Д.ЭРДЭНЭБАТ: Орон сууцны хөтөлбөрт зөвхөн үйлдвэрийн ажиллагчид хамрагдана Онцлох

18 5-р сар 2020 12:00
295 удаа үзсэн
 
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас “Уурхайчин-1” хорооллын барилгын ажлын явцын талаар тодрууллаа.-
 
-Үйлдвэрийн ажиллагчдыг орон сууцаар хангах төслийн ажил ямар шатандаа явна вэ?
-Эхлээд уг төслийн түүхээс яръя. 2013 оноос “Уурхайчин-1, 2, 3” төслийн ажил эхэлсэн байдаг. Энэ нь “Эко-400”,  “Залуус-600”,  “Москва-300” нэртэй төсөл юм. Тухайн үед “Эко -400”-г Сархиа уулын ар бэлд,  “Москва-300”-г Баян-Өндөр уулын өвөрт барихаар шийдэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулахад нэлээн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байсан. Зөвхөн “Эко-400” хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байх жишээтэй. Үйлдвэрийн газрын удирдлага, Орхон аймгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төслүүдийг нэгтгэн  “Уурхайчин-1, 2, 3” хэмээн нэрлээд Баян-Өндөр уулын энгэрт 73,5 га газар авч ажлаа 
эхлүүлсэн. Ингэж нэгтгэснээр тус тусдаа баригдах хороололд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажилд шаардлагатай хөрөнгийг хэмнэх нөхцөл бүрдсэн. Одоогоор “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил эхлээд хуваарийн дагуу хэвийн 
явж байна. Уг хорооллыг 12-р сард ашиглалтад хүлээн авна. Эхний ээлжид 300 айлын орон сууц баригдана. Одоогоор дөрвөөс таван давхрын цутгалтын ажил хийгдэж байна. 
-Тус хорооллын байруудад хүмүүс захиалга өгсөн үү. Ямар шалгуураар орон сууцанд орох вэ?
-2019 оны 12-р сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд квот тогтоогоод “Уурхайчин-1” хорооллын 300 айлын захиалгыг авсан. Энд 370 гаруй ажиллагсдын санал ирсэн байгаа. Бид урд нь үйлдвэрээс байр, орон сууцны санхүүгийн дэмжлэг авч байгаагүй  хүмүүсээс санал  авсан. Эдгээр хүмүүсийн саналыг гүйцэтгэгч компаниар дамжуулан банканд хүргүүлээд  байна. Тэгэхээр банкны шалгуур хангасан ажилчид байрны зээлд хамрагдана. Өмнө нь үйлдвэрээс байр хувьчилж авсан болон санхүүгийн дэмжлэг авсан ажилтнуудаас “Уурхайчин-1” хороололд нөхцөл сайжруулах журмаар хамрагдах санал сүүлийн үед их ирж байна. Үүнтэй уялдуулан тодорхой тооны хүмүүсийг нөхцөл сайжруулах зорилгоор “Уурхайчин”1” хорооллын байранд оруулах төлөвлөгөөтэй байна. Уг хороолол 12-р сард ашиглалтад ороход, өмнө нь үйлдвэрээс байр авч байгаагүй, мөн байрны санхүүгийн дэмжлэг аваагүй  ажиллагчдыг 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамруулаад байр олгоно. Нөхцөл сайжруулах зорилгоор байранд орсон  хүмүүст 12 сая төгрөг олгохгүй. Учир нь эдгээр хүмүүс өмнө нь байр болон орон сууцны дэмжлэг авсан учраас. Тэгэхээр энэ хүмүүс банкны зээлд хамрагдаад байранд орох боломжтой. 
-“Уурхайчин” хорооллуудын орон сууцны барилгын ажлыг  ямар компаниуд гүйцэтгэх вэ?
-Дөрвөн блокийг нь “Химон констракшин” ХХК барьж байна. Хоёр блокийг нь “Неман констракшин” ХХК барина. “Уурхайчин-2” хорооллын барилга дээр “Өргөө хаан констракшин” ХХК ажиллана. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажлыг “Люкс вүүд” ХХК гүйцэтгэнэ. “Уурхайчин-3” хорооллын тендерт оролцсон нэг компани шүүхэд гомдол гаргасан. Гурван шатны шүүх дээр Эрдэнэт үйлдвэр ялсан. Өнгөрсөн долоо хоногт  Эрдэнэт үйлдвэрийн талд шийдсэн шүүхийн албан тоот ирсэн байгаа. “Уурхайчин-2” хорооллын ажлыг гүйцэтгэх компани шалгарсан. 
Гэрээ хийгдсэн. Ажлын зураг гарсан байна. Одоо ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Уг хорооллыг энэ оны 12-р сард ашиглалтад өгөх байсан. Гэвч шүүхийн үйл ажиллагаа зургаан сар үргэлжилсэн. Энэ шалтгаанаар зургаан сар ажил хойшилсон нь харамсалтай. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажил удахгүй эхэлнэ. 2021-2022 онд хоёр хорооллын барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Ингэснээр1300 айлын орон сууц баригдаж ашиглалтад орно.  
 
 
-Эдгээр байруудын метр квадратын үнэ хэд вэ?
-Одоогийн байдлаар “Уурхайчин-1” хорооллын байрны метр квадратын үнэ нэг сая 650 мянган төгрөгийн өртөгтэй гэрээ хийгдсэн. Эрдэнэт хотод ашиглалтад орсон байруудын метр квадратын үнэ нэг сая 800-аас хоёр сая 200 мянган төгрөгийн ханштай байна. Анх  гүйцэтгэгч компанийн үнийн санал метр квадрат нь нэг сая 800 мянга байсан юм билээ. Бид үнийг буулгуулж нэг сая 650 мянга байхаар гэрээ хийсэн.
-Уурхайчин хорооллын байрны зохион байгуулалт ямар байх вэ?
-Түрүүчийн компани нь тухайн байруудыг ашигтай талбай багатай зураг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ашиггүй талбай ихтэй. Бид Химон компанийн япон инженерүүдтэй уулзаж зургийг нь шинэчилж ашигтай талбайг нь ихэсгэсэн. 60-141 метр квадрат хүртэл хоёроос дөрвөн өрөө байрууд ашиглалтад орно. Эхний ээлжид долоон давхар байшин босно.
-Төсөлд хамрагдах үйлдвэрийн ажилчид ямар давуу эрх эдлэх вэ?    
-Орон сууцны хөтөлбөрт зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид хамрагдана. Орон сууцны санхүүгийн тусламж үзүүлэх журамд, гурван жилээс дээш жил ажилласан ажиллагчид дэмжлэг авах заалттай. Гэтэл нэг жил ажиллаад байранд орох хүсэлтэй залуучууд олон байна. Иймээс үйлдвэрт нэг жилээс дээш ажилласан бол “Уурхайчин-1, 2, 3” төсөлд хамруулан орон сууцны 12 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг бид удирдлагуудад тавиад байна. 
Энэ санал дэмжигдвэл залууст бас нэг давуу эрх олгогдоно. Нэг давхрынхаа байруудыг ямар зориулалтаар ашиглах  талаар ажиллагчдаас санал авсан. Үйлдвэрийн нийт ажиллагчдын дунд, өнгөрсөн оны 11-р сард судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хүүхдээ харуулах өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, аптек ажиллуулах санал гаргасан. 
Уг судалгааны дагуу байруудын нэг давхарт цогц үйлчилгээ хийгдэнэ. Нөгөө талаас, үүдэндээ жижүүртэй байхыг ажилчид дэмжсэн. Энд барилгын компани саналаа өгсөн байгаа. Тэгэхээр цогц үйлчилгээтэй орон сууц баригдана гэсэн үг юм. Ийм байдлаар зохион байгуулалт хийх саналыг ажиллагчид дэмжсэн. Энэ нь бас нэг давуу тал юм.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.   
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 5-р сар 2020 03:15
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог