×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Олон улсын бизнес форум Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна Онцлох

15 3-р сар 2017 12:00
122546 удаа үзсэн

     Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй Олон улсын бизнес форум өнөөдөр Эрдэнэт хотноо боллоо.  “Бизнес форум-Эрдэнэт” чуулганыг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
     Бизнес форумд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХХААЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон,  Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа зэрэг албаны хүмүүс,  Канад улсын ЭСЯ-ны зөвлөх Даглас Динг Ман, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев.Р.Р,  ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Захаровыч Ткачёв, БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга Жао Дан, Эрээн хотын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Шилийнбаатар, Ордос хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга Рен Ли На тэргүүтэй гадаадын 70 орчим зочид хүрэлцэн ирж оролцож байна.
Түүнчлэн, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудын удирдлагууд болон Орхон аймгийн төр захиргаа, хувийн хэвшил, ААН-ийн удирдлага, бизнес эрхлэгчид хүрэлцэн иржээ.
     Бизнес форумын албан ёсны үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Энэхүү бизнес форумын гол ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бизнес эрхлэгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдэж байна. Хэдийгээр улс эх орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн парк-ийн үйл ажиллагааг эхлүүлэн үйлдвэржилтийн бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн сацуу өрхийн үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд тусган ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид аймаг бүс нутгийн хэмжээнд татах, харилцан ашигтай, уялдаа холбоо бүхий бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү форумаас гарсан санал санаачилга чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
     Мөн чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын зочдод хандаж мэндчилгээ дэвшүүлэн форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэрээр, УИХ, Засгийн газрын зүгээс улс эх орны макро эдийн засгийн өсөлтийг сайжруулах талаар тодорхой шат дараатай арга хэмжээ авах бодлого барьж байгаа талаар онцолж, “Орхон аймгийн Засаг даргын гаргасан санаачилгын дагуу аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж буй энэхүү форум нь цаг үеэ олсон чухал ажил болж байна” хэмээн дүгнэв.
     Олон улсын  “Бизнес форум”-ын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн чуулганы эхэнд мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ уул уурхайн салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК-ын баримтлах бодлого шийдвэрийн талаар онцлон тэмдэглэсэн юм.  Тэрээр хэлсэн үгэндээ, “Засгийн газрын зүгээс аймаг орон нутаг, бүс нутгийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж иргэдээ ажлын байраар хангахад ихээхэн анхаарч байгаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ч мөн Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд анхаарч, хамтран ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс цаашидОрхон аймагтайгаа нягт хамтын ажиллагаатай байж, бүс нутгийн хэмжээний хэд хэдэн уулзалт зөвлөгөөнийг ойрын хугацаанд зохион байгуулах болно” хэмээн мэдээллээ.
     Олон улсын бизнес форумын үйл ажиллагаа нь бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээг төрөөс дэмжих, бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн шинэчлэл ба гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт өргөн хүрээтэй сэдвүүдээр үргэлжлэх юм.
     “Бизнес форум”-ын үеэр “Уурхайчин” соёлын ордонд орон нутгийн бизнес эрхлэгчдийн бүтээл, бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог