Өглөөний сэргээш: Ганболдын БОЛДХУЯГ Онцлох

06 12-р сар 2019 12:00
909 удаа үзсэн
Төгссөн сургууль:
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005-2006 онд Түгээмэл баяжуулагч мэргэжлээр төгссөн.

 
Мэргэжил:
Тээрмийн машинч

 
Ажилласан туршлага:
2007 оны 6 дугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт баяжуулагч, 2007 оны 10 дугаар сараас одоог хүртэл тээрмийн машинч

 
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2014-2016 онд “Газарчин” дээд сургуульд Уул уурхайн баяжуулалтын технологич мэргэжлээр суралцсан.

 
Чин хүсэл:
Аливаа ажлыг хийж байгаа хүнд туршлага чухал бөгөөд тэрхүү туршлагыг ажлаасаа олж авсан Г.Болдхуяг үйлдвэрийн өнөөгийн нөөц бололцоонд тулгуурлан хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлж, зардал бууруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын төлөөлөл билээ. Тэрээр үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа бүрэн дүүрэн дайчилж, эргээд харахад бүтээсэн зүйлтэй байхыг эрмэлзэн, чин сэтгэлдээ итгэлийн оч бадраан яваа шинийг сэтгэгч залуусын нэг.

 

 
-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?
-Өглөө бүр аль болох эрт сэрж, орой эрт унтахыг хичээдэг. “Хүн үхэхдээ мөнх унтахаас хойш оршин байх цаг хугацаандаа бага унтаж бай” хэмээсэн Солонгосын нэгэн удирдагчийн үг бий. Хоногийн 24 цагт 6-7 цаг унтах нь хангалттай гэж боддог. Харин ажилдаа гарахаас өмнө өглөөний цайгаа ууж хэвшсэн. 
 
-Таны амьдралын сэргээш юу вэ?
-Намайг урам зориг, эрч хүчээр тэтгэдэг эхний зүйл нь миний гэр бүл гэж хэлмээр байна. Эхнэртэйгээ арваад жилийн өмнө гэр бүл болж, хоёр хөөрхөн хүүтэй болсон. Тэд бол миний амьдралын хамгийн том хөрөнгө. Харин хоёр дахь сэргээшийг ажлын хамт олноо гэж боддог. Өчигдрөөс өнөөдөрт хүрэх замд тэд хамгийн их түшиг тулгуур болж, хийж бүтээх урам өгсөөр ирсэн.
 
-Таны эзэмшсэн ажил, мэргэжлийн онцлог юу вэ?
-Манай хэсгийнхэн их онцлог ажилтай. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгээс ирж байгаа хүдрийг нунтаглаж, баяжуулаад зэс, молибденыг ялган, Шүүн хатаах хэсэг рүү дамжуулдаг. Энэ утгаараа хамгийн гол хэсэг ч гэж нэрлэж болох юм. Миний хариуцсан ажлын хувьд ашигтай эрдсийг хоосон чулуулгаас бүрэн салгаж, нунтаглаж өгөх үүрэгтэй. Манай хэсэгт нэгдүгээр шатны 9, хоёрдугаар шатны 13 тээрэм ажиллаж, хүдрийг хоёр дамжлагаар нунтагладаг. Ингэхдээ нэг тээрмийн хүдрийн дундаж ачаалал 289 тонн/цаг гэж бодвол 9 тээрэм цагт 2500-2700 тонн хүдэр нунтагладаг гэсэн үг юм. Баяжуулалтад бэлтгэх энэхүү үйл явц нь нийт зардлын 80 орчим хувийг эзэлдэг тул бидний ажил маш өндөр хариуцлагатай. Тээрмийн машинч мэргэжлийн эзэд нь зөвхөн эрчүүд байдаг учраас эзэмшсэн ажил мэргэжлээрээ үнэхээр их бахархдаг. Бэрхшээл олон гардаг ч, багаараа ажилласан цагт тэр бүхний ард төвөггүй гарч чадах итгэл сэтгэл бидэнд бий. 
 
-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?
-Аливаа ажлыг хийхэд тухайн хүний сэтгэл, ажилдаа хандах хандлага маш чухал байдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Саяхан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 1000 инженерийн чуулга уулзалт зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын дөрөвдүгээр хувьсал болох дижитал шилжилтийн талаар ярилцлаа. Миний бие тус хуралд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдтэй мөр зэрэгцэн оролцсон. Үйлдвэр маань зогсолтгүй ажилласаар 41 жилийг үдэж байна. Нэгэн үеийн ахмадууд халаагаа өгч, залуучууд уул уурхайн салбарт хүч түрэн орж ирлээ. Техник технологийн эринд амьдарч байгаа бидэнд цаг үеэсээ  хоцрох эрх байхгүй, харин ч шинэлэг зүйлсээс суралцаж, Эрдэнэт үйлдвэрт ололттой бүхнийг нэвтрүүлэх нь чухал гэж ойлгож байна. Хэлний боловсролоо дээшлүүлж, өөрийн хувь нэмрийг оруулах болно. 
 
-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
-Миний аав ахмад уурхайчин хүн бий. Одоо гавьяаны амралтандаа энх тунх жаргаж, залгамж халааг нь хоёр хүү нь авсан юм. Миний дүү Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт ажилладаг. Аав биднийг бага байхаас “Ямар ч ажлыг голж болохгүй” гэж сургадаг байж билээ. Би алдарт зохиолч Шекспирийн “Өөрийнхөөрөө байх, итгэсэн хүндээ үнэнчээр зүтгэх, шударга хүнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хүнээс суралцах, нийтийн санаа бодолтой зохицох, ямар ч аргагүй болсон нөхцөлд сэлэм зөрүүлэх” гэсэн үгсийг хэлэх дуртай. 
 
-Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнийг та хэрхэн ойлгодог вэ? Түүхэн ойд зориулсан таны сэтгэлийн үг? 
-Эрдэнэт үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот бий болсон. Жилээс жилд барилга байгууламж нэмэгдэж, хүн амын тоо өссөөр байна. Эрдэнэтийн Овооны ордын батлагдсан нөөцөөр 60 жил ажиллах боломжтой хэдий ч байгалийн баялаг гэдэг зүйл хэзээ нэгэн цагт шавхагддаг нь маргаангүй юм. Тиймээс ирэх 60 жилд Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон үйлдвэр бүтээн цогцлоох хэрэгтэй гэж бодож байна. Бид цаашид зэс, молибденыг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэх бодлого баримтлах хэрэгтэй байх. 41 жилийн тэртээ байгуулагдсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр овоглосон мянга мянган уурхайчиддаа баярын мэнд дэвшүүлье. Бид цаг хугацаа, цадиг түүхийн үргэлжлэл болон ажиллаж, баялаг бүтээгчдийнхээ суу алдрыг өндөрт өргөж явах болно.
 
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 06 12-р сар 2019 01:39
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог