Өглөөний сэргээш
   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Аврах, гал унтраах 58 дугаар ангиас санаачлан зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 21 цех, нэгжийн 19 багийн аврагчид хоёр өдрийн турш ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээний дүнгээр Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “”Хүч” багийнхан тэргүүлж цомоо гардан, Цахилгаан цехийн “Элч илч”, Автотээврийн цехийн “Сэрэмж” багууд удааллаа. Дөрвөн төрөлд зохиогдсон тус тэмцээнээс “Шилдэг аврагч”, “Шилдэг багийн ахлагч”-ийг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм. Мөн тусгай байранд Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper rescue”, Дулааны цахилгаан станцын “Мегаватт” багууд шалгарсан. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд цех, хэсгүүд бэлэн байдлаа хангаж, учирч болох эрсдлээс хамгаалахад ур чадвартай аврагчдаа бэлтгэсэн байх шаардлагатай.  2020 онд болох тэмцээний 10 жилийн ойн хүрээнд уул уурхайн компаниудын аврагч багийг урих, Улсын аварга багийн шилдэг үзүүлбэр үзэх зэрэг шинэлэг санааг хэрэгжүүлж, тэмцээнээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. 
 
 
 
 
 
 
 
ХАБЭА-н хэлтсийн ЦХАБ хариуцсан тэргүүлэх инженер, тэмцээний Ерөнхий шүүгч Ц.ОРГИЛ: 
 
   Зохион байгуулагчдын зүгээс жил бүр тэмцээний төрлийг шинэчлэх, шинэ элемент, үүрэг даалгавар оруулахад анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилга байгууламжийн төрлийг шинэчиллээ. Шүүгчид “Баг тамирчид аврах ажиллагааг дүрэм журмаар нь хийж байна уу, Олон улсын шаардлагад нийцүүлж чадаж байна уу, үгүй юу” гэдэг асуултыг өмнөө тавьж, хэрэгжүүлж ирсэн. Тэмцээний зохион байгуулалт, дүрэм, зарчим нь Олон Улсад уул уурхайн салбарт сайн дурын аврах ажиллагааны бүлгэмүүд бэлтгэх зарчмаар явагддаг. Энд явагдсан бүх тэмцээн Олон улсын шаардлага, дүрэм журмыг хангасан. 
 
 
“Шилдэг аврагч”, Ган бөөрөнцгийн цехийн кранчин З.УЧРАЛ:
 
   Эрдэнэт үйлдвэрт 4 дэх жилдээ ажиллаж байна. Ган бөөрөнцгийн цехийг анх удаа төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хувь хүнээс хөдөлгөөн, авхаалж самбаа ихээхэн шаардлаа. Аврагч хүн эмнэлгийн анхны тусламжийг бүрэн гүйцэд үзүүлэх нь маш чухал байдаг. Энэ үүргээ биелүүллээ. Хамт олон, багийнхандаа баярлалаа.
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, халуун хоол үйлдвэрлэлийн “Сэлэнгэ” катеринг хамтран “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоол сурталчлан таниулах өдөрлөгийг ажилчдад зориулан зохион байгууллаа.
   Өдөрлөгийн зорилго нь чанар сайтай, тэжээллэг хоолоор дамжуулан ажилчдаа эрүүлжүүлэх, давс болон чихрийн  өндөр хэрэглээг багасгах, тэдгээрийн хор уршигийг таниулах, илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх зэрэг ойлголт, мэдээллийг өгөхөд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрүүл ажилтан” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэ өдөрлөгөөр дамжин ажиллагсдад хүрч буй аж.
   “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг үйлдвэрийн бүсэд  халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй дөрвөн багц буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Авто тээврийн цехийн төрөл бүрийн авто машины засварын хэсэг, Засвар механикийн завод, Ил уурхайд долоо хоногийн турш үргэлжилж, төрөл бүрийн  хүнсний шинэ ногоо болон нарийн ногооны хачир, жимсний орцтой эрүүл хоолыг бэлтгэн, ажилчдад үйлчилсэн байна. Энэ үеэр хүнсний ногооны ач тус, тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх  эерэг нөлөөний талаар хоол болон сурталчилгаа, мэдээллийн хуудас түгээж, таниулсан нь үр дүнтэй боллоо гэж “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа. 

 

М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн
  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчидтэй уулзлаа. Ажилчдын эрх ашгийг хамгаалах нэг зорилгын төлөө эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд 2019 онд 12 бүлэг 112 заалт бүхий “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь үйлдвэр, холбооны удирдлагуудын хооронд зөвшилцөж хийсэн 11 дэх гэрээ юм.
   Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр “Бид үйлдвэрээ хөгжүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, газрын хөрсөн дор байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үндэсний баялаг бүтээж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэр уул уурхайн баяжуулах үйлдвэр боловч эцсийн дүндээ хүний төлөө үйлдвэр юм. Бид уурхайчиддаа, хүндээ хандсан төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Захиргаа, үйлдвэрчний байгууллага ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэж байна. Бидний бодлого, үйл ажиллагаа цэгцтэй байх ёстой” хэмээсэн.
   Эрдэнэт үйлдвэр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан зарим төрлийн нийгмийн халамж, үйлчилгээг хүргэн ажилладаг. Энэ тухай Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа мэдээлэл хийхдээ “2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийгмийн халамжийн чиглэлээр 100 тэрбум төгрөг зарцуулах” тухай танилцууллаа. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг олон талаар шийдвэрлэж ирсэн Эрдэнэт үйлдвэр энэ онд томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь үйлдвэрийн олон жилийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хороолол барьж байна. Мөн Технологийн сургуульд түшиглэн, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн цогцолбор сургууль, туршилт судалгаа хийх лабораторийн бааз бий болгоно. Орос сургуулийг түшиглэсэн Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж барьж байгуулах зэрэг олон санаа тусгагджээ.
   Эрдэнэт үйлдвэрийн санхүү, мөнгө, эдийн засгийн бодлого эцсийн дүндээ ажилтны эрх ашигт нийцсэн байх ёстой хэмээн удирдлагууд үзэж, банк санхүүгийн асуудалд ихээхэн анхаарсан. Ингэхдээ өмнө нь арилжааны 5 банктай хамтран ажилладаг байсан бол бага хувийн хүү, нэмэлт бүтээгдэхүүн санал болгосон 10 банктай хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон 7000 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүл болох Орхон аймгийн 30 мянган иргэнд хийсэн үр өгөөжтэй, алсыг харсан хөрөнгө оруулалт болж байна. 
 
 
 

 
 
ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр: “Хамтын гэрээ”-ний биелэлтийг дүгнэлээ
 
  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай хийсэн энэ удаагийн уулзалт хоёр ач холбогдолтой боллоо. Нэгд, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хамтын гэрээ”-гээ дүгнэсэн. Оны эхний 9 сарын байдлаар гэрээний гүйцэтгэл 98.35 хувийн биелэлттэй гарлаа. Он дуусахад нэг улирал үлдсэн тул гүйцэтгэлээ 100 хувь хангахаар байна. Хоёрт, “Хамтын гэрээ”-ний 3.4 буюу цалин хөлсийг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх тухай заалтын дагуу 5 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1 гэсэн 2 шатлалаар цалин нэмэгдэж байгаа нь бидний хувьд чухал юм. Шинэ гэрээнд тусгах зарим ажлаа ярьлаа. Үйлдвэрийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Ач холбогдолтой, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо. 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Ялалт
 
 
   Эрдэнэт үйлдвэрийнхэн 2019 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрөл дээр биелүүлж, эдийн засгийн үр ашиг өссөн үзүүлэлттэй байгаа нь ажиллагсдын цалинг нэмэх боломжийг бүрдүүлжээ. Энэ таатай мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтай уулзах үеэр дуулгаж, ямар ч цаг үед ажил мэргэжилдээ нягт нямбай, сэтгэлтэй хандаж, хамтын хүчээр амжилттай ажиллаж байгаа уурхайчиддаа талархлаа илэрхийллээ. Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан ажиллагсад, уурхайчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцох зорилгоор хамт олны төлөөлөлтэй “амьд яриа” өрнүүлж байна. Тус ярианы сүүлийн уулзалтад Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төв, Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцлоо. 
   Уулзалтын эхэнд хийсэн мэдээлэлдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Оны эхнээс төлөвлөгөөт зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Бид хийх ажлаа тодорхой болгосон нь үүнд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид цаашдын зорилт, бодлогоо тов тодорхой төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор та, бидний хамтран боловсруулсан төрөлх үйлдвэрээ дараагийн 15 жилд буюу 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл бид бүгдийн ирээдүйн зүг чиг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид үйлдвэрлэлийн үр дүн дээр тулгуурлан, ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Тиймээс ч өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Мөн ур чадвартай, ажлын голыг нугалдаг сайн ажилчдаа дэмжиж урамшуулах үүднээс “Тэргүүлэх зэрэгтэй ажилчин”-ыг шалгаруулан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл урамшуулал олгодог боллоо. Тодорхой шалгуур үзүүлэлтээр эхний ээлжинд 30 ажилчныг тодруулан, өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр 300 мянган төгрөгийн нэмэлт цалин тооцож олгоно. Түүнчлэн манай үйлдвэрт ээлжийн мастер гэж чухал ажил үүрэг хүлээсэн, анхан шатны удирдах ажилтнууд бий. Тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой. Тиймээс “Манлайлагч мастер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, энэ жилд 40 мастерийг тодруулж, тухайн ажилтны ур чадварын үзүүлэлтээр тус бүр зургаан зуугаас нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал хүртээнэ. Энэ урамшууллыг оны эхнээс тооцож олгох юм.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн ханш сайн биш байна.  Улсын төсөвт нэг тонн зэсийн үнэ 6272 ам.доллар байхаар тусгагдсан ч өнөөдөр 5700 ам.долларын ханштай байгаа. Эндээс харахад, бид тонн тутмаас 400-500 ам.доллар алдаж байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа ч өртөг зардлаа бууруулан ажилласны чамлахааргүй үр дүн эхний 9 сард гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үүн дээр тулгуурлан, тооцоолж ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллагсдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид энэ онд хоёр дахь удаа ажиллагсдынхаа цалинг нэмж байгаа юм. Цалин хэдэн хувиар нэмэгдэх тоо хэмжээ удахгүй тодорхой болно. Бид эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн зарчмаар ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 
   Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, эдийн засгийн өнөөгийн байдал, тэдгээрт нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, хөрөнгө оруулалтын талаар өмнөх онуудын байдалтай харьцуулан мэдээлсний зэрэгцээ үйлдвэрт ажиллагсдын нийгмийн асуудал, тэр дундаа ажилчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг дээшлүүлэх,  тогтвортой байлгахад авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай санал солилцож, зээлийн хүүг бууруулах, үндсэн зээл болон хүү төлөлтийн уян хатан, таатай нөхцөлийг бий болгох талаар зөвшилцөлд хүрч буйг мэдээлсэн нь ажиллагсдын сэтгэлд нийцлээ. 
   Уулзалтад оролцогсод үйл ажиллагааны мэдээллийн дараа санал бодлоо хэлж, удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд аж ахуйн нэгжийн статустай ажиллаж байсан РСЦ компанийг өөрчлөн, тус үйлдвэрийн бүтцийн  Барилга засварын цех болгосон нь тэнд ажиллаж буй 240 гаруй хүний нийгмийн асуудлыг давхар шийдсэн маш оновчтой шийдвэр гэж олон ажилтнууд талархаж байв.  Түүнчлэн хүнд хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хамгаалах хувцас хэрэгслээр хангах ажлыг илүү боловсронгуй болгох, залуу ажилтнуудаа сурч боловсороход нь дэмжлэг үзүүлэх болон хамтын гэрээ, орон сууцны асуудлыг шийдэх зэрэг ажилчдын нийтлэг эрх ашиг, хувь хүмүүсийн асуулт, хүсэлтэд удирдлагууд хариулт өгч, шат дараалан шийдэх боломжтой гэдгийг хэллээ.  
   Ажилчдынхаа үгийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхий захирал болон бусад удирдлагуудад баярласнаа уурхайчдын төлөөлөл илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй байгааг, тэрхүү сайхан ирээдүй рүү хамтын хүчин зүтгэлээр хүрэх ёстойг Ерөнхий захирал уриалснаар үйлдвэрлэлийн цехийнхэнтэй хийх уулзалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.   
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог