Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ Онцлох

21 2-р сар 2020 12:00
1634 удаа үзсэн
Төгссөн сургууль:

1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Мэргэжил:

Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр.

Ажилласан туршлага:

1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Чин хүсэл:

Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?

-Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 21 2-р сар 2020 03:51
Үнэлэх
(4 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог