Боловсрол

   Засвар механикийн заводын хамт олон бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулж, дээшлүүлэх чиглэлээр удирдлага ажилтнуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд оны эхний хагас жилд  сайн саналын системээр дамжуулан цехийн ажилтнууд  ажил сайжруулах 324 сайн санал гаргажээ. Нэг хүнд ноогдох саналын тоо 0,52 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, ажилтнуудын идэвх, оролцоо 12,4% -иар өсчээ.  
   Тус цехэд бүтээлч оролцоог нэгтгэх зорилготой  31 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг бөгөөд оны эхний хагас жилд 18 төсөлт ажил, 20 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, цехийн ажилтнууд ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ус, эрчим хүч хэмнэх, процессын сайжруулалт, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах, материал болон ажиллах хүчний хэмнэлтийг бий болгох зэрэг чиглэлээр санаачлага гаргаж, төсөл боловсруулжээ.
   Засвар Механикийн заводын Бүтээмжийн зөвлөл нь  “5 сайн үйлс”, “Сайн саналын систем”, “Бүтээмж, чанарын дугуйлан” гэсэн анхан шатны, ахисан төвшний “6 сигма” арга хэрэгслүүд нэвтрүүлэн, засвар үйлчилгээний дээд зэргийн стандартыг бий болгон хэвшүүлэхэд шаардлагатай багаар ажиллах чадварыг бий болгох, тасралтгүй сайжруулалтыг хийж, үр өгөөжийг  нь хүртэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зардал бууруулах зорилттой ажилладаг. Цехийн хэмжээнд эдгээр чиглэлээр ахиц дэвшил гарч, ажилтнуудын идэвх чармайлт нэмэгдэж байгаа нь Бүтээмжийн зөвлөлийн ажлын нэг үр дүн гэж албаны хүн онцоллоо.

М.Балжинням


 

Даваа, 24 6-р сар 2019 00:00

Лабораторийн Өнөрөө

   Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн манлайлагч З.Өнөртэй уулзаж, ажлын байрыг нь сурвалжлахаар Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийг зорилоо. Усны лабораторийн эрхлэгч гэх хаалгыг татвал цагаан халад өмссөн  намбалаг эмэгтэй  инээмсэглэн угтсан нь энэ сурвалжилгын баатар З.Өнөр байв. Эрхлэгчийн багавтар  өрөөнд хоёр томхон шүүгээ байх бөгөөд түүний доторх  цэнхэр хавтаснуудаас бичиг баримтаа эрж хайхын  зовлон үгүй мэт. Ногоон тэмдэглэгээтэй бол Лабораторийн итгэмжлэлтэй холбоотой, улбар шар нь ХАБ-ын бичиг баримт гэх мэтээр ангилсан нь содон. Мөн хуучин бичиг баримтуудаа ангилан архивлан хадгалсан, лабораторт хэрэглэж буй арга аргачлал, стандарт заавруудыг нэгдсэн байдлаар эмхэлж, үйлдвэрлэл эрхэлсэн захирал, цехийн даргаар батлуулан гарын авлага болгосон нь ажил хөнгөвчилж, эмх цэгцтэй болсон тухай эрхлэгч  ярилаа.
   Орчин үеийн лабораторийн дэвшилтэт төхөөрөмж бүхий Химийн шинжилгээний цэлгэр саруул өрөөнд лаборант бүсгүйчүүд шинжилгээ хийж зогсоно. Ойрын хоёр жилд Усны лабораторийн ажиллах орчин хийгээд боловсон хүчний хувьд томоохон дэвшил гарчээ. Лабораторийн эрхлэгч, химич инженер гэсэн орон тоо нэмэгдэж, орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. З.Өнөр болон бүтээмж чанарын “Шинжээч” дугуйлангийнхны санаачилга, хэсгийн удирдлагын дэмжлэгтэйгээр лабораторын ажлын байранд  тусгай хаалт хийж, өрөөний тоог  нэмэгдүүлэн шинжилгээний өрөөнүүдийг үйл ажиллагаагаар нь ангилжээ. Нян судлалын ариун орчин бүхий өрөөнд гидробиологийн шинжилгээ хийдэг байсан нь эргэж бохирдох нөхцөлтэй байж. Эдгээр өрөөг  тусгаарласан нь шинжилгээний чанарт ч сайнаар нөлөөлөхүйц ажил болсон нь илт. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан дээж бэлтгэл, хувцас солих тусгай өрөөтэй болсон нь шинжилгээний үр дүн үнэн бодитой гарах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн өдөр тутам шинжилгээ хийдэг ууршимтгай, хамт хадгалахыг хориглосон бодисыг химийн бодист тэсвэртэй хавтангаар тусгаарлан ялгаж байршуулсан байна. Шинжилгээнд хэрэглэдэг химийн бодис, мөн шил саваа тусгай тавиурт хадгалан, бүрэн ангилан ялгаж, хаягжуулсан нь эмх цэгцтэйгээс гадна, аюул эрсдэлээс хамгаалсан сайн ажил болжээ. Лабораторит зайлшгүй байх шаардлагатай элсийг л гэхэд хүчлийн саванд хадгалж байгаа нь нэг талаар аюултай хог хаягдлыг хаа сайгүй  хаяхгүй байх, нөгөөтэйгүүр модоор элсний сав хийхгүйгээс байгаль орчинд ээлтэй зэрэг жижиг гэлтгүй З.Өнөр болон хамт олных нь санаачилсан ажил бүрээс нь сэтгэл, зүтгэл ханхийнэ. Дөрвөн ажилтантай энэ лабораторийн “Шинжээч” дугуйлангийнхан үйлдвэрийн 40 жилийн ой угтан цехээс зарласан “ХАБЭА ба таван сайн үйлсийг хэрэгжүүлэгч” ажлын байрны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бол, энэ онд үйлдвэрийн хэмжээнд “5С шилдэг ажлын байр” шалгаруулах төсөлт хөтөлбөрт шилдэг долоон ажлын байрын нэгээр  шалгарчээ. Энэ бүхэн З.Өнөрийн санаачилга, хамт олноо  чиглүүлэн удирдсаны  үр дүн.
    Тус лаборатори  MNS ISO17025*2007 стандарт нэвтрүүлж хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ. Энэ лабораторынхон дээрх стандарт, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, техникийн хүчин чадал, ажилтны ур чадварыг дээшлүүлэн,  Монгол Улсын болон орон нутгийн усны салбарын хяналтын  түшиц лаборатори болох хэтийн төлөвтэй ажиллаж байгаа гэсэн.
    “Манай цэвэрлэх байгууламж хотын болон үйлдвэрийн ахуйн бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлэн байгаль орчин /Хангалын гол/-д  нийлүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дулааны улиралд  Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн даланд хоногт 15-18 мян.м3 ус нийлүүлж байгаа. Ингэснээр  хиймэл нуурын усны алдагдлыг нөхөж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст ашигладаг эргэлтийн усны хэмжээг тогтвортой барихад нөлөөлдөг юм. Манай Цэвэрлэх байгууламж технологийн үйл ажиллагаагаараа, усны цэвэрлэгээний чанар үр дүнгээрээ Монгол Улсдаа номер нэг” гэж тэрбээр бахархан ярьсан юм.
    “Ус хангамжийн цех орон тооны Бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон нь бүтээмжийн ажил эрчимжихэд ихээхэн нөлөөтэй байгаа. Манай цех бүтээмжийн урамшууллыг мөнгөн чек хэлбэрээр хамт олны дунд гардуулан өгдөг нь бусад хүмүүст ч санал санаачилга гаргах өдөөлт болдог. Бид  жилийн эцсээр сайн саналын урамшуулалд 600 мянган төгрөг авсан. Үүнийгээ шинээр ажилд орсон химич инженерийнхээ ажлын ширээ сандал авахад зориулсан. Ер нь бид урамшууллаа хувааж авахыг урьтал болгодоггүй. Дараагийн сайжруулалтын санхүүжилт, бас зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулдаг” гэж дугуйлангийнхан ярилаа.
    Танайхны ажил Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултад лабораторийн эрхлэгч: “Манайх хими, биологи, нян судлалын 23 төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний үр дүнгээр технологийн процессыг, мөн байгаль орчинд нийлүүлж буй цэвэршүүлсэн ус стандартад нийцэж буй эсэхийг давхар хянадаг.  Хангалын голын урсац бага учраас  хангалттай сайн цэвэршүүлж  нийлүүлэх ёстой гэдгийг бид ухамсарладаг. Миний ажлын үр дүнгээс хамааран хэсгийн хамт олны ажил үйлс үнэлэгддэг. Иймээс би ажилдаа алдаа гаргах эрхгүй. Бидний ажил үнэн зөв, ил тод, шударга байх ёстой. Манай шинжилгээний үр дүнгээс Цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн ажиллагаа, байгаль орчинд нийлүүлж буй усны чанар харагддаг” гэв.
    Усны салбарын түшиц лаборатори болохоор зорьж буй энэ хамт олны түүчээ болсон сайн саналын манлайлагч З.Өнөр лабораторийн эрхлэгч болонгуут ийнхүү ажлын байраа эмхэлж, цэгцлэх  далайцтай ажил санаачлан хийсэн. Ойрын үед итгэмжлэлт лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвартаа дулдуйдан, үйлдвэр аж ахуйн газруудын ахуйн усны шинжилгээ хийж, цехийнхээ орлогыг нэмэгдүүлэх, лабораторийн чадамжаа дээшлүүлэхээр мэрийж явна. Тэрбээр  МУИС-ийг биохимич, биологийн багш мэргэжлээр төгсөж, Эрдэнэт үйлдвэрт эдүгээ 30 дахь жилдээ лаборантаас лабораторийн эрхлэгч хүртэл ажиллаж буй манай үйлдвэрийн чадварлаг мэргэжилтний нэг юм.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд шинээр хоёр Белаз  угсарч байна. Тус цехийн Засварын хэсгийнхэн Өөрөө буулгагч хүнд даацын автомашинуудын угсралтын ажлыг хийж байгаа аж. Одоогоор нийт 130 тонны даацтай 88 дахь Белаз авто машиныг угсарч  байгаа бөгөөд Белазууд КТА-50 хөдөлгүүртэй, 1600 морины хүчин чадалтай уулын тээврийн зориулалтай юм. “Белазууд каменз хөдөлгүүртэй тул засварын цаг багасаж ажлын бүтээмж нэмэгдэнэ.  Уулын тээврийн  нөхцөлд зохицсон стандарт бүхий хүнд даацын Белазыг угсрах хугацаа урт байсан. Гэвч үйлдвэрийн Авто тээврийн цехийн Засварын хэсгийн хамт олон хугацаанаас нь өмнө угсарч дуусгахаар ажиллаж  байна” хэмээн албаны хүн мэдээллээ.  

Т.ЧУЛУУН

Баасан, 21 6-р сар 2019 00:00

Сингапурт суралцангаа аялая

   Дэлхийн улс орнуудаар хүссэнээрээ аялаж, мэдлэг боловсролоо ахиулахад тань ямар бэрхшээл тулгарч байна вэ? Гадаад зах зээлд бизнесийн хүрээгээ өргөтгөн, орчин үеийн соёлоос суралцах хүсэл эрмэлзэл танд бий юу? Энэ асуултын хариуг хамтдаа эрэлхийлье.
   Монгол хүн Монголдоо хайртай. Эх орноороо гоёж, энэ нутгийнхаа эзэн байхыг тэд хүснэ. Гэвч даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн жишгийг даган, гадаад хэл сурах, түүгээр дамжуулан дэлхийн улс орнуудтай холбогдох хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Хэл сурах хэцүү. Бас амархан. “Хэцүү” гэдэг үгийг далд ухамсартаа хэдийнэ суулгасан бол энэ хэлийг сурахад амаргүй. Харин чин хүслээрээ суръя гэж зүтгэвэл сурах нь тийм ч хэцүү биш гэдгийг ухаарах болно.
   Хүсэл мөрөөдлийг тань биелүүлж, алс ирээдүйг тань хамтдаа зураглахаар “Саксэду” сургалтын төвийн хамт олон Эрдэнэт хотод зочилжээ. Тэд танд болон таны хүүхдийн гэрэлт ирээдүйг бүтээх англи хэлний сургалтаа танилцуулж байна.
   Энэ бол ховорхон боломж. Тус сургалтын төв нь англи хэлний түвшин ахиулах зургаан сарын хөтөлбөртэй. “Саксэду”-гаас IELTS-ийн оноо авч, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг авсан оюутан олон бий. Богино хугацаанд чанартай боловрол олгох зорилт тавьсан тус сургалтын төв 2002 оны наймдугаар сараас өнөөг хүртэл боловсролын салбарт тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд 300 гаруй оюутныг элсүүлсэн “Саксэду”-гийн үүсгэн байгуулагч Д.Мөнхсаруул, “Хэлний курст сурах нь чухал. Гэхдээ хэл сурах нь илүү чухал” хэмээсэн юм. Тэрээр хүн бүрт хэл сурах боломж байгааг онцлоод, зөв газраа, зөв цагтаа суралцахыг зөвлөсөн. 
   Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын “Дэлхийн топ” хэмээн нэрлэгдсэн их, дээд сургуульд үнэ төлбөргүй зуучлан, боловсролын салбарт “гүүр” болдог “Сакседу”-г зорин очих хүн олон. Өнгөрсөн хугацаанд тамирчин, жүжигчин, дуучин гээд олны танил эрхмүүд тус төвөөр дамжуулан хэлний мэдлэгээ тэлжээ.
   Амжилт гэдэг амжихын нэр гэдэг. Үр хүүхдүүддээ чанартай боловсролоор оюуны том хөрөнгө оруулалт хийе гэсэн хэн бүхэн танилцуулах өдөрлөгийг зорин очоорой. Тэд танд Сингапурт суралцангаа аялах 21 хоногийн шинэхэн хөтөлбөрөө санал болгох болно. Каплан бол Сингапурын №1 сургууль. Тус сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдсан залуучууд хэл сурах ямар чухал болохыг, хэлтэй байснаар амьдралд ямар олон сонголт байдгийг мэднэ. Эрхэм таныг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр “Саксэду”-гийн хамт олон хүлээж байна. 

И.Чинтогтох



 

   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн зургаадугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй гарчээ.  Энэ хугацаанд 1390.35 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувь, 586.47 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 105.9 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 2049.91 мянган тонн буюу төлөвлөгөө 103.6 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 1797.51 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 105.6 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.461 хувьтай, төлөвлөгөө 99.4 хувиар, молибденых 0.0165 хувьтай, төлөвлөгөө 108.6 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 20 хоногт зэсээр 88.44 хувь, молибденоор 50.58 хувьд хүрч, төлөвлөгөө 100.2-104.3 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.14 хувь, төлөвлөгөө 104.5 хувиар тус тус биеллээ.  
   Зургаадугаар сарын эхний 20 хоногийн байдлаар уурхайчид 33648 тонн зэсийн баяжмал ачсан байна.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх Инженерийн зөвлөл, цехийнхээ үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Мэдлэг хуваалцах өдөрлөг” үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж эхэлжээ. Сар бүр тогтмол хийх “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-өөр ЗМЗ-ын нийт инженер, техникийн ажилтнууд баг болон хуваагдаж, сурсан мэдсэнээ бусаддаа түгээдэг байна. Одоогийн байдлаар тус цехийнхэн гурван удаа мэдлэгээ хуваалцаад байгаа бөгөөд  “Аж үйлдвэржилтийн хувьсгалууд”,  “CNC  тоон удирдлагатай суурь машины ашиглалт, засвар үйлчилгээ, тусгай шаардлагууд”, “Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөж буй оюуны өмч, инновацын дагалдах журмуудын тухай” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдлэг, туршлага солилцжээ.  
   Дараагийн “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-ийг энэ сарын 26-ны өдөр “Резиний үйлдвэрлэлийн түүх, өнөөгийн байдал, техникийн шинэчлэл, технологийн дэвшил” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Өөрсдийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, санаачилга зорилгоо нэгтгэн, баг болж ажиллах нь цаашдын үйл ажиллагаанд үр дүнтэй  гэж Инженерийн зөвлөлийнхөн өдөрлөгийн ач холбогдлыг онцолж байна.
   Тус зөвлөл 2019 онд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, шинэ техник технологи, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, техникийн бичиг баримт, судалгаа шинжилгээ гэсэн чиглэлээр нийт 12  төрлийн ажил хийхээр төлөвлөсөн аж.

М.Балжинням

   “Саксэду”ХХК, “Кaplan InternationalEnglish” сургалтын төвийн хамт олон Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр өнөөдөр ажиллана. Тэд дэлхийн боловсролыг эзэмших хүсэл сонирхолтой хэн бүхэнд үүдээ дэлгэж, угтан авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
   “Кaplan International English” сургалтын төв нь өнгөрсөн хугацаанд Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын 46 хотод байрлах хэлний сургуулиудтай хамтран ажилласаар иржээ.
   Үйл ажиллагаа нь өргөжин, хамрах хүрээгээ тэлсэн тус төвийнхөн сургалтын төрийн сангийн санхүүжилтээр болон хувийн зардлаар 300 гаруй оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн ороход нь туслажээ. Мөн давтагдсан тоогоор 70 гаруй ерөнхий боловсролын сургуульд зочлон, сургалт семинар зохион байгуулсан байна.
   Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн албан хаагч, ажилчдын хүүхдүүдэд зориулан зуны сургалтын хөтөлбөрөө танилцуулж, мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.  Зуны сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг нь 12-18 насны сурагчдыг Сингапур хотноо 21 хоногийн хугацаатай англи хэлний сургалтад хамруулах юм байна. Англи хэлийг орчинд нь сурснаар дэлхийн боловсрол эзэмшиж, тухайн орноор аялаж, бие даах чадвараа хөгжүүлэн, багаар ажиллах арга барилд суралцах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Joomla Plugins

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Залуучуудын холбоо, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран үйлдвэрийн залуучуудад гэр бүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалт хэлэлцүүлэг нь “2023 он гэхэд гэр бүлээ ямар байгаасай гэж хүсэж байна вэ?”, “Эдгээр зүйлийг хэрэгжүүлэхэд садаа болох хоёр том хүчин зүйл”, “2023 он гэхэд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ?” гэсэн дэд сэдэвт хуваагдсан. Өнөөгийн нийгэмд залуус өөрсдөө гэр бүлийн харилцаандаа тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь чухал болохыг зохион байгуулагчид нь онцоллоо.
   Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо 20 жилийн ойгоо тохиолдуулан энэ онд хэд хэдэн ажил төлөвлөн, хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Жоржиео мужийн Мэрсон хотын Мерсер их сургуулийн судлаач залуус, эрдэмтдийн багийг хүлээн авч, санамж бичигт гарын үсэг зурсан. Уулзалтын үеэр АНУ-ын сургалтын системийн онцлог, залуучуудын суралцах арга барил, хандлагын талаарх мэдээллийг уурхайчин залууст хүргэсэн байна.

И.Чинтогтох


 

 

 

 

   Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.
   “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Шилэн дансны хуулиар дагаж мөрдөх хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг удирдлагуудад танилцуулах шаардлагатай болжээ.
   Эрдэнэт үйлдвэр өмнө нь энэ хуулийн хүрээнд найман төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байсан бол статус өөрчлөгдсөнөөр тухайн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулах шаардлагатай болсон байна. Төсөв зарцуулах үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод, нээлттэй байршуулснаар иргэд, олон нийт үнэн бодит мэдээллээр хангагдаж, сэтгэл ханамж өсөх сайн талтайг сургалт зохион байгуулагч аудиторууд зөвлөлөө. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төрийн Аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн аудит гүйцэтгээд байгаа юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад харилцааны талаар баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэртэй ярилцлаа.

   - Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү?
 
- Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дор бүрнээ гадаад харилцаагаа хөгжүүлж ирсэн. Энэ нь нэг талаар амьдралд ойр ч, орхигдуулж болохгүй зүйл бас бий. Гадаад харилцаа гэдэг ойлголт нь өөрөө тогтсон дэг жаяг, журам, өөрийн зарчимтай. Энэ үүднээс нь харвал, бид “Дэлхийн жишиг-Үндэсний бахархалт үйлдвэр” болохын тулд дэлхийн жишигт нийцсэн гадаад харилцааны ёс, дэг журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй болж байна. Юун түрүүнд, үйлдвэрийн ажилчдад зориулан гадаад харилцааны талаарх дүрэм журам, бичиг баримтын танилцуулга, ёслол протоколын чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газрын ажилтан Бельги улсад протоколын талаарх долоо хоногийн сургалтад хамрагдахаар явсан. Эргэж ирээд мэдсэн сурснаа хуваалцаж, шат дараатай сургалтуудыг холбогдох ажилтнуудад явуулна.

   - Эрдэнэт үйлдвэр гадаад томилолтын хүрээнд ямар бодлого барих вэ?
   - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал гадаад, дотоод томилолтын үр дүнг сайжруулж, зардал хэмнэх, түүний дагуу авах арга хэмжээний талаар холбогдох алба, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Гадаад харилцааны бодлогын газар гадаад томилолттой холбоотой дүрэм журмыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Өмнө нь гадаад томилолтын шийдвэр олон шугамаар гарч байсан. Үүнийг “Нэг цонхны бодлого” зарчмаар шийдвэрлэнэ. Энэ оны сүүлийн хагаст хийгдэх гадаад томилолтын төлөвлөгөөг гаргаж байна. Энэ ажлын хүрээнд гадаад томилолтын төлөвлөгөө, зардал тооцоог дахин нягтлан, холбогдох хэлтэс, цех, нэгжүүдээс төлөвлөгөөнд тусгах саналуудыг авч байна. Үүндээр үндэслэн томилолтын төлөвлөгөөг батална.

   - Нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр томилолтын үр өгөөжийг илүү нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?
  
- Томилолтын үр дүнг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Тухайлбал, томилолтоор юу хийх, ирээд ямар ажлууд зохион байгуулах зэргийг нарийн тусгасан удирдамж батлагдах юм. Мөн томилолтын дараа хугацаандаа тайлангаа өгөөгүй ажилтан, цех, нэгжид дараагийн гадаад томилолтыг зөвшөөрөхгүй байх хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Томилолтын талаарх мэдээллийн сан үүсгэж, хяналт, үр дүнгээ тооцож байх юм.

   - Үйлдвэрийн зардлаар гадаадад суралцагч болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр явж байгаа хүмүүсийн тухайд?
 
- Үйлдвэрийн зардлаар суралцаж, мэргэжил дээшлүүлж байгаа оюутан, ажилчдын асуудал өмнө нь Захиргаа, хүний нөөцийн газарт төвлөрч байсан. Одооноос чиг үүргийнхээ дагуу манайд хамаарах болсон. Бид ойрын хугацаанд гадаад сургалттай холбоотой асуудалд судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулан хэрэгжүүлнэ. 


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог