Өглөөний сэргээш цуврал контент #20: Дашцэрэнгийн ТӨГСБАЯР Онцлох

22 5-р сар 2020 12:00
323 удаа үзсэн

Төгссөн сургууль:

1998 онд ШУТИС-ийн МТС-д хими технологич мэргэжлээр бакалавр, 2002 онд МТС-д техникийн ухааны магистр, 2010 онд КТМС-д үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэжил:

Химийн технологич

Ажилласан туршлага:

1998 онд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орсноос хойш эдүгээ 22 дахь жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд ОХУ-ын Москва хотноо химийн лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр, 2012 онд Сингапур улсад ISO чанарын стандартын чиглэлээр, 2019 онд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станцын химийн инженерээр ажиллаж байсан тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Лабораторийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байна. Өөрийгөө чадваржуулж, үйлдвэрлэлд үр өгөөжтэй ажил хийхийг зорьж яваа түүний томоохон оролцооны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд энэ оны сүүлчээр хэрэгжих “Химийн бодис, урвалжийн менежментийг сайжруулах” төсөл юм. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн энэхүү төслийн баг тайлангаа тавих бэлтгэл ажилдаа оржээ. Химийн инженер мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрэгтэй газарт нь харуулж, бодит ажил болгох нь түүний чин хүсэл билээ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын Уур усны лабораторийг MNS ISO/IEC17025:2018 стандартын түвшинд хүргэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын итгэмжлэгдсэн  лабораториудын  нэг болгохоор хичээн ажиллаж байна.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хөгжим, кино бол миний амьдралын сэргээш. Мөн хамгийн ойр байдаг гэр бүл, хамт олноосоо урам зориг, эрч хүч авдаг даа.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Аливааг шинжлэн судлахад чиглэсэн,  химийн шинжлэх ухаан нь дэлхий нийтэд хурдацтайгаар хөгжиж, шинэ шинэ технологиуд гарч байгаа нь,  мэргэжлийн биднээс өөрийгөө хөгжүүлэх, маш их уншихыг шаарддаг. Тиймээс ч уншихгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Уур усны лабораторийг итгэмжлэлд оруулна. Бид энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраар итгэмжлэл хийлгэхээр ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн төслийн ажлаа хийж дуусгана даа.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их чухал үг санагддаг. Эрүүл гэдэг үгэнд хүний бие бялдрыг хамааруулахаас гадна, сэтгэл санаа эрүүл саруул байх нь чухал юм. Хүмүүс бие бялдрын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ч сэтгэл санааны эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь бий. Сэтгэл санааг эрүүл саруул байлгах нэг гол хүчин зүйл нь сэтгэл судлал гэж боддог учраас сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр илүүтэй судалж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн алдартай хөгжимчдийн тоглолт үзэхийг мөрөөддөг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Бусдад түвэг учруулахгүй ажиллаж, амьдрах л хэрэгтэй.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Мэдээж, энэ бол миний мөрөөдлийн ажил. Би сурагч байхын л химийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их сонирхолтой шинжлэх ухаан шүү. Өнөөгийн залуусыг ажиглаад байхад ажилдаа дургүй, аливаад ял авсан юм шиг ханддаг. Хүн өөрийн ажлыг аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч, түүнийгээ хийж хэрэгжүүлснээр жинхэнэ утгаар нь ажилдаа дурладаг болов уу. Сэтгэлээсээ хийсэн ажил үр шимээ өгдгийг мартаж болохгүй.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олон талын боломжийг нээж өгдөг. Миний хувьд хамт олон, нийгэмд хувь хүн өөрийгөө хэрхэн, яаж авч явахыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа л сурсан. Эхний 15 жил өөрөөсөө  ах хүмүүстэй ажиллаж байсан бол сүүлийн 6 жил дандаа залуучуудтай ажиллаж байна. Энэ хоёрын хооронд маш их ялгаа харагддаг. Аль ч насны хүнийг ойлгож ажиллана гэдэг л надаас их зүйлийг шаарддаг.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 5-р сар 2020 09:13
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог