлөмжийг сонсохын зэрэгцээ хүндэлж явдаг жүжигчидтэй харилцан ярилцаж, хөгжилтэй өнгөрөөлөө. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог