Боловсрол

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шороон нохой жилийн хөдөлмөрийн аваргаар тодорсон эрхмүүдэд шагнал гардуулах ёслол Уурхайчин соёлын ордонд боллоо. Тус үйлдвэрийн захиргаа Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр улиран одож буй жилийн хөдөлмөрийн сайчуудаа  тодруулж, аваргын соёмбо тэмдэг, мөнгөн шагнал хүртээдэг  уламжлалтай. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчиддаа баяр хүргэн, мэндчилэв. Харин шороон нохой жилийн хөдөлмөрийн алдартан 33 эрхэмд Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хөгжил, их барилга эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нар шагналыг нь гардуулан, баяр хүргэлээ.

     Мөн Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэхэд онцгой идэвх санаачилга гаргасан  Авто тээврийн байгууллагын Төрөл бүрийн маркийн авто машины засварын хэсгийн мастер Д. Тугбадрах, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга А.Баярсайхан, Тээвэр ложистикийн албаны дарга С.Мөнхтэгш нарын нэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хүндэт дэвтэр”-т бичиж, мөнхжүүллээ.Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, тухайн жилийн амжилтаараа үйлдвэрийн хөдөлмөрийн аваргын болзол хангасан эрхэм бүрийн ажил амьдралын замнал, гавьяа шагналыг үзэсгэлэн хэлбэрээр дэлгэн үзүүлж, хэлэх дуртай  ишлэл үгс,  гарын үсгийг гэрэл зургийн дор тодотгож бичсэн нь өвөрмөц шинэлэг байв. Ийнхүү 40 жилийн бахархам  түүхтэй уурхайчдын бүл шинэ хөдөлмөрийн аваргуудаа өлгийдөж, цаашдынх нь ажилд улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.


 
























Хөдөлмөрийн алдартнууд

Д.Тугбадрах

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гол зүрх нь болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олон өнгөрч буй нохой жилийн ажил амжилтаа дүгнэж, оны хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. 2018 онд тус цехийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн  үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, хүдэр боловсруулалтыг 31 сая 520 мянган тоннд хүргэж ажилласан байна. Энэ нь төлөвлөснөөс  520 тонн хүдэр илүү боловсруулсан гэсэн үг юм. Мөн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлтүүд 101,7-118,9 хувиар давж биелсэн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө ийнхүү өндөр үзүүлэлттэй биелж, цехийн үйл ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байгаа нь  ажил үйлсээрээ манлайлж, хөдөлмөрийн аваргаар тодорсон ажилтнуудийн хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлт дээр онцлов. Шороон нохой жилийн хөдөлмөрийн аварга ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилга хариуцсан орлогч Д.Эрдэнэцогт нар оролцож, баяжуулагчиддаа баяр хүргэлээ.
     17-р жарны Урвуулагч хэмээх гахай жилийн босгон дээр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Ё.Болд, механикч О.Архарбай, Үйлдвэр техникийн албаны сургалтын инженер Ж.Батболд, Нунтаглан баяжуулах хэсгийн гүүрэн кранчин С.Наранжаргал,  цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганзориг, Өөрөө нунтаглан баяжуулах хэсгийн бутлуурчин Б.Мянганбаатар,  Шүүн хатаах хэсгийн оосорлогч  Ц.Эрдэнэбат нарын 21 ажилтан өнгөрсөн оны цехийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга ,хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо. Мөн тэдний ажил хөдөлмөрийг үнэлж, Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагнал олгож буй аж. Хөдөлмөрийн аваргууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолд тус цехийн авьяаслаг уран бүтээлчид ая дуугаар мэндчилж, цехийн халуун бүлээрээ дурсгалын зураг татуулав. 


     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс 2018 оны дөрөвдүгээр улирлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлаа дүгнэж, тэргүүний цех, ажилтнуудыг шалгарууллаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн байгууллага, Чанар хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станц, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Геологи хайгуулын анги, Цахилгаан цех, Эрчим хүчний цех, Засвар монтажийн цех, Лаборатори судалгааны төв, Уурхайчин соёлын ордон, Эмнэлэг сувиллын цогцолбор, “Эрдсүлж” ХХК-ийн нэр бүхий 27 ажилтанг өнөөдөр “Аюулгүй ажиллагч”-аар тодруулав. Эдгээр ажилтан хамгийн олон аюулыг илрүүлэн, мэдээлж, өөрийгөө болон хамт олноо эрсдэлээс хамгаалсан учир компанийн  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтанд анх удаа бичигдэж байгаа юм.


У.Цэрэнбат



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллага, “эрдэнэсийн тээвэрчид” өнөөдөр улирч буй нохой жилийн Хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Т.Батцогт, суудлын автомашины жолооч Д.Доржпалам, механикч С.Чулуунболд, хий хангамжийн тоног төхөөрөмжийн ашиглалтын мастер Т.Бат-Эрдэнэ, уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолооч Ч.Эрдэнэцогт, ачааны автомашины жолооч Л.Сэнгэбаатар, үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч А.Баянжаргал, автобусны жолооч О.Лхагва, тусгай зориулалттай автомашины жолооч Л.Батжаргал, уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины засварчин Ц.Нямдаваа, агрегат засварчин Б.Баттөр, автомашины засварчин Х.Октябрь, М.Энх-Амгалан, хүнд даацын машины жолооч Ж.Чинзоригт, Ц.Төмөрбаатар, инженер М.Эрдэнэхүү нар Авто тээврийн байгууллагын Хөдөлмөрийн аварга болов. Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний албаны жолооч Э.Батбаяр, диспетчер Б.Баяржаргал нар “Осолгүй манлай” жолоочоор шагнуулж, жолооч М.Эрдэнэдалай сагсан бөмбөгийн төрөлд Монгол улсын спортын мастерын цол авлаа. 

У.Цэрэнбат


 

 

     ХVII-р жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо уурхайчин залуусаа оролцуулан “Цагаан сарын өнгө-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 цехийн 20 залуу оролцож, Монгол ёс заншлыг илэрхийлсэн мэндчилгээ, асуулт хариулт, багийн ахлагч нарын дундах тэмцээн, шилбэ зангидах, сээр хугалах, ардын дууг хэн сайн таах вэ?, Монгол үндэсний хувцасаараа гоёх зэргээр өрсөлдөв. “Цагаан сарын өнгө-2019” тэмцээний тэргүүн байрыг “Дөрвөн бэрх”, дэд байрыг “Таван-Эрдэнэ” баг эзэлсэн. Дээлний шилбийг уран зангидсан ХАБЭАБОХ-ийн эрүүл ахуйн эмч Ц.Оюунгэрэл, ганц цохилтоор сээр хугалсан ТЛА-ны н.Дорждагва нар шилдгээр шалгарлаа.


У.Цэрэнбат





 

Мягмар, 29 1-р сар 2019 00:00

Иргэдийн саналыг тусгав

    Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд өнөөдөр “Цагаан тоосны тархалт, дэгдэлтийг багасгах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн ажлын хэсгийн хурал боллоо. Тус хамтарсан ажлын хэсэг Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийж, тэдний саналыг хөтөлбөрт тусгасны дараа дөрөв дэх удаагаа хэлэлцүүлэг хийж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг эцсийнх байж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулан батлуулахаар боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, аймгийн Засаг даргын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр тус үйлдвэр Монгол улсын Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээний хүрээнд Орхон аймгийн агаарын бохирдол, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах аргачлалыг боловсруулах хоёр чиглэлд хамтарч ажиллах болсныг компанийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдал булинга буюу цагаан элс нь хавар, намрын хуурайшилтын үед байгалийн хүчин зүйл салхины хурдаас шалтгаалан тухайн бүс нутагт тархдаг. Цаашид компанийн зүгээс цагаан тоосны тархалт, дэгдэлтийг бууруулахад бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.


У.Цэрэнбат

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанаас  тус үйлдвэрийн Ерөнхий захиргаанд ажиллаж байгаад өндөр насны амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Сар шинийн босгон дээр зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагааны нэг энэхүү  хүндэтгэлийн хүлээн авалтанд 70 гаруй ахмад хүрэлцэн ирэв. Тэднийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжил их барилга хариуцсан орлогч Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал нар хүндэтгэн хүлээн авч, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээндээ “ Ерөнхий захиргаанд ажиллаж байсан эрхэм буянтай ахмадууд та бүхэн бол 40 насны ойтойгоо золгосон энэ сайхан үйлдвэрээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн гавьяатай хүмүүс. Хийж бүтээж, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэний тань төлөө  шинэ жил гарах энэхүү торгон агшинд Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлага болон нийт уурхайчин хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлж буйг хүлээн авна уу” хэмээн тодотгов.
     Хүндэтгэлийн ажиллагааны эхэнд Уурхайчин соёлын ордны дуучин, СТА Д.Дагиймаагийн дуулснаар  “Энх мэндийн баяр” уртын дуу шуранхайлж, Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны онцлох үйл явдлын танилцуулгыг  ахмадуудад сонирхуулав. Мөн Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид, ахмадын төлөөллүүд ардын сайхан дуунуудаар хөг эгшиг нэмж, сэтгэл нь сэргэсэн ахмадууд үгсийн сайхнаар үйлдвэрийн удирдлагууддаа баяр талархал, урам дэм хайрлалаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны харьяалалтай 104 ахмад байдаг аж. Тэдний хамгийн ахмад нь Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан эдүгээ 84 настай  Жамбын Долгор юм. Дуу хуур бялхаж, сонин сайхан хууч яриа дэлгэсэн хүндэтгэлийн үйл  ажилллагааны төгсгөлд удирдлагууд гарын бэлэг гардуулж, үйлдвэрийнхээ 40 жилийн шаштир түүхийн эзэд болсон ахмад азай буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлэв.    

 

 

 

 

 

 

 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн цагаан сарын баярын хөтөлбөрийн хүрээнд компанийн ахмадууд, ажилтнуудад зориулсан “Учиртай гурван толгой” үндэсний дуурь энэ сарын 28, 29-ний өдөр Уурхайчин соёлын ордны их танхимын тайзнаа тоглогдов. Тус дуурийн Ерөнхий найруулагчаар МУСТА Д.Одончимэг ажилласан бөгөөд энэ удаа олны хэсэг, найрал дуучид, дүрүүдийн шинэчлэлтэйгээр тавигдаж буйгаараа онцлог юм. Худалдаачин, бүүвэйч, ард өвгөн, замын тосуул, согтуу ноён, Юндэн ба Балганы дагуул, хатад, лам, хуурч, харц ард, ноёд түшмэд, эхнэр хатад, зарц дагуулуудын дүрд Уурхайчин соёлын ордны дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын ахмад, залуу үеийн уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уран сайханчид, хүүхдийн дугуйлангийн сурагчид гээд олны бүрэлдэхүүнтэйгээр оролцон тоглов. “Эрдэнэт” чуулга, Зэвсэгт  хүчний 186-р ангийн хөгжимчид, Орхон аймгийн хөгжмийн сургуулийн багш нар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уран сайханчдын хамтарсан холимог найрал хөгжмийг МУСТА Д.Пүрэвсүрэн удирдан эгшиглүүллээ.  Анх 2006 онд МУСТА Т.Дашцэрэн агсны санаачилгаар Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим "Учиртай гурван толгой" хэмээх 3 бүлэг 5 үзэгдэл бүхий Монголын анхны сонгодог дуурийг Уурхайчин соёлын ордны тайзнаа амилуулсан түүхтэй. Түүнээс хойш 2011-2013, 2016, 2019 онд “Эрдэнэт”-ийн уран бүтээлчид бие даан тоглож байгаа юм.

У.Цэрэнбат

     Эрдэнэт үйлдвэрийн  2018 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт дүнгээ гаргалаа. Үйлдвэрийн 25 цехийн тайланг Эрдэнэт үйлдвэрийн болон газар, хэлтсийн удирдлагууд сонсож үнэлгээ өглөө. Цехүүдийн  үйл ажиллагааг санхүү эдийн засгийн, зах зээл хэрэглэгчийн, дотоод бизнесийн, хүний нөөц сургалт хөгжлийн орчинд хэрхэн ажилласнаар нь дүгнэсэн юм. Цех бүрийн онцлогийг харгалзан  дүгнэхэд Баяжуулах үйлдвэр 1,2, Ил уурхай 1,1, Авто тээврийн байгууллага 1,1, Засвар механикийн завод  1,1, ХМТАЦ-1,1, Эрчим хүчний цех 1,01, Чанар хяналтын хэлтэс 1,02, Ганбөөрөнцгийн цех 1,1, Засвар монтажийн цех 1,2, Лаборатори судалгааны төв 1,1, Цахилгаан цех 1,01, Төслийн менежментийн хэлтэс 1,01, бусад бүх цех 1,0 гэсэн үнэлгээ авлаа. Тайлангийн хурлын төгсөлд үйлдвэрийн удирдлагууд  “Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл эдийн засгийн бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, өндөр үр ашигтай ажиллахад  бүх цехийн хамт олны хүч хөдөлмөр, зүтгэл оролцоо чухал байсныг онцлоод, цаашид анхаарах асуудал  ч багагүй байгаа”-г тодотгов. Тухайлбал нийгмийн цехүүд уялдаатай ажиллаж, баялаг бүтээгчдийнхээ эрүүл мэндийн төлөө илүү бүтээлч ажиллахыг, цехүүд үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 стандарт  нэвтрүүлэхийг, цех нэгжийн удирдлагын манлайлал хэрэгжүүлэх, хүний нөөц боловсон хүчний бодлогоо эргэж харах, хөрөнгө түүний өгөөжийг сайжруулан, ашиггүй хөрөнгө оруулалтыг багасгах, үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн “реформ” хийх шаардлагатайг зөвлөлөө.

 

 

Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог