Өглөөний сэргээш

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвд 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий удирдлагын самбар суурилуулж, тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Тэртээ 40 жилийн өмнөөс ашиглаж ирсэн удирдлагын самбараа шинэчилснээр сэлгээний ажил хурдасч, илүү найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэнийг холбогдох мэргэжлийн хүмүүс онцолсон. Тээвэр, ложистикийн төв нь эдүгээ ачаа хүлээн авах, явуулах дөрвөн гол зам, ачаа буулгах, сэлгэх 30 салбар замтай. Эдгээр зам дээр хийгддэг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг жижүүрийн удирдлагын самбараас хянаж, удирдлага тохируулга хийсээр иржээ. Тус төв нь экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг илгээх, компанийн зогсолтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай импортын ачаа болон үйлдвэрт нийлүүлэгдэж буй бүх төрлийн материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авах, зориулалтын агуулах талбайд нөөцлөх, хүлээлгэн өгөх, сэлгээ хийх, төмөр замын тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн технологи нэвтрүүлж байгаа. Ажлын явцын талаар тус цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнээс тодрууллаа.

   - Шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
 
- Манай цехийн хэмжээнд 2018 онд томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид оны эхний улиралд 2700 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, одоогоор технологийн шинэчлэл хийхээр үйл ажиллагаа түр хугацаанд зогсоод байна. Энэ удаагийн ажлыг Дулааны цахилгаан станцын өргөтгөлтэй холбогдуулан хийж байгаа юм. Энэ хүрээнд нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзан, индукцийн технологи руу шилжиж, шугам шинэчлэгдэнэ. Үйлдвэрийн удирдлагуудад төслөө танилцуулж, дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг тоног төхөөрөмж судлахаар БНХАУлс руу томилолтоор явсан. Нийлүүлэгч компанитай гэрээ хийсний дараа хэдий хугацаанд үйлдвэрлэх, бэлтгэл ажилд ямар хугацаа шаардлагатай байх зэрэг бүх зүйл тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс тухайн чиглэлээр хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэх улсын үйлдвэрийг сонгох чиглэл өгсөн.

   - Шинэ технологийн онцлог, давуу тал юу вэ?
 
- Манай цех анх дизелийн түлш ашиглаж байсан. Дараа нь эдийн засгийн бодлогын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухтай боллоо. Одоо дэлхийн чиг хандлага цахилгаан соронзон орны нөлөөгөөр бэлдэцийг халаах буюу индукцийн технологи руу шилжээд байна. Бид ч энэ техологи руу шилжье гэж зорьсон. Шинэчлэлийн үр өгөөжөөр дэлхийн орчин үеийн технологитой хөл нийлүүлэн, ажлын орчин нөхцөлөө сайжруулах боломж бүрдэж байна.

   - Одоогийн байдлаар хэдэн төрлийн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна вэ? Шинэчлэл хийгдсэнээр цехийн хүчин чадал нэмэгдэх үү?
  
- Зэрэгцээ хоёр шугам суурилуулснаар хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр манай цех Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт ган бөөрөнцгийг 100 хувь үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Нэмэлт захилга ч гүйцэтгэх боломжтой болно. Цаашид ган бөөрөнцгийн төрөл зүйл нэмэгдэж, нэр төрөл нь өөрчлөгдвөл тэр бүхнийг үйлдвэрлэх боломжтой. Одоогоор манай цех Эрдэнэт үйлдвэрийн технологид ашиглаж байгаа 40, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Эдгээрийг хуучин ашиглаж байсан нэг шугам дээрээ л хийдэг байсан. Шинээр тавих шугамууд нь 40-80 мм, 80-100 мм-ийн голчтой бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр 80 мм-ийн голчтой бөөрөнцгийг хоёр шугам дээр зэрэг үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Шинэчлэлийн ажлыг энэ оны сүүлчээр дуусгаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан.

   - Аливаа техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд боловсон хүчний асуудал чухал байдаг. Энэ талаар?
   - Шинэ орон тоо үүсгэхгүйгээр ажилчдаа дадлагажуулахад анхаарч байна. Нүүрс хийжүүлэх зуухан дээр ажиллаж байсан операторуудаа цувих хэсэг рүү шилжүүлж,  хоёр дахь шугам дээрээ ажиллуулна. Өнгөрсөн хугацаанд Технологийн сургуультай хамтран сургалт зохион байгууллаа. Эхний 16 ажилтан сургалтад хамрагдаж, энэ 7 хоногт төгсөж байна. Үлдсэн хүмүүсээ сургахад бид анхаарна. Мөн гэрээ байгуулсан компаний төлөөллийг нэг сарын хугацаанд үйл ажиллагаа жигдэртэл, ажилчдыг дадлагажуулах хамтарч ажиллах тухай санал тавина.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид зургаадугаар сарын эхний 10 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүллээ. Энэ хугацаанд 672.25 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 99.5 хувь, 282.47 мянган м.куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 93.5 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 993.93 мянган тонн буюу төлөвлөгөө 104.4 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 928.16 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 102 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.465 хувьтай, төлөвлөгөө 100.2 хувиар, молибденых 0.0164 хувьтай, төлөвлөгөө 107.9 хувиар давсан үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 10 хоногт зэсээр 88.31 хувь, молибденоор 49.00 хувьд хүрч, төлөвлөгөө 100-101 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.61 хувь, төлөвлөгөө 105.4 хувиар тус тус биеллээ. 
   Зургаадугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 280 вагон зэсийн баяжмал, 14 багц молибдены баяжмал ачсан байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс
 

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог