Өглөөний сэргээш

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажиллалаа. Өнөөдөр сар хаалтын хурал болж, үйлдвэрийн удирдлагууд оны эхний хагас жилийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд хэрхэн биелснийг хэлэлцсэн юм. Зургаадугаар сард төлөвлөгөөнөөс илүү 90 мянган м3 уулын цул гаргаж, 77 мянган м3 хөрс илүү хуулж, нийт 3 сая 90 мянган тонн хүдэр олборлосон нь төлөвлөгөөнөөс 33 мянган тонноор давжээ. Мөн өрөмдлөгийн хэмжээ 3500 тууш метрээр давсан байна. Түүнээс гадна, ачаа эргэлт 18 мянган тонн/км байгаа нь төлөвлөгөөнөөс 248 мянган тонн/км-ээр давсан үзүүлэлт юм. Баяжуулах үйлдвэр 2 сая 778 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 31 мянган тонноор илүү байна. Өнгөрсөн сард 50 мянга 11 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 818,6 тонноор давжээ. Харин молибдены баяжмал 452 тонныг үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 22 тонноор илүү байв. Баяжмал ачилт сарын турш хэвийн явагдаж, 827 вагон зэсийн баяжмал, 28 парт молибдены баяжмал гадаад худалдаанд гаргасан байна.

     2020 оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 359 мянган м3 уулын цул илүү гаргаж, 367 мянган тонн хүдэр илүү олборлож, 270 мянган тонн хүдэр илүү боловсруулав. Зэсийн металл авалтыг 87.59, молибдены металл авалтыг 52.52 хувьд хүргэж, төлөвлөгөөнөөс 7033 тонн зэсийн баяжмал, 399 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэх боломж бүрдүүлэн амжилттай ажилласан уурхайчдадаа Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.

     Автотээврийн цехийн бүтээмж, чанарын дугуйлангуудын оны эхний хагас жилийн төслийн хамгаалалт боллоо. Х.Болдбаатар ахлагчтай “Гавшгай” бүтээмж чанарын дугуйлан Сайн саналын системийн бүртгэлийн цэг байгуулан, компьютерийн бүрэн хэрэгслийг сүлжээний утастай холбосноор саналын тоо нэмэгджээ. Мөн TLT-440 маркийн цахилгаан шингэн өргүүрийн канатан дамжуулгын шкивыг сталь-45 маркийн төмрөөр орлуулан хийсэн байна.Түүнээс гадна Н.Ариунболд ахлагчтай Потенциал БЧД төрөл бүрийн автомашины резинин дугуйг хадгалах зориулалтын тавиур хийж, зай талбай хэмнэжээ. Агуулахад зориулалтын тавиургүйгээс обудгүй шинэ дугуй хадгалахдаа давхарлан хураадаг байсан аж.

Т.Батчулуун

 

32-ийн диаметртэй труба ашиглан  хийсэн дугуйн тавиур

 

Сайн саналын системийн бүртгэлийн цэг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Эрдэнэт үйлдвэр 2020 оны хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборынхоо усан санг Итали технологиор бүрэн шинэчилж засварлахаар болжээ. Мөн тус цогцолборын гурван давхрын их заалны засвар, “Хангарьд” сэргэлт бэлтгэлийн баазад 120 хүний багтаамжтай цайны газар шинээр барихаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын зураг төслийг Зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцэхүйц шийдлээр гаргаж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүлээлгэн өгснөөр тендер зарлахад бэлэн болжээ. “Эрдэнэтчүүдийн үйлчлүүлэх дуртай усан сангийн аюулгүй байдал, өнгө үзэмж, хэрэглэл материалыг Итали технологид нийцүүлэн хамгийн орчин үеийн шийдлээр хийнэ” гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ.

            Эрдэнэт үйлдвэр энэ жил Спорт цогцолбортоо гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийнэ. Их заалны засварыг гуравдугаар улиралд,  усан сангийн болон цайны газрын барилга тохижилтын ажлыг 11-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус ордныхон үйл ажиллагаа зогссон хорио цээрийн дэглэмийн үед өөрийн хөрөнгөөр сургалтын танхим, ажилчдын душ шинээр байгуулж, амрах өрөө, мастеруудын өрөө, 00-ийн өрөөнүүдэд урсгал засвар хийжээ.

М.ОДГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ  А.МАРАЛ

     - “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх” зорилгоор үйлдвэрийн бүтцийн нэгжийн анхан, дунд шатны удирдах ажилтны ажлын байруудад хөдөлмөр хамгааллын шалгалт хийв. Таван сард, ХАБЭА хэлтсийн болон нийгмийн цехийн 18 ажилтан, анхан шатны 192 удирдах ажилтныг ажлын байранд нь хянан, 784 зөрчил илрүүлж, зөвлөгөө өгсөн байна. Энэ ажлын хүрээнд ХАБ-ын зааварчилгааг чанаржуулах, ХАБЭА-н хяналтыг сайжруулах, анхан, дунд шатны удирдах ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө гарган ажилласан байна. Ажлын төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н хэлтсийн 10 ажилтан Ил уурхай, Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн болон Барилга засварын цехийн нийт 99хэсгийн дарга, орлогчдыг шалгаж, 354 зөрчил илрүүлсэн аж. Хоёр сарын хугацаанд  ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх шалгалтыг цех, нэгжийн дунд явуулснаар мастер, механик, эрчим зүйч, хэсгийн дарга, орлогчдод гарсан зөрчлийг  газар дээр нь танилцуулж, цаашид сайжруулах ажлын талаар санал бодлоо солилцов.Мөн мастеруудад зориулан “Нэг минутын удирдлага,  зорилго, магтаал, шийтгэлийг хэрхэн тодорхойлох, ХАБ-ын зааварчилгааг хэрхэн товч тодорхой өгөх”,“Урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт, ХАБ-ын ажлын үнэлгээ хэрхэн хийх” талаар гарын авлага боловсруулан гаргахаар болжээ.Түүнчлэн анхан, дунд шатны удирдах ажилтнуудаас ХАБ-ын мэдлэгийн шалгалт авч, илэрсэн зөрчлүүдийг арилгахаар ажиллаж байна.

Т.БАТЧУЛУУН

 

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдөр Медипас эмнэлэгт эхэлж байна. Энэ жилийн үзлэг, оношилгооны онцлогийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгээс тодруулсан юм.

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ жил хэчнээн хүн хамрагдах вэ?

-Үйлдвэрийн ажиллагчид, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэд гээд нийт 8000 хүн энэ удаагийн үзлэг, оношилгоонд 16 багцаас сонгож хамрагдах ёстой.    

-Өнгөрсөн жил есөн багцаас сонголт хийж байсан. Үүнийг илүү нарийвчилж задалсан гэсэн үг үү?  

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Түрүү жил зүрхний багц ганцхан байсан бол энэ удаа зүрхний гурван багц бий. Зүрхний ЭХО-той нэг багц, зүрхний 24 цагийн бичлэгтэй багц, артерийн даралтын хэмжилттэй багц байх жишээтэй. Багц сонгоход нас харгалзахгүй. Эмэгтэйчүүд бүгд хөхний рентген зураг авхуулна.

-Онцлог багцуудыг тодруулж тайлбарлавал..?

-Цацраг болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлд дөхсөн тохиолдлыг илрүүлэх багц шинээр орсон. Чихрийн шижингийн багц дотор бамбай илрүүлнэ. Мөн энэ багцыг сонгосон хүнд бас нэг давуу тал олгогдож байгаа нь зүрхний ЭХО-той. Нурууны багц нь нурууны рентген зураг авч, витамин Д3 үзнэ. Нурууны MRI, хэвлийн томограф нь тодосгогчтой. Энэ удаа Үндсэн багц гэж байхгүй.    

-Үзлэгийг ямар дарааллаар зохион байгуулах вэ?

-Эрүүл мэндийн хувьд асуудалтай, удаан өвдөж байгаа, хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай дөрөвдүгээр бүлгийн буюу ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүсээ үзлэгт түрүүлж оруулна. Энэ бүлгийн 70 гаруй хүн бий. Тэдний дунд хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгох шаардлагатай хүмүүс ч байгаа, төгс эмчилгээ хийлгээд хэвийн байдалдаа орж ажлаа хийх боломжтой нь ч бий.   Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр групп тогтоолгох шаардлагатай байна уу, эсвэл ердийн өвчний улмаас ажлын хүнд хортой нөхцөлөөс хэвийн рүү шилжихээр байна уу гэдгийг үзлэгээр тогтоох юм. Үүний дараа гуравдугаар бүлгийн буюу эрүүл мэндийн оношоо тодруулах, нарийн шинжилгээнд орох шаардлагатай 2000-аад хүн үзлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл үүнд зүрх судасны өвчтэй, даралт нь байнга ихэсдэг хүмүүсээ хамааруулсан.    

-Жилээс жилд Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зориулах мөнгөө өсгөдөг. Энэ жилийн тухайд..?

-Мэдээж өснө. 16 багцын үнэлгээ янз бүр байгаа. Хамгийн үнэтэй нь 600 гаруй мянган төгрөгийн үнэлгээтэй Титэм судасны эмгэг илрүүлэх оношилгоо байна.

-Танай цогцолбор өнгөрсөн жилийн үзлэгийн дүнд судалгаа хийсэн байх. Ажиллагчдын дунд ямар өвчлөл зонхилж байна?

-Нэг хүнд дунджаар гурваас дөрвөн өвчлөл илэрдэг. Бөөрний өвчлөл, даралт, хоол боловсруулах эрхтэн системийн өвчин гэх мэт. Өнгөрсөн жилийн байдлаар ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бодисын солилцооны хямрал, зүрх судасны болон бөөр, шээсний замын өвчлөл тэргүүлэх зэрэгт явсан.     

-Баярлалаа     

М.ОДГЭРЭЛ

Фото: Б.БАТТӨГС

Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог