Нийгмийн хариуцлага
   Орон нутгийн үйлдвэрлэгчдийн орон зайд өөрийн байр суурийг олж, тогтвортой үйл ажиллагаа, найдвартай, шуурхай үйлчилгээгээр өнгө төрхөө тодорхойлсон резиний үйлдвэр ирэх сард 5 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголдоо анхны бөгөөд ганц гэх тодотголтой “Мэйнспринг” ХХК-ийн хамт олныг “Эрдэнэтээ Дэмжье” булангийн ээлжит дугаарт урилаа. Тус компани үрэлт цохилтод тэсвэртэй, тээрмийн хуяг, тос, маслонд зориулсан гэх өндөр чанартай гурван төрлийн резин үйлдвэрлэж байна. Өргөжин тэлэх хүсэл тэмүүллээ өдрөөс өдөрт бүтээж яваа компанийн захирал С.Шижирбаатарын ярианаас үйлдвэрлэгчдийн зоримог алхмыг харж, өөр нэгэн шинэ санааг бодол оюундаа тусгаж авахыг зөвлөе. 
 
 
 
   -ТАНАЙ ХАМТ ОЛОНД ТАВАН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХУВЬД ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛД БАЙР СУУРИА ЭЗЭЛЖ, ХӨЛӨӨ ОЛНО ГЭДЭГ АМАРГҮЙ. ӨЧИГДРӨӨС ӨНӨӨДӨРТ ИРСЭН ЦАГ ХУГАЦААГ ЭРГЭН ХАРАХАД ЯМАР ӨНДӨРЛӨГТ ХҮРЭВ?
   -2008 онд манай компани худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос түүхий резиний төслийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Жилдээ 300 тонн хүртэлх түүхий резин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг тухайн онд ашиглалтад оруулж, 2014 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Анх 3 хүний орон тоотой ажиллаж байсан. Өнөөдөр 16 хүнийг ажлын байраар хангах хэмжээнд өргөжин хөгжлөө. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр энэ онд судалгааны ажлуудаа эхлүүлсэн.
   Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар анх 62:52 маркийн нэг төрлийн резин үйлдвэрлэж байсан бол захиалагчийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн тусгай зориулалтын резин гаргаснаар нэр төрлөө нэмэгдүүлсэн. Орон нутагт резиний үйлдвэр байгуулснаар Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт ч тодорхой хувь нэмэр оруулж чадсан гэж бодож байна. 700-1500 цаг ажилладаг байсан гидроцеклон нь манай бүтээгдэхүүнийг ашигласнаар дунджаар 2100 цаг ажилладаг болсон тухай үйлдвэрийн ажилтан хэлж байсан. Өнөөдрийг хүртэл хамтдаа хөгжиж байгаа л гэж ойлгодог.  
 
   -ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ОЛЖ ХАРСАН БЭ?
   -2012 онд судалгаа хийж үзэхэд Эрдэнэт үйлдвэр 12-14 ам.доллараар импортын резинэн бэлдэц авдаг байсан. Манайх дээрх үнийн түвшнийг зургаан ам.доллар хүртэл барьж, нийлүүлэлт хийснээр эдийн засгийн хэмнэлт талаасаа үр ашигтай, эх орны үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн ажил болсон. Цаашлаад, Монгол улсын гадагшаа урсах валютын урсгалыг ихээхэн хэмжээгээр хумьсан гэж ойлгож болно. Дотоодын хөдөлмөр бүтээмж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа гэдэгт итгэж байна.
 

 
   -САНААГАА ХЭРХЭН ОЛСОН ТАЛААР ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
   -Компанийг үүсгэн байгуулагч Ш.Дэмбэрэл маань түүхий резиний хэрэглээг анх олж хараад Монголд үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн. Ингээд Орос, Хятадын үйлдвэрүүдээс туршлага судлахад аль аль нь шинж чанараараа давуу болон сул талуудтай байсан. Хятад улсын хувьд Малайз болон бусад халуун орноос түүхий эдээ татан авч резин үйлдвэрлэдэг нь биднийг “Яагаад өөрсдөө хийж болохгүй гэж” гэсэн зоримог алхам руу хөтөлсөн гэх үү дээ. Тоног төхөөрөмжөө Хятадаас аваад хийе гэж шийдсэн. Үүний үр дүнд Орос, Хятадын үйлдвэрлэсэн резинтэй харьцуулахад чанараараа хувь илүү бүтээгдэхүүн гаргасан. Тухайн үед банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт босгон ажлаа эхэлж байлаа. 
 
   -САНААГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ АМАРГҮЙ. ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ТОМ АЛХАМ БАЙХ?
   -Гол хэрэглэгч маань Эрдэнэт үйлдвэр байсан. Гаднаас авч байгаа резинийг нь дотоодоос хангана гэсэн зорилго тавьсны үндсэн дээр үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай уулзаж, санаа бодлоо ойлгуулж чадсан. Тэд ч тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ирсэн. Эхний ээлжид нийт импортын 20-30 хувь, удалгүй 50-60 хувийг орлох бүтээгдэхүүнээр хангаж, сүүлийн жилүүдэд 100 хувь нийлүүлэлт хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан дүн ямар байна, тэр хэмжээгээр нийлүүлэлт хийх чадамжтай болсон. Энэ онд 120 тонн энгийн резин, 30 тонн тусгай зориулалтын резинээр хангах гэрээ байгуулсан. Манайх 2017, 2018 онуудад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Резин цехийн захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад төмөр замын салбарт хэрэглээ нь харьцангуй бага буюу жилдээ 3-4 тонныг л авдаг. Ямартаа ч бид чадсан, энэ бол баялаг бүтээгчдийн нэг бахархал.
 

   -ЦААШДЫН ЗОРИЛГО?
   -Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна. Манай бүтээгдэхүүний шинж чанар, үзүүлэлтийг тодорхойлоход автомашины дугуй хийх боломжтой гэсэн. Шинэ төрлийн ажилд сорилт хийж үзнэ. 

   -ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ?
   -Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн хамтын ажиллагаа тасраагүй цагт бидэнд хөгжих боломж нээлттэй байна. Гагцхүү резиний технологич мэргэжилтэй хүн Монголд хуруу дарам цөөн. Энэ чиглэлээр хамгийн сайн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн Резиний тасагт ажиллаж байна. “Автобус 3” компани, Улаанбаатар төмөр зам резин цехтэй байсан, одоо хувийн хэвшилд ажилладаг ганцхан байгууллага бий. Бид хөгжлөө тодорхойлж, боловсон хүчний баазаа зузаатгах үүднээс хойд, өмнөд хөршид шинэ мэргэжилтэн бэлтгэх бодолтой байна. Төгсөх ангийн, энэ чиглэлээр сурах хүсэл сонирхолтой, тууштай ажиллах хүн бидэнд хэрэгтэй. Хоёр хүүхдэд санал тавьсан ч тоймтой хариу аваагүй л байна. Өнөөдрийн байдлаар гадаад мэргэжилтнээс тусламж авч, хамтран ажиллаж байна. Ажилтнаа сургаад авчихвал маш том боломж бидний өмнө нээгдэнэ. Мөн үйлдвэрлэгч нарт татварын хөнгөлөлт чухал байна. Томоохон хөшүүрэг болох нь гарцаагүй.
 
 
   -АЖИЛТНУУДЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДДЭГ ВЭ?

   -Манайх жилдээ 300 тонн резин үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жилийн хувьд Эрдэнэт үйлдвэр 150 тонны гэрээ хийсэн. Ажилчдаа 100 хувь ажлаар хангаж байгаа ч сул зогсолт хийсэн үедээ цалинг нь өгдөг. Энэ нь ч тухайн айлд бодитой хөрөнгө оруулалт болж байна. Манайх 2-6 жил ажилласан туршлагатай ажилчдаа тогтоон, урт хугацаанд ажиллуулахыг эрмэлздэг. Хэдий жижиг үйлдвэр ч гэлээ 10 гаруй ам бүлийн амьжиргааны баталгааг хангаад л байдаг юм. 
 
   -СҮҮЛИЙН АСУУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ?
   -Бидэнд итгэсэн. Итгэлийг алдахгүйн тулд бараа бүтээгдэхүүнийхээ чанар үзүүлэлтийг тогтмол сайжруулж байна. Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болсон “Эрдэнэт үйлдвэр” үр бүтээмжтэй ажиллахад чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулах болно. Би хувьдаа олон мянган залуус шинийг сэтгэж, зах зээлд өрсөлдөх, импорт орлох бүтээгдэхүүн бий болгоосой гэж хүсдэг. Боломж нь хангалтай бий.
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   Эрдэнэт үйлдвэрт 6700 орчим ажилтан, ажилчид ажилладгаас хүнд нөхцөлд буюу үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж буй 5000 гаруй уурхайчдадаа халуун хоолны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.
   Хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайчид, ажилчид эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх учиртай. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс энэ шаардлагыг халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй компаниудад хатуу тавин хянаж ажилладаг.  
   Ажилчдыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоолоор хангах зорилготой ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн хамт олон ажилчдад халуун хоолоор үйлчилж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.  Тайлант хугацаанд өдөр, орой, шөнө гэсэн гурван удаагийн давтамжтайгаар 26 цехийн 20 672   ажилтан албан хаагчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс ажлын өдөр дунджаар 423 ажилчин,  амралтын өдөр 179 ажилтанд  үйлчилжээ. 
   “Сэлэнгэ катеринг”-аар үйлчлүүлж буй ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан мэдээг үндэслэн энгийн болон эмчилгээний хоолны 28 хоногийн төлөвлөгөөт цэс, технологи карт, материалын цэс, материалын цэсийн нэгтгэл зэргийг боловсруулж хоол үйлдвэрлэл үйлчилгээг явуулж байна.
   Катерингийн нэгж хоолны өртгийг тооцоолоход Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монголын Эрүүл мэндийн яамны хамтарсан зөвлөмж бичиг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/74 дугаар тушаалыг үндэслэн,  нэг хүний өдөрт хүнсний бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг 3900 ккал-р тодорхойлжээ.  Энэ тодорхойлолтод орсон багцалсан хүнсний бүтээгдэхүүн нь 13 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс бүрддэг талаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн дарга Б. Хантамир мэдээлсэн юм. 
   Тус хамт олон катерингийн  үйл ажиллагааг халуун хоолны сүлжээ хэлбэрт шилжүүлэн өргөжүүлэх, ISO-22001 Олон улсын стандартыг нэвтрүүлэхээр  ажиллаж байна. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 
 
А.Бямбамаа
   Эрдэнэт үйлдвэрийн Гал түймэр унтраах, аврах, гэрээт 58 дугаар ангиас жил бүр  зохион байгуулдаг Тулах цэг тэмцээнд нийт 8 багийн  48  алба хаагч  оролцож  барилга байгууламж, нуранги, газар доорх аврах ажиллагаа  гэсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бага дарга ахлах ахлагч  Б.Баянмөнх ахлагчтай баг 1-р байр, Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Сонинзаяа ахлагчтай баг 2-р байр, Гал түймэр унтраах, аврах 56-р ангийн аврах бүлгийн аврагч,  ахлах ахлагч Ч.Балданням ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ.  Тус тэмцээний шүүгчээр нурангийн төрөлд  ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, ахлах дэслэгч Г.Болдбаяр, газар доорх аврах ажиллагааны төрөлд дэслэгч Г.Уртнасан, дэслэгч Б.Ганзориг, өндрийн аврах ажиллагааны төрөлд дэслэгч Б.Амарбаяр, ахлах ахлагч М.Ганзориг, ерөнхий шүүгчээр гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч хошууч А.Отгонбаяр нар ажиллалаа.  Тэмцээнийг хааж, хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар:  Цаашид аврах ажиллагаа болон гал түймэр унтраах дадлага сургуулийг чанартай сайн хийж, гаргасан алдаа дутагдлаа ярилцаж,  алба хаагчид руугаа хандсан ур чадварыг сайжруулах тэмцээнийг сар бүр зохион байгуулахыг онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүн болон ангийн захирагч нарт үүрэг өглөө.  Мөн тэмцээний үеэр  2018, 2019 онд шинээр албанд томилогдсон нийт алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагын ажлыг зохион байгуулсан байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Батбаяр
Фото: А.Батбаяр
   Эрдэнэт үйлдвэрийн өргөх байгууламжууд буюу бидний нэрлэж заншсанаар гүүрэн крануудын ажиллах чадвар сайжирч байна. Үйлдвэрийн хэмжээнд 400-аад кран байгаагаас 70 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан өргөх байгууламжууд юм. Механикийн хэлтсээс өргөх байгууламжийн шинэчлэлд сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан, тодорхой ажлууд хэрэгжүүлснээр ажиллах чадвар эрс сайжирчээ. Он гарсаар, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 35 тонны 189-р гүүрэн кранд их засвар хийж ашиглалтад оруулсан байна. Мөн Тээвэр ложистикийн төвийн 20 тонны кранд их засвар хийж, ажиллах чадварыг сэргээсэн бол сүүлийн сард мөн цехийн 1029 дүгээр гүүрэн краны их засварыг гаднын байгууллага хийж гүйцэтгэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн томилсон ажлын хэсэг хүлээн авахаар ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтийн дагуу ажлыг гүйцээлгэж, ирэх долоо хоногт ашиглалтад хүлээн авна. Түүнээс гадна, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн ажилд оролцох гурван үйлдэлт гүүрэн краныг шинээр угсарч байна. ОХУ-д үйлдвэрлэсэн уг кран нь 20, найман тонны хосолмол механизмтай, соронзон шайбаар ажиллах боломжтой, сүүлийн үеийн өргөх байгууламж юм. Шинээр ирсэн энэхүү краныг Засвар, угсралтын цехийн ажилчид угсарч, техникийн туршилт, тохируулга хийж байна.
 
М.Одгэрэл

     

     Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд оны эхний есөн сарын үйл ажиллагааныхаа үр дүнгийн тайланг гурван хоногийн турш тайлагнаж өнөөдөр дууслаа. “Цех нэгжүүд маань өртөг зардлыг бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх талаар тодорхой санал санаачилга гаргаж, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бодитойгоор дүгнэж тайлагналаа. Тайлангийн үр дүнгээр цех нэгжүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг нэг бүрчлэн хэлэлцэж, эхний есөн сарын төлөвлөгөө хэрхэн байсан,  дутуу байгаа төлөвлөгөөний хэрэгжилтийг цаашид хэрхэн хангаж ажиллах талаар тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тайлангийн хурлаа  дүгнэж ярилаа.

    Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. Төлөвлөх зардлаа хэмнэж, оны эхний есөн сарын байдлаар Улс орон нутгийн төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна.

                                                                                           А.Бямбамаа

Фото: Б.Баттөгс

     Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Волейболын лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулах болсноо албан ёсоор нийтийн сонорт хүргэлээ. 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохиогдсон Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд холбооны зүгээс тэмцээнийг дахин сэргээх санал тавьснаар энэ ажил биеллээ олж байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Тэмцээний нэгдүгээр тойргийг "Хасу Мегаватт" ХХК-ийн "ЭКО Спорт цогцолбор"-т эхлүүлэх тов гарчээ. Дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” клубээс 2, “Тэнүүн-Огоо” багаас 2, Эрдэнэтийн “Уурхайчин” клубээс 2, “Эрчим” клуб, “Хос бар”, Булган аймгаас тус бүр эрэгтэй, “Хобби эс” клуб, “Дархан Сеть”, “Инагурэ”-ээс тус бүр эмэгтэй багууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 11 дүгээр сарын 8-10-нд Орхон аймагт үргэлжилж, 3 дугаар тойргийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 2-6-нд болох бөгөөд тэмцээнийг MNB спорт сувгаар шууд дамжуулна.

 
   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг биелүүлсэн амжилттай ажиллаж байна. 2018 онд 655 тэрбум төгрөгийн үндэсний баялаг үйлдвэрлэсэн  бол энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 700 гаруй тэрбум төгрөгийн үндэсний баялгийг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нь үйлдвэрийн нэг уурхайчин 100 гаруй сая төгрөгийн үндэсний баялгийг бүтээж байна гэсэн үг юм. 
   Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн 2019 оны эхний есөн сарын үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр эхэллээ.  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Геологи хайгуулын анги, Чанарын хяналтын хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехүүд тайлангаа тавилаа. Цех нэгжүүд тайлангийн материалыг тайлан хамгаалуулах ажлын хэсгийн гишүүдэд цахим хэлбэрээр, тайлангийн хурал болох өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлжээ. Тайлантай холбоотой асуулт, хариулт, зөвлөмжийг өгч тайлангийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
   Тайлангийн хурал өнөөдөр Судалгааны төв, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Засвар угсралтын цех,  Барилга засварын цех,  Инженерийн зураг төслийн төвийн үйл ажиллагааны тайлангаар үргэлжилнэ. Тайлангийн хурал Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны дөрвөн давхрын хурлын танхимд болж байна. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 
   10-р сарын эхний 21 хоногт зэсийн үнэ 5690 ам.доллар тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад тонн тутамд 65 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 10-р сарын эхэнд 5610 ам.доллар тонн байсан зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд бага зэрэг өсөж 5820 ам.доллар тонн боллоо. АНУ, Хятадын худалдааны дайн нааштайгаар шийдэгдэх магадлал өндөр, мөн Чилийн зэсийн уурхайнуудад  нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч байгаатай холбоотойгоор  зэсийн үнэ бага зэрэг өслөө. Чилид  гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарахыг оролдсон асуудлыг эсэргүүцэж байгаагаа Чилийн зэсийн уурхайн ажилчдын холбоо мэдэгджээ. Чилийн Escondida  зэсийн уурхай 10-р сарын 22-ны өдөр  нэг өдрийн  сануулах ажил хаялт зарлахаа  мэдэгдсэн ба  бусад уурхайнууд ч мөн  ажил хаялт зарлах магадлал өндөр байна.
   АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп энэ 7 хоногийн Даваа гаригт БНХАУ-тай хийж буй худалдааны асуудлаарх хэлэлцээр ахицтай байгаа бөгөөд ирэх сард Чилид хийх уулзалтын үеэр талууд гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр улс урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн нь 18 сар үргэлжилсэн “Худалдааны дайн”-ийг түр зогсооно гэсэн хүлээлтийг зах зээлд төрүүлж байна. 
   Гэвч зарим эх сурвалжууд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан технологийн салбарт шилжих эрсдэлтэй байгаа талаар мэдээллээ. АНУ Хятадын  технологийн найман компанийг “Хар жагсаалт”-даа оруулсан ба тус жагсаалтад хяналтын камер нийлүүлэгч “Hikvision”, “Dahua Technologies” зэрэг компаниуд багтжээ. “Hikvision” нь 2017 онд олон улсын хяналтын камерын зах зээлийн 38 хувийг дангаараа бүрдүүлж байсан байна. Харин “Dahua Technologies” 16 мянга гаруй ажилтантай, Хойд Америк, Европ, Латин Америкт оффистой ажээ. Ийнхүү “Хар жагсаалт”-д нь багтсанаар эдгээр компаниуд АНУ-ын Засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудтай бизнес хийх боломжгүй болж байгаа юм.
   Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах эсэх нь эдийн засгийн болон таваарын үнийн хэтийн төлөвт ихээхэн нөлөө  үзүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэг
 
 
 
   Аюулгүй ЗӨВ ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71-300 дугаар утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 18 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс  ажлын байр орчинтой холбоотой арван нэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой  тав, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, бусад нэг асуудал ирүүлжээ. 
   Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, нойтон цас орж байгаатай холбоотойгоор зам талбайд мөстөлт үүсэж байгаа тул ажилтан та үйлдвэрийн орчны явган хүний зам, талбайгаар зорчихдоо ажлын тусгай гутлыг улирлын онцлогт тохируулан зөв сонгож хэрэглэх, явганаар зорчих үедээ яарч сандралгүй тайван, аль болох халтиргаа, гулгаагүй, явган хүний зорчих хэсгийг сонгож өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган зорчихыг анхааруулж байна. Мөн бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан зам, талбайд тогтсон цасыг цэвэрлэх ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс анхаарууллаа.
 
А.Бямбамаа
 
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, санхүү, нүүрс ачилт ложистикийн хэсгээс 33 ажилтан туршлага судлахаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин: “Уул, уурхайн үйлдвэрийн газрууд туршлага солилцох нь сайн хэрэг. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй туршлагатай хамт олон. Манай хувьд ирэх жил 10 жилээ тэмдэглэх гэж байгаа харьцангуй залуу хамт олон. Тиймээс тогтвортой ажиллаж байгаа Эрдэнэтийн уурхайчдаас туршлага судалж байгаадаа баяртай байна” гэв. Тэд мэргэжлийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох нэгжүүдэд хоёр өдөр ажиллана. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллаж туршлага солилцох юм байна. 
 
                                                                             А.Батбаяр
                                                     Гэрэл зургийг: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог