×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

С.ДАВААНЯМ: Энэ жилээс инженерийн бэлтгэл анги нээнэ Онцлох

21 8-р сар 2017 12:00
96 удаа үзсэн
 
 
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ цаг үед Технологийн сургуулийн захирал С.Даваанямтай уулзаж оюутан, сурагчдаа хүлээн авах бэлтгэл хэр хангагдаж буй талаар ярилцлаа.
 
    -Танай сургууль хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хэр базааж байна даа?  
   -Манай хамт олон оюутнуудад суралцах таатай орчин бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ихээхэн хөрөнгө гаргаж оюутны дотуур байрыг засварлалаа. Хөрөнгө мөнгө шийдэж өгсөн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, сургуулийн удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр, Эдийн засаг эрхэлсэн орлогч Ж.Эрдэнэбилэг нарт талархсанаа илэрхийлье. Бид мөн хичээлийн байраа засварлалаа. Ингэхдээ зардал хэмнэх үүднээс өөрсдөө Эрээнээс барилгын материалаа татаж, багш, ажилчдаар барилгын бригад байгуулан засвараа хийсэн. Найман анги шинээр бий болгон тохижуулж байна. Ширээ сандал, тавилга сэлтийн мөнгө шийдэгдэх шатандаа явж байна.  
   -Тулгамдаж буй ямар асуудал байна?
   -Удирдлагын бүтэц тогтолцоог өөрчлөхтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй байна. Энэ асуудлыг шийдүүлэх гэж би өдөр бүр “Гендирекц”-ээр таваргаж явна. Эдийн засгийн хэлтэс, Хууль эрх зүйн газар бие бие рүүгээ түлхээд  болж бүтэж байгаа юм алга.  
   -Бүтцээ шинэчилж, орон тоо нэмүүлэх гэсэн юмуу?
   -Нэг ч орон тоо нэмүүлье гээгүй. Манайх бүтээмжийн, ХАБЭА-н, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн, бакалаврын, магистрын гээд олон сургалттай. Иймээс эднийг зангидсан нэгдсэн сургалтын албатай болъё, хоёрт эрдэм шинжилгээ, судалгааны бүтэцтэй болъё, гуравт чанарын менежментийн тогтолцооны албатай болъё л гэсэн юм. Энэ талаар удирдлагуудад танилцуулсан. Ерөнхий захирал хагас жилийн тайлангийн хурал дээр наймдугаар сарын найман гэхэд шийд гэж дээрх хэлтсүүдэд үүрэг өгсөн. Гэтэл одоо Эдийн засгийн хэлтэс нь дүрмээ эхлээд батлуул, Хууль эрх зүйн газар нь бүтцээсээ эхэл гээд бие бие рүүгээ цаас шидэлцэх юм. Эндээс харахад манай үйлдвэрт дэндүү гажиг тогтолцоо бий болсон байна. Ийм байдал үргэлжлэх юм бол гамшиг нүүрлэнэ шүү гэдгийг сониноор дамжуулан хэлчихье. 
   -Энэ хичээлийн жилийн онцлогийн талаар...? 
   -Элсэлтийн босго оноо ШУТИС-ийнх 450 байсан бол бид 500-аар тогтоосон.  Зарим хүмүүс ийм өндөр босготой сургуульд хүүхэд элсэх үү гэж итгэж ядсан.  Гэлээ ч манай сургуулийг хүүхдүүд сонгож, бид төлөвлөсөн элсэлтээ авч чадсан. Бүртгэл наймдугаар сарын 21-нд эхэлнэ. Одоогоор төдөн хүүхэд элсэж орно гэж хэлэх арай эрт байна. Бид энэ жилээс инженерийн бэлтгэл анги нээсэн нь онцлогтой. 12-р анги төгссөн хүүхдүүдийг элсүүлэх юм. Орос, англи, герман хэл дээр хичээл орно. Гадаадын их дээд сургуульд суралцах эрмэлзэлтэй хүүхэд их болсон ч тэдэнд хэлний мэдлэг дутмаг байна. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн инженерийн бэлтгэл ангийг нээсэн. Сургалтын  70-80 хувьд нь гадаад хэл, 20-30 хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч амжаагүй мэдлэгийг сэргээн нөхнө. Өөрөөр хэлбэл оюутан болоход нь  жилийн хугацаанд бэлтгэнэ гэсэн үг. Манай сургуульд орохыг хүсвэл шалгалтгүй элсүүлж, гадаад хэлний хичээлийн кредитийг тооцно. Тэгэхлээр 12 кредитийн мөнгө хэмнэнэ гэсэн үг. 
   -Энэ сургалтанд хүрэлцэх боловсон хүчин бий юу?
   -Англи хэлийг Энхтайвны корпусын шугамаар ажиллаж буй гадаад багш нар заана. Харин Герман хэлийг монгол багш заана. Мөн Хамтын нөхөрлөлийн байгууллагын шугамаар герман багш авахаар хөөцөлдөж байгаа. Эрхүүгийн Их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд багш урьсан. Мөн Оросын Соёл шинжлэх ухааны төвтэй байгуулсан гэрээний дагуу ном, сурах бичиг, гарын авлага үнэ төлбөргүй өгнө. Орос хэлний мэргэжлийн багш манайд ажиллуулна гэсэн. Тэгэхлээр орос хэлний багшлах боловсон хүчин хангалттай.  
     -Танайх гадаадын сургуулиудтай хэрхэн хамтран ажиллах вэ?
   -Манай сургуульд хамтарсан хөтөлбөрүүд бий. Эрхүүгийн Техникийн их сургууль,  Уралын их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургууль, Канад улсын Бритиш Колумбын их сургуультай хамтын ажиллагаатай. Эдгээр харилцаагаа бэхжүүлэн ажиллана. 
     - Технологийн сургуулийн гол зорилт юу вэ?
    -Бид  Технологийн сургуулийн ажил үйлчилгээний  чанарыг өндөр түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна. Учир нь Эрдэнэтийн ирээдүй Эрдэнэтийн хүүхдүүдээс хамаарна.  Эрдэнэтийн хүүхдүүд өндөр боловсролтой, хүмүүжилтэй байж  энэ үйлдвэр, хотын  хөгжил цаашдын хувь заяаг шийднэ.  Эрдэнэт хотод дэлхийн боловсрол олгох таатай орчинг манай сургуульд  бий болгох хэрэгтэй.  Бидэнд нөөц бололцоо бий. Манайх Эрдэнэт үйлдвэр хэмээх ханхар “аав”,  ШУТИС гэх хүчирхэг “ ээж”-тэй, Ш.Отгонбилэг хэмээх сайн хүний нэрээр нэрлэгдсэн. Эрдэнэтийн асуудлыг зөв сайн, чанартай шийдэхэд манай сургууль томоохон хувь нэмэр оруулах учиртай. Иймээс бид сургалтын чанараа дээд түвшинд хүргэхийг хичээнэ. Орчин нөхцөл ч тийм түвшинд байх ёстой. Гэтэл сүүлийн гурван жилд Технологийн сургуульд хөрөнгө оруулалт огт хийгдээгүй. Эргэлтийн хөрөнгөө л дөнгөж авч байсан байдаг. Оны эхний хагас жилд л гэхэд манай сургууль 185 сая төгрөг хэмнэсэн. Энэ хэрээр хөрөнгө оруулалт буурч, сургалтын орчин таатай болгох, сургалтын чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг.  Манай сургуулийг төгсөгч  100 хувь ажлын байртай болох ёстой. Бид үүнд хариуцлага хүлээж, ажлын байранд зуучлах, гарааны компани байгуулах зэргээр төгсөгчдийнхөө ирээдүйн төлөө санаачилгатай хандах үүрэгтэй гэж боддог. 
 
Я.ЭНХТУЯА
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог