• Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • “Нэг ажилтан-нэг шагай” аянд найман цех нэгджээ

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.     “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудасны хаяг: http://erdenetmc.mn Цахим шуудан:
Notice: Undefined offset: 1 in C:\inetpub\wwwroot\erdenettoday\libraries\cms\html\email.php on line 42
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 6-нд тохионо. 1913 оны  3 дугаар сарын  6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн гэж үздэг. Энэ өдрөөс хойш Монгол улсад сэтгүүл зүйн салбар хөгжсөөр өнөөдөр 103 жилийн  ойтойгоо золгож байна.
Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй  үүсч хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн Орхон аймгийн салбараас “Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн уралдаан зарласан  юм.  Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг гэрэл зургийг шалгаруулж, Уурхайчин соёлын ордонд  үзэсгэлэн  гаргалаа.
Энэ  онд Эрдэнэт хот байгуулагдсаны  40 жилийн ой, Эрдэнэтэд хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой  тохиож байна. Үүнтэй холбогдуулан  Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт хотын үүсэл хөгжлийг харуулсан “Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 4-д дэлгэлээ.  Энэ үеэр гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон шилдэг гэрэл зурагчдыг шагнаж урамшуулсан юм.
Гэрэл зургийн уралдаанд 30 гаруй хүн 100 гаруй бүтээлээ  ирүүлсэн байна. Уралдааны 3-р байрт ETV телевизийн зураглаач Э. Баярбатын Эрдэнэтийн өнөөгийн өнгө төрхийг илэрхийлсэн цуврал зургууд,  2-р байрт МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат  ажилтан, Эрдэнэт хот, Эрдэнэт  үйлдвэрийн  анхдагч О.   Зоригтын ирүүлсэн түүхэн гэрэл зургууд, 1-р байрт гэрэл зургийн сурвалжлагч  Ө.Лхагвахоролын авсан Эрдэнэт хотын үүсэл хөгжлийн тухай зургийн цомог бүтээл тус тус  шалгарлаа.

Г.Алтанцэцэг


     Нэг. Эрдэнэт ба “дайны хаялга”
 
Эрдэнэт үйлдвэр бол  нэг талаасаа хүйтэн дайны хаялга байлаа. Учир нь 1970-аад оны эхээр дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Чилид төрийн эргэлт гарч, тэндхийн Зөвлөлтлөг удирдагч Сальводар Альендагийн засгийн газар унав. Улмаар Чилийн коммунист намын удирдагч Луйс Корвалан Москва руу зугтаалаа. ЗХУ тэргүүтэй социализм байгуулагчид зэсийн хэрэгцээгээ хангах, найдвартай эх уурхайг шинээр байгуулах хэрэгцээ гарчээ. 
 
Чухам энэ хэрэгцээ нь мал аж ахуйн хоцрогдсон орноос аж үйлдвэржин хөгжих мөрөөдөл тээн урагшилж явсан  монголчуудын үндэсний мөрөөдлийн  нэгэн биелэл болон хэрэгжих ерөөлтэй байжээ. Чехословак-монголын геологичдын нээгээд удаагүй байсан Эрдэнэтийн орд газарт Москвагийн сонголт буулаа. Ингээд Зүүн европт дэгдсэн социалист дэглэмийн эсрэг үзэл санаа, “Прагын хавар” зэргээс үүдэн мартагдаж байсан Эрдэнэтийн зэсийн ордын хайгуул, судалгааны ажил эргэн амилж “Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны шинэ жишээ” болон хөгжиж эхэлэв.
 
Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний замнал нь үндэсний сэхээтэн, язгууртан, төрийн зүтгэлтнүүдийн гавъяа мөн үү гэвэл тийм. Гэхдээ ХХ зууны эхнээс аваад XXI зуун дамнан өрнөж, дэлхийн газрын зураг болон улс төрийн уур амьсгалыг өөрчилсөн үйл явдлууд монголчуудад их төлөв ашигтай тусч ирсэн, шийдвэрлэх нөлөөтэй байсан нь сонин. Жишээлэхэд, дэлхийн  нэгдүгээр дайнаас албан бус тусгаар тогтнол,  харин хоёрдугаар дайнаас нь хууль ёсны тусгаар тогтнол, 1990-ээд онд өрнөсөн социализмын задралаас улс төр эдийн засгийн тусгаар тогтнол, ардчилал хожсон нь үүний жишээ.
 
Тухайн үеийн уул уурхайн ашиглалтын технологи, социалист маягийн хандлага нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон мянган хүнтэй хот байгуулахад хүргэлээ. Энэ нь малаасаа салж хотшин суурьших эрмэлзэл дүүрсэн монголчуудын баяр дээр баяр нэмж байж. Түүнчлэн уул уурхайн “хаалтын бодлого” гэж байгаа ч үгүй болохоор  нөөц дуусахын хэрд яах тухай асуудал хэнийг ч зовоосонгүй. Ерөөсөө Зөвлөлт байгаа цагт, коммунизм байгуулсаар яваа үед ямар ч муу юм тохиолдохгүй гэсэн итгэлтэй үндэстний хувьд илүү дутуу юманд санаагаа зовоохыг хүссэнгүй. Эрдэнэтийн ордыг ашигласан хот лусын санг эзэгнэсэн мэт үүрд тэлэн хөгжих сэтгэгдлээр нийгмийг амьсгалуулах аж. Монголчууд баяр хөөртэй байлаа.
 
     Хоёр. Эрдэнэт ба үзэл суртлын (ПиАр) ажил
 
Эрдэнэт бол байгуулагдсан цагаасаа эхлээд манай нийгмийн уур амьсгал, улс төрийг тодорхойлж ирсэн юм. Уул уурхайн энэхүү аварга бүтээн байгуулалтыг нэг талаас Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шим, БНМАУ-д социализм байгуулсны үр дүн, МАХН-ын зөв мэргэн бодлогын ач гавъяа болгон сурталчиллаа. 1970-аад онд Эрдэнэтийг тойрон өрнөсөн ПиАр бол тал нутагт өрнөсөн хамгийн том үзэл суртлын цогц ажил болж чадсан юм. Хүн ардын амжиргааны түвшин, үйлдвэрлэлийн бүтээмж зэргийг “Эрдэнэтметр”-ээр хэмжин суртчилна. Уурхай  ашиглалтад ороход, бүрэн хүчин чадлаараа хөдлөхөд “амжиргааны түвшин ингэж ахина”, “цалин орлого тэгж нэмэгдэнэ”  гэсэн сурталчилгаа тэр үеийн сонин хэвлэлээр дүүрэн.
 
Хэдийгээр ийм амлалтууд нь  суртал ухуулгын чанартай, одоогийнхоор бол сонгуулийн өмнөх амлалтуудтай агаар нэгэн зүйл байсан ч гэсэн ард нийтээрээ сэтгэл хангалуун үлдэж байлаа. Нэг талаас нүдэн дээр хот босч тал нутгийн өнгө төрх хувирч байлаа. Хамгийн гол нь “Эрдэнэтэд ажилчин элсүүлэх хөдөлгөөн”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдэд олгох шинэ хот байгуулах илгээлт” зэрэг нь  хөдөө хоригдсон хүмүүст хот суурин руу шилжилт хөдөлгөөн хийх боломж олгожээ.
 
1959 онд малаа хураалгаснаас болоод хөдөө нутагт хоргодох юмгүй болсон малчид хот руу идэвхтэй шилжиж эхэлсэн юм. Гэтэл ардын засаг монголын малыг нийтээр нь улсын өмч болгох гэснээс биш хөдөө талыг малчингүй болгох зорилго тавиагүй байлаа. Харин ч  мөлжлөг гээчийг үүсгэдэг хувийн малаасаа салж улс нийгмийн хонь ямаа хариулах болсондоо сэтгэл тэнийсэн хүмүүсээр хөдөө нутаг дүүрэх учиртай аж. Ингээд хөдөөнөөс хот руу чиглэсэн миграцид хатуу чанга хориг тавьж, иргэдийн ерийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл чанд хянах болжээ. Иргэншин амьдрах, хотшин суурьшихын зах зухыг амссан, бум бужигнасан газар цэнгэлтэй аж төрөх хүсэлд автсан мянга мянган хүний мөрөөдөл бас биелж байлаа.
 
     Гурав. Эрдэнэт ба улс төр
 
Эрдэнэт нь байгуулагдсан цагаасаа эхлээд монголын улс төрийн хувь заяаг тодорхойлж ирсэн юм. Энэхүү буфер улс хэрхэн хөгжиж, социализмыг малчид хүртэл хичнээн сайхан байгуулж байгааг харуулах үзүүлэн, Зөвлөлтийн дагуул улс хэрхэн дэвжиж босдгийн үлгэр төдий байсангүй. Юм бүхэнд “зөвлөлттэй санал нэг” явж ирсэн МАХН, БНМАУ-ын удирдагчдад Эрдэнэтийн үйлдвэрийн хамтын ажиллагааны нөхцлүүдийг хянан үзэх нь бүү хэл тэр талаар бодох ч зүрх эхэндээ байсангүй. Гэвч наяад оны эхээр нам төрийн удирдлагад байсан Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном нарын эдийн засагчид уг бүтээн байгуулалтын сүүдэртэй талыг харжээ. Гэрээний нөхцлүүдийг шинжин үзэхэд жил ирэх тутам Монголын талд ашиггүй, харин ч алдагдалд орж, өр нэмэгдэхээр нөхцөл, заалтууд байгааг тэд анзаарч эхэлсэн байна. Ингээд гэрээний нөхцлүүдээ шинэчлэх шаардлага гарсан тухай яриа хөөрөө өрнөж эхэлжээ. 
 
Тухайн үед нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын ужиг өвчин даамжран “мартамхай” болж, түүний гэргий А.И. Цеденбал-Филатова  засаг барьж байсан цаг. “Авгай”-г тойрон хүрээлэгчид “Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч байна. Тэднийг цэвэрлэх шаардлага  гарч байна     гэсэн дүгнэлт гаргаж Д.Содном нарыг нам засгийн удирдах бүрэлдэхүүнээс зайлуулах операцийг эхлүүлжээ. Зөвлөлтийн саналыг эхэлж тандалгүй эхлүүлсэн тэдний ажиллагаа, эцсийн  сөрөг үр дүнгээс болгоомжилсон Кремлийн удирдагчид яаралтай арга хэмжээ авлаа.  Гучаад жилийн тэртээ монгол төрийг удирдуулахаар илгээсэн Ю.Цэдэнбалыг гэргий Анастасиягийнх нь хамтаар Москвадаа эргүүлэн татаж,  БНМАУ-ыг удирдах Ж.Батмөнх тэргүүтэй шинэ багийг томилуулав.
 
     Дөрөв. Эрдэнэт  ба Улс төрийн “Шороон үхэр” 
 
Үүнээс хойш ч монголын улс төрийн хувь заяа, үндэсний сонголтын тусгал нь Эрдэнэт дээр хамгийн тод илэрсээр ирлээ. Учир нь монгол улсын топ-10 татвар төлөгчийг Эрдэнэт тэргүүлсээр ирсэн. Энэ нь улсаа  голлон тэжээгч үнээ гэсэн үг шүү дээ.Эрдэнэтийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаарч,  тэр утгаараа эрх баригчдын эдийн засгийн бодлогын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг.
 
 Иймээс засгийн эрхэнд гарсан хүчин хамгийн түрүүнд  “Сүүтэй үнээ” ба”“Үхэр хариулагч”-даа санаа тавьдаг уламжлалтай болж. Уламжлалт цагаан сар гармагц тухайн оны цаг улирлын “шороон үхэр”-ийг зурхайчид шинжин “Үхрийн омруу цагаан байгаа нь хавартаа цас унахын шинж...үхэр хариулаач нь хөл нүцгэн алхаж яваа нь... доодост ээлтэй...” гэхчлэн төлөглөдөг.
 
Харин сонгууль бүрийн дараа ажиглагчид Эрдэнэтийн зэсийн агууламжтай “Шороон үхэр”-ийг шинжин үзэж “Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ ийм байгаа нь... засгийн газрын боломжийг нэмж, эсвэл хязгаарлах нь”, “үхэр хариулаач нь  зэсийн үнэ өндөр байхад мөнгөөр туйлаад сурчихсан нэгэн тул...эсвэл хямралын үед ажиллаж байсан учраас хэмнэлтийн туршлагаа ашиглан ажиллаж” гэхчэн таамаг, прогнозоо дэвшүүлдэг.
 
Зурхайн үхрийн шинж 12 жил, жарнаар давтагдах байдалтай бол уурхайн үхрийн шинж сонгуулийн дүнг заримдаа дагах ч шиг байдаг. Лав л сүүлийн хориод жилийн турш Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнийн график монголын улс төртэй сонин байдлаар (мэдээж тохиолдол байх) уялдаж  иржээ.
 
     Тав. Эрдэнэт ба зуд, хямралын хаялга
 
Ардчилсан хувьсгалаас  хойш МАХН дангаараа эрх барьсан жилүүдэд ган, зудын давтамж таардаг юм. 1993-1996 ба 2000-2004 онуудад ган зуд дараалан мал аж ахуйг сүйдлэн алдаж, малчдыг амжиргааг доройтуулсан. Хэрвээ хуучин шигээ бүх мал улс нийгмийн мэдэлд байсан бол хэрхэхийг тэнгэр мэдэх байсан биз? Харин эрхбиш  мал хувьчлагдаж хөдөө аж ахуй хувь хүний хариуцлага дээр тулгуурлаж байсан учраас ган зудыг давж чадсан юм.
 
Харин ардчилсан хүчин дангаараа болон голлон засаглаж ирсэн цаг үе нь Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хамгийн их унасан цагтай давхцдаг. 1998 онд Д.Дорлигжавыг Эрдэнэтийн захирлаар томилогдож байхад, 2013 онд Ц.Даваацэрэнг томилогдон ирснээс хойшхи үе энэхүү зэсийн үнийн уналттай давхцдаг байна.
 
Энэ утгаараа МАН эрх барих үед мөнгөөр цалгисан үе таарч, АН эрх барих үед үндэсний үйлдвэрлэлээ аварч, авч үлдэхэд чиглэсэн менежмэнт голлож байсан гэсэн үг. Тохиолдлоор таарсан ган зуд, үнэ ханшийн уналтыг ёрлон ярихаасаа илүү туршлага талаас нь харахад сонин юм. Өөрөөр хэлбэл, МАН зудтай тэмцэн мал өсгөх аргатай дарга нараар илүүрхэж, АН эдийн засгийн хямралтай тэмцэх туршлагатай  менежерүүдээр аархаж болохоор болж гэсэн үг.
 
Үнэхээр Эрдэнэтийг 1998-2000 удирдсан, 2013-оноос өнөөг хүртэл авч яваа багийнхан хямралыг туулсан туршлага, ямарч хүнд үеийг давж чадах нь харагдаж байгаа, туршлага менежмэнтээрээ бахархдаг юм байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн удирдах багийнхан жил бүрийн ажлын тайлангаа олон нийтийн өмнө илтгэдэг болоод гурван жилийн нүүр үзэж байгаа аж. Тэдний бахархал нь цатгалдсан үеийн үрэлгэн удирдлагын арга барилыг хямралын үеийн хэмнэлтийн менежмэнт болгож хувиргаж чадсан явдал байна. Улмаар цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа хямрал хүндрэлийн амжилттай туулах туршлага хуримтлуулж, итгэл найдвар бий болгож чадсандаа сэтгэл дүүрэн байна. 
 
Ц.Даваацэрэнгийн баг Эрдэнэтийг удирдахаар 2012 онд ирэхэд тонн нь бараг 8000 ам.доллар  байсан зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр жил дараалан уруудсаар 4600 орчимд буугаад байна. Жил тутам мянгаар буусан гэсэн үг. Буугаад зогсохгүй 2015 онд  өөрийн өртгөөсөө доош оржээ. Өнгөрсөн оны байдлаар нэг тонн зэсийг 4820 долларын өртгөөр бүтээгээд 4600- орчмоор зарж байна гэсэн үг.  (Нэг тонныг нь 2012 онд 6060 долларын өртөгтэй бүтээж байсан. Хэмнэлтийн бодлогын үр дүнд тонн зэсийн өртөг 2000 орчим доллараар буусан гэж тооцно шүү дээ). Эрдэнэт үйлдвэр хэр алдагдалтай ажилласан бэ гэж та асуух байх. Харин танд Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн оны цэвэр ашиг 9 тэрбум байна гэж хэлэх хариулъя. Улсад 381 тэрбум төгрөгийн татвар төлөөд шүү.  Мэдээж тэр том үйлдвэрийн хувьд бага, 2011, 2012 оныхтой харьцуулахад даанч бага ашиг л даа. Гэхдээ л ашиг. 
 
Хямралын үед нэг талаасаа олборлолтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас нь зэсийн өөрийн өртгийг хямдруулах  хоёр чиглэлээр ажилласан байна.
 
Баяжуулах фабрикийн өргөтгөлийг өнгөрсөн зун ашиглалтал оруулснаар анх удаагаа 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлснээр 62,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон аж.
 
Нэг талаас Эрдэнэт нь томоохон үйлдвэрлэгч, тэр утгаараа томоохон худалдаг авагч билээ. Иймээс худалдан авалтын үнэ бодитой, хэмнэлттэй байх нь зэсийн өртгийг хямдруулах гол гарц байж таарна. Үнийн бодлогыг хэрэгжүүлж худалдан авсан бараа материалын бодит үнийн бууралтаас 63 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Мөн нийт гэрээ хэлцлийн дотор “Урьдчилгаа төлбөргүй гэрээ” ердөө 32 хувьтай байсныг өөрчилж 80 хувьд хүргэсэн амжилтаа “ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт гэж үзэж байгаагаа ерөнхий захирлын худалдааны асуудал хариуцсан  орлогч Б.Болдбаатар ярилаа.
 
2013-2015 онуудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үеүдэд хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээний үр дүнд үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргаж ажилласнаа эдийн засаг эрхэлсэн захирал Б.Алтанхуяг тайлагнажээ.
 
Харин үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Даваасамбуу бол 1998-2000 оны зэсийн хямралын үед мөн  албан тушаалд томилогдон ажиллаж, хэмнэлтийн бодлого  хэрэгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай топ менежерүүдийн нэг билээ.
 
Эрдэнэт үйлдвэр нь өнгөрсөн зууны уул уурхайн технологийн тусгал болсон бүтээн байгуулалт учраас дагуул хот, аймгаа үүрч явах үүрэг хүлээдэг газар юм. Тус үйлдвэрийн үе үеийн ажилчын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямарч компанид байдаггүй үүрэг хариуцлага эрдэнэтээр дүүрэн. Магадгүй Оюутолгой, Таван толгой, Риотинто-гийн тайланд хэзээ ч гарахгүй “...мянган айлыг орон сууцны зээлэнд хамрагдахад туслалаа үзүүлж”, “ ар гэрт тэтгэмж олгож” гэхчлэнгийн мэдээлэл тэнд бий. Иймээс Эрдэнэт бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр.
 
Хямралын үеийн хүнд нөхцөлд ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсартай биелүүлж ирсэн байна. Энэ хугацаанд нэг ч хүн  цомхголоор ажлаас халаагүй, ҮЭ-тэй байгуулсан гэрээгээ 99 хувиар биелүүлж чадсан тухай Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хэлж байна. 
 
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар бүс нутгийн оношлого эмчилгээний “Эрдэнэт медикал” төвийг нээсэн явдлыг Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Б.Намхайнямбуу онцолж байлаа. Ирэх тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийх энэ эмнэлгийг япончуудаас бүрдсэн менежмэнтийн баг удирдах юм байна. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ эмнэлэг оношилгоо, шинжилгээний ажлаа эхлүүлчихсэн, оочер дугаар нь битүү байгаа аж.
 
“ОПЕК-ийн орнууд нефьтийн үнэ дахиад хоёр жил дараалан унахад сүйд болчихолгүй давж гарах  санхүүгийн чадавхитай” хэмээн тоймчид хэлж байна. Харин  ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Эрдэнэт үйлдвэр нь хямралыг даван гарч чадах  менежмэнт нэвтрүүлж, туршлага хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нээлттэй тайлан толилуулах үйл ажиллагаа  бол улс үйлдвэрийн ил тод байдлын илэрхийлэл бөгөөд хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компаний менежмэнтийг хамгийн тодорхой байдлаар сурталчлан таниулахад чиглэсэн байна.
 
http://tsenddoo.niitlelch.mn/content/7634.shtml
 

Монголын  эмэгтэй инженерүүд,технологчид,эрдэмтэд,математикчид /МЭИТЭМ/-н  нэгдсэн  байгууллага  нь эмэгтэй  эрдэмтэд,  технологчид,  математикчид,  инженерүүдийн  хамтын  үйл  ажиллагааг  бүх  талаар  дэмжин  улс  орны  хөгжил, инженерийн  бүтээн  байгуулалт,  шинжлэх  ухаанд  тодорхой  хувь  нэмэр  оруулах  зорилготой үүсэн  байгуулагдсан,  гишүүддээ үйлчлэх  сайн  дурын, ашгийн  бус, Дэлхийн  болон  Ази  номхон  далайн  бүсийн  орнуудын  эмэгтэй  инженерүүд, технологчид, математикчид, эрдэмтдийн  нэгдсэн  байгууллага  юм.
Дэлхийн  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн нэгдсэн  байгууллага  нь  ЮНЕСКО-ийн  дэмжлэгтэйгээр  шинжлэх  ухаан,  технологи, инженерийн  салбарт  ажиллаж  байгаа  эмэгтэйчүүдийн  бүтээлч  оролцоогоор  дамжуулан  улс  орнуудын хөгжилд  тодорхой  хувь  нэмэр  оруулах  зорилгоор  1999  онд  байгуулагдсан  ба  одоо  60  гаруй  орны  250000 гаруй  гишүүдтэй,  олон  улсын  хэмжээнд  идэвхтэй  үйл  ажиллагаа  явуулж  байгаа  сайн  дурын  ашгийн  бус  олон  улсын  нэгдсэн  байгууллага  юм.  
Монгол  улсад 2012  онд  үүсэн  байгуулагдсан  ба  жил  бүр  зохион  байгуулагддаг  Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн  уулзалт  -хурал,  гурван  жил  тутамд  зохион  байгуулагддаг  дэлхийн  эмэгтэй  инженерүүд  эрдэмтдийн  хуралд  Монгол  орны  эмэгтэйчүүдийг  төлөөлөн  оролцдог. МЭИТЭМ  нэгдсэн  байгууллага нь  Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн  олон  улсын  хурлыг 2015 оны  6-р  сарын  25-27-нд  “Боловсоролын  шинэчлэл-Инноваци” сэдвийн  дор  Боловсрол  Шинжлэх  Ухааны  Яамтай  хамтран  эх  орондоо  амжилттай  зохион  байгуулсан. 2015 оны  3-р  сарын  21-нд  Орхон  аймагт  салбараа байгуулсан. Тус  арга  хэмжээнд  “МЭИТЭМ” гишүүддээ үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх  захирал  доктор Ч.Ундрам Удирдах  зөвлөлийн  гишүүн  Б.Батцэнгэл  нар  оролцож “МЭИТЭМ”-ын  үйл  ажиллагаа Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд эрдэмтдийн  олон  улсын  хурлын  талаар мэдээлэл хийсэн. Мөн хэвлэлийн  бага  хурал  хийж  “МЭИТЭМ”  ТББ-ын  болон салбарын  үйл  ажиллагааг сурталчилсан. Удирдах  Зөвлөлөөс  орон  нутагт   ажилласан  захирал  гишүүдээ “Зөв яриа” ТV шууд  нэвтрүүлэгт  урьж  оролцуулсан.  Олон  улсын  эмэгтэйчүүдийн  эрхийг  хамгаалах  өдрөөр  гишүүд  дэмжигчиддээ  цэцэг  бэлэглэх  аян,  “Боловсролын  шинэчлэл- Инноваци”  олон  улсын  Эрдэм  шинжилгээний  хурлын  бэлтгэл  ажил  ханган  салбар  хуралдаануудад  амжилттай  оролцож  салбарын  захирал  доктор Б.Энхцэцэг “Сургалтын   арга  зүйг шинэчлэх шаардлага,  арга  зам” сэдвээр,  доктор У.Амарзаяа “Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх аргазүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл  тавьж тэргүүн  байрт  шалгарсан.
“Шинжлэх  ухаан  ба  боловсролын  шинэчлэл, инноваци-эмэгтэйчүүд”  онол  практикийн  хурлыг  МУИС-ийн  Орхон  Сургуулийн  сургалтын  албатай  хамтран  зохион  байгуулж  Их, дээд  сургуулиудын багш  нар, Боловсролын  салбарын  үе  үеийн  удирдах  ажилтнуудын  төлөөлөл, ЕБС-ийн  захирлууд, судлаачид, салбарын гишүүдийг урьж  оролцуулсан.
Ази  номхон  далайн  бүсийн  эмэгтэй  эрдэмтдийн  олон  улсын  хуралд салбарын  гишүүдийг  идэвхтэй  оролцуулж,  хуралдааны  ажлын  хэсгүүдэд  тодорхой  үүрэг  хүлээн  амжилттай  ажилласан. Орхон  аймгийн  ЕБС-ийн  математикийн  багш  нарын  сургалтыг  БСШУЯ-ны  хэрэгжилтийн  баг, “Орхон  хөгжлийн  аксиом” ТББ-тай  хамтран  явуулсан, “МЭИТЭМ” ТББ-ын  бүх  гишүүдийн  хурлын  бэлтгэл ажлыг  ханган  үйл ажиллагааны явцын  талаар 2016 оны  ажлын  төлөвлөгөөг тайлагнаж, Орхон  салбарын  гишүүд  дэмжигчиддээ “Мendelley”  судалгаа  шинжилгээний  арга зүйн программ эзэмших, англи хэлийг  өөрөө бие  даан  интернет  орчинг ашиглан  хэрхэн  суралцах  арга зүйн онолыг  БСШУЯ-ны   сертификаттайгаар олгон  олон  ажлыг    зохион   байгуулсан.  Нийт  гишүүд  дэмжигчиддээ нэгдсэн  байгууллагынхаа  үйл  ажиллагааг  дэмжин идэвхи  чармайлттай  ажилладагт  талархан  МЭИТЭМ –ийн  Орхон  аймгийн  эмэгтэй инженерүүд, технологчид, эрдэмтэд, матеиатикчдын  нэрийн  өмнөөс    та  бүхэнд  болон  танай  гэр  бүл, үр  хүүхдэд  Мартын  8-ны  106  жилийн  ойн  баярын  мэнд  хүргэж,  ажлын  өндөр  амжилт  эрүүл  энх, аз  жаргал,  хамгийн  сайн  сайхныг  хүсэн  ерөөе. Сайхан  баярлаарай.


“МЭИТЭМ” гишүүддээ үйлчилдэг ТББ-ын  Удирдах  зөвлөлийн  гишүүн, Орхон  салбарын захирал, доктор   Б.ЭНХЦЭЦЭГ

Эрдэнэт үйлдвэр ХХК нь Монгол улсын эдийн засгийн өсөлт хөгжилт түүний дотор хүний нөөцийн салбарт өндөр хувь нэмэр оруулж компанийн үнэт баялаг болох ажиллагсдын  ажиллах хүч тэдний  гэр бүл , нийгэм хүрээлэн буй орчны  амьдралыг сайжруулах үйлсэд амжилт гарган “Нийгмийн хариуцлагтай компани” болоход  гол үүрэг гүйцэтгэсэн бүсгүйчүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор  Соёл урлагийн  нэгдсэн үйл ажиллагааг  зохион байгуулах гэж байна.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний хамтран ажиллагч  байгууллагаар  Нийгмийн цехүүд болон  ХМОНХА  ,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөл,  Уурхайчин Соёлын ордон   ажиллаж байна.
2016 оны 3-р сарын  1-7 хүртэлх хугацаанд   Бүжинлхам  бурханыг  сэргээх үйлст зориулсан  “Сайн үйлсийн аян “-ыг зохион  байгуулна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн анхны төрөх эмнэлгийн туурин дээр баригдсан Бүжинлхам бурхны ойр орчинг тохижуулахаар сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна. Нийгмийн цехүүдийн нэрэмжит сайн үйлсийн аяны хандивын хайрцгийг энэ сарын 7-ныг хүртэл цех хэлтсээр идэвхтэй аялуулж, цаашид 6-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. “Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг бүтээгч бүсгүйчүүд” соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Бахархан дуурсах алдартан” сэдэвт  цуврал  телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юм.  Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн доктор, төрийн одон медальтнууд ,алдарт эхчүүдийн товч намтар,гавьяа шагнал,зарим бүсгүйчүүдийн  сэтгэгдлийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна.

 

“БАХАРХАН ДУУРСАХ АЛДАРТАН”


Овог нэр:  Магсарын  Нямаа
Цех хэсэг :  Эрдэнэт  үйлдвэрийн  Захиргаа  аж ахуйн хэлтэс
Мэргэжил:  Эдийн засагч
Ажилласан жил:  Эрдэнэт  үйлдвэр ХХК-д 17 жил
Гавъяа шагнал: 2007 онд Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан , 2008 онд  Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2009 онд  Статистик  эдийн засгийн тэргүүн , 2013 онд  Орхон аймгийн  ЗД-ын жуух бичиг, 2014 онд  МЗХ-ны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч , Захиргаа аж ахуйн  цехийн  тэргүүний инженер ,эдийн засагч ,2015 онд  Алтан гадас одон , 2016 онд  Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аврага болжээ.

 

 

Б.Алигармаа

Эрдэнэт үйлдвэрийн нэгэн эд эс болон хөдөлмөрлөж яваадаа бахархдаг
Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрийн  нэгэн эд эс болон хөдөлмөрлөж яваадаа би бахархдаг. Эрдэнэт  үйлдвэрийн Нийгмийн хариуцлагыг бүрдүүлэгч  шилдэг бүсгүйчүүдийн нэгээр намайг тодруулан энэ сайхан үйл ажиллагаанд урьж оролцуулж байгаад  баярлаж байна. Би 2003 оноос Хувьчлагдаагүй орон сууцны цех, Гендирекцийн зочид буудалд үйлчлэгчээр орсноос хойш  13 дахь жилдээ ажиллаж байна. Өөрийнхөө хариуцсан ажилд чин сэтгэлээсээ хандан, ирсэн зочдын тав тухтай амрах орчныг бүрдүүлэхэд сэтгэл гарган  ажиллаж ирлээ.  Цэвэрлэж цэмцийлгэсэн өрөө тасалгаагаа өдөр бүр харахдаа  хийсэн ажлаараа бахархаж, улам сайн ажиллах урам зориг ордог. Энэ л хөдөлмөрөөрөө үйлдвэртээ хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Ажил хөдөлмөрийг  минь   үнэлэн  нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан,  Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойн медалиар шагнаж байлаа. Цаашдаа  улам сайн ажиллаж, ажлын байрандаа олон зүйлийг санаачлан хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Ингээд нийт эмэгтэйчүүддээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын 8-ны баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье
 

Г.АЛТАНЦЭЦЭГ

Баяжуулах фабрикийн нийт ажиллагчдын цасны өдөрлөг Сархиа цанын баазад  өнгөрсөн амралтын өдөр боллоо. Өдөрлөгт 720 гаруй ажилтан, 40 орчим ахмадууд оролцлоо. Энэ үеэр олс таталт, багийн гүйлтийн  тэмцээн явуулж, цасны баярын тансаг ширээ засан бие биенээ дайлж,  хамт олноороо 1 км алхаж, ажлын алжаалаа тайлан  нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөв.   Халуун цай, буцалгасан аарцаа барьсаар хүрэлцэн ирж, хамт олонтойгоо хөгжилдсөн  ахмадууддаа ажилтнууд нь  талархлаа  илэрхийлэв.  


Я.ЭНХТУЯА

Хүдрийн ил уурхайд 1996 онд 6000 м2талбай бүхий уулын тоног төхөөрөмжийн засварын газрыг ашиглалтанд оруулснаас хойш бүх төрлийн засварын ажлыг энд гүйцэтгэдэг болсон.  Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн  угсралт, засвар  тохируулга  болон үйлчилгээний ажлыг энд хийхээс гадна  шинэ экскаватор болон өрмийн машины угсралт тохируулгын ажлыг чанарын  өндөр түвшинд  гүйцэтгэсээр ирсэн. Эрдэнэт  үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийнхэн  ОХУ-д үйлдвэрлэсэн  СБШ-250 маркийн   шинэ өрмийн машины  угсралтыг  нэг сарын дотор хийх  төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Тус  хамт олон өнгөрсөн 7 хоногт ЭКГ-10 маркийн  шинэ экскаваторыг   амжилттай угсарч  ажилд оруулсан байна.                

      

Г.Алтанцэцэг
                                                                          

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажиллагчдын Цасны баярыг Хүний нөөцийн хэлтсээс өнгөрсөн бямба гарагт Баян-Өндөр уулын энгэрт зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 19 хэлтсийн 220 ажилтан оролцож, амралтын өдрөө цэвэр агаарт идэвхтэй өнгөрүүллээ.  Энэ үеэр олс таталт, уулын оргил булаалдах, цасны сумо бөхийн тэмцээн явуулав. Олс таталтын тэмцээнд Хуулийн хэлтсийн баг түрүүлж, Хүний нөөц, Тамгын хэлтсийн хамтарсан баг дэд байр эзэлж, АБК-ийн 2-р баг гутгаар байрт шалгарлаа. Уулын оргил булаалдах тэмцээнд Хуулийн хэлтсийн баг түрүүлж,  Санхүүгийн хэлтэс, ХМОНХА, Их барилгын хэлтсийн хамтарсан багууд хоёрдугаар байр, Тамгын  болон  Худалдаа хангамжийн хэлтсийн хамтарсан баг удаах байрт шалгарлаа. Цасны сумо бөхийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Хөгжлийн хэлтсийн Б.Эрдэнэбаяр, Нягтлан бодох хэлтсийн Н.Гавьяатбаяр, эмэгтэйчүүдээс Хуулийн хэлтсийн Ц.Оюундарь, Тамгын хэлтсийн М.Энхзаяа нар эхний байруудад шалгарлаа.

        
                                                                                                                           Я.Энхтуяа

Засвар механикийн завод импорт орлох бүтээгэдхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн шинээр 4,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсэгт шинэ тээрэм суурилуулсантай холбоотой Цутгуурын цехэд урьд нь хийж байгаагүй тээрмийн хуяг хийхээр бичиг баримтаа бүрдүүлж байна. Мөн гадаадаас их хэмжээгээр худалдаж авдаг конвейрын роликийг ЗМЗ-д үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд 3-4 суурь машин худалдан авч, хүмүүсээ сургаж дадлагажуулах аж.

Я.ЭНХТУЯА

Эдийн засаг маркетингийн хэлтэст төлөвлөлтийн ажлыг боловсронгуй болгох, гар ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор  ERP програм нэвтрүүлж байна. Одоогоор мэдээллийн бааз байгуулах бүлэг хэсэг дээр ажиллаж байгаа аж.  Програм нэвтрүүлэх ажлын гүйцэтгэл 70 хувьтай явна. Энэхүү  программыг нэвтрүүлснээр мэдээллийг богино хугацаанд боловсруулах, удирдлагыг үйлдвэрийн өртөг зардал гэх мэт гол  мэдээллээр  шуурхай хангаснаар цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргахад нь туслах ажээ.  Энэ ажилд тус хэлтсийн  Эдийн засгийн товчооны хамт олон, ХМТАЦ-ийн програмч инженерүүд хамтран ажиллаж байна.

Я.ЭНХТУЯА

Аймгийн засаг дарга С.Дангаасүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэртэй  2016 онд хамтран ажиллах санамж бичигт  өнгөрсөн лхагва гарагт  гарын үсэг зурлаа.   ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн болон Орхон аймгийн удирдлагууд оролцов.  Эрдэнэт үйлдвэр ХХК болон Орхон аймгийн ЗДТГ-ын хооронд 2013 оноос 2017 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд жил бүр хамтын гэрээний дагуу хийсэн ажлаа дүгнэж, дараа оны хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тусгасан ажлын төлөвлөгөө  батлан хэрэгжүүлдэг аж.  2015 онд Эрдэнэт үйлдвэр  орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор 51,3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаагийн тод жишээ гэдгийг 2 тал онцлов. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсдын орон сууцны хангамжийг сайжруулах төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсрол соёлын салбарт хамтран ажиллах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, инноваци нэвтрүүлэх чиглэлээр тодорхой  үйл ажиллагааг  хамтран хэрэгжүүлэх юм байна.

Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог