Өглөөний сэргээш

   Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа “Их зогсолт” хийж,  техник, тоног төхөөрөмжөө засварлан бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангадаг.  Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагаас 7 дугаар сарын нэгний 20 цаг хүртэл 48 цагийн хугацаанд зохион байгуулна. “Их зогсолт”-ын бэлтгэл ажил Ерөнхий захирлын тушаалын дагуу оны эхнээс эхэлсэн. Бэлтгэл ажлын явцыг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн удирдлага дор ажлын хэсэг долоо хоног тутам ажлаа дүгнэж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар, их зогсолтод шаардлагатай бүх ажлын жагсаалт гарч, хүн хүчний хуваарилалт хийгджээ. Мөн энэ үеэр шаардагдах сэлбэг хэрэгсэл, бараа материалыг Худалдан авалт, хангамжийн хэлтсээс энэ сарын 15-20-ны дотор багтаан бүрэн нийлүүлэхээр ажиллаж байна.
   “Их зогсолт” нь богино хугацаанд их ажил гүйцэтгэдэгээрээ  онцлогтой. Бүтэн жилд  зогсолтгүй, нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмж, барилга байгууламжид бүрэн засвар, үйлчилгээ хийнэ. Тиймээс ажлын хүрээ өргөн, ачаалалтай байдаг тул гадны байгууллагуудаас ажиллах хүч нэмж авах шаардлагатай болдог. Энэ чиглэлээр байгууллагуудтай гэрээ хийж, “Их зогсолт”-ын ажиллах хүчин бэлэн болжээ.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Эрүүл ахуйн алба энэ онд “Эргономик”, “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй”, “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” гэсэн дөрвөн аян хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ажлын байрны орчин нөхцөл, эмх цэгцийг сайжруулж, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн, ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилготой “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” аян дөрөвдүгээр сарын нэгнээс амжилттай хэрэгжиж байна. Шилдэг бүтээн байгуулалт хийж, орчноо тохижуулсан оролцогчдыг дөрвөн үзүүлэлтээр дүгнэж, аяны шилдгүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарласан “ХАБЭА-2019” үйл ажиллагаанд оролцох юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах улсын комисс энэ сарын 10-наас Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Улсын үзлэг шалгалтын дүнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдааг засч арилгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах юм.
   Сүүлийн жилүүдэд архивын баримт мэдээллийн үүрэг эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бичиг баримтын бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад улсын үзлэг явуулах шаардлагтай хэмээн үзэж, 1995 оноос хойш дөрвөн жил тутамд тус шалгалтыг зохион байгуулж иржээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар үзлэг шалгалттай холбогдуулан Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Худалдаа, хангамжийн хэлтэс, Архивын албанаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбооны санаачилгаар, тус холбооны 20 жилийн ойн хүрээнд УБТЗ, ИНЕГ, “ДЦС-4” ТӨХК гэсэн дөрвөн байгууллагын залуучууд оролцсон “Залуусын манлайлал-хөгжлийн гарц” уулзалт энэ сарын 7, 8-ны өдөр Эрдэнэт хот, Орхон аймагт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад 80 гаруй төлөөлөгч оролцож, хамтдаа хөгжлийн тухай ярилцаж, суралцан, хамтран ажиллах дөрвөн талд санамж бичиг байгуулсан байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай мөн танилцав.
   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо, УБТЗ-ын Залуучуудын байгууллага, ИНЕГ-ын Залуучуудын Холбоо, “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо оролцсон уулзалтын үеэр "Өөрийгөө шинэчлэх хүч" сэдэвт илтгэлийг “JCI Mongolia academy”-ийн багш, илтгэгч Ч.Анхбаяр тавьж залуусын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог