Хан хуурын амин аялгуутай үдэш... Онцлох

09 12-р сар 2019 12:00
130 удаа үзсэн

      Тайзнаас урсах хан хуурын аялгуу увдис юм билээ. Үл үзэгдэх хүлээснээс мултарч бие тавирах мэт ер бусын тайвшрал, басхүү омогшил, бахархлыг мэдрэх гайхамшигтай... Одоогоос таван жилийн өмнө “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “Хан хуур” төслийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үе шаттай хэрэгжүүлэхээр санаачилсан нь том зориг байсныг тэрээр одоо дурсаж байна. Уг төслийг хоёр багштайгаар эхлүүлж байсан бол одоо 30 гаруй сургагч багштай, морин хуурын бүрэн хэмжээний тоглолт тавих хэмжээний чадварлаг хөгжимчидтэй болжээ. Үүнийгээ ч “Хан хуур” концертоороо баталлаа. “Хан хуур-I” төсөлд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид хамрагдсан. Хөгжмийн өөр зэмсгээр тоглодог хөгжим ангийнхны хувьд морин хуур сурах дөхөм байсан гэнэ. Харин дуучид, бүжигчид, энгийн ажилчид өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд амаргүй олон даваа давжээ. Шантрах, уйлах, зэмлүүлэх, зарим үед нудруулах энүүхэнд байсан тухай тэд одоо инээлдэн ярьж байна. Тайз эзэгнэдэг, өнөөх олны танил алдартай дуучид, бүжигчид маань үндэсний хувцастай, намбалаг гэгч нь суугаад морин хуур эгшиглүүлэхийг үзэх бас л сонирхолтой. Ингэхдээ бүр дэлхийн сонгодгийг нот алдахгүй чадварлаг тоглохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь сонирхолтой. Тэд хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондовын найруулгаар “Буриад ардай дуун”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны хөгжим гээд олон аяз тоглов. Д.Одончимэг найруулагч “Соёл, урлагийн цогцолборт өдөр, шөнийн 24 цаг ажилладаг ганц хүн байдаг нь манай Б.Цэрэндондов...” гэж тодотгоод түүнийг энэ тайзан дээрээ Урлагийн гавьяат зүтгэлтэн болоорой хэмээн ерөөсөн. Мэргэжлийн морин хуурчид хүртэл тоглохоос бэргэдэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, “Наадмын дэнж”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Уянгын аяз”, “Цагаан суварга”,  МУСТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим зэрэг бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүртэл эгшиглүүлсэн нь бишрэм. Монгол Улсын УГЗ Д.Дашдондовын үг, СТА Р.Адилбишийн ая “Хуурч” хэмээх шинэ дууг морин хуурчидтайгаа хамт дуучин С.Ариун-Эрдэнэ амилууллаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн морин хуурын “Төвөргөөн” хамтлагтай хөөмийч М.Саруултөгс, дуучин Д.Дагиймаа нарын “Зүүдний говь” дууны хоршил үзүүштэй байв. “Хан хуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Р.Адилбиш “Үүлэн бор”-ыг “хатируулж”, мэргэжлийнхний дунд Монголын гарын таван хуруунд багтах хуурч хэмээн үнэлэгддэг эрэмбээ нотоллоо. Энэ мэт олон шигтгээг нэрлэж болно. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хан хуурын концерт дундаа завсарлагатай, амтат зууштай сэтгэл татам өвөрмөц болов. Тоглолтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монголын ард түмний үнэт өв болсон хөөмийг Геннисийн номонд бүртгүүлэн баталгаажуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчин МУСТА М.Саруултөгсийг нэг сая төгрөгөөр, мөн чуулгын уран бүтээлчдийн дунд “Хан хуур-I” төслийг 2014-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн Д.Одончимэг найруулагчийг хоёр сая төгрөгөөр шагнасныг гардуулав. Мөн төсөлд хамрагдсан бүх уран бүтээлчдэд “Өвгөн хуурч”-ийн хөргийг дурсгаснаар хан хуурын концерт өндөр үүдээ хаалаа.              

     Морин хуур зуун зууныг элээн өртөөлсөөр, монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь гайхамшиг. Үүгээр ч зогсохгүй ЮНЕСКО-д соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж, дэлхийн тайзнаа залран хүн төрөлхтнийг бишрүүлэн шуугиулж буй нь бахархал юм.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 М.Одгэрэл 
Фото: Б.Баттөгс
 
 
 

 

 

 

 

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 09 12-р сар 2019 13:16
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог