×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Боловсрол

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин” соёлын ордон, Монголын бүжгийн спортын холбоо хамтран сар гаруй хугацаанд компанийн цех, нэгжүүдийн дунд зохион явуулсан “Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгүүд өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр тодорлоо. Засвар механикийн заводын ажилчин С.Батзориг, Тээвэр ложистикийн албаны ажилчин О.Сувд-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн ажилчин Б.Эрдэнэбаяр, Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр, Авто тээврийн байгууллагын ажилчин Б.Содгэрэл, Эрчим хүчний цехийн ажилчин Б.Ариунболд нар тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч, мэргэжлийн клубын бүжигчидтэй хамт Стандарт, Латин гэсэн хоёр төрлөөр үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн. Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг, МУБИС-ийн Урлагийн тэнхмийн эрхлэгч, “Стар” хамтлагийн дасгалжуулагч багш Д.Батсайхан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх менежер, Орхон аймгийн үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн П.Алтантүлхүүр нар шүүлээ. Уурхайчид мэргэжлийн бүжигчидтэй техник, ур чадвараар эн зэрэгцэн, хамтран бүжиглэж байгаа нь энэхүү тэмцээний онцлог байсан бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй соёл, урлагийн ажлын үр дүн өндөр түвшинд, тайзнаа амилж байгааг шүүгчид сайшаасан. “Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгийн шилдэг бүжигчнээр Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр шалгарч, Баяжуулах үйлдвэрийн Б.Эрдэнэбаяр, Эрчим хүчний цехийн Б.Ариунболд нар удааллаа.


У.Цэрэнбат
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс үйлдвэрийн бүсэд “Эко-орчин 2018” уралдааныг 5-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний хооронд зохион байгууллаа. Тус уралдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд 3 дах удаагийн “Эко орчин 2018” уралдаан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болов.
     Үйлдвэрийн  хамт олны дунд байгаль орчноо хайрлан хамгаалах, үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг сайжруулах,  бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлдэг тус  уралдаан жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж, ажилчдын идэвхи оролцоог нэмэгдүүлжээ.  Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн  “Ногоон төгөл” төслийн талбайд нийт 25 төрлийн 12000 гаруй мод тарьж ургуулан, цех нэгж бүр өөрийн  хариуцсан талбайд мод тарьж,  арчилгаа тордлогоог үргэлжлүүлж байна. “Эко-орчин-2018” уралдааныг “Ногоон төгөл”-д   шинээр санаачлан хийсэн ажлууд, моддын арчилгаа, усалгаа, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бууруулахаар авсан арга хэмжээ, Эрдэнэт-Хангал голын цэвэрлэгээнд оролцсон байдал, цехүүдийн гадна талбайн тохижилт, шинээр ногоон байгууламж нэмэгдүүлсэн байдал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан шинэ санаа, шийдэл  зэрэг үзүүлэлтээр дүгнэв.
     Дээрх шалгаруултаар цех хэлтсүүдийг 3 бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр  бүлгээс тэргүүн байранд Авто тээврийн байгууллага шалгарч,  1 000 000  төгрөгөөр, дэд байрт   Баяжуулах үйлдвэр удаалж, 800000 төгрөгийн шагнал тус тус хүртэв. Тусгай байранд  Ил уурхайн хамт олон шалгарч,  зургаан зуун мянган төгрөгөөр шагнуулжээ. Уралдааны хоёрдугаар бүлгээс тэргүүн байранд  Тээвэр ложистикийн алба, дэд байрт  Цахилгаан цех, тусгай байранд  Засвар монтажийн цех шалгарсан бол гуравдугаар бүлгийн эхний байруудыг  Үйлчилгээ аж ахуйн алба, Сэлэнгэ амралтын баазын хамт олон эзэллээ. Мөн “Эко-орчин-2018” уралдааны хүрээнд “Хог бол баялаг” сэдэвт шилдэг эссе бичлэг,  үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийн дүр зургийг харуулсан шилдэг гэрэл  зургийн бүтээлийг шалгаруулан  шилдгүүдийг тодруулав.

 


 


     Уул уурхайн металлурги, эрдэс боловсруулалтын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Финлянд улсын “Outotec” компанийн удирдлага болон мэргэжилтнүүд  Эрдэнэт үйлдвэрт ажлын айлчлал хийв. Эрдэнэт үйлдвэр тус компанитай 1992 оноос хамтран ажиллаж эхэлжээ. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд  хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн онд тус үйлдвэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймагт зохион байгуулсан юм. Форумд  ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Европын 14 орны уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэр үеэр уул уурхайн салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч Финлянд улсын  Оutotec компанитай  уулзалт зохион байгуулахаар   шийдэлд хүрчээ.  Тэгвэл уг хамтын шийдвэр бодит биелэлээ олж, “Эрдэс боловсруулалт, металлургийн  дэвшилтэт технологиуд” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт  үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцдаг  инженер техникийн ажилтан, судлаачид оролцож,  шинэ технологийн талаар номын дуу сонссон байна.
     “Outotec”компани нь дэлхийн 50 гаруй  оронд өөрийн салбар байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтанд  Финлянд, Герман, Чили зэрэг 5 улсын салбарын төлөөлөл хүрэлцэн иржээ. Тэд  “Нунтаглалтын технологийн орчин үеийн шийдлүүд”, “Флотацийн  технологийн сүүлийн үеийн  хөгжүүлэлт болон  баяжуулах үйлдвэрийн оновчлол, боломжууд”, “Усгүйжүүлэлтийн дэвшилтэт технологиуд”, “ Өтгөрүүлэгчийн шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, шинэ мэдээлэл хүргэв. Тус компани нь 100 жилийн түүх, ажлын арвин туршлагатай   байгууллага бөгөөд дэлхийн 80 гаруй улсад  тус компанийн тоног төхөөрөмжүүд  суурилагдсан  байдаг аж. 2013 онд манай улсад “Outotec Mongolia” компанийн салбар нээгдсэн нь Эрдэнэт үйлдвэртэй  хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд илүү өргөн боломж бүрдүүлж буйг энэ үеэр мэргэжилтнүүд онцлов. 

 

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, хөтлөгч, МУСТА Пүрэвийн Энхтуяа “Гэгээн үдэш” уран бүтээлийн анхны цэнгүүнээ энэ сарын 22-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулна. Тус цэнгүүн нь тайз, дэлгэц хосолсон анхны уран бүтээл болж байгаагаараа онцлогтой юм. Энэ талаар өнөөдөр болсон Хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийлээ. Тоглолтонд МУУГЗ Г.Чулуунбат, МУГЖ Л.Чулуунчимэг, МУСТА Д.Март, МУСТА Я.Гэрэлчулуун нарын болон дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид оролцоно. П.Энхтуяагийн “Гэгээн үдэш” цэнгүүнээр UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоу нэвтрүүлэг, тайзнаа тоглолт болон амилна.
     Эрдэнэтийн телевизийн салбарын анхдагчдийн нэг, МУСТА П.Энхтуяа нь 29 дэх жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сонсогч, үзэгчдэд зориулан олон арван мэдээ, сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг хүргэсэн. Мөн 2013 онд “Миний өгүүлсэн хорвоо” нэртэй шилдэг өгүүллэгийн аудио цомог, 2015 онд “Хуран мэдэхүйн зам” нэртэй дурьдатгал, түүхийн нийтлэлийн эмхэтгэл, 2018 онд “Насны цөвийг амирлуулагч гурван бурханы судар”, “Ловон Бадамжунай” хос цомгийг бие даан гаргаж байсан.  

 


У.Цэрэнбат
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан тус компанийн Залуучуудын холбоо, Монголын оюун ухааны академи, “Уурхайчин” соёлын ордон хамтран энэ сарын гуравны өдөр “Оюунлаг залуу-2018” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уурхайчин залуус оролцсон анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн бүх цех, нэгжээс шалгарсан шилдэг 12 баг оюуны бяд шалган өрсөлдөв. “Оюунлаг залуу-2018” тэмцээний тэргүүн байрт С.Буяндэлгэр ахлагчтай Ил уурхайн баг шалгарлаа. Дэд байрт Лаборатори судалгааны төвийн “Сэтгэмж”, гуравдугаар байрт Дулааны цахилгаан станцын “Мегаватт”, Геологи хайгуулын ангийн “Geomind” баг орж, тусгай байрт Баяжуулах үйлдвэрийн “5x5”, “Эрдсүлж” ХХК-ийн “Оюуны бядтай залуус”, Төслийн менежментийн хэлтсийн “Оюуны уурхай” баг тус тус шалгарсан байна.


У.Цэрэнбат


 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, үйлдвэрийн тэргүүний уран сайханчид өнөөдөр тус ордны 40 жилийн ой, өвөл цагийн соёл урлагийн ажлыг нээлээ. Ордны хоймор залрах “Янжинлхам” бурханд хүндэтгэл үзүүлэн цэнгүүлснээр түүхэн баярын үйл ажиллагаа эхлэв. Өнөөдөр тус хамт олон түүхэн үзэсгэлэн гаргаж, баярын хурлаа хийж байна.

У.Цэрэнбат

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн ажилтнууд Говил багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уул уурхайн компанийн үйлдвэрлэлээс үүсдэг хаягдал булинга,  элс нь хавар, намрын хуурайшилт, салхины хурд ихтэй үед цагаан тоос болон дэгдэж, Баянцагаан, Говил багийн нутаг дэвсгэрт тархдаг. Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах богино хугацааны дэд хөтөлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран 2006-2015 онд хэрэгжүүлсэн. 2018-2021 онд Орхон аймагт хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан, хамтарсан ажлын хэсэг боловсруулжээ. Хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах тус уулзалт Орхон аймгийн Жаргалант сумаас эхэлсэн бол Говил багт үргэлжилсэн. Удахгүй Баянцагаан багийн иргэдтэй уулзалт хийх юм.

 

У.Цэрэнбат

 

Урлаг, соёлын салбарт олон жил тасралтгүй хөдөлмөрлөнө гэдэг хувь хүний эр зориг, авъяас билэг, сэтгэл зүтгэл сорьсон чанга даваа. Энэ давааг давсан хүн л олны дунд хүндлэгдэж явдаг. Ийм нэгэн уран бүтээлч бол Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүний хоёр дахь бие даасан тоглолт энэ сарын 17-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд болно. “Хувь заяаны галт тэрэг” тоглолтонд Монголын урлаг, соёлын салбарын, олны танил хамтлаг дуучид оролцох юм байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилтнууд өнөөдөр ноцтой эрсдэлийн удирдлагын менежментийн сургалтад хамрагдлаа. Тэд энэхүү сургалтаар 2014 оноос тус менежментийг хэрэгжүүлж эхэлсэн “Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоо хариуцсан менежер, өндөр эрсдэлийн зөвлөхөөр хичээл заалгаж, дадлага хийв. Уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-т ноцтой эрсдэлийг удирдах менежментийг 2016 оноос Баяжуулах фабрик, Засвар монтажний цех хэрэгжүүлж эхэлсэн бол Ил уурхай, Авто тээврийн байгууллагын хамт олон үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд ажлын байранд учирч болох ноцтой эрсдлийг урьдчилан удирдах арга барилыг эзэмшиж байна.

У.Цэрэнбат

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Найрамдлын өдрүүд  10-р сарын 5-аас эхлэн сарын хугацаанд үргэлжлэв.  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс  58 дахь жилийн  найрамдлын өдрүүдийн хүрээнд ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн багачуудын дунд олон талт үйл ажиллагааг  зохион байгуулсан юм.

Мөн тус нийгэмлэгээс Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОХУ-ын кино өдөрлөгийг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б. Мажинбуу нээж, мэндчилгээ дэвшүүлж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын дэд консул Кузнецов Дмитрий Николаевич нарын зочид ОХУ-ын мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдөрлөгийн үеэр  ОХУ-ын  “Российскийн рененссанс” кино наадамд оролцсон ОХУ-ын  уран бүтээлчдийн тоглолт, “Дурлалын бооцоо”  инээдмийн  шинэ киног үзэгчдийн хүртээл болгов. Мөн “Кавказад болсон явдал”  киноны гол дүрийн жүжигчин  Н.В.Варлей  хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан юм. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа 200 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцож, Оросын уран бүтээлчдийн шилдэг тоглолтыг үзэж сонирхов.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог