Өглөөний сэргээш
   Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын найдвартай ажиллагааг хангахад цех, нэгж бүр өөрийн оролцоотой. Энэ удаад цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааг ханган, байнгын бэлэн байдалд хариуцлагатай алба хашдаг хамт олны үйл ажиллагааг хүргэхээр бэлтгэлээ. Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн дарга Г.Ганбаяртай ярилцлаа.
 

  - Телемеханикийн хэсгийн үйл ажиллагааны онцлогоос танилцуулна уу?
  - Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний объектуудын автоматжуулалт, системийн программ хангамж, цахилгаан, дулаан, уур, усны хэмжих хэрэгслүүдийн суурилуулалт, ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар, тэдгээртэй холбогдох мэдээллийг ээлжийн жижүүрт гаргах өгөх, хянах, удирдах ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний ажил Эрдэнэт үйлдвэрийн “нүд, чих” болдог гэж хэлж болно. Цахилгааны асуудал нь хүний амь настай шууд хамааралтай учраас бидэнд алдах эрх байхгүй. Манай хэсэг 11 ажилтантай.

  - Үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ямар ажлуудыг энэ он хийж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр 1992 оноос ОХУ-ын Гранит мэдээллийн системийг нэвтрүүлэн ашигласан. 2008 оноос АНУ-ын Ge Fanuc фирмийн PLC 90-30 контроллёрын баазад суурилсан SKADA системийг ашиглаж, уг системээр 23 хяналтын цэгээс 982 алсын объектын дохиолол, 266 алсын хэмжилт, 39 алсын удирдлагын мэдээллийг шилэн кабелийн тусламжтайгаар дамжуулан хянаж байсан. Сүүлийн 10-аад жил цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл манайд хийгдээгүй. Харин энэ оны хөрөнгө оруулалтаар Schneider Electric фирмийн Citect SKADA 2018 системийг суурилуулах ажлыг дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ сарын 30-наас Histero программ хангамжийн тохируулга, угсралтын ажил хийснээр хоёр үе шаттай ажил маань үндсэндээ дуусна. Энэ ажил хийгдсэнээр 26 хяналтын цэгээс 1480 алсын объектын дохиолол, 800 алсын хэмжилт, 150 алсын удирдлагын мэдээллийг хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Цахилгаан эрчим хүчний тоолууруудаас мэдээлэл цуглуулдаг Альфа центр программ хангамжийг 20 тоолуурын хамт суурилуулах ажил ид хийгдэж байна. Эдгээр нь Олон Улсын стандартад нийцсэн программууд байгаа. Үндсэндээ 10-аад жилийн насжилттай 3 программ хангамжаа шинэчилж байна.

   - Эдгээр программыг сайжруулснаар гарах дэвшилтэт зүйл нь юу вэ?
  - Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Цахилгаан цехийн хэмжээнд сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүд шинээр нэвтэрч байна. Тэдгээрээс мэдээлэл авахад хуучин программ хангамжууд маань хоцрогдож, солих шаардлагатай болсныг бид мэдсэн. Шинээр суурилуулж байгаа программ хангамжууд нь мэдээлэл дамжуулах, хүлээн авахад илүү боломжийг олгож байгаа юм. Асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн шинэчлэлийг дагаад бид ч цаг үетэйгээ хөл нийлж хөгжих шаардлага тулгарч байна.
 

    - 2020 оны төлөвлөгөөнд санал оруулсан томоохон ажлаасаа тодруулна уу?
    - 1997 оноос суурилуулж эхэлсэн цахилгаан эрчим хүчний 250 орчим тоолуур байдаг бөгөөд бүх тоолуурт парк шинэчлэл хийх шаардлагатай болсон. Альфа центр программ хангамжийг даган 20 ширхэг тоолуур ирж байгаа. Үлдсэнийг шат дараатай сайжруулан солино. Мөн ээлжийн жижүүрийн төвд байдаг хяналтын дэлгэцүүд 10 гаруй жилийн насжилттай болсон. Үүнийг шинэчлэхээр ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд тусгалаа. Мэдээллээ шилэн кабелиар манай серверт дамжуулдаг элементийн баазаа шат дараатай сольж, шинэчилэх ажлыг хийнэ. 2020 оны захиалгад эхний ээлжийн контроллёруудаа оруулж өгсөн. Эдгээр нь энгийн хүмүүст ойлгомжгүй мэт боловч мэргэжлийн бидэнд томоохон ажлууд болох юм.

    - “Эрдэнэт үйлдвэрийн нүд, чих болсон хэсэг” гэж та ярианы эхэнд онцолсон. Танай хэсэгт ажиллахад хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?
   - Цахилгаан эрчим хүчний бүхий л үйл ажиллагааг манай хэсэг дээрээс харж болно. Автоматжуулалт, програмчлал, цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний холбогдолтой бүх хэмжих хэрэгслийг манайх хариуцдаг. Стандартчилал хэмжилзүйн газрын тусгай зөвшөөрлийн хүрээнд суурилуулдаг гэсэн үг. Тиймээс ч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс нэг хэсэг дээр төвлөрсөн болохоор хөрвөх чадвар сайтай. Манай хэсэгт Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан 8 хүн бий.

   - Цахилгаанчид технологийн хөгжилтэй уралдан сурч, боловсрох хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийн ур чадвараа ахиулах, суралцах тал дээр үйлдвэрийн газраас хэрхэн анхаардаг вэ?
   - Манай хэсгийнхэн шинэ программ суурилуулалтын ажилтай холбогдуулан гадаад, дотоодын сургалтанд хамрагдаж байна. 3 ажилтан Малайзын нийслэлд сургалтанд суугаад ирсэн. 10 дугаар сард сүүлийн программ хангамжтай холбоотойгоор бас нэг ажилтан Малайзад суралцана. Бид дотооддоо ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль болон Мэргэшсэн инженерийн,  Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад жил бүр хамрагдаж байна. Усны тоолуур солих ажлын хүрээнд Шанхай, Арабын Нэгдсэн Эмират улсад сургалтанд хамрагдахаар төлөвлөсөн. Боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр үйлдвэр, цехийн удирдлагууд биднийг сайн дэмждэг.

    - Сүүлийн асуултыг танд үлдээе?
  - Цахилгаан цех, Телемеханикийн хамт олондоо цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлээ сайн хийж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, ажилдаа амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе. Та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн судсыг атгаж байгаа хариуцлагатай албаны харуулууд шүү.
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Өнөөдөр Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Арав дахь удаагийн энэхүү уламжлалт шалгаруулалтаар 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу  хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлэн, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн  тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж, төлсөн шимтгэлийн хэмжээгээрээ бусдыг тэргүүлэн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 15 шилдэг ажил олгогчийг тодруулан, өргөмжлөв.
   Өнгөрсөн оны ажлаараа манлайлж, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж ажилласан  “Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюу толгой  ХХК, Рэдпаф Монгол ХХК, Хаан банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервис Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт минерал ХХК, Санхүү эдийн засгийн  их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок Монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал  зэрэг аж ахуй нэгжүүд шалгарлаа.   
   Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар жилд 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлдэг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчийг тэргүүлсэн  эдгээр 15 шилдэг  аж ахуй  нэгж нь 143.5 тэрбум төгрөг буюу нийт орлогын 10%-ийг бүрдүүлжээ.
   Шилдэг шимтгэл төлөгч дээрх 15 байгууллагын 19.5 мянган даатгуулагчийн  6583 иргэн,  2300 гаруй ахмад настнууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяат ажилтан, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд юм.

                            Э.Мөнх-Уянга


 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Б.Ялалт
   Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны баярын 88 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран үйлчилгээний ажилтны ур чадварын уралдаан зохион байгуулж байна. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч оролцож байгаагаараа онцлог юм. Шүүгчид онолын шалгалт, стандарт ажил, хувийг бэлтгэл, соёл гэсэн үзүүлэлтээр уралдааныг дүгнэх юм. 2017 онд зохион байгуулсан тус уралдаанд 10-аад үйлчлэгч оролцож, 3-4 үйлчлэгч зэргийн болзол хангажээ.
 
 
 
 
 
 
   Засгийн газрын ордны дэргэдэх Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургагч багш, шүүгч Б.Соёлмаа уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Манай байгууллага 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад сургалт явуулж байна. Төрийн байгууллагууд эхний 2 жилдээ сургалт авч, 3 дахь жилээс ажилтнаа зэрэгтэй болгох тал дээр илүүтэй анхаардаг болсон. Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайн үйлчлэгч ажил мэргэжлийн зэрэгтэй болсноор цалингаа нэмүүлэх, ажлын ур чадвараа дээшлүүлэх, үнэлгээгээ ахиулах давуу талтай” гэв. 
 
 
   2018 оны 11 дүгээр сард батлагдсан Засгийн газрын тогтоолд 1-3 дугаар зэрэгтэй үйлчилгээний ажилчдад цалингийн 10-20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох тухай заажээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлчилгээний ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг үйлчлэгч нар оролцож байгаа гэж ойлгож болно. Бид уралдааныг шударга болгох үүднээс гадны шүүгчдээр дүгнүүлж байна. Мэргэжлийн зэрэг нь үйлчилгээний ажилтны өндөр ур чадвартайг илтгэхээс гадна ажиллах урам зоригийг нь сэргээж өгдөг ач холбогдолтой” хэмээн ярьлаа.
 
 
   Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхтөр, сургагч багш Г.Одгэрэл, Б.Соёлмаа нар ажиллаж байна. 
 

 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Энэ  сарын эхний 20 хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 5749 ам доллартай тэнцэж байв. Үүнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 41 ам доллараар өссөн үзүүлэлт гарсан байна. Зэсийн үнэ сарын дунд үед харьцангуй тогтворжих хандлагатай байсан ч  АНУ-ын Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулсан нь зэсийн үнийн ханшид нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ  буурсан дүнтэй байгаа юм.  
   Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын төлөөлөгч нар АНУ-д айлчлал хийх үеэрээ хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар  зах зээлд сөрөг дохио өгч, 9-р сарын 23-ны өдрөөс хойш түүхий эдийн ханш буурч эхэлсэн байна. Тэд уулзалтын дараах  АНУ-ын газар тариалангийн гол хоёр мужид хийх айлчлалаа цуцалсан нь ийм нөлөө үзүүлжээ. Ингэж урьдчилан төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг  цуцлах болсон шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг буруутгасан мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
   Ирэх сард зэсийн үнэ ханшийн хэтийн төлөвт  тухайн сард товлогдсон АНУ болон Хятадын худалдааны дайны асуудлаарх уулзалтын үр дүн гол нөлөө үзүүлж болзошгүй байгааг судалгааны дүн харуулж байгаа юм. Түүнчлэн АНУ, Европ болон Хятадын засгийн газраас мөнгөний бодлогын асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч зэсийн ханшид нөлөөлөх хүчин зүйлс болох талтай гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн мэдээлэлд дурьджээ. Олон улсын судалгааны байгууллагуудын  таамаглаж буйгаар энэ оны 3-р улиралд зэсийн үнэ дунджаар 5800 ам доллар тонн байх төлөвтэй байгаа аж. Харин 4-р улирлын зэсийн ханшийн төлөв 5500-6100 ам доллар тонны хооронд хэлбэлзэж, дунджаар нэг тонн зэс 5884 ам долларт хүрэх хандлагатай байна. 
 
М.Балжинням
 
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод бүтээмж чанарын дугуйлангууд дундаа “Бид манлайлагч 2019” уралдаан зарлалаа. Сайн саналын системд оролцох ажилтны тоог нэмэгдүүлэх, бүтээмж чанарын зарим дугуйлангийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлэх, 5С ажлын байрны сайжруулалт хийх, заводын дэргэдэх инженерийн бус зөвлөлийг бүтээмжийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой энэхүү уралдаан өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш үргэлжилнэ. Он гарсаар тус завод Сайн саналын системд 410 санал бүртгүүлснээс 50 хувийг нь хэрэгжүүлжээ. Бүтээмж чанарын дугуйлангийн 38 төслөөс 15-ыг нь бүтээлч төслөөр бүртгүүлж, 13 төсөлд жижиг сайжруулалтын ажлууд хийж байгаа талаар Бүтээмжийн мэргэжилтэн Г.Навчаа мэдээллээ. Тэрээр, Сайжруулалтын санал гарснаар тухайн ажилтны ажлын байрны нөхцөл сайжрах, бүтээмж дээшлэх, ажилдаа ирэх хандлага өөрчлөгдөх хэд хэдэн давуу талтай болохыг тайлбарласан.
 
 
   Одоогоор Засвар механикийн заводын 46 дугуйлангийн 70-аад хувь нь идэвхитэй ажиллаж, үйлдвэрийн хэмжээнд шинэлэг санаа, чанарын үзүүлэлтээрээ өрсөлдөж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгж бүрт бүтээмжийн мэргэжилтэн ажилладаг. Тэд дугуйлангийн ажилтан бүрээс ирсэн саналыг программд бүртгэн, саналыг шүүх, хянах, зөвшөөрөл олгох, хэсгийн даргад мэдэгдэх, үнэлүүлэх, сарын эцэст тайлан гаргах, урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Санал санаачилгыг “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэж ангилах бөгөөд тооноос илүүтэй чанарын үзүүлэлт нь чухал байр эзэлдэг тухай санууллаа. Тус заводын Загварын хэсгийн ажилтан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд “Сайн саналын систем”-ийн 58 дугаарт жагсаж, шилдэг 100 манлайлагчийн нэгээр тодорч байсан бол энэ жил “Сайн саналын систем”-ийг манлайлж байна. 
 
 
 И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог