Боловсрол

Монгол түмнийг уухайн түрлэгээр нэгтгэж, дэлхийн дэвжээнд сор болон гялалзсан амжилт алдрын эзэд олон бий. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь их спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг бөгөөд цагаа олсон хөрөнгө оруулалт хийдгээрээ энэ ажил илүү үнэ цэнэтэй. Их спортын эргэн тойронд яриа өрнүүлэхээр Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй уулзаж ярилцлаа.

-“Хангарьд” спорт клубээр овоглосон тамирчдыг Монголчууд андахгүй. Клубыг хэдийд үүсгэн байгуулж, шигшээ баг бүрдүүлсэн бэ?

-Юуны өмнө Спорт цогцолборын талаар товч мэдээлэл хүргэх нь зөв байх. Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажиллагсад, Орхон аймгийн иргэд, хүүхэд залуучуудын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өндөр хувиар биелүүлэхэд үл үзэгдэх онцгой үүрэгтэй ажиллаж ирсэн. Мөн спортын тодорхой төрлүүдээр Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад хөрөнгө оруулалт хийж, тив, дэлхий, олимпын дэвжээнд амжилт гаргахад дэмжин ажилладаг.

1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бокс, чөлөөт болон жүдо бөхийн төрлүүдээр шигшээ баг бүрдүүлэн ажиллах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, их спортыг дэмжих “Хангарьд” спорт клубыг байгуулсан. Ингээд спортын гурван төрлөөр тамирчдаа бэлтгэн, олон тэмцээнд амжилттай оролцсон. Хожим туялзуур сэлэм, байт харвааны төрлийг шигшээ багт нэмж, бэлтгэл сургуулилтаа ханган, Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Эдгээр төрлөөс гадна барилга байгууламж, бааз суурийнхаа хүчин чадлыг ашиглан Монгол Улсын хэмжээнд усан спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тамирчдаа бэлтгэж байна.

-“Хангарьд”-ын дэвжээнээс тодорч, алдраа мандуулсан аавын хүү, ээжийн охин хэр олон байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа Улсын чанартай тэмцээн уралдааныг ивээн тэтгэж, шилдэг тамирчдаа гадаад дотоодод ивээн тэтгэсээр ирсэн. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуудуулсан олон сайхан тамирчинтай. Тэдгээрээс жүдо бөхийн тамирчин, Олимпын хүрэл медальт, МУГТ Б.Нармандах, Олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, боксын Дэлхийн аварга, Олимпын хос мөнгөн медальт Н.Төгсцогт, Олимп, дэлхийн хос хүрэл медальт О.Мөнх-Эрдэнэ, чөлөөт бөхийн тамирчин, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Нарангэрэл нарыг онцлон нэрлэмээр байна. “Хангарьд”-аас одтой, хийморьтой олон тамирчин төрөн гарсан.

Өнөөдрийн байдлаар буудлага, усанд сэлэлтийн төрөлд тус бүр 2, нийт 47 тамирчин “Хангарьд” клубтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ажилдаа дэвшилтэт арга барил нэтрүүлэн ажиллаж байгаа. Энэ нь цөөн тамирчныг үйлдвэрийн үндсэн ажилтны хэмжээнд цалинжуулдаг байсан бол үр дүнтэй байлгах үүднээс олон тамирчинтай гэрээгээр хамтран ажиллах болсон. Тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн тамирчид гэрээгээ сунгах нөхцөл бүрдэх бол идэвх чармайлт муутай нь дараагийн шилдэг тамирчдад зайгаа тавьж өгөх журмаар явагдана. Үр дүнд нь тухайн тамирчин өөрийгөө бүрэн дайчилж, өөртөө тавих шаардлага нь өндөрсөнө гэж харж байгаа.

-Энэ онд ямар амжилт, ололттой байв?

-Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар нийт тамирчид маань спортын 16 төрлөөр Улсын аварга шалгаруулах болон Олон Улсын тэмцээнд оролцож, 74 медаль авсан. Улсын аварга болох нь маш том сорилго төдийгүй цаашлаад тив, дэлхийн хэмжээнд зохиогдох тэмцээн уралдаанд оролцох эрхээ авч байгаа хэрэг.

-Хамгийн сүүлийн амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Их спортыг цаашид хэрхэн авч явах, яаж дэмжих тал дээр үйлдвэрийн захиргаа, удирдлагууд бодлого гарган, 2020 оны олимпод амжилттай оролцох зорилго тавин ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиодог 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн 7 хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Идэрсайхан ахлагчтай “Хангарьд”-ын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон. Энэ нь хөл бөмбөгийн багийнхны хувьд гайхамшигтай ялалтуудын нэг байсан.

Уурхайчин залуусаас бүрдсэн энэхүү баг тамирчид маань МХБХ-ноос зохион байгуулдаг “Мазаалай” дээд лигийн тэмцээнд оролцож байгаа.  Бид тус тэмцээнд түрүүлж, алтан медаль авах зорилго тавьсан. Сүүлийн тойргийн тоглолтууд ирэх 9 дүгээр сард эхэлж, 10 дугаар сард тэмцээн өндөрлөнө. Улсын шигшээ багийн тамирчдын дийлэнхийг манайхан бүрдүүлж, Олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Токиогийн Олимпын болзлыг хангасан тамирчин бий юу?

-Манайхан хамгийн багадаа 3 эрх авч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Одоогоор Олимпын эрх авсан, буудлагын спортын Ц.Анударь гэж тамирчин бий. Тэрээр Олон улсын чанартай гурван тэмцээнд оролцсоноос, нэгд нь түрүүлж, хоёрт нь медальт байранд шалгарч, Улсын аварга болсон. “Хангарьд” клубын шигшээ багт байт харвааныхан хичээллэж эхэлснээр маш олон үр дүн, амжилт гарсан гэж хэлж болно. Тухайлбал, 2012 онд Лондоны Олимпын наадмын шилдэг 16-д Б.Урантунгалаг анх удаа шалгарсан. Олимпын наадамд улсаасаа 30 жил оролцож чадаагүй байт харвааг манай тамирчин сэргээж өгсөн гээд яривал олон зүйл бий. Байт харвааны баг тамирчид маань бэлтгэлээ чамбайруулахын зэрэгцээ олимпын эрхийн төлөөх тэмцээнүүддээ оролцож байна. Тэд үндэсний шигшээ багийн 50 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ хэрээр өндөр амжилт үзүүлдэг.

Бусад төрөл болох жүдогоос 2, чөлөөтөөс Бэхбаяр, боксчид Олимпын наадмын эрхээ авах байх. 2020 оны Олимпод өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна.

-Усан спортын тамирчдын тэргүүн эгнээнд Эрдэнэтийнхэн байдаг?

-Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон усанд сэлэлтийн 6 тамирчин байгаа нь бүгд Эрдэнэтийн хүүхдүүд. Ингээд харахаар суурь бааз, давуу талаа ашиглан хүүхдээ хөгжүүлэх боломж бидэнд нээлттэй байна. Энэ бол том давуу тал. Олимпын наадмын усанд сэлэлтийн төрлөөр Монгол Улсаас анх удаа С.Алтантуяа, Д.Галбаатар нар оролцож, Б.Дөлгөөн, А.Тамир, Г.Оюунгэрэл, Б.Есүй нар удаалсан.

-Эрдэнэт үйлдвэр ажилтан ажиллагсдаа жил бүр дэмжин урамшуулж, спортын томоохон тэмцээн уралдаан үзэх эрхээр шагнадаг. Энэ жилийн тухайд?

-Манай цехтэй хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдаа маш идэвхтэй татан оролцуулдаг, тэмцээн уралдаанд шилдгээр шалгарсан цехийн удирдлага, аргазүйч, тамирчин, уурхайчин гээд 30 хүнийг БНХАУ-д зохиогдох Сагсан бөмбөгийн ДАШТ-ний эрхийн бичгээр шагнаж байна. Тус тэмцээн нь хоёр жил тутам зохиогддог онцлогтой. Урьдчилсан тоглолтууд БНХАУ-ын Ордос, Шанхай, Няньжин, Гуонжау хотуудад, шигшээ тоглолт Бээжин хотноо болно. Бидний саналыг дэмжиж,  нөхцөл боломжоор хангаж өгсөн явдалд маш их баяртай байна. Цаашид олимп, дэлхийн олон тэмцээнд аль болох Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийн өмнөөс оролцуулах бодлого барьж байна. 

-Спорт өндөр хөгжсөн улс орнуудад дэлхийн томоохон тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэгдсэн байх нь бий. “Хангарьд” клуб залгамж халаагаа хэрхэн бэлтгэдэг вэ?

-Хүүхдийг багаас нь спортод дур сонирхолтой болгох үүднээс 18 төрлийн секц, дугуйлан хичээллүүлж, жилдээ давхардсан тоогоор 10-13 мянган хүүхдийг хамруулж байна. Бид жил бүрийн есдүгээр сарын нэгэнд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд нээлтийн арга хэмжээг нэлээд өвөрмөц хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, нийгмийн харилцааны цехүүд ирэх сарын 6-нд шинэ хичээлийн жил, өвөл цагийн үйл ажиллагааныхаа нээлтийг нэгдсэн журмаар Амарын талбайд зохион байгуулахаар болсон. Эцэг эхчүүд нээлтийн үеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагын алсыг харсан, оновчтой шийдвэрийн үр өгөөж өнөөдөр их спортын талбарт харагдаж байх шиг байна?

-Үнэхээр тийм шүү. Үйлдвэрийн удирдлагууд нийтийн биеийн тамир, их спортын өргөн хүрээтэй ажлыг үргэлж дэмжиж, үр дүнд нь бааз байгууламж, тамирчдын амжилт, хэрэглэл материалын нийлүүлэлтийн хүчинд энэ олон амжилт бий болсныг онцлон хэлье. Амжилт гаргасан тамирчид, нийт хичээллэгчид, тамирчдынхаа нэрийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагадаа маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Цаашдаа ч энэ уламжлал маань он удаан жил үргэлжилж, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, хүүхэд залуучуудын дундаас нэр төрөө мандуулсан олимп, дэлхийн олон аварга төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

      Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 127.1 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.9 хувиар тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1509.83 мянган метр куб уулын цул гаргаж, 625.90 мянган метр куб хөрс хуулж, 2254.01 мянган тонн хүдэр олборлосон байна. Харин хүдэр боловсруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 99.9 хувьтай гарчээ. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн ММС №1 тээрмийн 8 дугаар сарын 19-ний зогсолтыг 13-нд болгож наашлуулсантай холбоотой бөгөөд төлөвлөгөөний биелэлт 08 дугаар сарын 25-наас хэвийн болох юм. 
     Хүдэр дэх металлын агуулга, металл авалт, баяжмал дахь металлын  төлөвлөгөө зэсийн үзүүлэлтээр 100-100.4 хувийн биелэлтэй гарсан бол хүдэр дэх молибдений агуулга 85 хувь, молибден авалт 80.3 хувь, баяжмал дахь молибден 68.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
     Баяжмал дахь металлын агуулга зэсийнх 100.3 хувь, молибденых 104.5 хувиар биелжээ.  Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.3 хувь, молибдены баяжмалын чанар 104.5 хувиар биелсэн гүйцэтгэлтэй байна.

М.Балжинням

Энэ оны 8 дугаар сарын эхний 20 хоногт зэсийн сарын дундаж үнэ 5722 ам.доллар тонн байгаа нь 2017 оны 6 дугаар сараас хойш гараагүй бага үзүүлэлт болж байна. 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл зэсийн үнэ дунджаар 6086 ам.доллар тонн байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөвлөгөөт үнэ болох 6272.22 ам.доллар тонноос 144 ам.доллараар, томоохон судалгааны байгууллагуудын оны эхэн үеийн зэсийн үнийн урьдчилсан тооцооллоос 500-1500 ам.доллараар бага байгаа юм. Тухайлбал “Wood Mack” судалгааны байгууллага 2019 онд  зэсийн үнэ дунджаар 7488 ам.доллар хүрч өснө хэмээн нэгдүгээр сард үзэж байсан ч тэр хэмжээнд хүрэх магадлал бага байна.

АНУ, Хятадын худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлж байна

2019 онд зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэл буурч, зэсийн зах зээл хомсдолтой байгаа боловч зэсийн үнийн түвшинд зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү АНУ болон Хятадын худалдааны дайн голлон нөлөөлж байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлээр болсон Их долоогийн уулзалтаас хойш Лондоны металлын бирж дээр цэвэр зэс 5800-6000 ам.долларын хооронд харьцангуй тогтвортой үнээр худалдаалагдаж байсан бол 8 дугаар сарын 2-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, одоогоор импортын татваргүй байгаа Хятадын $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаа тухай зарласан. Энэхүү мэдэгдлийн дараагаар Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ гурван өдрийн дотор 200 гаруй ам.доллараар буурлаа.

Трамп твиттер сүлжээнд мэдэгдлээ цацсаны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унажээ. Тэрээр Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтыг Хятадын тал биелүүлэхгүй байгааг шүүмжилж, өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байна хэмээн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг буруутгасан байна. Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Уг 10 хувь нь хоёр орны яриа хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч 25 хувь болж нэмэгдэх боломжтой” гэсэн юм. Хэрвээ шинэ татвар хэрэгжиж эхэлбэл АНУ-ын зах зээлд хүүхдийн хувцасны нийлүүлэлтээс эхлээд гар утас хүртэл маш олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Америк-Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотод хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээ хийж, тодорхой үр дүн багатай өндөрлөсөн бөгөөд АНУ-ын төлөөлөгчдийг Вашингтонд буцаж ирсний дараа Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм.

Зэсийн үнийн хэтийн төлөв

Судалгааны  байгууллагуудын 2019 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн прогноз 5500-6600 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 6225 орчим ам.доллар тонн байна. Энэ нь зэсийн үнийн өнөөгийн түвшнээс өндөр байгаа тул судалгааны байгууллагууд энэ сард үнийн урьдчилсан тооцооллоо дахин бууруулах төлөвтэй байна.

 Зарим судалгааны байгууллагууд ирэх улиралд зэсийн үнэ өснө гэж мэдэгдэж байна. Тухайлбал “Fast markets” судалгааны байгууллагын зах зээл судлаач Борис Миканикрензай эрчим хүчний салбарын зэсийн эрэлтээс шалтгаалан Хятадын зэсийн эрэлт өсөх учир ирэх саруудад үнэ өснө гэж судалгаандаа дурдлаа.

 Зэсийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Хятад улсын зэсийн нийт эрэлтийн 50 хувийг бүрдүүлдэг цахилгаан, эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалт энэ онд 5 хувиар буюу 2 тэрбум ам.доллараар өсөхөөр төлөвлөгдсөн.  Харин 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл Хятадын цахилгаан, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 2018 оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа учир оны үлдсэн хугацаанд энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж зэсийн эрэлт өсөхөд нөлөөлөх магадлалтай юм.  

 

Гэхдээ зэсийн үнийн  хэтийн төлөвт  эрэлт, нийлүүлэлт зэрэг зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү   АНУ болон  Хятадын худалдааны дайны асуудал голлох нөлөө үзүүлж байгаа учир худалдааны дайны байдлаас шалтгаалан үнэ эрс буурах эрсдэлтэй юм.  

       АНУ болон Хятадын худалдааны дайнаас шалтгаалан бусад таваарын үнэ болон индексүүд ихээхэн буурч дэлхийн санхүү эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн Экспорт хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг

 “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч буй Орос хүүхдүүд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон тусламж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, ах эгч нартаа баярласнаа илэрхийллээ.Тэд зусланд амрах хугацаандаа монгол дуу бүжиг сурч, түүнийгээ нэгтгэн “Монголчууддаа баярлалаа” талархлын концерт тоглож үзүүлэв. Орос хүүхдүүд Монгол, Буриад үндэсний хувцастай  ёохор бүжиг хатирч,  “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн бүгдээрээ дуулж бүжиглэсэн нь тэнд очсон хэн бүхний сэтгэлийг баясгасан. Мөн тэд зуслангийн дурсамжтай, зугаатай өдрүүдийн сэтгэгдлээ хуваалцаж, амт чанартай хоол, ая тухтай байр орчин, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн зуслангийн ажилтан ах эгч, багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. “Найрамдлын эрдэнэс”-т өнгөрүүлсэн энэ өдрүүд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэнэ гэсэн юм.

Орос хүүхдүүдийн талархлын концертыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа нар албаны хүмүүсийн хамт үзэж сонирхон, баяр хүргэлээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүүхдүүдэд хандан хэлсэн мэндчилгээндээ, “Оросын ард түмэн, удирдагчид Монголчууд бидэнд үргэлж үнэн сэтгэлээр тусалж ирсэн. Өөр цаг үед өөр өөрөөр тусалж дэмжиж явсныг бид мэднэ. Хорьдугаар зууны агуу бүтээн байгуулалт Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол манай хоёр орны ард түмний найрамдлын үр шимээр маш богино хугацаанд чанартай, амжилттай боссон юм. Би хамтарсан үйлдвэр байхаас эхлээд энэ салбарт 38 жил ажиллаж байна. Одоо манай үйлдвэр улсын харьяалалтай болсон. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон ч 300 гаруй Орос мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Энэ бол бидний найрамдлын илэрхийлэл, ах дүүгийн сайн харилцааны үргэлжлэл юм” хэмээн хоёр орны түүхэн уламжлалт харилцааны үнэ цэнийг тодотгон  онцлов.

Мөн талархлын тоглолтын  хүндэт үзэгчид нь  Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд байлаа. Тус зөвлөлийнхөн талархлын концертын дараа байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аян өрнүүлснээ танилцуулж, Эрдэнэт хотынхоо бүсгүйчүүдийн илгээсэн сэтгэлийн бэлгийг Орос хүүхдүүдэд гардуулж өгсөн юм. Энэ үеэр Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, “Эмэгтэйчүүдийн байгууллага Орос, Монгол хоёр орны найрамдалт харилцааны гүүр болсон үргэлжлэлийг түүчээлэх ёстой гэсэн үүднээс өөрсдийн боломж бололцоогоор хандив тусламж үзүүлж, дулаан хувцас зэргийг бэлэглэлээ. Энэ үйл ажиллагаа бол хоёр орны уламжлалт урт удаан хугацааны найрамдалт харилцаанд төрийн бус байгууллагуудын оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд ядарч зүдэрсэн хүнд тусалж, дэмжих ёстой. Энэ хүмүүнлэгийн ажлаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бүсгүйчүүл маань манлайлан оролцож байна гэдгийг харуулахыг зорьсон. Бидний энэ сайн үйлсийн санаачилгад маань нэгдсэн олон байгууллага, хувь хүмүүст баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье” хэмээн ярилаа.   

ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл болж, зарим хот тосгон үерт автсаны улмаас орон гэргүй болсон иргэд, хүүхдүүдэд  Монгол Улсын Засгийн газар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг олон байгууллагууд  тусламж дэмжлэг үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд  Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 хүүхдийг  зургаан багшийн хамт өөрийн харьяа “Найрамдлын эрдэнэс” зусландаа амрааж, сэтгэлийн дэм өгч буй. Хүүхдүүд энэ сарын 26-ны өдрийг хүртэл зусланд амарч, монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унах, түүнчлэн  Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөрт оролцох юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Долоо хоног бүрийн Даваа гарагт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан болж, хийсэн ажлын тайлан хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Энэ 7 хоногийн өргөтгөсөн шуурхайд Дэлхийн уул уурхайн конгресс “WMC”–ийн удирдах зөвлөлийн дарга Марек Шила, ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба, Геологи уул уурхайн яамны дэд сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн Монголын хэсгийн тэргүүнээр 16 жил ажилласан, Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн Д.Рэнчинханд нар урилгаар оролцов.

Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд Польшийн нэрт эрдэмтэн, уул уурхайн инженер профессор Болеслав Крупинскийн санаачилгаар Варшавт анхны их хурлаа зохион байгуулснаар үүсэн байгуулагджээ. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа байгууллага бөгөөд БНПУ-д суугаа ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. 1985 оноос хойш уул уурхайн салбарынхан дунд мэргэжлийн төрөл бүрийн сургалт, хуралдаан зохион байгуулж иржээ.  Хамгийн сүүлд өнгөрсөн жил Казакстаны Астана хотод 50 улсын 2586 төлөөлөгч оролцсон Инновацийн давамгайлал-уул уурхайн өсөлт рүү урагшлах алхам сэдэвт хурал зохион байгуулж,  уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.

Дэлхийн уул уурхайн салбарынханыг нэгтгэдэг тус конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба Монгол Улсад мөн Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Өнөөдөр дэлхий нийт Монгол Улсыг уул уурхайгаар таньдаг мэддэг болсон. Тэр тусмаа хариуцлагатай уул уурхайн тод жишээ зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэлээр Ази тивд төдийгүй дэлхийд эрэмбэтэй Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах бүхий л боломж гарц бийг удирдах ажилтнуудад хэлэн, ажлын өндөр амжилт хүслээ.

          Өргөтгөсөн шуурхай уламжлал ёсоор үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан мэдээг сонсож, ирэх 7 хоногт хийх ажлаа ярилцлаа. Мөн  ирэх намар, өвлийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хөдөлгөх талаар хэлэлцсэн шуурхай болж өндөрлөв.
 

 

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-04-нд Монголд айлчлан тоглоно. Соёлын төв өргөөнд болох энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж байна. Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнууд зэрэг дэлхийн 60 гаруй улсаар аялан тогложээ. Монголд анх 1976 онд, үүнээс 42 жилийн дараа буюу өнгөрсөн жил "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээний хүрээнд тоглолтоо толилуулж, манай мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчид, уран бүтээлчдэд бүжгийн өгүүлэмж, өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөний техникээс суралцах ховор боломж олгож байсан юм. Энэ удаагийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уран сайхны удирдагчаар ОХУ-ын Ардын жүжигчин Елена Щербакова ажиллаж байна.           

“Эрдэнэ Зая бандида Гончиг сүмлин” хийд, “Срайдорж номун хан” сан, “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвөөс хамтран “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр сүсэгтэн олонд лекц зохион байгуулах гэж байна. Амьдралын утга учир, хүмүүний үнэ цэнэ, жаргал зовлон, сайн мууг хэрхэн таних, хэрхэн өөртөө итгэл төгс болох тухай зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм. Түүнчлэн аз жаргалтай амьдрах арга замын тухай жишээ баримтад тулгуурлан сонирхолтойгоор өгүүлэх болно гэж зохион байгуулагчид мэдээллээ. Энэ лекцийг “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн багш, Буддын гүн ухааны магистр Бэхийн Дарамбазар унших юм. Сүсэгтэн олон та бүхэн түүний “Хувь хүний хөгжлийн тухай” болон Бясалгалын холбогдолтой номуудыг энэ үеэр худалдан авах боломжтой. “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” лекц энэ сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын их танхимд болно. 

 А.Бямбамаа

Урлагт хайртай, уран бүтээлч уурхайчдыг “өлгийдөн” авч, сурган хүмүүжүүлсэн 40-өөд жилийн түүх Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбортой салшгүй холбоотой. Үйлдвэрийн залуу, дунд, ахмад үеийнхэнд урлагийн боловсрол олгосон тус цогцолборын 2019-2020 оны дугуйлангийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Дугуйлан хариуцсан ахлах багш Н.Тунгалагаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд ямар ямар дугуйлан хичээллэх талаар мэдээлэл өгнө үү?

-Төгөлдөр хуур, дуу, драм, ятга, морин хуур, загвар гоо зүй, зураг, бүжгийн бүх төрлийг хамруулсан 9 дугуйланд 17 багш хичээллэнэ. Төгсөгчид маань урлагийн холбогдолтой мэргэжлийн сургуулиудад элсэн суралцаж байгаад бид баярладаг. Энэ хичээлийн жилд дууны төрлөөр дөрвөн хүүхэд Соёл урлагийн их сургуульд тэнцсэн. Хүүхдүүдээ дэмжин урамшуулах зорилгоор энэ хавар 12 дугаар анги төгсөх, дугуйланд 3-4 жил тасралтгүй суралцсан хүүхдүүддээ албан ёсны гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Спорт бүжиг, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид маань улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Энэ жилийн тухайд элсэгчдээ есдүгээр сарын нэгэн хүртэл бүртгэж, явцын дунд зарим ангид нэмэлт элсэлт авахаар төлөвлөөд байна.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын багшлах боловсон хүчин, багш нарын ур чадварын тухайд юу хэлэх вэ? Давуу талыг нь тодорхойлбол?

-Эрдэнэт үйлдвэр соёл, урлагийн байгууллагаа ихээхэн дэмжиж, уран бүтээлчдээ хөгжих, чадавхжих тал дээр бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ утгаараа заах арга барил сайтай, мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Салбартаа олон жил ажилласан мэдлэг мэргэжилтэй, чадвартай багш нар хичээл зааж байгаа нь манай давуу тал юм болов уу. Бид дугуйлангийн элсэлтээр жилдээ 250 гаруй хүүхдийг сургаж, урлагийн боловсрол олгодог байсан бол өнгөрсөн жил 300-аад хүүхэд суралцаж төгссөн.

-Хүүхдэд багаас нь урлагийн боловсрол эзэмшүүлэхийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ? Эцэг, эхчүүд маань хүүхдээ урлаг, спортын аль нэг төрлөөр тууштай бус, олон төрлөөр хичээллүүлж шантраагаад байх шиг санагддаг?

-Урлаг хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдээс тэсвэр хатуужилтай, зарчимч, зохион байгуулалттай, бие даах чадвар сайтай, урлагийн гоо зүйн мэдрэмж өндөр зэрэг хувь хүний хөгжлийн олон эерэг талыг харж болно. Ер нь гэрийн боловсролоор олж авч чадаагүй зүйлсээ хүүхэд урлагаас суралцах боломжтой. Манай дугуйлангийн хүүхдүүд нэг хичээлийн жилийн туршид суралцахдаа чадвараа маш сайн дээшлүүлсэн харагддаг. Тиймээс тууштай байна гэдэг маш чухал.

Дугуйлангийн сурагчид жил бүрийн Харшийн сүлд модны наадам, Хүүхдийн баяраар урлагийн тоглолтоо хийж, “Сурснаа толилуулъя” тайлан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.

-Таны хувьд хэд дэх жилдээ бүжгийн багшаар ажиллаж байна вэ?

-Би 2010 оноос Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонд сонгодог бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдүүдийн маань чанар, чансаа жил ирэх бүр дээшилж, амжилттай суралцаж байгаад баярладаг. Одоо, сонгодог бүжгийн ангийг ихэвчлэн залуу багш нар хичээллүүлдэг. Харин ардын бүжгийн ангийг энэ хичээлийн жилд МУГЖ Д.Цэрэннадмид багш маань удирдахаар болсон.   

-Зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэнэ гэхээр эцэг эхчүүдэд цааргалах зүйл гарахгүй бололтой. Төлбөрийн хувьд хэр уян хатан бэ?

- Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөгжилд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан, шийдвэр гаргадаг байгаасай. Манай дугуйлангууд төлбөрийн хувьд 50-80 мянган төгрөгийн хооронд тогтоосон тарифтай, төлбөрөө сар тутамд төлөх уян хатан нөхцөлтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэтчүүд та бүхний өмнө Соёл, урлагийн цогцолборын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. Сурч боловсрох орчныг бид бүрдүүлье, хүүхдүүдээ өв тэгш хөгжүүлэхийг хүсвэл эцэг, эхчүүд минь биднийг зориорой.

-Ярилцсан танд баярлалаа. Соёл, урлагийн цогцолборын хамт олныг урлагийн тэнгэр ашид ивээж байх болтугай.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвөөс энэ онд  “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болох зорилт дэвшүүлж, нэг жилийн хугацаатай аян зарлажээ.  Аяны хугацаанд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг сайжруулах зорилго тавьсан байна. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс “Super 5S” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн саналын идэвх оролцоог нэмэгдүүлэхээр хэсгүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулж байна.

2019 оны эхний хагас жилд тус цехийн хамт олон нийт 65 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан 49 төсөлт ажил, 61 жижиг сайжруултын ажил бодитоор хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлдвэрлэлийн үр ашиг гарчээ. Одоо оны хоёрдугаар хагас жилд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эхний явцын гүйцэтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ өгөх ажил хийгдэж байгааг тус цехийн Бүтээмж, инновацийн менежер Б.Дэлгэрмөрөн мэдээллээ.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны буудлын зарим байршилд өөрчлөлт орж, тохижилт бүхий зориулалтын буудлаас зорчих болсныг Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр мэдээллээ. Тухайлбал, гэр хороолол дахь “Баян тэс”ийн буудлаас 100 метр,”Давхар ягаан” буудлыг 120 метрт орших хотын нийтийн тээврийн зориулалтын буудалд ажилчдын автобус зогсож байхаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буудлаас зорчдог үйлдвэрийн ажилчид 100-120 метр алхаж, нийтийн тээврийн автобусны буудлаас суух болжээ.

Ингэснээр үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг орчны нөлөөллөөс хамгаалах саравч, автомашины болон зорчигч хүлээх зогсоол бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын буудал руу шилжүүлж байгаа аж. Иймд үйлдвэрийн ажилтнууд шинэ журмыг мөрдөн, хотын нийтийн тээврийн зориулалтын буудлаас зорчихыг тус цехээс мэдээллээ.  

 

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог