×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Технологийн сургуулийн шилдэг төгсөгчид оюутны элсэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ Онцлох

17 4-р сар 2017 12:00
539 удаа үзсэн

    

     Саяхан Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал С.Давааням үе үеийн сор төгсөгчдөө урьж уулзлаа. Тэдний дунд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга, Олон улсын хэмжээний мастер, Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсгийн дарга нар байв.  

     Сүүлийн жилүүдэд Технологийн сургуульд элсэгчид цөөрч, төлөвлөсөн оюутны тооноос 2-3 дахин багассан нь удирдлагын багийн санааг зовоох болжээ. Иймээс Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож буй энэ цаг үед сургуулиа олон нийтэд хэрхэн сурталчлан таниулж элсэгчид татах талаар төгсөгчид санал бодлоо солилцсон юм.
     Ярилцлагын эхэнд шинээр томилогдсон хуучин захирал С.Давааням сургуулийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан. Түүний хэлснээр “Сайн аавтай”-н хүчинд сургалтын үйл ажиллагаа доголдохгүй, багш нар цалингаа цагт нь авч яваа аж. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн нэг цех гэдэг утгаараа шат дамжлага ихтэй. Тухайлбал самбарын үзэг авахын тулд 16 хүн дамжин гарын үзэг зуруулж асуудлыг сая шийдэх жишээтэй. Өөрөөр хэлбэл боловсролын хуулиар олгосон эрхийг сургуулийн захирал, хамт олон эдэлж чаддаггүй. Гэхдээ өнөөдрийн хувьд Технологийн сургууль бие даан үйл ажиллагаа явуулах чадамж муу байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэрийн харьяанаас гарах боломжгүй. Сургууль хөл дээрээ зогсох хүртлээ үйлдвэрээс татаас авсан хэвээр сургалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь орон нутгийн хөгжилд болоод олон түмэнд өлзийтэй. Харин алсдаа бие даасан “Эрдэнэт” технологийн дээд сургууль хэлбэр рүү шилжих нь зүйтэй гэж сургуулийн удирдах зөвлөл, хамт олон үздэг тухай тэрээр ярилаа. Харин Технологийн сургуулийн шилдэг төгсөгчид оюутны элсэлтийг нэмэгдүүлэх талаар ийн хэлэлцэв.

    Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, ХМТАЦ-ийн орлогч дарга И.ХҮРЭЛЧУЛУУН:
     -Би Технологийн сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн 4-р сард сонгогдсон. 1996 онд дээд мэргэжилтэй инженер бэлтгэх анхны ангийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдаас бүрдүүлэхэд орж Ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжлээр суралцаж төгссөн. Манай сургууль  40 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт 80 мянга гаруй мэргэжилтэй ажилтан, 1500 гаруй бакалавр, 300-аад магистрын зэрэгтэй инженер бэлтгэн гаргасан баялаг туршлага хуримтлуулсан эрдмийн өргөө. Эрдэнэтийн Технологийн сургуулийг сонгох олон шалтгаан бий. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй урамшуулал, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой, суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлд амжилт үзүүлсэн төдийгүй спорт, урлагийн төрөлд амжилт гаргасан оюутанд “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит хөнгөлөлт үзүүлдэг, онцлох дипломтой төгсөгчид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах батламж гарддаг зэрэг олон боломж нөхцөл байдгийг сурталчлах хэрэгтэй.
     Технологийн сургуулийн багш М.ДОРЖ:
     -Би Технологийн сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа Улсын болон ШУТИС-ийн химийн олимпиадуудад түрүүлж, паурлифтингийн олон улсын хэмжээний мастерын болзол хангасан. 2016 оны дэлхийн аварга, дэлхийн үнэмлэхүй аваргын тэмцээнд оролцож дэлхийн рекорд эзэмшсэн. Энэ сургууль намайг ингэж төлөвшүүлж хөгжүүлсэн. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль төгссөн л бол Нийслэлд эсвэл гадаадад сурах ёстой юм шиг ойлгодог. Гэтэл дэлхийн боловсролыг дэргэдээсээ хүртэх боломжтойг ер анзаардаггүй нь харамсалтай.    
     Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Э.ОЮУНБОЛД:  
     -Технологийн сургуулийн лицей анги дүүргэж, үргэлжлүүлэн суралцаад 2014 онд онцлох дипломтой төгссөнөөр “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах эрх гардсан. Суралцах хугацаандаа Технологийн сургуулиас олгодог 30 хувийн тэтгэлгийг 2 удаа, 60 хувийн тэтгэлгийг 1 удаа хүртэж сар бүр 180 мянган төгрөгийн стипендтэй сурч байлаа. Энэ жил Эрдэнэтэд 1200 хүүхэд 12-р анги төгсөнө. Түүнээс 200 хүүхэд элсүүлье. Хамгийн сайн төгсөгчийг элсүүлж сургаад ажлын байраар хангана гэсэн мессеж илгээе. Үүний төлөө сургуулийн хамт олон, “Эрдэнэт” үйлдвэр, төгсөгчдийн холбоо ажиллах ёстой. Зөвхөн уул уурхай гэж туйлшрахгүй бусад чиглэлд менежмент хийх хэрэгтэй.
     Шатрын олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спорт ордны ажилтан БАТТУЛГА:
     -Улаанбаатарын сургуулиудаас материаллаг баазын хувьд манайх илүү. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд эцэг эхээсээ хол явж сурах сонирхолтой байдаг. Гэтэл эдийн засгийн хямралтай энэ үед Эрдэнэт хотдоо хямд зардлаар чанартай боловсрол эзэмшиж дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид болон уул уурхайн бусад компанид ажиллах боломжтойг хүүхдүүд, эцэг, эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй. Манай сургуулийн ерөнхий эрдмийн сургалт сайн, маркетинг зөв хийвэл Улаанбаатарын ямар ч сургуулиас илүү санагддаг. Өнөөдөр манай ангийнхан л гэхэд бүгд ажилтай, орлоготой, сайхан амьдарч явна.
     Баяжуулах фабрикийн Хүний нөөцийн тэргүүлэх менежер Т.ТУНГАЛАГТАМИР:  
     -Би ашигт малтмалын баяжуулалтын технологийн ангийн анхны төгсөгч. 2006-2013 онд Технологийн сургуульд мэргэжлийн сургалт хариуцсан менежерээр ажиллаж байсан. Нэг талаас сургуулийнхаа ирээдүйн тухай нилээн хожуу ярьж байна уу гэж бодож байна. Сүүлийн 4 жилд Баяжуулах фабрикийн ажиллагчдын 40 гаруй хувь нь солигдсон. Үүнээс өмнө энэ асуудлыг ярих байсан. Эцэг, эхийнхээ оронд ажилд орсон хүүхдүүд өөр өөр мэргэжлийн байгаа. Хамтын гэрээний заалтыг бодолцож эртхэн харсан бол эдгээр хүүхдүүд мэргэжлийн чиглэлээ ийш хандуулах байсан болов уу. Энэ нь үйлдвэрийн ирээдүйд ч өгөөжтэй байх байсан. Гэхдээ хожуу ч гэсэн эхлүүлж  байгаа нь сайн хэрэг. Сургалтын үйл ажиллагааг үйлдвэрийн бодлоготой уялдуулах нь зүйтэй. Хүний нөөцийн хэлтэс, Хөгжлийн болон Техникийн хэлтэстэй холбогдож эрэлттэй мэргэжилтнүүдийг бэлтгэж ажлын байраар хангаж болно. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд мэргэжил сурталчлах өдөрлөгийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сор болсон төгсөгчдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэргэжлээ зөв сонгоогүй, эцэг эхийнхээ оронд түр курс төгсөж ажилд орсон өөр мэргэжилтэй хүмүүсээс сурах чиглэлийн судалгаа авч, хоёрдогч дээд мэргэжил эзэмшихэд нь Технологийн сургуульд бэлтгэх хэрэгтэй. Эчнээ, оройн сургалт явуулах бас чухал.   
     Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хорооны дарга Б.ТӨГСБАЯР:
     -Би Технологийн сургуульд урилгаар орж байсан. Энэ жил 12-р анги төгсгөх 10 гаруй сургууль Эрдэнэтэд бий. Тэдгээр сургууль дээр очоод математик, физикдээ гайгүй хүүхдүүдийг бусад сургуульд алдахаас өмнө урилга өгвөл яасан юм бэ. Зөвхөн Орхон аймагтаа бус ойрын Булган, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл гэх мэт аймгуудад сурталчилгаа хийх хэрэгтэй. Булганд гэхэд л 1000 хүүхэд төгсөж байгаа шүү дээ. Ахлах ангийн хүүхдүүдийг сургуультай танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулъя. Зөвхөн 1-р сургуульд гэхэд 12-р ангийн 20-иод бүлэг бий. Нэг өдөр нэг ангийг дагуулж ирээд сургуулийн анги танхим, дадлагын кабинетуудтай танилцуулаад явбал нүдээр үзсэн сэтгэгдэл өөр. Нэг ангиас нэг хүүхэд манай сургуулийг сонгоход хангалттай. Тиймээс элсэгчидтэй тулж ажиллах хэрэгтэй байна.
     Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.ЧАДРААБАЛ:
     -Сүүлийн үед манайд дандаа дээд боловсролтой БелАЗ-ын жолооч нар ажилд орж байна. ОХУ-д магистр хамгаалсан, удахгүй докторын зэрэг хамгаалах гэж байгаа БелАЗ-ын жолооч байна. Тэгэхээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Манай сургууль үйлдвэрлэлийн материаллаг бааз суурь сайтай ч мэргэжлийн боловсрол олгох боловсон хүчин дутмаг санагддаг. Тэгэхээр Улаанбаатарын утаан дунд байгаа чадварлаг багш нарыг татах нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Мөн бусад их, дээд сургуульд мундаг сурч байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даагаад энд сургах боломж бий юу. Манай сургуулиас чанартай бүтээгдэхүүн гарах их чухал шүү.     
     Баяжуулах фабрикийн даргын үүрэг гүйцэтгэгч М.ОТГОН:  
     -Тоо биш чанар чухал. Налайхад Германы уул уурхайн сургууль байдаг даа. Манай сургууль яг тийм болоосой гэж хүсдэг. 100 хүн биш 50 хүн элсүүлдэг. Маш өндөр төлбөртэй. Бараг 10 саяын төлбөртэй гэв үү. Хүн бүр элсэх гэж зүтгэдэг. Сургалт, хангамж сайтай. Оюутнуудаа зуны амралтаар нь, дадлагын үеэр хүссэн цагт нь гадагшаа явуулж туршлага судлуулж үзүүлдэг. Ядаж хоёр хэл дээр техникийн бичиг баримт уншаад ойлгочихдог. Сураад төгсөхөд бүх юмаа мэддэг, амьдралын хэрэгцээгээ хангах бүрэн чадвартай байх ёстой. Тэгвэл хаа холоос ч наашаа зүтгэнэ дээ.   
     Баян-Өндөр сумын Засаг дарга С.ГАНЦОГТ:
     -Манай сургуульд хэд хэдэн давуу тал бий. Би 2003 онд энэ сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн. М.Отгон бид хоёр “Эрдэнэт” үйлдвэрт 10 хоногийн зөрүүтэй ажилд орж байлаа. Хоёр сар засварчин хийгээд мастерын үүрэг гүйцэтгэгч болсон. Тэгэхэд ОХУ-ын ШУТИС төгсөөд 3 жил ажиллачихсан ах нар мастер болоогүй ээлжээ хүлээж байлаа. Мөн 3 жил ажилласан хүмүүс дараагийн шатны сургалтанд явж мэргэжил дээшлүүлдэг байсан. Бид нэг жилийн дараа ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Угтаа энэ сургуулийн төгсөгчдийг дэмжих том бодлого байсан гэж боддог. Жилд 20-30 хүн мэргэжлээ дээшлүүлэхээр орос руу явахад 70 гаруй хувь нь манай сургуулийн төгсөгчид байдаг. Өнөөдөр аймаг, орон нутгийг төдийгүй “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэлтэс, хэсгийг энэ сургуулийн төгсөгчид удирдаж байгаа нь компанийн удирдлагуудын алсын хараа төдийгүй төрөлх сургуулийн минь өгөөж буян юм. Эрдэнэт хот бол 21 аймгийн хүмүүс цугласан газар. Энэ давуу талаа ашиглах боломжтой. Би гэхэд элсэлтийн үеэр Увсад очоод сургуулиа сурталчилж болно. Түүнээс гадна манай сургууль гаднын олон сургуультай ах дүүгийн найрсаг харилцаатай. Амжилттай сурч байгаа оюутнууд 3-р курсээсээ гадаадад сурах, магистр, докторын зэрэг хамгаалах боломжтойг мөн сурталчлах хэрэгтэй. Бид орон нутагтаа сурч байгаа оюутнуудаа дэмжих бодлого барина. Эхний ээлжинд 9 сая төгрөг төсөвт суулгасан. Хөнгөлөлттэй цаашлаад үнэгүй суралцах боломжоор хангах хэрэгтэй.   
     Залуу металлургичдын холбооны УЗ-ын дарга Н.НЭРГҮЙ:  
     -Төгсөгч нараа сайн ашиглаж чадвал том сурталчилгаа. Оюутнуудаа үйлдвэр компаниудад сурталчилж ажлын байраар хангахад анхаарах хэрэгтэй. Дахин сургалтыг чанартай зохион байгуулах нь зүйтэй. Мөн сургалтын менежментээ сайжруулж босго оноогоо өсгөж чангаасаа дээшлүүлэх хэрэгтэй. Чанартай элсэгч-чанартай төгсөгч-чанартай амьдралын баталгаа чухал. Үүний төлөө Технологийн сургууль, Эрдэнэт үйлдвэр, Төгсөгчдийн холбоо хамтран ажиллах хэрэгтэй байна.   
     Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.ЖИГМЭДЦЭРЭН:   
     -Би энэ том сургуулийг сургалтын төв байхад сурч 1980 онд төгссөн. Манайхан том даацын машины жолооч нарын анхны төгсөгчид. Өмнө нь БелАЗ-ын жолоочийг дандаа Оросод бэлтгэдэг байсан юм. 1979 онд аав ээжээсээ зөрөн байж Эрдэнэтийг зорьсон. Тэр өдөр ямар сайхан зөв хөл дээрээ босоо вэ гэж одоо боддог юм. Тийм болохоор би хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгээд хөндлөнгөөс хэт оролцдоггүй. Төрөлх сургуулийнхаа ирээдүйг бол гэрэлтэй төсөөлдөг. Монголын уул уурхайн ганц том лаборатори сургуулийг дүүргэснээрээ бахархаж явдаг даа.
     “Эрдэнэт” үйлдвэрийн Гөн бөмбөлгийн цехийн дарга А.ОТГОНЧУЛУУН:
     -Бид нэгдмэл санаатай нэг сургуулийн бүтээгдэхүүнүүд. Би мэргэжилгүй, зэрэггүй Баяжуулах фабрикт дагалдангаар орж байсан үе саяхан мэт санагдана. Ажиллахын хажуугаар Технологийн сургуульд сурч төгссөн. Хүн бүр заавал Улаанбаатар, Бээжин, Москвад сурах албагүй. Том сургууль төгссөн болгон том явдаггүй. Харин ч би Эрдэнэтийн Технологийн сургууль төгссөнөөрөө бахархаж омогшдог. Дэлхийн топ үйлдвэрийг түшиглэн мэргэжил олгож байгаа сургууль монголд манайхаас өөр байхгүй. Давуу тал асар их бий. Зөв чиглүүлж чадвал хөгжлийн зам дардан байгаа. Ойрын хугацаанд төлөвлөгөө гаргаад Төгсөгчдийн холбоог ашиглаад компанит ажил зохион байгуулах хэрэгтэйг онцлов.
     Сургалтын дадлагыг “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдэд бодитоор хийдэг, тус компанийн дадлага туршлагатай инженер, техникийн ажилтнууд гэрээгээр багшилдаг, материаллаг бааз суурь сайтай гэдгээрээ Монголд тэргүүлэгч Технологийн сургууль элсэгч татах тактикаа ийнхүү боловсруулж эхэллээ.

 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог