Өглөөний сэргээш

   Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Соёл урлагийн цогцолбортой хамтран нийт ахмадуудын дунд “Мөнхийн залуу нас” нийтийн бүжгийн тэмцээн зохион байгуулав.  Тав дахь жилдээ болж буй уг тэмцээн нь соёл урлагийн үйл ажиллагаагаар дамжуулан ахмадууддаа эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрч хүч, урам зориг өгөх зорилготой гэж зохион байгуулагчид онцолсон.
   “Мөнхийн залуу нас” тэмцээнд оролцож буй ахмадууд ардын болон нийтийн дууны аянд арав гаруй төрлийн цэнгээнт бүжгээр өрсөлдөж, шилдгүүд нь “Хаврын баяр” бүжгийн тэмцээнд оролцох эрхтэй болох аж. Мөн залуу насны дурсамж дурдатгалаа хуваалцаж, харилцан шинэ бүжгийн хөдөлгөөн суралцах боломжтой юм. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад 90 хүртэлх насны 400-аад ахмад оролцов.
   Ахмадын нэгдсэн зөвлөлд Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан 2000 гаруй өндөр настан харьяалагддаг. Ахмадын нэгдсэн зөвлөлөөс тэдний чөлөөт цагт зориулан олон талт хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү “Мөнхийн залуу нас” бүжгийн тэмцээн юм. Мөн долоо хоног бүрийн мягмар гаргийг “Дуулах өдөр” дуун цэнгүүний өдөр болгожээ.

М.Балжинням

   Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Цаг хугацаа улиран цадиг түүх болж үлддэгийн адил Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн замнал ч бахархам түүхийн мөртэй. Энэхүү түүхэн он жилүүдийг кино дэлгэцэнд буулгаж үлдээх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж байна.
   Киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичжээ. Ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажиллаж байгаа бол гол дүрд МУГЖ, жүжигчин Ж.Оюундарь, СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна. МУГЖ С.Дамдин, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Тунгалаг, СТА, жүжигчин Е.Баярмагнай нарын Монголын кино урлагийн нэрт мастер дүр бүтээж байгаа нь тус киноны чансааг илэрхийлэхийн зэрэгцээ олны хэсэгт Эрдэнэтийн уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй аж.
   “Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног СТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног “Пантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

М.Балжинням

 

   Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Ногоон байгууламж ба хог хаягдлын менежмент” сэдэвт хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөн энэ сарын 6,7-ны өдөр Орхон аймагт болно. Зөвлөгөөнийг нээж Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Б.Батбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар үг хэллээ. Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Чухал ач холбогдолтой зөвлөгөөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрт болж байна. Бид бол уурхайчид. Уурхайчид газрын хэвлий дэх баялгийг олборлон, хөрсөн дээр гаргаж, үндэсний баялаг болгох товч бөгөөд тодорхой үүрэг хүлээдэг. Энэ асуудлын нөгөө талд байгаль орчин зэрэгцэн оршдог онцлогтой. Тиймээс байгаль орчны чиглэлд яам, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүй ёсны үүрэг хэмээн ойлгосоор ирсэн. Бид өнгөрсөн онд улсын төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Үүнээс харахад Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан улс эх орондоо 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээсэн гэж ойлгож болно. Үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, статусыг өөрчилсөн хэдий ч хамт олны маань үйл ажиллагаа өөдрөг сайн байна. Уурхайчид бид эхний 5 сарын үзүүлэлтээр төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ. Өчигдөр Засгийн газрын түвшинд Эрдэнэт үйлдвэрийн алс ирээдүйтэй холбоотой нэг таатай мэдээг дуулгасан. Цаашид аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллахаар боллоо. Хог хаягдлын цаана илүү боломж, шинэ үйлдвэрлэл нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ чухал асуудал Орхон аймагт хэлэлцэгдэж буйд талархаж байна” хэмээсэн. Мөн МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяа, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Баасандорж, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар хариуцсан чиглэлийнхээ хүрээнд илтгэл тавьж, аймгуудын Засаг дарга нар хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар санал солилцлоо.
   Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 390 цэгээс 3.4 сая тонн хог хаягдал гарсан бөгөөд үүний 1.5 сая тонныг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Гэвч өнөөдөр 10 хүрэхгүй хувийг боловсруулж байгаа нь ихээхэн учир дутагдалтай юм. Тиймээс хог хаягдлын дахин боловсруулалтад менежментийн зөв бодлого баримтлан, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мэргэжилтэй боловсон хүчнээ чадавхижуулахад анхаарах учиртай. Энэ удаагийн зөвлөгөөн дээр онцлох сэдвийн нэг нь аюултай хог хаягдлын асуудал байлаа. Одоогоор манай улсад аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин хангалтгүй, байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүй зэрэг нь тулгамдсан асуудлын нэг боллоо. Монгол Улс 2030 он гэхэд хог хаягдлаа дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөс гарах зөвлөмжүүд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

   УБТЗ-ын Эрдэнэт зангилааны хамт олон 163 дугаар гармыг жишиг болгон засварлажээ. Ингэснээр тус гармаар зорчих иргэд болон ердийн хөсөг, тээврийн хэрэгсэл, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж байна. Эрдэнэт зангилаа 2016 онд 164 дүгээр гарам, 2017 онд Орхонтуул, 2018 онд Бэлэндалайн зөрлөг дээр жишиг гарам байгуулж байсан бол өнөөдөр шинээр жишиг гарам ашиглалтад орууллаа.
   Олон улсын төмөр замуудын холбоо 2009 оноос Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол улс 2013 оноос энэ ажилд нэгдэн орсон юм. Энэхүү гармаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хүрч, бусад ачаа эргэлт, зорчигч тээвэр тасардаггүй тул өндөр ач холбогдолтой ажил болсныг нээлтэд оролцогчид онцоллоо. Гармын нээлтэд төмөр замчдаас гадна Орхон аймгийн 25 дугаар цэцэрлэгийн авъяаслаг багачууд оролцож, ая дуугаа өргөсөн.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог