• Уурхайчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ

         Улсын онцгой комиссын шийдвэр, Орхон аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн А/47 дугаар тушаал гарлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд соёл урлагийн үйл ажиллагаа, биеийн тамир спортын тэмцээн уралдаан, урт болон богино хугацааны сургалт семинар зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабт үүрэг болгов. Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Ерөнхий захиргааны I, II байр, ажилтнуудын нийтийн тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан, шаардлагатай ариутгалын бодис, хувийн хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг холбогдох цех, хэлтсийн удирдлагуудад үүрэгдлээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • Цахилгаан шат шинэчлэгдэв

        Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсгийн хариуцдаг хоёр цахилгаан шат саяхан шинэчлэгджээ. Нунтаглан баяжуулах хэсэг болон Өөрөө нунтаглах хэсэгт 20 гаруй жил тасралтгүй ажилласан, технологийн болон их засварын ажилчдыг зөөвөрлөдөг цахилгаан шатыг Солонгос улсын Хандок фирмийн орчин үеийн электрон тохиргоотой, 500 кг буюу зургаан хүний нормтой, тав тух хангасан лифтээр сольжээ. Цахилгаан шатны угсралт, тохируулгын ажлыг Улаанбаатар хотын “Хандок инженеринг” компани гүйцэтгэсэн байна. Саяхан, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Нийслэлээс ирж суурилуулсан цахилгаан шатанд үзлэг шалгалт хийсэн бөгөөд дүгнэлт нь ирэх долоо хоногт гарахаар ашиглаж эхлэх аж.     Баяжуулах үйлдвэрийн кран, хүн зөөврийн цахилгаан шатнуудын засвар үйлчилгээ хариуцдаг Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсэг нь өөрийн цехийн хүн тээврийн 10 цахилгаан шатаас гадна Дулааны цахилгаан станц, Аж ахуй, үйлчилгээний цехийн лифтүүдийг давхар хариуцан ажиллаж байна. Дулааны цахилгаан станцын цахилгаан шатыг нэн даруй солих шаардлагатай тул хүсэлт гаргасан гэж тус хэсгийн дарга П.Лхагвасүрэн ярилаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ТАМИР: Бид 2020 оныхоо хөрөнгө оруулалтын ажлын 60 хувийг гүйцэтгээд байна

        Энэ онд хийгдэх ажлынх нь талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирал Инженерийн зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамираас тодрууллаа.      -Танай хүрээлэн 2019 онд хэчнээн хэмжээний ажил хийв. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?      -Өнгөрсөн онд бид 1090 зураг төсөл боловсруулах ажлын даалгавар хүлээн авсан. Үүний 490 нь 2020 онд хийгдэх ажлын зураг төсөл. 2019 оныхоо хөрөнгө оруулалтын ажлыг эхний хоёр улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Бүтцийн өөрчлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор зураг төсөл боловсруулах ажил түрүүлж явах шаардлага гарсан. Энэ чиглэлийн дагуу бид өнгөрсөн оны ажлаа эрт дуусгаж 2020 оны зураг төсөл боловсруулах ажилдаа орсон. Бид энэ оны хөрөнгө оруулалтын ажлын 60 хувийг гүйцэтгэсэн. Урсгал засварын ажлыг ондоо багтаан хийхээр төлөвлөөд байна.      -Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажил хийгээд байна вэ?      -Барилга байгууламж,хяналт төлөвлөлтийн хэлтсээс манай хүрээлэнд зураг төсөл боловс-руулах даалгавраар захиалга ирүүлдэг. Тухайн ажлын зураг төсөл хэдий хэмжээний өртөг, зардалтай гарах нь бидний гаргасан тооцоогоор явна. Харин Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтэс дээр тодорхой өртөг зардал, эдийн засагтай холбоотой мөнгөн дүнг үйлдвэрийн газрын төлөвлөгөөнд батлуулан ажиллаж байгаа.     -Танай хүрээлэнд зураг төсөл хийдэг хэдэн хүн байна. Мэргэжил боловсролын хувьд хэр өөрчлөлт хийгдэж байна вэ?     -Манай хүрээлэн бүтэц орон тооны хувьд 56 хүнтэй. Үүний 47 нь инженер техникийн  ажилчид. Манайх зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд тавигдах шаардлагын дагуу мэргэшсэн инженер 15, зөвлөх найман инженер байх ёстой. Одоогоор 30 гаруй мэргэшсэн инженер ажиллаж байна.     -Танай бүтэц өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжиж байгаа гэж сонслоо. 2020 онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?     -Манай инженерийн зураг төслийн төв Зураг төслийн хүрээлэн болон өргөжиж байгаа. Ингэснээр бүтэц орон тоонд өөрчлөлт гарахгүй. Хэтийн зорилгоо тодорхойлсон. Цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар төлөвлөсөн ажлууд бий. 2020 оны хоёрдугаар сарын нэгний дотор энэ оны хөрөнгө оруулалтын ажлыг 100 хувь дуусгах үүрэгтэй. Гэвч биднээс шалтгаалахгүй Баяжуулах үйлдвэрийн бутлуур, тээрмүүдийн худалдан авалт хийгдээгүй, шинээр суурилагдах тоног төхөөрөмжүүд тодорхой болоогүй, техникийн паспортууд нь манайд ирээгүй учраас энэ ажлууд хойшилж болзошгүй байна.     -Энэ онд томоохон ямар ажлууд хийх вэ?     -Өнгөрсөн онд Ган бөөрөнцгийн цехийн индукцын хос шугам болон Баяжуулах үйлдвэрийн молибдены баяжмалын шинэ шугам, бутлуур, тээрмүүдийн зураг төслийн ажлыг голлон гүйцэтгэсэн. 2020 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нэг, дөрөв, тавдугаар насосыг шинэчлэх, шилжүүлэн суурилуулах ажил хийгдэнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт тээрмүүд болон бутлууруудыг шинэчлэх ажил, Спорт цогцолборын усан бассейны иж бүрэн засварыг олон улсын стандартад нийцүүлэн хийх юм. Ил уурхайн галын насосны станцуудын шахах системийг бүрэн шинэчлэх ажил хийнэ. Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийн шинэчлэлийн ажил үргэлжилнэ. үйлдвэрийн бүсийг тойрсон Гэрээт цагдаагийн газрын 13 харуулын постыг стандартад нийцүүлж шинэчлэх ажил гэх мэт бүтээн байгуулалтын их хугацаа, хөдөлмөр шаардсан ажлууд хийхээр төлөвлөөд байна.     -Баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Герман мэргэжилтнүүд Цутгуурын цехэд ажиллаж байна

       Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил он дамжин хийгдэж байна. Өнгөрсөн лхагва гарагт тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “FAT” компанийн хяналтын угсралт, суурилуулалтын гурван мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрт ирснээр, хүйтнээр хатууруулах холимгоор хэв барих технологийн шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт эхэллээ. Өнгөрсөн оны турш бэлтгэл ажил нь хийгдсэн уг шинэчлэлийн тоног төхөөрөмжийн суурийн ажил бүрэн дууссан байна. Харин тоног төхөөрөмжийн угсралт, холболтын ажил дөрөвдүгээр сарын эхэн болтол үргэлжилж, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт тавдугаар сарын нэгэн хүртэл явагдаж ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй. Цутгуурын цехийн шинэчлэлийн тоног төхөөрөмж 100 хувь ирсэн, сэлбэг материал бүрэн хангагдсан тул ажил хийхэд саадгүй гэж Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ.     Тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Герман мэргэжилтнүүдтэй хамт Засвар угсралтын цех, Барилга, угсралтын цех, Холбоо мэдээллийн технологи,  автоматжуулалтын цех, Засвар механикийн заводын ажилчид гүйцэтгэж байна.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хүдрийн шинжилгээнд ахиц гарав

        Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Багажит шинжилгээний хэсэгт Германы BRUKER брэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд шинээр иржээ. Эдгээр “багаж” нь хүдэрт эрдсийн болон элементийн шинжилгээг өндөр түвшинд шуурхай хийж дүгнэлт гаргаснаар баяжуулах үйлдвэрлэлийн технологийн горим тохируулахад дэм үзүүлэх юм. Тухайлбал, S2 PUMA төхөөрөмж нь Баяжуулах үйлдвэрт орох хүдэрт зэс, молибден, төмөр, хорт хольц, хар тугалга хэр хэмжээнд агуулагдаж байгааг шинжилдэг бол D8 ENDEAVOR “багаж” нь эрдсийн анализ хийдэг байна. Харин Финлянд улсад үйлдвэрлэсэн электрон микроскоп бүхий ТIMA төхөөрөмж нь давхар үйлдэл гүйцэтгэж шинжилдгээрээ давуу талтай аж. Судалгаа, шинжилгээний хүрээлэнд эдгээр төхөөрөмж ашиглалтад орсноор хүдрийн шинжилгээ илүү нарийвчлалтай хийгдэж, улмаар эцсийн бүтээгдэхүүний гарц сайжирч, эдийн засагт үр өгөөжөө өгөх юм.    М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэллээ

          БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотод гарсан корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ, ХӨСҮТ болон холбогдох газрууд өдөр тутам хэвлэлийн бага хурал хийж, явцын мэдээлэл танилцуулахаар болсон. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагийн байдлаар корона вирусээр өвчилсөн хүний тоо 2796, нас барсан хүний тоо 80 болсон тухай албаныхан мэдээллээ. Эдгээрээс БНХАУ-д 276 тохиолдол, хилийн чанадад 35 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлэлд 461 хүн сэхээн амьдуулах тасагт эмчлэгдэж, бүрэн эдгэрсэн 49 хүн байгааг дурьдлаа.          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд ХАБЭА-н хэлтсээс корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ажиллагсдадаа маск зүүх шаардлага тавьж, ариутгал халдваргүйжилтийг хувь хүн бүр өрөө тасалгаандаа хийхийг анхааруулж байна. Мөн олон нийтийг хамарсан ажлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг мөрдөж ажиллахаа мэдэгдлээ.       И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа

            Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчид шинэ оны ууган бүтээн байгуулалтаа ашиглалтад хүлээн авлаа. Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёрдугаар шатны хүдэр нунтаглалтын МШЦ 5.5х6.5 маркийн 3 дугаар тээрмийг шинэчилж, өнөөдөр ажилд оруулав. Энэхүү тээрэм нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 144 метр кубийн эзлэхүүнтэй, цагт 400 тонн хүдэр нуннтаглах хүчин чадалтай аж. МШЦ маркийн 3 дугаар тээрмийг шинэчилснээр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагаа хангагдаж, хэвийн жигд ажиллах боломж бүрдэж байна. Баяжуулах үйлдвэрийнхэн өнгөрсөн онд техник технологийн олон шинэчлэл хийсний нэг нь МШЦ маркийн 1 дүгээр тээрмийг солих ажил байв. Харин өнөөдөр уг 3 дугаар тээрмийг  ашиглалтад хүлээж авснаар хүдэр нунтаглалтын нэгдүгээр шугам иж бүрэн шинэчлэгдэж байгаа аж.     Гуравдугаар тээрмийн шинэчлэл нь “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2019”  жилийн хүрээнд хийгдсэн ажлын үргэлжлэл юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд эхэлсэн тээрмийн шинэчлэлийн ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн хамт олон хамтран гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанаас 96 цагийн өмнө дуусган, хүлээлгэн өглөө.     “Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар тээрэм нь ашиглалтад орсноос хойш 30 жил ажиллаж, ийнхүү шинэчлэгдлээ. Бид 2020 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээг нэмэгдүүлэн, ажиллана. Тухайлбал, өөрөө нунтаглах 1,2 дугаар тээрмүүдийг солих, хүдэр нунтаглалтын 4 дүгээр шатны шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээр шинэчлэл хийгдсэнээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын өөрийн өртөг буурч, борлуулалтын орлого нэмэгдэн, эдийн засгийн үр ашиг дээшлэх өндөр ач холбогдолтой” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Хүдэр нунтаглалтын 3 дугаар шинэ тээрмийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд болон Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ажилтан, уурхайчдын төлөөлөл оролцлоо. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Шилдэг төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардууллаа

             Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.      Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.     Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.         Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.   М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.   МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ: Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо     -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?     -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана. Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН: Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо     -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?    -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа. Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР:  Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл       -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?     -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.     “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ: Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна      -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?     -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ

              “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.    Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа         Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.    “Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог        Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.   “БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий          Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх.      И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

    Аюултай хог хаягдлыг устгах нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал юм. Саяхан ХАБЭАБОХХ-ийн Байгаль орчин хариуцсан орлогч дарга О.Эрдэнэтуяа улсын комиссын бүрэлдэхүүнд багтаж энэ асуудлаар Нийслэлд хуралдаад иржээ. Түүнээс цаашид энэ асуудлыг шийдэх ямар алхам тавигдаж буй талаар тодрууллаа.     

     - Улсын хэмжээнд аюултай хог хаягдлын нөхцөл байдал хүндэрч байна. Үүнийг шийдвэрлэх гарцыг Улсын комисс юу гэж тодорхойлов?
     - Аюултай хог хаягдлыг устгах цэг улсын хэмжээнд байхгүй. Ийм үйлдвэр ч алга. Аюултай хог хаягдлыг хэрхэх тухай асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байна. Өмнө нь тухайн үеийн Засгийн газраас шийдвэр гараад Оросын хуучин цэргийн ангийн нуувчинд хадгалдаг байсан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогссон. Улс даяар аюултай хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан учраас саяхан Монгол улсын Шадар сайдын  тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой компани гээд олон газрын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ууганбаяр ахалж байна. Бид аюултай хог хаягдлын удирдлагын тогтолцоо, шийдлийг судалж, санал боловсруулах үүрэгтэй. Аюултай хог хаягдал гаргадаг уул уурхайн хоёр том үйлдвэр энэ асуудлыг удаа дараа дэвшүүлж тавьсан учраас биднийг ажлын хэсэгт оруулсан болов уу. Анхны хурлаараа хамгийн түрүүнд газрын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлүүлэх тухай хэлэлцлээ. Хэрэв улс газар шийдээд өгвөл байгаль орчны мэргэжлийн байгууллагууд аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барих асуудлыг шийдэх боломжтой. Үүний тулд эхлээд Монгол улсын хэмжээнд хичнээн төрлийн, химийн ямар бодисууд хаана хадгалагдаж байгааг судлах нарийн чиглэлтэй ажиллаж байна. 

     - Манай үйлдвэрт аюултай хог хаягдал хэр их хуримтлагдсан бэ?
     - Одоогоор химийн бодисын 2,5 тонн хаягдал бий. Үүнээс гадна баяжуулах үйлдвэрийн урвалжуудын сав суулгыг гадагш нь борлуулахыг хуулиар хориглосон учир бас хадгалдаг. Энэ сав суулга, бусад баглаа боодол асар их талбай эзэлж байгаа. Гадагш нь гаргаж болохгүй, зөвхөн л хадгалах ёстой. Өмнө нь аймгийн Засаг даргын шийдвэрээр зааж өгсөн газар нь булшилдаг байсан юм. Хуулиар хориглосноос хойш 10 гаруй жил хадгалж байна. Химийн бодисын хаягдлаа агааржуулалттай тусгай агуулахад хадгалдаг.

     - 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиар тусгай эрх авсан аж ахуйн нэгжүүд аюултай хог хаягдлыг цуглуулан хадгалж, устгах үүрэгтэй. Ийм зөвшөөрөлтэй байгууллага бий юу?
     - Зөвшөөрөл авсан ганц байгууллага бий гэж хурлын үеэр танилцуулсан. Гэхдээ тэр “Цэцүх” гэж компани нь зөвхөн сав суулгыг устгах чиг үүрэгтэйгээр дөнгөж байгуулагдсан. Харин хаягдал масло авдаг хоёр, гурван үйлдвэр бий. Тэдгээр нь Эрдэнэт хотод ажиллаж байгаа. Аюултай хог хаягдлаар зөвшөөрөл авсан өөр байгууллага байхгүй.

     - Хөгжилтэй орнууд аюултай хог хаягдлаа яаж устгадаг юм бол...?
    - Ерөнхийдөө хууль нь манайхтай төстэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь устгах үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөл авсан олон байгуулллага байдаг учраас өрсөлдөөн ихтэй. Яагаад гэвэл аюултай хог хаягдал гэдэг тухайн байгууллагад ашгаа өгөөд хэрэггүй болсон эд шүү дээ. Үүнийгээ устгуулахын тулд тээвэрлэлтэд төлбөр төлнө, устгалын компанид бас төлбөр төлнө. Харин тусгай зөвшөөрөлтэй компани “Таны хог хаягдлыг устгаж аюулгүй болголоо” гэсэг акт өгнө. Бүх зүйл байгальд ээлтэй, дэлхийн дэвшилтэт технологи, нарийн хяналтын дор явагддаг. Энд эргэлдэх мөнгөний урсгалын төлөө аж ахуйн нэгжүүд өрсөлддөг. Үүний тулд технологио байнга сайжруулдаг.

     - Сав суулгын устгалд ирээдүй байна. Харин хаягдал химийн бодисыг хэрхэх вэ?
     - Одоогоор бидэнд хадгалахаас өөр арга байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн хувьд журмын дагуу тусгай агуулахад хадгалж байна. Харин химийн лабораторитой сургуулиуд, өөр бусад газрууд химийн бодисоо яаж хадгалдаг нь тодорхойгүй. Манай үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өснө. Хамгийн гол нь химийн бодисын хаягдал, үлдэгдэл гаргахгүй байх талаас нь л анхаарах хэрэгтэй. Химийн бодисын чанараас болдог юм уу, эсвэл технологийн шинэчлэлээс болоод хэрэглэхээ больдог ч юм уу, хаягдал-үлдэгдэл нилээд гардаг байсан нь сүүлийн үед багассан. Газрын асуудал шийдэгдвэл тусгай үйлдвэр төрөл төрлөөрөө баригдах нь тодорхой. Үүнийг барихад хугацаа хэрэгтэй. Тэр болтол хаягдал химийн бодисд авах арга хэмжээ байхгүй.

     - Цаг зав гаргасанд баярлалаа.
 

 

М.ОДГЭРЭЛ

Даваа, 28 1-р сар 2019 00:00

Аварга машины жолооч

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын анхны монгол экипажийн ахлагч Б.Гарам-Очир Хөвсгөл аймгийн Галт суманд айлын “дархан бэр”-ийн отгон хөвгүүн болон мэндэлжээ. Бага, дунд сургууль төгсөөд Ардын армийн 107-р ангид жолооч болж, Зүүн баянд хоёр жилийн цэргийн алба хаасан байна. Ерээд оны эхээр  Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбон Сургалт үйлдвэрлэлийн төвд Белазын жолооч мэргэжил эзэмшиж. Түүний авга ах нь Монгол улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш. Тэр ийм бие бялдрын хүмүүжилтэй, хөдөлмөрч удамтай, хүүхэд байхын тусч нэгэн явжээ. Амралтын өдрүүдэд 15 километрийн зайтай хөдөө гэртээ явган очиж ижий, аавынхаа ажилд тусалдаг, малч хүү явсан агаад хөдөлмөрийн хүмүүжлийг багаасаа олж авч хэрсүү суусан байна. Тэрбээр Улаанбаатар хотын Техник мэргэжлийн сургуулийг авто засварчин мэргэжлээр төгсөөд Монгол улсын гал голомтыг бадраасан Багануурын уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн аж. Энд ажиллахдаа Белазын эвдэрсэн эд ангийг задлан засаж, угсран ажиллуулж явсан тухай нэгэн нөхрөөс нь сонссон. Тэр ийм л техник сэтгэлгээтэй. Хөдөлмөрч хүний сэтгэх,ярих, хийх гурав зэрэгцдэг гэх.Энэ үг түүнд тохирох мэт. Түүнийг ажилч хичээнгүй ур чадвартай нэгэн болохыг би мэднэ. Одоогоос олон жилийн өмнө “Нэг ээлжийн дөрөв” сэдэвт сурвалжилга бэлтгэн уншигчдад хүргэсэн юм. Тэгэхэд “бид хааяахан хоёр нь уулзахаар ах, дүүтэйгээ таарсан мэт сэтгэгдэл төрж нэгэндээ хоргодоод байдаг юм” хэмээснээр бидний яриа эхэлсэн санагдана.Тэр цаг үеэс миний бие түүнийг таних болсон юм. Эрдэнэт үйлдвэрийн уулын цулыг тээвэрлэх Белаз зогсолтгүй 24 цаг ажиллана. Эрдэнэс тээвэрлэсэн аварга техникийг уурхайчин эрс жолоодон өглөө үдэшгүй ажилласаар... Тэдний төлөөлөл Бүдрагчаагийн Гарам-Очир, Машийн Пүрэвсүрэн, Хөдөөгийн Сүхбаатар, Очирын Гансүх нар 1998 онд анхны монгол экпажийг байгуулан ажилласан түүхтэй. Эдүгээ тэд 21 дэх жилдээ гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж явна. Тэд сар, улирал, жилийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь давуулан биелүүлж ирсний үнэлэмж, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, тэргүүний уурхайчид болцгоожээ. Олон жил эрүүл ажиллаж хөдөлмөрлөж ирсний нууц юунд байна вэ? гэсэн асуултад, би маш сайн амардаг. Эрүүл агаарт алхах дуртай. Зөв хооллож, цаг ямагт хөдөлмөрлөж явахыг хичээдэг хэмээв.  Ийм л ажилч хичээнгүй, зарчимч шаардлагатай, хөдөлмөрийн хүмүүс баялаг бүтээдэг биз гэж түүний яриаг сонссон хэн хүн бодохоор. Тэр шинэ санал санаачилга гарган ажилладаг нэгэн. Захын жишээ дурдахад Белазын дугуй өндөр өртөгтэй, “бөөр” нь их элэгдэнэ. Хоёр дугуйны завсар чулуу хавчуулагдаж дугуй халдгийг тэр анх олж харж. Ингэснээр бат бөх чулуу авагч хийх санаачилга гаргажээ. Шавь нартаа сурсан мэдсэнээ харамгүй хэлж зөвлөн 21 жил хөдөлмөрөөрөө бусдад үлгэр дуурайлал болон ажиллаж ирсэн түүний хичээл зүтгэлээр бахархмаар... Тэр эх орныхоо хөх усан судраас ундаалж, хөдөөгийн цэнгэг агаараар амьсгалан гөрөөлөх дуртай. Тэгэхдээ байгаль эхийн хайрласныг авахаас амьтай бүхэн рүү нүхтэй төмөр шагайхгүй. Ганзага мялаахдаа ганц нэг “хулгар шар” намнах төдий. Харин ажлын талбарт алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Аавын хүүхдүүдтэй алагчлалгүй харьцана.

     Үзэл бодол нийцэхгүй зүйлийг үнэнээр нь хэнээс ч эмээхгүй хэлчихдэг эрс шулуун зан чанар түүнийх. Бусдын гаргасан амжилтыг үнэлж, бахархаж чаддаг нь түүний бас нэгэн мөн чанар. Хүн өөрөө амьдрал дээр биеэр олж авсан мэдлэгийг мартдаггүй. Хүнээр заалгасан юмны тал нь мартагдах явдал бий гэж ярих түүний экипаж 052 номерын Белаз машинаар ээлж хийхгүйгээр 64 мянган мот/цагийн ажил гүйцэтгэж нэг тэрбум төгрөг хэмнэжээ. Өдөр тутмын техник үйлчилгээ, урсгал засварыг цаг хугацаанд нь чанартай хийж эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажилласны үр дүнд тэд ийм амжилт гаргасан аж. Нөгөө талаар эдний гаргасан амжилтад алтан гартай засварчдын хөдөлмөр их нөлөөлсөн нь түүний экипаж багаар ажиллаж туршлагажсаныг харуулах мэт. Тэр залуу халуун насандаа 48 цаг улиран ажиллаж явснаа ч нуусангүй. Энэ үед ар гэрээс нь хоол зөөдөг байж. Энэ бүхнийг эргэн санахад сайхан байдаг юм гэж хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Сэтгэлгүй хүн л тайлбар тавьдаг. Ажил хийе гэсэн сэтгэл байхад арга нь олддог  гэсэн. Энэ нь түүний амьдралд баримталдаг нэг зарчим. Түүний хань Цанжидын Чулуунхүү аймгийн Холбооны газар 20 гаруй жил ажилласан нэг нутгийн хоёр гэнэ. Эдний том охин нь АНУ-ын Michgan мужид амьдардаг бол дүү нь дунд сургуулийн сурагч. Тэр ар гэртээ санаа зовохгүй явахаар ажил хийхэд их урамтай байдаг. Аливаа техникийг эвдрэхээс нь урьдаж үйлчилгээ хийх их чухал хэмээн сануулав. ...Хөдөөний нэг бодь эр 130 тоннын Белазыг анх хараад хэдэн давхар байшин шиг том юм хөдлөөд явчихлаа. Хажууд нь пурган машин шүдэнзний хайрцаг шиг харагдана. Жинхэнэ эр хүний унаа байна хэмээн амандаа шагшран зогссон гэдэг... “Эр хүний унаа”-г жолоодогч, Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтан Б.Гарам-Очирын тухай өгүүлэхэд ийм буюу.

 



Т.БАТЧУЛУУН

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, эрдмийн уурхай өнөөдөр 20 дахь төгсөлтийн баяраа хийлээ. Энэ жил тус сургуулийг автын инженер, уул уурхайн ашиглалтын технологи, мэдээллийн технологи зэрэг зургаан мэргэжлээр бакалавр зэрэгтэй 42, магистрын зэрэгтэй 36 оюутан төгсөж байна. Тус сургуулийн төгсөгч Э.Азжаргал ШУТИС-ийн шилдэг сурагч болсон бол 3,2 онооны голчоос дээш, амжилттай суралцсан дөрвөн төгсөгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах батламжаа гардан авлаа.

У.Бат


 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  2018 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал Баяжуулах үйлдвэрийн ажлын үзүүлэлтийг хэлэлцсэнээр эхэллээ. Тус цехийн хамт олон өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, хүдэр боловсруулалтыг 31 сая 520 мянган тоннд хүргэж ажилласан байна. Энэ нь төлөвлөснөөс  520 тонн хүдэр илүү боловсруулсан гэсэн үг юм. Мөн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлтүүд 101,7-118,9 хувиар давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр дээрх хэмжээний хүдэр боловсруулахдаа  536 тэрбум төгрөгийн зардал гаргаж, өмнөх онтой харьцуулахад 33 тэрбум төгрөгөөр зардал өссөн ч нормчлогдсон материалаас 7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Нийт дүнгээрээ  Баяжуулах үйлдвэрийнхэн 100 хувийн төлөвлөгөөнөөс 416 сая төгрөг, гүйцэтгэлд ноогдох төлөвлөгөөнөөс 5,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав.  Мөн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг бусад чиглэлээр төлөвлөсөн ажлууд 100-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Иймээс тус цехийн хамт олны  2018 оны ажлыг тайлангийн хурлын комиссоос өндрөөр үнэлэв.
     Техникийн шинэчлэлийн хүрээнд олон бүтээн байгуулалт хийгдсэнийг цехийн дарга М.Отгон онцлов. Тухайлбал, нунтаглан баяжуулах хэсгийн нэгдүгээр шатны хоёр тээрэм, хоёрдугаар шатны хоёр тээрмийн барабан, бутлан тээвэрлэх хэсгийн хоёр шигшүүр зэргийг сольж, 15 дугаар даланг барьж ашиглалтад өгчээ. Эдгээр нь эдийн засгийн өндөр үр ашгаа өгч буйг тайлангийн хуралд цехийн удирдлага танилцуулав. 
     2019 онд Баяжуулах үйлдвэрийнхэн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг хийхээр төлөвлөжээ. Өөрөө нунтаглах хэсэг дээр 1989 оноос өнөөг хүртэл ажиллаж буй ММС тээрэм, нунтаглан баяжуулах хэсгийн дараагийн хоёр тээрмийг солих, Хаягдлын аж ахуйд  М4 даланг холбогч сувгийн хамт барих, шүүн хатаах хэсгийн молибдений шинэ филтер, бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хоёр ширхэг бутлуурыг суурилуулах зэрэг ажлуудыг шинэ оны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

     Катодын цэвэр зэс үйлдвэрлэлийн анхдагч Эрдмин компани зэс тууз үйлдвэрлэх технологи нэвтрүүлж эхэлсэн байна. Тус компани 2008 оноос зэсээр эцсийн, өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих зорилт дэвшүүлжээ. Энэ зорилтын хүрээнд 50 гаруй төрлийн цахилгааны утас кабель, 6-7 төрлийн уртасгагч үйлдвэрлэхийн зэрэгцээ зэс тууз үйлдвэрлэх технологийн дамжлагыг ашиглаж эхэллээ. Энэ нь үйлдвэрийн хүчин чадлыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх чиглэлээр нэвтрүүлж буй томоохон үйлдвэрлэл юм. Туузан зэс үйлдвэрлэх дамжлагын тоног төхөөрөмжийг тус компани  БНХАУ-ын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн Changzhou Aibang компаниас худалдан авч, угсран ашиглалтад оруулсан байна. Энэ технологи нь 50 мм-ийн өргөнтэй, 0,9 мм-ийн зузаантай бүх төрлийн цахилгааны тууз, зэс прокатыг хийх боломжтой аж. Мөн зэс тууз нь Монгол дахь цахилгааны шит угсрагч компани, под станцуудын гол түүхий түүхий эд болдог. Энэхүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр зэсийн өртгийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой юм.
     Нөгөө талаар, манай улс зэс туузын хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг. Харин өөрсдөө үйлдвэрлэдэг болсноор гадаад руу чиглэсэн валютын урсгалыг багасгаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл  нэмэгдэх боломж нь бүрдэх юм. Зэс тууз нь дан ганц цахилгаан хэрэгслийн түүхий эд болоод зогсохгүй, зэс аяга таваг зэрэг энэ төрлийн ахуйн хэрэглээний бүх бүтээгдэхүүний бэлдэц болох аж. “Зэс тууз үйлдвэрлэж эхэлсэн нь өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  эхний үе шат бөгөөд цаашид бид зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг өсгөх зорилт тавьж байна” гэж Эрдмин компанийн Ерөнхий захирал Ж.Баатар ярьлаа.   

     Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн өмнө өндөр настай ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа 85-аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Тус үйлдвэрт ажиллаж байгаад  гавьяаны амралтдаа гарсан 85-аас дээш насны 8 ахмад эдүгээ энх тунх амьдарч буй. Тэдний хамгийн ахмад нь Баяжуулах үйлдвэрийн өндөр настан Л.Гүндэгмаа  өнөө жил 92 нас хүрч байна.  
     Эрдэнэт үйлдвэрийн хамгийн өндөр настай ахмадуудыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал нар өнөөдөр хүлээн авч, удахгүй гарах “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн улирч буй нохой жилд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олны гаргасан амжилт бүтээл, онцлох үйл явдлуудын талаар ахмадууддаа танилцуулж, ирэх жилийн зорилт төлөвлөгөөний тухай сонирхууллаа. Тэгвэл  залуу насны хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан үйлдвэрийнхээ ажил үйлс өөдрөг буйд  ахмадууд талархаж, удирдлага хамт олонд ажлын өндөр амжилт ерөөв.
     Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид ая дуугаар мэндчилж, ахмадуудынхаа мэлмий сонорыг ардын дууны хөг аялгуугаар мялаасан. Ерөнхий захирал болон удирдлагууд үйл ажиллагааны төгсгөлд урилга хүлээн авч, морилон саатсан ахмад настнууддаа эрүүл энх байж, урт наслахын ерөөлийг дэвшүүлэхийн зэрэгцээ  гарын бэлэг гардуулж, дурсгалын гэрэл зураг татууллаа. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд хийгдэж буй техникийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайд шинэ техник ашиглаж эхэллээ. Тус уурхайд Вагнер Ази компани САТ 824К дугуйт түрэгч, САТ 16М3 автогрейдр, САТ 232D дугуйт юниверсал ачигч зэрэг дөрвөн техник нийлүүлснийг уурхайн хамт олон хүлээн авав.
     Эдгээр  техникүүд 2018 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд ухаалаг программ хангамж, автомат тосолгооны болон хяналтын системтэй,  шинэ технологи бүхий  бүтээгдэхүүн юм. Найдвартай ажиллагааг бүрэн хангахуйц техникүүд нь уурхайн тогтвортой үйл ажиллагаа болон хүчин чадлыг дээшлүүлэх, технологийн тээвэрлэлтийн горимыг сайжруулахад  нэн чухал шаардлагатай гэдгийг Ил уурхайн удирдлага онцлов.
     Энэхүү  техник нь өнгөрсөн оны захиалга бөгөөд 2019 онд тус уурхайд дахин нэг автогрейдр, гинжит бульдозер авах төлөвлөгөөтэй аж. Вагнер Ази компанийхан нийлүүлж буй техникийн засвар үйлчилгээндээ 1-2 жилийн хугацаатай баталгаа өгч, хамтран ажиллах юм.
 

 

 

 

Даваа, 21 1-р сар 2019 00:00

Итгэл даасан баяжуулагч

    

     1993 оны яргуй нүдлэх  цагаар  сэтгэлийн амрагтаа тэмүүлсэн  залуухан  хархүү Эрдэнэсийн хотод ирэв. Уурхайн цэмцгэрхэн суурин түүний таалалд тун их нийцэж. Аварга  үйлдвэрийн аль нэгэн  цехэд эрчтэй насны эрмүүн хөдөлмөрөө зориулан,  халуун бүлээрээ хангалуун сайхан амьдрах нууцхан мөрөөдөл Хайгуулын техникчийн диплом өвөртөлсөн Д.Ганзориг хүүгийн цээжнээ багтах. Гэвч  насан өндөр аав ээждээ дэм болох ачлалт сэтгэл нь дийлж,  хань ижлээ  дагуулан төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган руугаа  хүлгийн жолоо залав аа. Ганзоригийнх нутагтаа өрх нэмж, удам залгах ууган хүү нь ч мэндэлж. Үзэсгэлэнт  хангайдаа   Эг, Үүрийн голоо өгсөж уруудан зургаан жил буянт сүргээ маллав. Угаас  малд нүдтэй, ажилч  хичээнгүй тэд буурлын  буяныг хэд дахин өсгөн үржүүлсэн гэдэг. Хүүгээ цэцэрлэгт орохтой зэрэгцэн сэтгэлээс уяатай Эрдэнэсийн хотоо зорив. Санаж явбал бүтнэ гэгчээр нэг л өдөр энэ буянтай  үйлдвэрийн ажилчин болох хувь тохиож. Бүүр  “зүрхэн” хэсэгт шүү.  Насосны машинч боллоо. Есөн жил ажиллав. Дараа нь тэр баяжуулагч болов. Насосны машинчаар ажиллаж байсан нь сайн баяжуулагч болоход тун дөхөмтэй байв. “Нунтаглан баяжуулах бол хамгийн чухал дамжлага. Ашигт  эрдсүүдийг баяжуулж авах, эсвэл гологдол болгон хаях  нь баяжуулагчийн ур чадвараас ихээхэн  хамаарна. Баяжуулагчийн ажлын үнэлгээ тухайн ээлжинд гарч буй технологийн үзүүлэлтээс тод харагддаг. Баяжмалын чанар болон  хаягдал хэр  байгаа тухай цаг тутамд дүн шинжилгээ хийдэг программ хэлээд л өгнө” гээд л инээмсэглэв. Оргилон буцалж буй  хөөсөн бөмбөлгийн өнгө өөрчлөгдөх, хэмжээ нь томорч жижгэрэх, хөөс хагарах зэргээс баяжуулалт хэр явж буйг нарийн мэдэрч, технологийн процессоо  тохируулна. Тээрэмд нунтаглагдан  урсан өнгөрөх материалаас  ашигтай эрдсийг баяжуулж авахад авхаалж самбаа, мэдрэмж их чухал гэнэ. Үнэхээр ч түүний шалмаг хөдөлгөөн,  чамбай чанар нь   богино хугацаанд зөв шийдэл гаргах   баяжуулагчийн онцгой чадварыг өөртөө шингээсэн мэт. Тэр манай шилдэг баяжуулагч төдийгүй, бригадын ахлагч. Ээлжийнхээ залуус голдуу 10 гаруй  баяжуулагчийг тэр ахалдаг. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзлэлтэй, бүтээлч залуустайгаа хамтран ажиллахад урамтай байдгаа ярьсан. Хэн нэгэнд ая тал засдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг шударга зантай түүнд дарга, цэрэггүй л ам сайтай Залуусыг үйлс бүтээлээрээ  төдийгүй биеэ авч яваа байдал, спорт, олон нийтийн ажилд зүтгэлтэйгээрээ ч үлгэрлэнэ. Сагсан бөмбөг, волейболын  спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин тэрбээр  цехийнхээ гол тоглогч байсан үе бий. Одоо  ахмадын багтаа тоглосоор л. 
    Гадаа ганц нэг  цас хаялах  идэр ес эхэлсэн энэ өдөр улаахан  хацарт хонгорхон  насаа тэр ийнхүү дурсав. Эсгий гуталтай хөлдөө  модон тэшүүр  углаж,  Эгийн голын мөсөн дээгүүр  хөндлөн гулд  гулган  тоглодог байсан үе, хурдан морины зоон дээр гийнгоо аялан, цамцаа дэрвүүлэх балчир насны жаргалтай мөч сэтгэлээс нь гардаггүй аж.
    Эргэж ирэхгүй холын аянд мордсон аавыгаа дурсан  ярихдаа аньсага чийгтүүлэв. Тэрбээр цааш нь: “Миний аав, ээж сийрэгхэн ухаантай хүмүүс. Насаараа мал малласан ч, бид аравт эрдэм боловсрол эзэмшүүлж, бүгдийг нь мэргэжилтэй болгосон. Миний бага  дүү л  малчин. Мянгат малчин гэгдэн, нутагтаа сайхан амьдарч яваа” гэсэн. Д.Ганзориг нутаг, ээж амьтай нэгэн. Зав гарвал наян насны босго аль хэдийн давсан ачит эхээ, алдарт  “Даян дээрх”, Эгүүрийн голоо зориод л давхичихна.
     Эднийх ам бүл дөрвүүл. Д.Ганзориг: “Миний амжилтын хагасыг халамжит хань минь бүтээж өгсөн” гэх. Одоогоос дөчөөд жилийн өмнө сумын эмнэлэгт дуугаа хадаан  нэгэн өдөр мэндэлсэн хүү охин хоёр бол манай хөргийн эзэн, түүний эхнэр П.Шүрэнцэцэг. Сургуулийн босгоор анхлан алхахад  бас л  нэг ангид хамтдаа... Аргагүй л холбоо заяатай хоёр байгаа биз. Хүү Г.Тэлмэн ШУТИС-ийг Уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр энэ хавар төгсөж, удам дамжсан уурхайчин болох зорилготой. Охин Г.Золбоо 12-р ангид суралцдаг. Хүү охин хоёр нь таван жилийн зайтай, яг нэг өдөр төрсөн гэдэг. Ганзориг хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн дагуулдаг. Түүгээрээ ч тэд нь өөрийн гэх үзэл хандлагатай, зөв хүн болон төлөвшжээ.
     Д.Ганзоригийн тухай хамт олон нь: “Маш нарийн мэдрэмжтэй баяжуулагч, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүн,  бүтээлч, шинийг санаачлагч, үйлдвэрлэлийн процессыг гарамгай мэддэг, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг олж тогтоохдоо гаргууд, мэддэг чаддаг зүйлсээ залууст харамгүй зааж сургадаг, хамт олны уур амьсгалыг зөөлрүүлэгч гэж магтаж, ийм л болохоор бид түүнд итгэдэг” гэсэн юм. Түүний амьдралын чиг шугам итгэл дааж амьдрах. Баяжуулагчдын холбооны шилдэг баяжуулагчаар хоёр удаа, Нунтаглан баяжуулах хэсгийн шилдэг ажилтнаар шалгарч байсан тэр, хамт олныхоо, удирдлагуудынхаа итгэл найдварыг хэзээд алдсангүй, амжилтаа ахиулсаар. Эрдэнэт хэмээх их айлын 6000 гаруй ажиллагчаас ажил үйлсээрээ товойн шалгарч, 2018 оны Шилдгийн шилдэг ажилчин боллоо. Тэрбээр Шилдгийн шилдэг ажилчин болсон сэтгэгдлээ: “Миний хөдөлмөрийг үнэлсэн том үнэлгээ, хүндэтгэл, бас шагнал. Энэ үйл явдал  надад улам сайн ажиллах урам зориг, ажиллах эрч хүч нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийнхээ  хамт олны  итгэлийг бүтээлч хөдөлмөрөөрөө хариулна” гэж хэлэхдээ нүд нь очтон гялалзаж байсан. Эрдэнэт үйлдвэр 2018 онд Зэсийн металл авалтыг 40 жилийн түүхэндээ хамгийн дээд хэмжээнд буюу 89,5 хувьд хүргэсэн. Энэ түүхэн амжилтад Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны шилдгийн шилдэг ажилчин Д.Ганзоригийн  хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн нь гарцаагүй. 
Хүн мөрөөдлөөр жигүүрлэн түүндээ хүрэх зорилго өвөрлөн, хичээнгүйлэн хөдөлмөрлөснөөр  амжилтад хүрдгийн тод жишээ энэ буюу.


Я.ЭНХТУЯА

     Засвар монтажийн цехийн ажилтан Д.Бямбадорж үйлдвэрийн бүх цех нэгжид хүрч засварын ажил гүйцэтгэдэг бригадын ахлагч. Ийм л хөдөлмөрч, ажилч хичээнгүй хүмүүсээр бахархах сэтгэл аргагүй төрөх. Тавьсан асуултад оновчтой цөөн үгээр хариулах түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

     -Оны тэргүүний ажилтан болсонд баяр хүргэе?
     -Баярлалаа.

     -Та эхлээд хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?
     -Би Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд төрсөн. Энэ сумандаа анхны 10 жилийн дунд сургууль дүүргэж байлаа. Угтаал, Заамар, Баянцогтын хүүхдүүд анхны 10 жилийн сургуульд суралцаж төгссөн юм. Миний бага нас хөдөөний хүүхдийн нэгэн адил өнгөрсөн. Бусдаас гойд ялгарах юмгүй.

     -Та хөдөө өссөн юм байна. Малчин байсан уу?
     -Би цэргийн албанд мордтолоо адуу малтай ноцолдож өссөн. Туслах адуучин явлаа. Миний аавыг Дамбын Шатархүү гэдэг. Би чинь өвөөгөөрөө овоглочихсон юм.

     -Яагаад ...?
     -Энэ учиртай. Социализмын үед  сэхээтнүүд 16 толгой мал тоолуулна. Малчин хүн хувьдаа 50 толгой малтай байх ёстой. Нийгэмчлэл явагдахад нэг хүнд 16 толгой мал тоолуулсан юм билээ. Тэгэхээр би өвөөгөөрөө овоглосон болохоор хэдэн мал нэр дээрээ тоолуулж явсан түүхтэй. Ингэж л аав минь тав, арван малаа арай илүү нийгэмчлэлээс авч үлдсэн байдаг.

     - Тэгвэл таны өвөө мал хөрөнгөтэй нэгэн явжээ?
     -Тийм ээ. Миний өвөө мал аж ахуй эрхэлж амьдарч явсан байдаг. Түүний хөрөнгийг миний аав өвлөсөн. Манайхныг “Цагаан тэмээт”-ийнхэн гэдэг. Нутгийн ард түмэн малынх нь зүсээр ийн нэрлэсэн байх. Намайг ухаан суусан цаг үед малаа нийгэмчлээд цөөн тооны сүрэгтэй байлаа. Содон алаг адуунуудтай. Манай аав адуунд их хайртай. Зэлтэй үхрээ зарж адуутай болсон гэж эмээ маань ярьдаг сан.

     -Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо?
      -Миний том эгч Эрдэнэтэд ажиллаж амьдардаг. Эгчийгээ бараадаад л Эрдэнэтийн хүн болчихсон. Хүргэн ах Эрдэнэт үйлдвэрт, эгч Хүнсний үйлдвэрт ажиллаж байлаа.

     -Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?  Гадаад мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байв уу?
     -Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд засварчин мэргэжил эзэмшээд Засвар монтажийн цехэд ажилчин болсон. Ваня гэж орос мэргэжилтний бригадад ажилласнаас хойш 27 дахь жилдээ засварчнаар ажиллаж байна. Ваня маань намайг бригадын ахлагчаар бэлтгэж өгчихөөд нутаг буцсан. Анх хөдөөний хүүхэд орос хэл мэдэхгүй. Гадаад мэргэжилтнүүдтэй буруу хазгай ярьсаар байгаад орос хэл зохих түвшинд сурсан. Хүн өөрийгөө дайчлахаар хар ярианы хэл амархан сурчих юм билээ. Нэг хөгтэй явдал болдог юм. Лантуу аваад ир гэж оросоор хэлэхгүй юу. Тэгэхээр нь цохих юм аваад ир гэж ойлгоод ломбо аваад очсон чинь бөөн инээдэм болж билээ.

     -Таны ажлын онцлог юу вэ?
     -Манай засварын бригад Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн урсгал болон их засварын ажлыг хариуцдаг.  Бид үйлдвэрийн бүх хэсэгт хүрч ажилладгаараа онцлогтой. Манай бригад гагнуурчин, зүсэгч, слесарь, засварчин нийлсэн зургаан хүнтэй. Одоогоор надтай миний хоёр шавь хамт ажиллаж байна. Сурсан мэдсэнээ энэ хүмүүст зааж сургахыг л хичээж явна. Ер нь манай бригадын хэд  гар сэтгэл нийлсэн хүмүүс.

     -Томилолтоор явж ажиллаж байв уу?
     -Манай бригад Чехийн хөрөнгө оруулалтай Ингэт толгойн гурилын үйлдвэрийг анх барьсан. Хоёр Чех мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн суурин дээр Гурилын үйлдвэр барьж өгсөн. Мөн Чехословак улсын хөрөнгө оруулалтай.  Энд хоёр сарын хугацаанд таван монгол, гурван орос мэргэжилтэн ажилласан. Гурилын үйлдвэрийг нь ашиглалтад оруулаад анхны бүтээгдэхүүнийг нь гаргаж өгч байлаа. Анхны бүтээгдэхүүний дээж гэж хүн бүрт шуудай гурил өгч байсан нь мартагддаггүй юм. Бүх тоног төхөөрөмжийг нь аччихсан цуваа очсон. Тэнд тог байхгүй болохоор “сак” мотор хүртэл ачиж аваачсан. Урал машиныхаа хойно нь хүнсээ ачаад, өөрсдөө урд нь суугаад л явж байлаа. Дүгэржанцан дарга биднийг авч явсан юмдаг. Тэнд улсын наадам үзсэн. Хөдөө сумын наадам болохоор цомхон. Би хүртэл барилдаад хоёр давж явлаа. Айлд орохоор тос хайлж өгнө. Хөдөөнийхөн их зочломтгой. Туслах ажилтан хэдэн залуучуудтай ах дүүс шиг дотноссон доо.

     -Та ажлын ямар арга барил баримталдаг вэ?
     -Би хүнд урам хайрлах дуртай. Хийсэн ажлыг нь дэмжихээр ямар ч хүн илүү ихийг хийх урам зориг авдаг.

     -Таны бахархал юу вэ?
     -Би үйлдвэрийн хэмжээнд шинэчлэгдсэн бүх тоног төхөөрөмж дээр ажилласнаараа бахархдаг. Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах машинуудын шинэчлэл, Дулааны цахилгаан станцын болон Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилд гар бие оролцсон. Хамгийн сүүлд Шүүн хатаах хэсгийн машинуудын шинэчлэлийн ажилд оролцлоо. Ажлын гүйцэтгэлээ эргээд харахаар сайхан байдаг. Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажилладгаараа бахархдаг. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж яваагаа нэр төрийн хэрэг гэж боддог.

     -Таны ажлын амжилтын үндэс юу вэ?
     -Аливаа ажлыг хийгээд сурчихаар хэзээ нэг цагт хүнд хэрэг болно. Ямар нэгэн ажлыг хийхдээ аюул эрсдэлгүй, эвийг нь олоод хийчих хэрэгтэй.  Олуулаа хэлэлцэж хийсэн ажил үр дүнтэй. Шийдвэр нь зөв гардаг. Амьдрал дээр онох нь их. Хүний хань бол амьдралын нэг тал. Ажилчин хүний ар гэрийг хүний сайн хань л авч явдаг. Ар гэр лүүгээ сэтгэл зовохгүйгээр ажиллах тийм боломжийг миний хань надад олгодог. Тийм болохоор ханиараа бахархах юм. Энэ бүхэн ажилдаа ахиц дэвшил гаргахад нөлөөлдөг.

     -Та буруу шийдвэр гаргаж байв уу?
     -Аливаа хүн амьдралын турш суралцдаг. Алдаж онодог л хорвоо. Орон сууцаа жижгэрүүлчихээд одоо томсгож чадахгүй л явна. Хожим олуулаа амьдрахыг тооцоогүй л дээ. Ам бүл цөөнтэй байхдаа байраа сольчихсон. Одоо эргээд бодоход буруу шийдвэр гаргасан байна.

     -Та юу судалж мэдсэн гэж боддог вэ?
     -Засварын ажлыг зохих түвшинд хийж сурсан. Гагнуур, зүсэлт хийх, эвдэрсэн тоног төхөөрөмжийг засварлах эв дүй суусан байх аа. Ажлынхаа туршлагаар үйлдвэрлэлийн ямар нэгэн техник, тоног төхөөрөмжийг сэргээн засварлах ойлголттой болсон хүний нэг нь би. Аль нэг цехэд засвар хийхэд хэнээр ч заалгахгүй ажлаа хийх анхны мэдэгдэхүүн суусан гэж ойлгож болно. Өөрөө хичээсэн хүн их юм сурдаг. Хувь хүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр чухал. Би 27 жилийн хугацаанд их юм сурсан байна. Эрдэнэт үйлдвэрийн бүх хэсэгт очиж ажиллалаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл явагдаж буй бүх объект дээр ажилласан гэсэн үг.

     -Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
     -Хүүхэд байхдаа ном их уншдаг байлаа. Маамын “Газар шороо”, Шажинбатын “Элс цас”, Жек Лондоны “Цагаан соёот”, Таагүрийн “Ядуугийн зовлон”, Жоуль Вернийн зохиолуудыг уншсан. Одоо ч сонин хэвлэлээс л мэдээлэл авах төдий байх шив.

     -Ярилцсанд баярлалаа.



Т.БАТЧУЛУУН

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд дэлхийн боловсролын чиг хандлагад нийцсэн Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжих эхлэл тавигдсан талаар тус сургуулийн сургалтын мэргэжилтэн Н.Зул-Эрдэнэтэй ярилцлаа.  

     -Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх болсон шалтгаан нөхцөлийн талаар эхлээд тайлбарлаач?
     -2017 онд болсон “Хөгжлийн цогц бодлого” сэдэвт 1000 инженерийн зөвлөгөөн дээр хүний нөөцийн бодлого чиглэлээр манай Суурь шинжлэх ухааны тэнхимийн Л.Наранцэцэг багш “Хүний нөөцийн сургалт хөгжлийн асуудал” сэдэвт илтгэл тавьж шилдгээр шалгарсан. Илтгэлийн гол үзэл санаа нь  Хамтын гэрээний 2.4 заалтын дагуу эцэг, эхийнхээ оронд ажилд орсон залуусаар  компанийн ажилчдын нэгэн үе шинэчлэгдсэн тул тэднийг давтан сургах шаардлага зайлшгүй ургаж байгааг хөндсөн юм. Үүнд үйлдвэрлэлийн бүтцийн нэгжийн хэсгийн мастеруудаас эхлээд бүх түвшний удирдлагууд санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Шинээр орсон залуус ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Хэдийгээр мэргэжлээр нь бэлтгэгдээд ороод ирчихсэн ч гэсэн мэргэжлийн ур чадвараас гадна хамгийн чухалд тавигдах болсон  харилцаа, хандлага хангалттай сайн биш. Бид шинэ залуу ажилчдыг жинхэнэ чадварлаг, хэрэгцээтэй уурхайчид болгон бэлтгэх шаардлагатай. Иймээс чадамжид суурилсан сургалтын төсөл хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ.   

     -Манай Технологийн сургууль уламжлалт сургалтын арга барилтай. Тэгвэл чадамжид суурилсан сургалт нь ямар онцлогтой вэ?
     -Уламжлалт сургалтаар онолын хичээлийг танхимд үзээд, сурсанаа үйлдвэрлэлийн дадлагаар биежүүлж баталгаажуулдаг. Цогц-багц юмыг үйлдвэр дээр очоод задалж чаддаггүй гэх үү дээ. Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт 2010 оноос төсөл хөтөлбөрөөр туршигдаад өнөөдрийг хүрсэн. Канад, Сингапур, Австралийн гээд чадамжид суурилсан олон улсын сургалтын загварыг Монголд нутагшуулах зорилгоор гол төлөв сургалтын байгууллагууд дээр төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Харин ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагад энэ сургалт хэрэгтэй гэдгийг бид илтгэлээрээ гаргаж тавьсан. Уламжлалт сургалт хувь хүний хэрэгцээнд тулгуурласан бус нийтийн байдаг бол чадамжид суурилсан сургалт хувь хүний мэдлэг, ур чадвар, хэрэгцээнд суурилж явагддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалт тогтсон хөтөлбөрөөр явагддаг бол чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр маань хувь хүнд зориулсан учраас яаж ч өөрчилж болно. Мөн чаддаг болтол нь хугацаа хамаарахгүй сургадгаараа онцлог. Ур чадварын үзүүлэлтийг хангаж байна гэж үзсэн үедээ ажлын байр руу гаргана.

     -Чадамжид суурилсан сургалтын олон улсын хэд хэдэн загвар байдаг юм байна. Манайх хаанахын загвараар үлгэр авч байгаа вэ?
     -Сингапурын чадамжид суурилсан тогтолцооны таван үе шаттай загварыг суурь болгож байгаа. Нэгдүгээрт шинжилгээ, хоёрт загварчлал, гуравт боловсруулалт, дөрөвт хэрэгжүүлэлт, тавд үнэлгээ гэсэн шатлалтай. Ажил олгогч, ажилтан хоёрын хэрэгцээ шаардлага дээр үндэслэдэг онцлогтой. Үр дүн нь ерөөсөө л чадамжтай ажилтан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьд ямар байх вэ гэдгээ боловсруулна. Өөрөөр хэлбэр залуусыг компанид хэрэгтэй, сэтгэлтэй, чадвартай, зөв хандлагатай ажилтан болгон сургах хөтөлбөр юм.

     -Чадамж гэж чухам юуг хэлэх вэ?
     -Мэдлэг, ур чадвар, хандлага гурвын цогцыг нь чадамж гээд байгаа юм. 2018 оны төгсгөлд Л.Наранцэцэг багш бид хоёр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин, Лайпциг, Хамбург хотод байрлах мэргэжлийн холбоо, үйлдвэрлэлийн дэргэдэх мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Эндэхийн стандарт, төсөл хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Энэ стандарт хөтөлбөрөөр суралцаж төгссөн ажилтан бол дэлхийн хаана ч үнэлэгдэнэ.  

     -Энэ ажлыг эхлүүлэхийн тулд нэн түрүүнд юу хийх вэ?  
     -Мэргэжлийн дүн шинжилгээ гэж маш том ажил хийгдэнэ. Үндсэн дөрвөн цех дээр Засвар монтажийн цех нэмэгдээд, эхний ээлжинд таван цехийн түвшинд ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийх юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчны хувьд гэхэд гуравдугаар зэргийн засварчнаас эхлээд зургадугаар зэргийн засварчин, мастер, механикууд, Механикийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтнүүд хүртэл механикийн чиглэлийн бүх  шатны ажилтан, мэргэжилтнүүдийг цуглуулаад ажил мэргэжлээр дүн шинжилгээ хийнэ. Эндээс хөтөлбөр ямар байдлаар, яаж хийгдэх суурь тавигдах юм. Үүний дараа хөтөлбөр боловсруулагдана.  

     -Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр хичээл заах багш нарыг хэрхэн бэлтгэх вэ?
     -Энэ сургалтаар мэргэшсэн Олон улсын багш нар, дээр нь манай үндэсний мэргэшсэн зөвлөхүүдийг авчирч багш нараа бэлтгэнэ. Хөтөлбөр боловсруулагдаад, багш бэлтгэгдсэний дараа хийх нэг чухал ажил бол хөтөлбөрөөр бэлтгэгдсэн хүмүүсээ үнэлэх.  
 
     -Ямар шалгуураар...?
     -Сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ажил мэргэжлийн лавлах, Мэргэжлийн стандарт гэж хоёр чухал баримт бичиг гарна. Энд жишээ нь засварчин хүн гэхэд нэгдүгээр зэргээс зургадугаар зэрэг хүртэл юу мэдэх, юу чадах ёстой вэ гэдэг жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл гуравдугаар зэргийн засварчин хэдэн чадамж эзэмшсэн байж энэ ажлыг гүйцэтгэх юм гэдгийг нарийн тогтооно. Тэгэхээр Ажил мэргэжлийн лавлах, Мэргэжлийн стандарт гэсэн хоёр баримт бичгийг үндэслэж үнэлнэ гэсэн үг.

     -Хэн үнэлэх вэ?
     -Хэн дуртай нь үнэлэхгүй. Монгол улсын хувьд Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв гэж чадамжид суурилсан хөтөлбөр стандартаар бэлтгэгдээд гарсан ажилтныг үнэлдэг мэргэжлийн байгууллага бий. Энэ төвтэй бид хамтран ажиллаж, үнэлгээний ажилтнуудаа бэлтгэнэ. Технологийн сургуулийн багш нараас гадна жишээ нь Баяжуулах үйлдвэрийн ажилтныг тухайн цехийн үнэлгээний ажилтан үнэлж дүгнэнэ. Үүний тулд тэднийг сургалтад суулгаад Үндэсний хэмжээнд үнэлгээ хийх эрх олгоно. Ерөнхийдөө бэлтгэл ажил маань бүтэн жилийн турш үргэлжилнэ. Сургалтын орчин бүрдэнэ. Ингээд 2020 оноос компанийн хэмжээнд чадамжид суурилсан сургалт явагдаж эхэлнэ.

     -Үнэлгээ зарим хүмүүст чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх боломж олгож ч мэдэх юм байна...?  
     -Тэгэлгүй яахав. Өнөөдөр гуравдугаар зэргийн засварчин яг чадах ёстой бүхнээ үнэхээр чадаж байна уу, эсвэл бүр тавдугаар зэргийн чадвартай хэрнээ гуравдугаар зэргийн засварчны ажлыг хийгээд байна уу. Тэр хүний чадамжийн үнэлгээ бодитой эсэх нь эргэлзээтэй. Дараагийн нэг асуудал нь дөнгөж ажилд орсон хэрнээ мундаг чадвартай байж болно. Гэтэл ажилд ороод тодорхой хэмжээний ажлын туршлагатай болж байж зэрэг ахина гэсэн журам байдаг. Дор хаяж хоёр жил ажиллаж байж зэрэг ахидаг ч юм уу. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр дотроо сургалт, үнэлгээний хоёр тогтолцоотой. Шинээр ажилд орж байгаа хүн чадамжаа үнэлүүлээд зэргээ тодорхойлуулах боломжтой. Бид саяхан энэ төсөл хөтөлбөр хэрэгжихтэй холбоотойгоор журмаа шинэчилсэн. Энд үнэлгээтэй холбоотойгоор өмнөх болон одоогийн ур чадварыг хүлээн зөвшөөрч үнэлнэ гэж оруулсан. Хүмүүст чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх боломж олгогдож байгаа юм.

     -Баярлалаа.                  

                                
М.ОДГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог