Нийгмийн хариуцлага
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.
   Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.   
   Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.  
   Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ. 
   Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.
   Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой  болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ. 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 
 
 
 
 
 
   “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болов. 2012 оноос хойш завсарлаад байсан дээд лигийн тэмцээн энэ сарын 25-наас 11-р сарын зургааны өдрүүдэд  явагдана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд одоо ч тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Иймээс энэхүү тэмцээнийг сонирхолтой хэлбэрээр Зохион байгуулах хороог тэрээр ахалж байна. 
   Тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлэг ирүүлсэн. Эхний тойргийн болон шувтаргын тоглолт Улаанбаатар хотын Спортын төв ордонд явагдах юм. Харин тэмцээний нээлтийн ёслол 11-р сарын есөнд, хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд 11-р сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотод явагдана. Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн ёслол орон нутагт анх удаа болж байгаагаараа онцлог гэж Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан ярьсан юм. Удирдамж ёсоор баг бүр легионер хоёр тамирчинтай тэмцээнд оролцох ажээ.  
   Монголын волейболын Үндэсний дээд лигийн таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа дараалан түрүүлж дээд амжилт тогтоосон Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцав.      
 
                         

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 
   Орхон аймагт төрийн үйлчилгээ үзүүлэгч албан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Амарын талбайд зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон бусад байгууллагын удирдлагууд өдөрлөгт оролцлоо. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хамтын ажллагааныхаа хүрээнд олон чиглэлд хамтран ажиллаж, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэсээр байгаа билээ. 
   Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын морин хуурын чуулга хөг эгшиг өргөснөөр энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Статистикийн хэлтсийн удирдлагад суудлын автомашин, Онцгой байдлын газарт тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүр тус тус гардууллаа. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” төслийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр авахаар шалгарсан залуус батламжаа гардаж, төрийн байгууллагууд өнгөрсөн 9 сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэн мэдээлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон юм. Төрийн үйлчилгээний байгууллагууд дор бүрнээ иргэдэд мэдээлэл хүргэн, зохих журмаар чирэгдэлгүй шийдвэрлэж байгаад иргэд сэтгэл тэнэгэр байлаа. 
   Өргөн хэмжээнд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба, Эмнэлэг, сувиллын цогцолборынхон оролцсон. Сувиллын хамт олон өртөөчилсөн хэлбэрээр иргэдийг үзлэгт хамруулан, зөвлөгөө мэдээллээр хангахын зэрэгцээ ясны шөл, арвайн гурил, хүчилтөрөгчийн коктэйлээр дайллаа. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн цагаан тоосыг дарах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулан, лабораторийн туршилтыг биетээр авчирсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татлаа. Туршилтыг бодитоор хэрэгжүүлснээр энэ намар цагаан тоос босохгүй байгаа тухай мэдээллийг хүргэсэн.
   Автотээврийн үндэсний төвийнхөн жолоочийн эрх, үнэмлэхтэй холбоотой санал гомдлыг хүлээн авч, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тэтгэмж, сайн дурын даатгалын мэдээллээр иргэдэд хүрч үйлчиллээ. Амарын талбайд зохион байгуулсан энэ өдрийн үйл ажиллагаа өргөн хүрээтэй, богино хугацаанд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” ямар байх ёстойг утгаар харуулсан юм. 
 




Орхон аймгийн Засаг даргын орлогч С.БАТЖАРГАЛ: Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон
 

   - Өдөрлөгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
   - 2016 оноос хойш төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд ямар ажлууд хийж, үр дүнд хүрэв, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаар иргэддээ нээлттэй танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагууд шинжилгээ хийж, дор бүрнээ шуурхай үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажилласан. Өмнө төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд тус бүртээ өдөрлөг зохион байгуулдаг байсан бол өнөөдөр удирдлагууд нь иргэддээ үйлчилгээ үзүүллээ.
 
   - Өмнөх жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас онцолбол?
   - Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа бүхэлдээ хүний хөгжилд чиглэж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр аймгийн Тамгын газар Гадаад харилцааны албатай боллоо. Иргэдэд үйлчилж байгаа хүнд суртал, гарын үсгийг багасгана гэж зорилт тавьсны дүнд юу хийж бүтээв гэдэгтэй иргэд танилцлаа. Гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр маш олон хоттой хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, ажлаа эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн бухимдал үүсгэдэг асуудал ч үндсэндээ цэгцэрсэн. Цагаан тоосны чиглэлээр хамтран ажиллаж, ямар өөрчлөлт гаргасныг та бүхэн харж байгаа байх. Ахиц, өөрчлөлт их бий. 
   Орхон аймаг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 14 сая еврогоор үерийн далангаа бүрэн шийдвэрлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Олон улсын ТЭЗҮ боловсруулах баг нь Орхон аймагт ажиллаж байна. Сангийн яамтай хийсэн гэрээний хүрээнд Эрдэнэ, Даваат, Шанд багуудыг төвийн дулаанд холбох төсөл маань хэрэгжинэ. НҮБ-тай 2021 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд ногоон, тогтвортой хөгжлийн 4 том зорилтынхоо дагуу тодорхой ажлууд хийхээр болж байна. Мөн ирэх жил НҮБ-тай хамтран засаглалын тогтолцоог сайжруулах ажил зохион байгуулна. Хүрсэн үр дүнгээ иргэдэд хүргэх бүх талын ажлыг цаашид зохион байгуулна. 
 
 
БОНХХ-ийн албаны дарга Б.ПҮРЭВСҮРЭН: Иргэдэд лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа

 
   - Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт юу байна вэ?
   - Байгаль орчны хэлтсээс дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хүрээнд Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэн, 1 га газарт нөхөн сэргээлт хийж, мод тарьсан. Баяжуулах үйлдвэрийн цагаан тоос дарах албаныхан цагаан тоос дарах чиглэлээр флокулянт, тусгай зориулалтын техникээр шүрших, булингийн хаягдал, хар шороон хөрс гэсэн 4 хосолмол аргаар ажлаа гүйцэтгэж байна. Энэ тухай илүү ойлгомжтой мэдээллийг иргэдэд хүргэхээр лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа. Иргэд эрүүл мэндийн үзлэгийн талаар их асууж байна. Орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 387 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдсан. 
 
 
ЭСЦ-ын тасгийн эрхлэгч н.БАТБУЛГАН: Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг


 
    - Эрдэнэт сувиллын алба иргэдэд ямар үйлчилгээ хүргэж ажилласан бэ?
   - Орхон аймгийн иргэддээ өртөөчилсөн байдлаар үйлчилгээ үзүүлж, хэрхэн эрүүл зөв амьдрах тухай мэдээлэл хүргэсэн. Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг. Тиймээс биеийн жингийн индекс тодорхойлж, тухайн хүнд суурь өвчин байгаа эсэхийг шинжиж, зөв хоолтой холбоотой мэдээлэл өгсөн. Зөв хооллолтын хамгийн эхний дүрэм нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох явдал юм. Тиймээс шошго хэрхэн унших, хэрхэн зөв сонголт хийх, хадгалах хугацаа, Е тэмдэглэгээг хэрхэн уншиж, урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ хүргэж ажиллалаа. Түүнчлэн кальцийн агууламж асар өндөртэй ясны шөлөөр үйлчиллээ. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд 153 Мэдээллийн хаалгач ажилладаг. Эдгээр ажилчид ажлын хажуугаар сайн дураар энэ ажлыг давхар хийж ажилчдыг ажлын байранд аюул эрсдэлийг илрүүлэн, түүнийг хэрхэн мэдээлж байгааг бүртгэж, мэдээ мэдээллийг түгээж ажилладаг юм. 
   Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс улиралд нэг удаа Мэдээллийн хаалгач нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж тэдний ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудыг ярилцдаг. Дөрөвдүгээр улирлын Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр мэдээллийн хаалгач нар сургалт аялалд явж ирсэн тайлан мэдээллээ хийж, орчин үеийн аргаар ХАБ-ын мэдээ, мэдээллийг ажлын байранд хүргэх арга зүй, ХАБ-ын зааврыг системийн хандлагаар загварчлах туршлагаа бусдад хуваалцлаа.
   2019 оны 2-р сарын 4-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн хэмжээнд бүх цех нэгжүүдэд Мэдээллийн хаалгач нар ажиллаж эхэлсэн юм. Үүний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын Манлайллын арга хэрэгслийг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр туршилтын ажил явагдаж байна. 
    Сайн дурын мэдээллийн хаалгач нар идэвхтэй, өсөж хөгжих эрмэлзэлтэй байгаад баяртай байгаа тухай ХАБЭА-ын Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярилаа. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 

   Эрдэнэт үйлдвэрийн шинийг сэтгэгч, бүтээлч ажиллагсдаа дэмжин урамшуулж, бахархан дуурссан “Бүтээлч санаачлагч-2018” өдөрлөгийг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Сайн саналын системийн манлайлагчдыг алдаршуулах өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат тэргүүтэй цех, нэгжийн удирдлагууд оролцож, манлайлагч 100 ажилтандаа баяр хүргэсэн юм. Ажиллах орчин нөхцөлөө сайжруулж, бүтээмж дээшлүүлэн, хамт олноо уриалан дуудаж, импорт орлох бүтээгдэхүүнээр эдийн засгийн үр ашиг гаргасан шилдэг ажилчдыг дөрөв дэх жилдээ ийнхүү шалгаруулан алдаршууллаа. Ажлын талбар дээр санал санаачилгатай байх нь хувь хүний хөгжилд маш чухал болохыг манлайлагчид тавьсан илтгэлдээ онцолсон. Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагааг зангиагүй уулзалтаар үргэлжлүүлж, манлайлагчдын төлөөлөл үйлдвэрийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо. 
 


 
 
Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: Сайныг санаачлан сэддэг та нарынхаа оюуны хүчинд итгэж байна


 
   - “Бүтээлч санаачлагч-2018”-ийн үр дүнгээр 100 ажилтан манлайлж, удирдлагуудаас урмын үг сонслоо. Шинийг сэтгэгч ажилтнууддаа хандан юу хэлэх вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүрт хөдөлмөр буцалж, энэхүү танхимд хөгжил дэвшлийн асуудал яригдсан сайхан өдөр болж байна. Дашням, Балжиннямтай намрын дунд сарын билэгт сайн өдөртэй зэрэгцэн сайн саналыг ярилцаж, санаачилга өрнүүлж байгаа нь сайшаалтай юм. Манай олон мянган уурхайчдыг манлайлан хошуучилдаг та бүхнийхээ хүчин чармайлт, санаачилгаар жигүүрлэж, уурхайчид төдийгүй үйлдвэр маань амжилттай ажиллаж байна. Бидний ажлыг төр засаг өндөр түвшинд үнэлж байна. Ийм амжилтыг гаргахад хамт олноо манлайлан ажиллаж байгаа манлайлагчиддаа үйлдвэрийн удирдлага миний бие гүн талархал илэрхийлж, баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Хэн санаачилж, толгойгоо ажиллуулна тэр хэрээр ажил урагштай байна. 3 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялаг 40-өөд жил болоод дуусна гэж ярьж байсанд Эрдэнэтчүүд төдийгүй Монголчууд сэтгэл дундуур байсан. Өнөөдрийн байдлаар наанадаж 60 жил ажиллах, Эрдэнэтийн-Овоо уулын буян хишгийг 100 жил хүртэх боломжтой боллоо. Сайныг санаачлан сэддэг та нарынхаа оюун ухааны хүчээр энэ бүхнийг хийж байгаа юм шүү. Чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр бүтээлч санаачлагч байгаасай. Энэ өдөр таны өдөр. Эрдэнэт үйлдвэр танаар бахархаж байна.
 
   
 
   
 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
   Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд 2005-2018 оны хооронд 26265 сайжруулалтын санал бүртгэж, 50 хувь нь хэрэгжсэн бол оны эхний 9 сарын байдлаар 4939 санал гарч, хэрэгжилт 50.8 хувьтай болоод байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дээрх санал санаачилгыг чанараар нь “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэсэн гурван түвшинд үнэлгээ өгч, дүгнэдэг бөгөөд 2017 онтой харьцуулахад бүтээмжийн чанар эрс дээшилжээ. Үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн бүтээлч ажлууд эдийн засгийн талаасаа 1 төгрөгийг 6.5 төгрөг болгосон үр өгөөжтэй ажлууд болсныг Хөгжлийн хэлтсээс танилцууллаа.
   Сайн саналын системийн тусламжтайгаар ажлын бүртгэл сайжрах, нэгнийхээ хийж байгааг харьцуулах харах, ажилтнууд ажил мэргэжлээрээ өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн тухай Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг илтгэлдээ онцоллоо. Түүний хэлснээр 2018 онд нийт санал гаргагчдаас инженер техникийн ажилтнууд 41 хувь, ажилтан 61 хувийг тус тус эзэлжээ. “Бүтээлч санаачлагч-2018” Сайн саналын системийн манлайлагч, Автотээврийн цехийн механикч Х.Болдбаатар өөрийн арга туршлагаас хуваалцахдаа, “Юун түрүүнд тухайн саналыг эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны нөхцөл сайжруулах, ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах, үйлдвэрт хэрэгжих насжилт урт эсэхэд хариулт олох хэрэгтэй. Ингэхдээ хамт олноороо ярилцан, шийдэл гаргах нь хамгийн чухал” хэмээсэн. Харин ЗМЗ-ын Эрчимзүйч Л.Энхтөр “Миний саналын шийдлүүд...” илтгэлдээ, “Интернет буюу цахим орчныг сайн ашиглах, ижил төстэй шийдлүүдийг харьцуулан судлах, бусдаас тусламж авахдаа нэрэлхэхгүйгээр, орчин тойрондоо сайн ярилцах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг манлайлагчдад өгсөн юм. Тэрээр хэвшмэл сэтгэлгээг ажлын байрнаас халж, өсөх сэтгэлгээтэй ажилчид байцгаая гэсэн уриалга гаргалаа. 
 

      

   

   
 
   
 
   
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Пүрэв, 17 10-р сар 2019 00:00

Уурхайчин би

Бүлэг Подкаст

 

   Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ.  
   “Бичил биетний судалгааг олон жил хийж байна. Судалгааны үндсэн дээр нутгийн омгуудыг гаргаж түүгээрээ байгаль орчин, хөрсний  бохирдлыг арилгах юм. Бохирдол бууруулсан хөрсөөр шимт хөрс бэлтгэж зүлэг ургуулах боломжтой. Энэ бордоо нь олон бичил биетний цогц бордоо юм” гэж  Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд ярилаа.
   Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох ажил ийнхүү шат дараатай хийгдсээр байна. Энэ ажлын үр дүн ирэх хавар лабораторийн шинжилгээний  хариугаар гарах юм. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид оны эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3,3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ. Бүтээмж өндөр тус хамт олон саяхан Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлан дүгнэв. Уурхайчдын ажлын хувцас урлах, материалын өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр явагдсан уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” номинацид эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” номинацид оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” номинацид чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ. 
 
 
 
 
 
 
М.ОДГЭРЭЛ
Фото: Б.Баттөгс
   Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний Сайн үйлсийн аянд 10 сая төгрөг төсөвлөсөн. Тус холбооны тэргүүлчид энэ сарын найманд хуралдаж хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн бульдозерын машинч Ч.Баярсайхан, ЗМЗ-ын инженер С.Галбадрах нарын эмчилгээний зардалд тус бүр таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ. Батламжийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга Б.Төгсбаяр, Засвар механикийн заводын ҮЭХ-ны дарга Н.Эрдэнэбат, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга, Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Т.Хүрэлтогоо нар гэр бүлийнхэнд саяхан гардуулав. 
 
А.Батбаяр
 
   
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог