×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Боловсрол

     Дөрвөн аравныг түүхийн шаштирт баринтаглаж, хөгжил дэвшлийн түүчээ болон манлайлж ирсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээх 1978 оны энэ өдөр буюу 12 сарын 14-ний өдөр Эрдэнэтийн овооны орд газрыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах Монгол,Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр бодит үйл хэрэг болж, анхны тээрэм эргэж эхэлжээ. Энэхүү бахархалт өдрийг тус үйлдвэрийн хамт олон утга төгөлдөр тэмдэглэж байна.

40 жилийн түүх гэрэл зураг, номын хуудсанд мөнхрөв

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдрийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Эрдэнэтийн овооны эрэл хайгуулын үеэс эхлэн бүтээн байгуулалт, эрмүүн хөгжлийн үе шатыг гэрэл зургийн үзэсгэлэнд түүхчлэн багтаасан байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан 200 орчим гэрэл зураг, ном товхимол, баримт бичгүүдийг дэлгэн харуулав. Мөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхны төрхийг өнөөгийн дүр зурагтай харьцуулсан гэрэл зургууд тавигдсан нь зочдын сонирхлыг ихэд татав. Үзэсгэлэнг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлэхдээ "Эрдэнэт бол Монгол улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн тод жишээ билээ. Түүхийг түүх чигээр нь авч үлдэнэ гэдэг бахархалт үйл юм. Энд дэлгэгдсэн гэрэл зурагт, номын хэвлэлийн хуудсанд Эрдэнэтийн 40 жилийн түүх бүтнээрээ мөнхрөн үлдэж байна" гэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, үйлдвэрийн удирдлага болон хамт олны төлөөлөл оролцлоо.

Эрдэнэт үйлдвэр зөвхөн Эрдэнэтийн төдийгүй Монгол түмний бахархал юм

     Жанжин Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдөрт зориулсан баярын хурал Уурхайчин соёлын ордны их танхимд болов. Баярын хурлын үйл ажиллагааг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн. Тэрээр баярын үйл ажиллагаанд оролцож буй зочид төлөөлөгчид болон нийт уурхайчин хамт олонд баярын мэнд хүргэхийн ялдамд түүхт ойгоо ажил бүтээлийн арвин их амжилттай угтаж буйг тэмдэглэв. Мөн хурлын үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар, ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл нар үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэтээр бахархаж, энэ өдөр баярлаж байгаа бүх хүнд Монгол улсын нэрийн хуудас болсон их бүтээн байгуулалтын бахархалт сайхан үйлсийг баярын мэндчилгээгээр дамжуулан тодотгон хэлсэн юм. Баярын хурлын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шилдэг ажилтнуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал Академийн тэргүүлэгчдийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Ю.Цэдэнбалын одонгоор шагнасныг гардуулав. Ойн баярын үйл ажиллагаа тус үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид болон авьяаслаг уурхайчдын хамтарсан "Хайрлан жаргах эх орон" хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэв.

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд Ю.Цэдэнбалын хөшөөг байрлуулж, өнөөдөр нээв. Ёслолын үйл ажиллагаанд компанийн удирдлагууд, үйлдвэрийн анхдагчид, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан болон түүний төрөл төрөгсөд, хүндэт зочид оролцлоо. Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөл санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны дэмжлэгтэйгээр түүнийг хөшөө болгон мөнхжүүлэв. Монгол улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор тус компанийг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт  хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон энэ өдөр дурсан хүндэтгэж байна.

 


У.Цэрэнбат

     Компанийн удирдлагууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг баталгаажуулан гарын үсэг зурлаа. Түүхэн ойг тохиолдуулан жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс хамтран үйлдвэрийн удирдлага, ажилчдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Хамт олноос гаргасан саналыг үндэслэн компанийн Алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна”, Эрхэм зорилгыг “Бид, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ”, Үнэт зүйлсийг “Аюулгүй байдал ба эрүүл мэнд, Ёс зүй, хариуцлага, Байгаль орчин, Хамтын хүч, Инноваци” хэмээн тодорхойлон баталгаажуулав.

У.Цэрэнбат 
 

    Компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхэн өдөр маргааш буюу 12-р сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдрийг угтан өнөөдөр Ил уурхай, Лаборатори судалгааны төв, Чанар хяналтын хэлтэс, Авто тээврийн байгууллага, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Засвар монтажийн цех, Ган бөмбөлгийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн алба, Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний цех, Цахилгаан цех, Геологи хайгуулын анги, Төслийн менежментийн хэлтэс, Технологийн сургууль, Эмнэлэг сувилалын цогцолбор, Уурхайчин соёлын ордон, Спорт ордон, Үйлчилгээ аж ахуйн алба, Сэлэнгэ амралтын бааз, Нийтийн хоолны хэсэг, Орон сууцны хэсэг, “Эрдсүлж” компани, “РСЦ” ХХК, Ерөнхий захиргаа, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, хүндэт зочин гээд нэр бүхий 400 хүнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн тэмдэг гардууллаа. Компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ойн үзэсгэлэн, баярын хурал, “Хайрлах жаргах эх орон” тоглолт маргааш буюу 12-р сарын 14-нд Уурхайчин соёлын ордон зохион байгуулагдана.

У.Цэрэнбат

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Эмнэлэг сувилалын цогцолбор хамтран “Ажилчин хүний эрүүл мэнд-40” соёл урлаг, эрүүл мэндийн уралдааныг компанийн 12 цехийн дунд зохион байгууллаа. Ажилчин хүний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, алдаршуулах, эрүүл зөв ажиллах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээний тэргүүн байрыг Ил уурхайн “Уурхайн бүргэдүүд” баг эзэлж, нэг сая төгрөг, Гран-при цомын эзэн болов. Хоёрдугаар байранд Дулааны цахилгаан станцын “Инээмсэглэл” баг, гуравдугаар байранд Спорт ордны “Хангарьд” баг орж, Засвар механикийн заводын “Эрүүл күүл” баг тусгай байрыг эзэллээ. Шилдэг мэндчилгээгээр Баяжуулах фабрикийн “Манлайлагч” баг шалгарч, шилдэг илтгэлээр Эмнэлэг сувилалын цогцолборын “Довтлогч” багийн илтгэгч Ц.Батаа, шилдэг өглөөний дасгалаар Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим” баг, шилдэг үзүүлбэрээр Чанар хяналтын хэлтсийн “Эрч хүч” баг, шилдэг хөгжөөн дэмжигчээр Тээвэр ложистикийн албаны “100%” баг, шилдэг манлайлалаар Автотээврийн байгууллагын баг тус тус шалгарав. Мөн “Ажилчин хүний эрүүл мэнд-40” уралдааны үеэр өвчилж байгаагүй, хамт олондоо үлгэр жишээ болсон, эрүүл дадал, хэвшлийг сурталчилсан ажилтныг алдаршуулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

У.Цэрэнбат


 

     Монголчуудын хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт  Эрдэнэтийн замнал  бол энд ажиллаж буй мянга мянган эгэл жирийн ажилчид, үе үеийн уурхайчдын ажил хөдөлмөрийн бахархам түүх юм. Тэртээх 1964 онд төв Азийн цээжинд орших уудам дэлгэр Монгол орны хоймор талаас олдсон Эрдэнэтийн овооны зэсийн орд газрыг түшиглэн  уулын баяжуулах үйлдвэр байгуулахдаа ажиллах хүчин, тэдний нийгмийн асуудлыг тухайн үеийн төр засгийн удирдлагууд  цогцоор нь шийдэж байв. Хуучин нэрээр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу арван таван мянган хүн ам суурьшин амьдрах бүхэл бүтэн хотыг төлөвлөж, дэд бүтэц, эмнэлэг, сургууль цэцэрлэг, хөнгөн хүнсний үйлдвэрүүд гээд хүний хэрэгцээт бүхий л байгууламжийг   ердөө таван жилийн хугацаанд  бий болгосон юм. Энэ бол Монгол орны хөгжил дэвшлийн түүхэнд тодоор бичигдэх удирдагч хүний холч ухаан, мэргэн шийдвэр дээр тулгуурласан  асар хурдацтай,  гайхамшигт бүтээн байгуулалт болсон гэдгийг Эрдэнэттэй хувь заяагаа холбосон ахмад үеийнхэн бахархан ярьдаг билээ.  Тэрхүү ул суурьтай, ирээдүйгээ харсан олон цогц шийдвэрийн дотор хамгийн том орон зай эзэлж буй асуудал нь Эрдэнэтийг  барьж байгуулахаар  сэтгэлдээ эрмүүн  дуудлагатай, өвөртөө  эвлэлийн илгээлттэй  залуусыг сургаж дадлагажуулах бодлого байлаа.  Ингэснээр өнөөгийн манлай үйлдвэрийн  мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн эмх цэгцтэй бодлогын эх үндэс тавигдсан юм.
     “Эрдэнэт ашиглалтад орсон үеэсээ ажиллагсдаа уул уурхайн нарийн болон хос мэргэжлээр сургах зорилт дэвшүүлэн дэргэдээ мэргэжлийн сургалтын төвийг байгуулан, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр үе шаттай сургаж байсан нь мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх хамгийн зөв бөгөөд том ажил байлаа” гэж тухайн үед Түлш эрчим хүч, хүнд үйлдвэрийн яамны сайдын хувьд Эрдэнэтэд ажиллах хүчний асуудлыг хариуцаж байсан, Монгол улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат дурдатгалдаа өгүүлсэн нь бий. Ингэж мэргэжилтэй ажиллах хүчнийг  “Сургалтын төв”-өөр дамжуулан бэлтгэж эхэлсний үр дүнд хүний нөөцийн бодлого ухаалаг шийдвэрлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлдэг, сургалт судалгааны талбар төдийгүй үйлдвэрлэл,  эдийн засгийн үр ашиг  хосолсон аж ахуйн нэгж болгон хөгжүүлж чадсан юм.  Харин анх “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан уг сургалтын алба өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон хүрээгээ тэлж, уул уурхайн салбарын бүх шатны боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг эрдмийн уурхай болжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо сүндэрлэсэн нь энэ буюу.

     Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, улсын болон орон нутгийн төсөвт  оруулж буй хувь нэмэр зэрэг үзүүлэлтээрээ сүүлийн 16 жил дараалан Монгол улсын “Топ100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн тус үйлдвэрийн бүхий л амжилт, ололт үе үеийн олон мянган ажилтан ажилчдын итгэл зүтгэл, хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой. Тиймээс ч тус үйлдвэр ажиллагсдаа хамгийн үнэ цэнэтэй баялаг хэмээн дээдэлж, хүний хөгжил хамгааллын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хөгжүүлэх бодлогод ажилтан ажилчдаа сургаж, тогтмол мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтууд, үүнд  үзүүлэх хөнгөлөлт, тусламж гол байр эзэлж байна. Нийт зардлынхаа 5-8 хувийг ажилчдынхаа нийгмийн хөгжлийн бодлогод зарцуулдаг.
     Түүхэн хөгжлийнхөө явцад тус үйлдвэр Сургалтын төвөө,  Мэргэжлийн сургалтын алба улмаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөжүүлж, энд мэргэжил эзэмшсэн олон зуун ажилчид зууны манлай үйлдвэрийнхээ суу алдрын нэрийн хуудас болж явна. Дөчин жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрээс Монгол улсын хөдөлмөрийн баатар зургаа төрсний анхных нь Ил уурхайн өрмийн машинист Д.Жаргалсайхан 31 насандаа алтан соёмбын эзэн болж байжээ. Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин Д.Бямбаа, белазын жолооч Д.Жигмэдцэрэн, бульдозерын машинист Т.Нямжав, отгон баатар өрмийн машинист Б.Батбаяр гээд тэд Мэргэжлийн сургалтын төвд баатрын замд хөтлөх мэргэжлээ эзэмшсэн юм. Белазын жолооч, Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн мэргэжилтэй ажилчин бэлтгэх “Сургалтын төв”-ийн анхны төгсөгчдийн нэг гэдгээрээ ямагт бахархаж явдагаа нэгэнтээ өгүүлсэн. 1976-2017 он хүртэлх хугацаанд мэргэжлийн анхан шатны сургалт, үйлдвэр техникийн сургалт болон бусад чиглэлээр 112156 ажилтан, ажилчид тус төвд суралцан төгсчээ. Тэдний дундаас хөдөлмөрийн баатар, гавьяат, ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг ажилчид төрсний зэрэгцээ удам залгасан уурхайчид олноор бэлтгэгдсэнийг тэмдэглүүштэй. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн, нарийн болон хос мэргэжилтэй ажилчдынхаа залгамж чанарыг бэхжүүлэх, дараагийн үеийн ажиллах хүчнийг бэлтгэх асуудалд Эрдэнэт үйлдвэр цаг ямагт санаачилгатай, алсын хараатай хандаж иржээ. Үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той жил бүр шинэчлэн байгуулдаг Хамтын гэрээнд “20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтны нэг хүүхдийг аав, ээжийнхээ мэргэжлийг залгамжлан ажиллах” тухай заалтыг олон жилийн турш бодитой хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаас нийгмийн хариуцлага болон ахмад ажилтны нийгмийн асуудлыг шийдэх оновчтой алхам, нөгөө талаас хойч үеийн залгамж халааг бэлтгэж буй бодлого юм. Эрдэнэт үйлдвэр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх,  хүний нөөцийн бодлогоо тодорхой төлөвлөх нь хөгжлийн шинэ шатанд хүрэх гүүр, өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролыг чанартай, үр дүнтэй олгох нь үйлдвэр төдийгүй улс орны урагшлан дэвжихэд гол үүрэгтэй гэдгийг өөрсдийн түүх, тогтвортой найдвартай үйл ажиллагаагаараа тод харуулж буй.

     Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбоотой, эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар гэдгийг мэргэжилтнүүд, ахмад уурхайчид судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн тодорхойлж байна. Үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд мэргэжлийн боловсролын өнөөгийн тогтолцоог өөрчлөх, улам боловсронгуй болгох шаардлага урган гарч буйг ч тэд онцолдог. Ажил олгогчийн зүгээс мэргэжлийн боловсролын сургалтанд ихээхэн анхаарал тавьж, сургах арга зүй, сургалтын хэлбэр, материаллаг баазыг орчин үеийн технологид нийцүүлэн бэхжүүлэх, сургагч багш нараа давтан сургах нь “чадамж”-тай мэргэжилтэй ажилтан бэлтгэх таатай нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм. Хамгийн гол нь мэргэжлийн боловсрол олгох үйл явц, үр дүн нь хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээнээс хамаарч байдгийн хувьд аливаа байгууллагын хүний нөөцийн алба, хэлтэс мэргэжлийн сургалтын төвтэй нягт хамтран ажиллах нь юу юунаас чухал юм. Ингэж гэмээнэ хүний нөөцийн бодлого зөв байж, ажилтнуудын ур чадвар, урам зориг дээшлэх учиртай. Эрхэлсэн ажилдаа дуртай ажилчны бүтээмж өндөр байж, өндөр бүтээмжтэй байгууллагын өсөн дэвжих боломж илүү өргөн дардан байх нь мэдээж юм.
     Мэргэжилтэй ажиллах хүчнээ бэлтгэж эхэлсэн цаг хугацааны түрүүнд Монголчууд нэг Эрдэнэтийг бүтээн байгуулсан бол мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлснээр дараагийн зуунд улс орны хөгжлийн зүтгүүр хүч болох хэд хэдэн Эрдэнэт шиг үйлдвэрийг иж бүрнээр бий болгох нь гарцаагүй.  Эрдэнэтийн маргаашийн дуусашгүй баялаг эрдмийн уурхайн эх ундарга билээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон Нийттэй Харилцах Албаны сэтгүүлч М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь  байгууллагын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын гэрээнд тэднийг төлөөлөн санал оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  цех хэсгийн үйл ажиллагааг дэмжих, уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэхэд оршиж байна. Талууд залуучуудын тулгамдсан асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, сурч боловсрох, шинийг эрэлхийлэх, санаачлах, бүтээлч үйлсийг дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах, сурталчлах талаар хамтын дэмжлэг үзүүлэх, урлаг спортын  арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай хамтын шийдвэрээр явуулахаар санамж бичигт тусгажээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан  “Уурхайчин залуу” нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг, “HARD GAME-2018” хөгжөөнт тэмцээн, “Оюунлаг залуу” уралдааныг үйлдвэрийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулсан байна. “Уурхайчин соёлын ордон, Монголын оюун ухааны академитай хамтран зохион байгуулсан  Оюун ухааны анхдугаар уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус маш идэвхтэй оролцлоо. Тэдний дунд ой тогтоолтын спортыг дэлгэрүүлэх, оюуны алжаалыг тайлах, үйлдвэрийн түүхэн үйл явдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, олон улсын оюуны спортын тэмцээнд баг бүрдүүлэн оролцох зорилготой явагдсан нь энэ уралдааны онцлог байлаа.” гэж албаны хүн ярилаа.


Т.БАТ

     Байт харвааны Хангарьдын цом дөрөв дэх удаагийн нээлттэй тэмцээн Хангарьд паласт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Алдар нийгэмлэг, Живт хасар, Добу мэргэн, Ирээдүйн одод зэрэг найман байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, цэц мэргээ сорилоо. Тэмцээн рекурв, компаун төрлөөр, насанд хүрэгчид, өсвөрийн тамирчдын дунд боллоо. Хангарьд спорт клубийн тамирчид зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, таван цомын гурвыг нь авлаа. Эдгээрийн дундаас   Баяжуулах үйлдвэрийн ШХХ-ийн мастер, байт харвааны спортын мастер Н.Өлзийхутаг мөнгө, тус хэсгийн оосорлогч, Үндэсний сурын Улсын мэргэн Л.Отгонбаяр хүрэл, ЗМЗ-ын мастер, спортын дэд мастер  Б.Ганзориг хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэн бөгөөд ирэх жилээс олон улсын нээлттэй тэмцээн болгохоор зорьж байгаа аж. Байт харваагаар хичээллэснээр  хүүхэд залуусын  бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлөхөөс  гадна  анхаарал төвлөрөл сайжирч, зөв төлөвшин хүмүүжүүлэх ач холбогдолтой юм.


Я.ТУЯА

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өнгөрсөн наймдугаар сараас 24-р гидроциклоныг угсарч, суурилуулж байна.  Энэ нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм.  Өмнө нь  тус  хэсгийн  өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц  гидроциклон  суурилагдсан.  Долоон гидроциклоноос бүрдсэн нэг багцыг дахин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх аж. Уг гидроциклоны хяналт удирдлагын системийг тохируулан суурилуулах ажлыг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсэг гүйцэтгэж байна.  Гидроциклоныг энэ  сарын сүүлчээр  хүлээлгэн өгөхөөр  Баяжуулах үйлдвэр  болон Засвар монтажийн цехийн ажилчид шамдан ажиллаж байна.

 

Я.ЭНХ

Эрдэнэт үйлдвэрийн анхан шатны удирдлага мастеруудын мэдлэг ур чадвар, манлайллыг дээшлүүлэх зорилготой “Мастерын манлайлал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн даваа гарагт Монгол улсын Хөдөлмөрийн баатруудтай уулзалт ярилцлага хийлээ. Технологийн сургуулийн хурлын танхимд болсон уг уулзалтад  Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Бямбаа,  Д.Жаргалсайхан нар ажил амьдралын арвин туршлагаасаа хуваалцаж, мастеруудтай халуун дотно яриа өрнүүллээ. Д.Жаргалсайхан баатар тэдэнд хандаж хэлсэн үгэндээ: “Үйлдвэрийн мастер бол агуу сайхан алба. Дайны талбарт бол галын шугаманд  цэргүүдийг удирддаг дарга. Энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүчийг чиглүүлэгч. Эрдэнэт үйлдвэрийн зууны манлай бүтээн байгуулалт болтлоо улс орон даяар нэр алдраа түгээхэд мастеруудын гавьяа их байсан. Манай үйлдвэрийн олон захирал, Геологи уул уурхайн яамны сайд асан Д.Цогбаатар гэхчилэн олон эрхэм  мастер хэмээх албаар дамжиж өндөр албан тушаалд хүрсэн түүхтэй. Энэ сайхан үйлдвэрийнхээ чиглүүлэгч хүч нь болсон эрхэм алдрыг дааж яваа  мастерууд та бүхэн өөрийгөө хөгжүүлэн, бусдадаа хүртээмжтэй ажиллаж  амьдраарай”  гэсэн сургаалиа айлдлаа.

 

Я.ЭНХТУЯА

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог