• Ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна. Ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч “Хаан Хүнс Катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн эрүүл ахуйч эмч нар, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч, Хуулийн хэлтсийн хуульч болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон нийттэй харилцах албаны төлөөлөл багтжээ.    “Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа халуун хоолны асуудлыг 2005 онд шийдвэрлэж, хоолны амт чанар, үйлчилгээг алхам алхмаар сайжруулсаар ирсэн. Ажилчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдлаа. Цаашид зөөврийн хоол хүлээн авч байгаа орчны эрүүл ахуй, тав тухыг сайжруулах тал дээр тодорхой ажлууд хийнэ” гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ. Ажлын хэсгийнхэн үзлэг шалгалтын холбогдох дүнг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон оны эхний  хагас жилийн байдлаар 2019 оны төлөвлөгөөт даалгавраа бүрэн гүйцэтгэж, дараа жилийн ажилдаа ороход бэлэн болжээ. Тайлант хугацаанд 267 зураг төслийн даалгавар гүйцэтгэж, 559 төсөв зохиожээ. Хөрөнгө оруулалтын 228 даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100-111 хувиар биелүүлсэн байна. 2019 оны төлөвлөгөөт даалгавраа оны эхний хагаст хийж гүйцэтгэсэн бүтээлч хамт олон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон орлогч захирлууд, газар, хэлтсийн дарга нарын төлөөллүүд өнөөдөр очиж уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тус хамт олон 2020 оны ажлыг хийж гүйцэтгэхэд хүн хүчний дутагдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудад санал хүсэлт тавилаа. Түүнчлэн залуу ажилчид орон сууцны хөнгөлөлтийн асуудлын талаар тодруулсан юм. Үйлдвэрийн удирдлагууд ажилчдын гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэхээр боллоо. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа чухал

       Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын аюулгүй, зөв ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71300 дугаарын утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 14 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс: ажлын байр орчинтой холбоотой дөрөв, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дөрөв, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, ахуй хангамжтай холбоотой нэг, бусад чиглэлийн дөрвөн мэдээлэл тус тус ирсэн байна. Ажилчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу, холбогдох бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүдтэй зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилган ажиллалаа.    Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг /гол мөрний эрэг дагуу/-аар зорчихгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан барилга байгууламж, объектууддаа тавих анхаарал хяналтыг өндөржүүлэх, газар шорооны ажил хийж гүйцэтгэх тохиолдолд ХАБЭА-н дотоод нийтлэг дүрэмд заасны дагуу нуралтаас сэргийлж хаалт, хамгаалалт хийж байх, цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжуудын аюулгүй байдлыг хангуулах хяналтыг тогтмол хийж байхыг анхааруулж байна.    Мөн ажилтан та ажиллаж буй тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үедээ тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах үед мөрдөгдөх ХАБ-ын заавар, технологийн горим, эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан аюулгүй байдлын арга хэмжээ зэргийг сайтар судлан, өөрт болон бусдад аюул учруулахгүй байхад анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс сануулж байна. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн амжилттай байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон долоодугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг өчигдөр хэлэлцлээ. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-110.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Уулын цул гаргалтын төлөвлөгөөг 107.5 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 110.3 хувь, хүдэр олборлолт төлөвлөгөөнөөс илүү 113.9 мянган тонноор илүү буюу 105.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.     Хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 85.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 100.7 хувь, молибденоор 103.1 хувь, ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.7 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай байна. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцын “их зогсолт” тав хоногийн дараа эхэлнэ

       Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаар  амжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийг  дулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж эхэллээ.    Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй  үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг. Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог.  Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.    Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийх тухай Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: Орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна

       Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?    - Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.    “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.    - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?    - Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.    - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?    - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.   - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?   - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.   - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?   - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил

       Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа, үр ашиг, нийгмийн салбарын олон талт ажлаараа өнгөлж яваа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ салбартаа анхдагч болохуйц шинэ ажлын байр бий болгосон нь социологич юм. Нийгмийн сэтгэлзүйг тандан судалж, судалгаанд суурилсан оновчтой шийдэл гаргахад нөлөөлөх энэ мэргэжлийн хүн уул уурхайн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй хэмээн үзсэн нь биеллээ оллоо. Мэргэжлийнхээ хүрээнд ямар шинэлэг ажлууд хийж байгаа талаар Нийгмийн харилцааны хэлтсийн социологич Т.Даваажаргалтай ярилцлаа.    - Социологичийн ажил, мэргэжил ямар онцлогтой талаар яриагаа эхэлье?    - Хүмүүст төдийлөн танил бус энэ мэргэжлийг Монгол Улсад шинэ залуу шинжлэх ухаан гэж үздэг. Сүүлийн үед нэлээд хөгжиж байна. Улсын хэмжээнд боловсон хүчин бэлтгэдэг суурь бааз нь цөөн. Энгийнээр социологич хүнийг нийгэм судлаач, судалгаа шинжилгээ хийдэг талаас нь сурвалжлагч гэж ойлгож болно. Энэ мэргэжил нь аливаа зүйлсийн шалтаг шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй олж, тогтоон судалгааны дүнд гарч буй мэдээллийг тоон мэдээлэл болгон анализ хийж, дүгнэлт гаргахад чиглэдэг.    - Өөрийн ажлын туршлага, боловсролын талаар?   - Би 2005 онд “Идэр” дээд сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2007 онд удирдлагын социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2005-2008 онд Булган аймагт мэргэжлээрээ ажиллаж байгаад 2008-2015 онд Булган сумын Засаг даргын Тамгын газарт ажилласан. Улсад 14 дэх жилдээ ажиллаж байна.     - Ажилдаа хэр дадаж байна вэ? Уул уурхайн компанид социологич ажиллуулахын давуу талыг хэрхэн харж байна?     - Дийлэнх хүмүүс социологичийг эрдэм шинжилгээний  хүрээлэнд ажилладаг гэж ойлгодог. Би ажилд орсныхоо дараа ижил төстэй компаниудыг судалж үзэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Оюу толгой” ХХК-д социологич ажилладаг тухай одоогоор дуулсангүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр анхдагч нь юм болов уу. Үйлдвэрийн газар алс хэтийн үр дүн, ач холбогдлыг нь тооцож социологич ажиллуулах шийдвэр гаргасан байх. Энэ шийдвэрийг нь маш том дэвшил гэдгийг онцлон хэлмээр байна. Үйлдвэрийн газар нь судалгаанд суурилсан ТӨҮГ болох том зорилтын хүрээнд, ялангуяа нийгмийн хариуцлага, нийгмийн бодлого, харилцааны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа судалгаа, шинжилгээний дүн, ажилчдын эрэлт хэрэгцээ, хандлагыг тодруулах зэрэгт тулгуурлаж шийдвэр гаргах нь социологичийг хариуцлагатай ажиллахыг, үйлдвэрийн газрын хувьд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.        - Шинэ ажилтны хувьд ажлаа юунаас эхлэв?   - Уурхайчдын хороолол бол маш том бүтээн байгуулалтын ажил. Энэхүү төслийн ажил эхэлж буйтай холбогдуулан “Уурхайчин 1” хороололд захиалга өгөхөөр хүсэлт гаргасан ажилтнуудаас тус цогц шийдэлд байвал зохих нийгмийн эрэлт, хэрэгцээг тодруулах зорилгоор эхний судалгааг авсан.    - Судалгааны арга нь ямар байдаг вэ?   - Социологийн шинжлэх ухаан нь судалгааны арга, төрлийн хувьд ихээхэн баялаг. Судлаач хүн тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан судалгааныхаа аргаа сонгодог. Тухайн судлах зүйл, субъектээсээ хамаараад ярилцлага, фокус бүлгийн арга, анкет гээд аль аргыг хэрэглэхээ сонгодог. Баримт бичиг судлах нь хүртэл социологийн судалгааны нэг аргад тооцогддог. Ажилтнуудын дунд явуулсан энэ удаагийн судалгаанд асуулга, анкетын аргыг ашигласан.    - Ойрын үед ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?   - Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны мэдээлэл хүний нөөцийн бүртгэлдээ байдаг ч Нийгмийн харилцааны хэлтсийн зорилго, үйл ажиллагаатай нийцүүлж гаргах шаардлагатай мэдээлэл бас бий. Тиймээс нийт ажилчдаас энэхүү мэдээллийг авах зорилгоор суурь судалгаагаа бэлтгэн, асуулга боловсруулж байна. Мөн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын сэтгэл ханамжийн талаар ирэх долоо хоногт судалгаа, шинжилгээ хийхээр төлөвлөсөн. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Холбоо барих

     Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны “Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан “Эко-400”, “Залуус-600”, “Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шав тавих ёслолын ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс уурхайчдад зориулан барих хорооллыг нэг дор цогцоор нь шийдэх боломж олгож өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Орхон аймгийн Засаг дарга түүний тамгын газар таатай хүлээн авч, шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт “Москва 300” орон сууцны хороолол баригдах болсонд орон нутгийн удирдлагууд болон нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртай байна” гэсэн юм.  
     Орон сууцны цогцолбор хотхоны  түрүүч болох “Москва 300” хорооллын барилгын гүйцэтгэгчээр Неман констракшн, Химон констракшн, “Одкон эрчим” компаниуд ажиллаж, ирэх оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
     Хотын дуу чимээнээс хол, эрүүл цэнгэг агаартай орчинд  сүндэрлэн босох энэхүү хороолол нь 300 айлын, 6 блок бүхий цогцолбор хотхон байх юм.  “Москва 300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар, 6  барилгаас бүрдэх бөгөөд зоорийн давхартаа автомашины гараж, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, 2-10 дугаар давхартаа байхаар төлөвлөгдсөн. Мөн нийтийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламж, автозам, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол гаргаж, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, 300 айл өрхийг хангахаар зорьж байна. Энэхүү орон сууцны жишиг хорооллын бүтээн байгуулалт нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм. Орчин үеийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажилд өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.7 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болсноор бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бөгөөд энэ онд Улсын төсвөөс хоёр тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болоод байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж 2019 онд ашиглалтад орж, 2020 онд барилгын ажил дуусна.

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Амарын талбайд зохиогдсон “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны үеэр ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулан өгөх батламжаа гардууллаа. Уул уурхай даган хөгжиж буй Эрдэнэт хотдоо инженерийн боловролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэд төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ЮНИМАТ танхим нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг биет үзүүлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм. Мөн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 38 цэцэрлэг, хүүхэд асрах 2 төвийн 300 гаруй бүлэгт “Бумбардай” комик цуврал, сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоом, ерөнхий боловсролын 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэн, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

     

     

     Энэхүү ёслолын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд, төрийн болон төрийн бус 20-иод байгууллага тус талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгуулж байна. Үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн эдгээр байгууллага талбай бүрээ шинэ содон шийдлээр тохижуулж, мэдээ мэдээллээр хангажээ. Уулын техникүүд, эрдэс чулуулаг, юнимат технологи ашиглан зохион бүтээсэн жижиг загвар, үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж, Баяжуулах үйлдвэрийн түүхэн замнал гээд сонирхол татах олон зүйл Амарын талбайд дэлгээстэй байна.

  

  

 


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа нийтэд танилцууллаа.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгосон энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

     Орхон аймаг 2019 оны бүтээн байгуулалтын ажлаа улсын болон орон нутгийн төсвийн 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой томоохон ажлууд төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын 17 ажил хийгдэхээс “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөл, гэр хорооллын оршин суугчдын цахилгаан хангамжийг шийдвэрлэх, 5 байршилд баригдах хүүхдийн цэцэрлэг, хог боловсруулах үйлдвэр, залуучуудын ордон, өрхийн эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэлд эрс өөрчлөлт хийх шуурхай удирдлагын төв, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг онцоллоо. Мөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймагтай хамтран орчин үеийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахаар болсныг танилцууллаа.

     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө бид хичээн ажиллаж, хөгжлийн төлөө их зүйл хийх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалтын ажлуудаа эхэллээ. Том ажил. Сайхан ажил. Сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе. Эрдэнэтийн уурхайчдын яруу алдар мандан бадраг” хэмээсэн.

  

     

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн  хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

  

     Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний  удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.
     Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний  хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэл болон нийгмийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын  ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.
     Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд  “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

 

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог