• Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

       Монголын төр засгийг 44 жил тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын гишүүд морин цагт түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн их удирдагчийг хүндэтгэн дурсах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй.     Одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын цагаан бураа хэмээх газарт мэндэлсэн Ю.Цэдэнбалд Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг нь үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын баатар, 1979 онд  БНМАУ-ын цэргийн дээд цол буюу Маршал цолыг олгосон байдаг. Түүнийг 1984 оны 8 дугаар сард өвчний учир МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлж, 1990 онд намаас хөөж, өмнө авсан гавьяа шагналыг нь хураажээ. 1991 оны 4 дүгээр сарын 21-нд Москва хотноо таалал төгссөн түүний цол хэргэм, одон медаль, шагналыг буцаан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг 1997 онд гарч,  2003 онд МАХН-ын XXII их хурлаас түүний намын гишүүнчлэлийг сэргээсэн байна.        Цэцэг өргөх ёслолын үеэр “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, түүхийн ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гуайтай уулзаж ярилцлаа.       Б.МЯНГАНБАЯР: “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” товхимол бүтээнэ      -Та манай уншигчдад “Ю.Цэдэнбал академи”-ийн орон нутаг дахь салбарын талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Академийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийг 2014 онд байгуулсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэр аж ахуйн газар, Эрдэнэт хотын нийт иргэдийн 20-30 хувь нь академийн гишүүнчлэлтэй. Бид орон нутагтаа “Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж бий болгоё” гэсэн санаачилга өрнүүлээд байгаа. Салбар зөвлөлийг санаачилга өрнүүлдэг сайн дурын байгууллага гэж ойлгож болно.    -Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах нь Ю.Цэдэнбал даргын алсын хараа байсан тухай та хэлсэн. Энэ талаар тодруулбал?    -Ю.Цэдэнбал даргын төрсөн өдрийг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Монголын төрийг 44 жил удирдахдаа алс хэтийг харсан эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүнлэгийн дорвитой бодлого явуулсны нэг илрэл нь ЗХУ-ын дээд удирдлагатай удаа дараа уулзаж, Монголын газар нутаг дээр байгаа баялаг ордыг ард түмэнд өгч, эзэмших талаар өөрийн бодол санаагаа хэлж, олон удаа уулзаж, баталж нотолсны үр дүнд энэ сайхан хот, үйлдвэр төрсөн түүхтэй. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэт үйлдвэрийг байгуулах асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж, Эрдэнэт хоттой холбоотой асуудлыг “ногоон” гэрлээр шийдвэрлэдэг байсан.    -Та бүхэн ойрын үед ямар ажил хийхээр зорьж байна вэ?    -Ю.Цэдэнбал дарга амьд ахуй цагтаа Эрдэнэтэд дөрвөн удаа ирсэн. Түүний явуулж байсан бодлого, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон түүхэн үйл явдлыг бид судалж, “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” гэсэн товхимол ном гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ том хот, үйлдвэрийг барьж байгуулахад ямар их хүч хөдөлмөр, ухаан, мэргэжил зарсныг ахмад үеийнхэн сайн мэднэ. Гэвч залуучууд маань хараахан мэдэхгүй байна уу даа гэж санагдах үе бий. Энэ бүхнийг мэдэх нь Ю.Цэдэнбалыг тахин шүтэхдээ бус тухайн үеийн намын бодлого, хоёр улсын найрамдалт харилцааны талаарх мэдлэгээ тэлэхэд ач холбогдолтой. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа олон нийтэд хүргэнэ.       -Танд нэмж хэлэх зүйл бий юу?    -Энэ дашрамд их удирдагчийн 103 жилийн ойг тохиолдуулан найрамдлын билэгдэлт Эрдэнэт хот, иргэд хөдөлмөрчид, үйлдвэрийн газрын нийт ажилтны нэрийн өмнөөс Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгт баярлаж талархаж явдгаа үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь илэрхийлье.             И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байна

       Засгийн гарын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэл сурталчилан таниулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт яам, агентлаг, 20 гаруй байгууллагын төлөөллөөс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан, нээлттэй өдөрлөгт мэдээллээ түгээн ажиллаж байгаа юм.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчилж, дүрмийг баталснаар 100 хувь төрийн өмчит статустай болсон. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон ч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, улсад төлсөн татварын хэмжээгээр тэргүүлсээр байна. Өдөрлөгийн үеэр үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулт өгч, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээ хүргэн ажиллаж байна. Оны эхний 8 дугаар сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелэж, эдийн засгийн үзүүлэлт өссөн дүнтэй гарсан нь улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.    И.Чинтогтох Фото: Б.Ялалт         Дэлгэрэнгүй...
  • П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээн ирэх долоо хоногт болно

    Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт “Алтан бамбай“ тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдагуг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм. Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга байгууламж, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Тэмцээний төгсгөлд таван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээхээс гадна шилдэг ахлагч, шилдэг аврагч  номинацийн эзэд тодорно. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэх ажил эхэллээ

    Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан. Ойг цэвэрлэх ажлын үргэлжлэл энэ сарын 10-наас дахин эхэллээ. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Технологийн замыг сэргээн засч байна

    Сүүлийн сар бороо их орсноос Ус хангамжийн цехийн ус өргөх нэгдүгээр станцчиглэлийн технологийн зам эвдэрч, машин техник явахад халгаатай болжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэгхэлэлцэж, уг замын ээлжит засварыг эхлүүлэхээр шийдвэрлэн Авто тээврийн цехэд үүрэг болгов. Ус өргөх нэгдүгээр станц хүртэлх 60 км замын засварын ажил өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт сайжруулсан замыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • М4 далан өвлийн хаялтаа авахад бэлэн боллоо

    Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Баяжуулах үйлдвэр нь  жилд 31 сая 500 мянган тонн хүдрийг хүлээн авч боловсруулан 630 мян.тн зэсийн баяжмал, 5300 тн молибдены баяжмал гаргадаг.  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдал хадгалах сангийн урд хэсэгт нийт 15 далантай ба 2018 онд 15-р даланг байгуулж, далайн түвшнээс дээш 1305 м өндөр болсон юм.  Харин хойд хэсгийн далан  болох М4 даланг байгуулж 2019 оны 9-р сарын 5-нд  хүлээн аваад байна.  Хаягдлын сангийн нийт талбай 2067.6 га ба санд нийт 830 сая тн элс, 22.3 сая м3 ус агуулагдан Баяжуулах үйлдвэрийг цагт 8000 м3 эргэлтийн усаар хангадаг юм. Хаягдал хураах хиймэл нуур ба далан нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутмын үзлэг хяналтад байлгадаг. Ийнхүү М4 даланг байгуулснаар  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм. Б.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Холбоо барих

   Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин, агаар шахах компрессорыг шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү шинэчлэлийн  явцын талаар тус хэсгийн дарга Ш.Болдоос тодрууллаа.

   - Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?
  - Хуучин машин маань хосолмол секцийн үед тавигдсан, 17 жил ажиллаж үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс  шинэчлэл хийж байна. Ингэхдээ  хийн үлээгүүрийн 171, 172-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж, Францын Continental industrie фирмийн Blower type-700.05 маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн дэлхийн шилдэг тоног төхөөрөмж  юм.

   - Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?
   - Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны 3-р сарын сүүлчээр эхэлсэн. Бид 6-р сарын 12-нд угсарч дуусгахаар шамдаж байна. Угсралтын ажил 90 хувьтай явна. Бид энэ амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана. 6-р сарын 12-ноос Continental Industrie фирмийн шиф инженер Испани, Италиас мэргэжилтнүүд ирж, механик болон цахилгааны тохируулгын ажил хийж, манай ажилчдад зориулсан сургалт хийнэ.

   - Хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар ямар ач холбогдолтой вэ?
  - Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Энэхүү бүрэн автомат хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар агаарын хүлээн авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг найдвартай хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Нөгөөтэйгүүр энэ хийн машины нэг давуу тал нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Үүгээрээ ажилчдын эрүүл мэндэд таатай нөхцөл бүрдэнэ.

   - Эдийн засгийн хувьд хэмнэлт гарах уу?
   - Зэс, молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигд явах боломжтой, мөн цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой.

   - Мөн танай хэсэгт  Atlas Copco фирмийн компрессор суурилуулж байна. Энэ тоног төхөөрөмж өмнөхөөсөө юугаараа давуу талтай вэ?
   - ОХУ-д үйлдвэрлэсэн ВЦ-32 маркийн компрессорыг Atlas Copco фирмийн ZH-800 компрессороор сольж байна. Технологийн процессыг хийн автоматаар удирдах системд чухал үүрэгтэй бөгөөд хүчин чадал нь өмнөхөөсөө 30 хувиар өснө. Ингэснээр үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах боломж бүрдэж байгаа юм. Бүрэн автомат удирдлагатай, эрчим хүчний хэмнэлттэй энэ төхөөрөмж суурилуулснаар технологийн процессын найдвартай ажиллагаа сайжирна, зардал хэмнэгдэнэ.

   - Шинэ компрессор хэзээ ашиглалтад орох вэ?
  - Угсралт, тохируулгын ажил дууссан. Нийлүүлэгч компаниас хөргөлтийн систем, сэлбэгийн нийлүүлэлтийн ажил хүлээгдэж байна. Үүнийг нийлүүлбэл ирэх 7 хоногт дуусна. Ингээд “Atlas Copco”-ийн  мэргэжилтэн ирж туршилт тохируулга хийж, ажлын горимд шилжүүлнэ. Бид энэ сарын 15-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. 2008 онд ZH 7000-6-8 маркийн 127м3/мин, 2010 онд ZH-10000-4-8 маркийн 150м3/мин компрессор суурилуулсан. Одоо энэ фирмийн гурван  компрессортой болж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг хийн автомат удирдлагаар найдвартай хангах боломж бүрдэж байна.

   - Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?
  - Угсралт тохируулгын томоохон энэ ажлыг Инженерийн зураг төслийн төв, Засвар угсралтын, Барилга засварын, Цахилгааны цехүүд, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн ажиллагчид оролцож, төлөвлөсөн хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд,  чанартай гүйцэтгэж байгаа чадварлаг үндэсний мэргэжилтнүүдээрээ бахархаж байна.

Я.ЭНХТУЯА
Фото: Б.БАТТӨГС

   Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн хүрээнд инженер техникийн 23 ажилтан Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын компаниудаас туршлага судлаад иржээ. Энэ талаар тус цехийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэгтэй ярилцлаа.

   - “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн зорилго, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа  тухай та эхлээд ярина уу?
   - Энэ нь Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааны үр дүнг ахиулах, инженер техникийн ажилтнуудын оролцоонд тулгуурлан 5 сайн үйлсийг хэвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Тавдугаар сард эхэлсэн энэ хөтөлбөр зургаан сар үргэлжлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд ИТА-дад 5С-ийн анхан, ахисан түвшний сургалт явуулна. Мөн бусад байгууллага, цех хэсгээс туршлага судлуулна, зөвлөгөө өгч чиглүүлнэ. Түүнчлэн хэсэг бүр дээр 3-5 инженер техникийн ажилтан оролцуулан баг бүрдүүлж, ажлын байранд үнэлгээ хийж, сайжруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.

   - Баяжуулах үйлдвэрт ажлын байрны сайжруулалт хамгийн сайн түвшинд хүрсэн гэж ойлгодог?
  
- Тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалтай болсон. 5С гэдэг бол ажлын байрны сайжруулалтын дээд түвшин. Тэгвэл манайд 2С, 3С түвшний ажлын байрууд ч бий. Үүнийг бид 5С түвшинд хүргэх зорилготой.

   - Хөтөлбөрийн хүрээн дэх ажлаа юунаас эхлэв?
  
- Хамгийн эхэнд бүх инженер техникийн ажилтныг 5С-ийн анхан шатны сургалтад хамруулж байна. Хичээлийг ЗМЗ-ын бүтээмжийн менежер  зааж байгаа. Саяхан манай хэсгүүдийн удирдлагууд болох 23 хүн Дархан, Улаанбаатар хотын компаниудад туршлага судлаад ирлээ.

   - Тухайлбал...?
 
- Дарханы ДЦС, Улаанбаатар хотын ДЦС-4, Хасу мегаватт, Мөнхийн үсэг компанид туршлага судалж, Монголын бүтээмжийн төвд сургалтад хамрагдсан. Туршлага судалсан компаниуд нь Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлан нэвтрүүлж байсан бол одоо бүгд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO стандартуудыг бүрэн нэвтрүүлж, Монголдоо төдийгүй Ази Номхон далайн бүс нутагт “Загвар” байгууллага болсон байна.

   - Компаниудын  ажлын байрнаас  ямар зүйлийг онцолж харав?
 
- Дарханы ДЦС-д ажлын байр, тоноглол, өрөө тасалгааны хаягжилтыг стандарт шаардлагын дагуу бүрэн хийжээ. Ажилчдаа ил тод үнэлж урамшуулах юм. Сар бүр ХАБ, бүтээмжийн шилдэг ажилчдын зургийг коридорын самбарт байршуулж, зураг нь хамгийн олон тавигдсан ажилтан гадаадад туршлага судлах эрхээр шагнуулдаг юм байна. Бүх ажлын байр /233/-ны жагсаалт гарган 5С-ийн хэрэгжилтийг оноогоор дүгнэж, өнгөөр ялган үүдэнд байрлуулсан нь содон санагдсан. Мөн коридор галерейг үзэмжтэй цэцэгжүүлсэн, алдрын булан байгуулсан нь тав тухыг мэдрүүлж байлаа. Түүнчлэн ээлжийн дарга, оператор, ажил хүлээлцэх өрөө  шилэн   хаалга,  ханатай  байгаа нь гаднаас хянах боломж бүрдүүлжээ. Бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан инженерийн ярианаас эднийхэн бүтээмжийн үр өгөөж, ач холбогдол, мөн чанарын тухай маш сайн ойлголттой болох нь ажиглагдсан. Тэрээр ХАБ, бүтээмж  нь нэгдмэл үйл ажиллагаа гэдгийг онцолсон. ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын бүхий л үйл ажиллагаа стандартын шаардлагад нийцсэн байх хэрэгцээг хангаж, журмуудыг нэгтгэсэн нь ихээхэн үр дүнтэй талаар ярьсан.
   Улаанбаатар хотын ДЦС-4-д ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод журмыг хялбар болгосон тухай станцын мэргэжилтэн тайлбарласан. Үүнтэй холбоотой удирдах ажилтнуудын сургалт ихээхэн үр дүнтэй болохыг онцлон ярьсан. Цайны цагаар ажилладаг аялгуут усан оргилуур нь ажилчдын алжаал ядаргааг тайлахад чухал нөлөөтэй санагдсан. Бүх дүрэм журам, зааврыг нэгдсэн сантай болгон цэгцэлсэн нь нэвтрүүлэхүйц туршлага байсан. “Хасу мегаватт” компани цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч, суурилуулдаг, Оюу толгой төслийн төмөр хийц бэлтгэдэг юм байна. Эдний  харьяа Герман, Монголын хамтарсан сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй  гагнуурчид  ган төмрөөр  маш сайхан урлаж  байна. Тэнд суралцсан хүмүүсээс дэлхийн ур чадварын тэмцээнд  томоохон амжилтуудыг үзүүлсэн бөгөөд гадныхан ч ажиллаач гэж урьдаг  гэсэн.

   - Бүтээмжийн үйл ажиллагаатай  ISO стандарт яагаад холбогдож байгаа вэ?
  
- Чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт 10 үндсэн бүлэгтэй  бөгөөд түүний нэг нь  “Сайжруулалт” юм. Энэ бүлэг нь тэр чигтээ бүтээмжийн үйл ажиллагааг харуулна.  Манай үйлдвэр дээр ХАБ, Хүний нөөц, Бүтээмжийн журам  тусдаа явдаг. Энэ олон журмыг нэгтгээд уг стандартын шаардлагад нийцүүлэх боломжтой. Тэгэхлээр манай Баяжуулах үйлдвэр тогтолцоондоо энэ стандартыг нэвтрүүлэх  хэрэгцээ шаардлага байна.

   - Та бүхэн “ганзага дүүрэн”  ирсэн байх. Хэрэгжүүлж болохуйц санаанаасаа хуваалцана уу?
 
- Бүтээмжийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан, олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Байгууллагын үүх түүх, түүхэн үзмэр, алдартнуудын булан, музей, цахим сантай танилцах, дурсгалын зураг татуулах танхимтай болох хэрэгтэй байна. Үүнийг Мэдээлэл хөгжлийн танхимын 2-р давхрыг өргөтгөх эсвэл галерейн зай талбайг ашиглан тохижуулж болох юм. “Хасу мегаватт”-ын сургалтын төвд гагнуурчдыг Германы дэвшилтэт технологитой танилцуулж  дадлагажуулах сургалтад хамруулах хэрэгтэй байна. Бид эдгээр компанид, өмнө нь “Оюутолгой”-д топ менежерийн хувцастай очсон. Бидний ихэнх нь ийм хувцасгүй  болохоор хүний хувцас өмсөж явсан. Биднийг хаана ч маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Тийм болохоор ИТА-ыг  Эрдэнэт үйлдвэрийнх гэдгийг илтгэх топ менежерийн цамцтай болговол зүгээр санагдсан.

Я.ЭНХТУЯА
Фото: Б.БАТТӨГС

   Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт техникийн шинэчлэл, барилга засвар, шинэ тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил явагдаж байна. Энэ талаар тус хэсгийн дарга А.Машбаяр: “5-р сарын 17-27-нд ачилтын хэсгийн 189-р кранд их засвар хийлээ. Кран одоо хэвийн ажиллаж байна. Мөн Ачилтын хэсэг дээр  барилгын металл хийцийн хүчитгэлийн ажил хийж буй бөгөөд одоо 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг энэ ажлыг “Их зогсолт”-ын өмнө дуусгахаар ажиллаж байна. Краны их засвар, барилгын металл хийцийн хүчитгэлийн ажлуудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тасалдал гаргалгүйгээр хийхэд анхаарч зохион байгуулалт хийсэн. Молибдены даралтат шинэ шүүлтүүр суурилуулах техникийн шийдлүүдээ хийж дууслаа. Зураг төслийн ажлыг Инженерийн зураг төслийн төв хийж байна. Их зогсолт 6-р сарын 29-ний 20 цагаас 7-р сарын 1-ний 20 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр, зогсолтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг чанартай хийхээр бэлтгэлээ базааж байна” гэв.

Я.ТУЯА
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог