Баяндалайн БАЯНЖАРГАЛ Онцлох

25 10-р сар 2019 12:00
863 удаа үзсэн

 

Овог нэр:

 

Баяндалайн БАЯНЖАРГАЛ

Төгссөн сургууль:

Дархан-Уул аймгийн Технологийн их сургууль

Мэргэжил:

Машин үйлдвэрлэлийн технологи инженер

Ажилласан туршлага:

2000 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Засвар механикийн заводод токарьчнаар ажилд орсон. Эрдэнэт үйлдвэрт токарьчин, мастер, хэсгийн даргаас Механик цехийн орлогч дарга хүртэл 19 дэх жилдээ дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Удирдлагын академийг Бизнес удирдлагын менежер, 2011 онд Дархан-Уул аймгийн ТИС-ийг Машин үйлдвэрлэлийн магистр, 2012 онд ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн докторантур, 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер

Чин хүсэл:

Грат-1400 маркийн булингийн шахуурга 3-4 жилийн өмнө 120-160 цаг ажилладаг байсныг ЗМЗ-ын Механик цех болон Цутгуурын цех,  Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажиллагсад 360 цаг болгож нэмэгдүүлсэн. Жилийн ашиг нь тухайн үеийн ханшаар 5.2 тэрбум төгрөгт хүрч, 2016 оны “Инноватор” цом авсан энэ томоохон ажилд Монгол Улсын Оюуны өмчийг хамгаалах газар патентийн эрх олгосон байдаг. Тэр Эрдэнэт үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлахаар итгэл төгс алхаж яваа чадварлаг инженерүүдийн нэг.

 

1. Танд өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

   -Өглөө сэрээд хамгийн түрүүнд 1-2 аяга ус уудаг дадалтай болсон. Хүн аливаа шинэ зүйлийг дадал хэвшил болгоход 30 хоногийн хугацаа хэрэгтэй гэж сонсож байсан. Харин орой гэрийнхээ босгоор алхаад л “Сайн уу, аавын хүүхдүүд” гэж мэндлээд, бага хүүгээ заавал үнсдэг. Хэдийгээр ажил дээр тодорхой үүрэг хүлээсэн албан тушаалтай ч хүүхдүүддээ бол аав нь шүү дээ. Тэр утгаараа хайр халамжаа өдөр бүр мэдрүүлэхийг хичээдэг. Өдрөөс өдөрт өсөж байгаа хүүхдүүдэд маань зөв үлгэр дууриал болно гэж боддог.

 

2. Сүүлийн үед хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлс?

   -Спортоор хичээллэж, эрүүл мэндийн дархлаагаа хамгаалж байна. Сүүлийн жилүүдэд нурууны өвчлөлийн талаар их ярих болсон тул аль болох сунгалт, таталтын дасгал хийхийг хичээж байгаа.

 

3. Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

   -Эзэмшсэн мэргэжил, Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг ажилчид, түүний дотор Механик цехийн инженер техникийн ажилтнуудаас урам зориг авдаг. Ер нь мундаг шүү, манайхан. Сүүлийн жилүүдэд Монгол орныхоо сайхан байгаль, хээр талаар аялаж, төрсөн нутгийнхаа газар шороо, уул уснаас адис авдаг болсон. Мөн өдрийн сайныг харан байж, Эрдэнэт уулынхаа овоон дээр гарч эрч хүчээ авдаг.

 

4. Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?

   -Эрдэнэт үйлдвэрийн үндсэн дөрвөн цехийн нэг болох Засвар механикийн завод нь 600 гаруй ажилтан ажиллагсадтай. 1980-аад оны үед ахмад үеийнхэн маань ОХУ-ын Нива маркийн автомашинтай адил төрлийн техник үйлдвэрлэсэн байдаг. Фото зураг нь одоо ч архивт бий. Харин бид трактор, чиргүүл угсарч үзсэн. Мэдээж мэргэжил бүр өөр. Миний эзэмшсэн мэргэжил, гүйцэтгэж байгаа албан тушаал хувь хүний техник сэтгэлгээг илүүтэй хөгжүүлдэг.

 

5. Хамт олноороо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

   -Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн КСД-2200 маркийн конусан бутлуур хуучирч, элэгдэл ихтэй болсноос зарим эд анги нь хагарч нөөцгүй болсон тухай мэдээлэл авсан. Үүний нэг нь “Подпятник” гэдэг эд анги. Импорт орлох энэ бүтээгдэхүүнээс гурван ширхгийг хийх захиалга ирсний дагуу бид ажилдаа ороод байна. Ингэхдээ хамгийн хялбар, богино хугацаанд цехийнхээ техникийн нөхцөлд хэрхэн хийж болох вэ гэдгийг их судаллаа. Улмаар дахин хайлуулах төмөр бэлтгэх тасгаас КМД конусан бутлуурын элэгдсэн эд анги олж, түүнийгээ ажлын зургийн дагуу зорж боловсруулан, Б83 маркийн баббитаар шавах ажил хийж байна. Анх удаа хийж байгаа ажил тул импортын үнэ, өөрийн өртгийг нь хараахан судалж амжаагүй ч удахгүй тооцоолол хийгдэх байх. Ирэх 7 хоногт захиалгын дагуу Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өгнө.

 

5. Залуучуудад өгөх таны зөвлөгөө?

   -Би 1993 онд 8-р ангиа төгсөөд Дарханы ТИС-ийн лицейд 20 хүүхэд авах шалгаруулалтын дагуу Машин үйлдвэрлэлийн технологи инженерийн мэргэжлийг сонгож байлаа. Миний төсөөлсөн мэргэжил мөн байсан. Өнөөдөр яагаад ч юм, өөр ажил хийж чадахгүй юм шиг санагддаг. Өнөөгийн хүүхдүүд “Шинэ цагийн Монгол залуучууд” гэсэн гоё нэр томъёотой болжээ. Үйлдвэрийн нийт ажилтны 60-70 хувь нь үндсэндээ шинэчлэгдлээ. Залуучууддаа хандаж хэлэхэд, “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчилэн энэ сайхан үйлдвэрт орсон л бол бүх дүрэм журмыг биелүүлж, дунд, ахмад үеийнхний хэлсэн үгийг дааж, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй. Зөв төлөвшсөн бие хүн болох нь маш чухал тул “Өөрчлөлтийг өнөөдөр өөрөөсөө эхлээрэй” гэж хэлэхийг хүсэж байна.  Мэдээж эхлэл нь аливаад хандах хандлага юм шүү.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 25 10-р сар 2019 07:49
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог