• Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-135.1 хувиар биелүүлэн ажиллаж байна.     Уулын цул гаргалт 104.9 хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 109 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.5 хувь, молбиденоор 125,1 хувиар биелүүлсэн бол  металл авалт зэсээр 100 хувь, молибденоор 135.1 хувь , баяжмал дах металлын агуулга зэсээр 100.8 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелжээ.    Тайлант хугацаанд ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 103.9 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай биелжээ.    Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.     А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Ц.Шоовдор: Би их олон жил өглөө эртээс шөнө дөл хүртэл хөдөлмөрлөсөн

       Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтэд энэ спортын алтан үеийн тамирчид уригдсан юм. Алтан үеийнхний манлайд од болон гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Цээ-Оригийн Шоовдортой ярилцлаа.      - Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт, хоёрдугаар тойргийн тоглолт Эрдэнэтэд боллоо. Таны сэтгэлд нийцэв үү?    - Их сайхан байна. Нээлтийн ёслол соёл, спортоор цэнгүүлсэн өвөрмөц ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаа, аялан тоглолтыг Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санаачилсан юм. Эрдэнэтийн иргэд энэ гурван өдрийн турш волейболоор амьсгаллаа. Лигийн шилдэг тамирчдын гайхалтай тоглолт Эрдэнэтийн хүүхэд залууст волейболын спортоор хичээллэх хүсэл төрүүлсэн байхаа.     - Та  волейболын спортод анх хөл тавьсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?   - 1958 онд намайг 9-р ангийн сурагч байхад  волейболын шигшээ багт тоглуулна гээд хөдөөнөөс Улаанбаатарт аваад ирлээ. Би волейбол тоглож байгаагүй, бараг бөмбөг давуулж ч чадахгүй “амьтан” байв. Хөнгөн атлетикаар хичээллэж байсан болохоор үсрэлт, хурд, уян хатан чанарын хувьд бусдаас ялгарах онцлогтой байсан байх. Миний аав, ээж Өврийн сайхан хангай нутгийн нуруулаг, биерхүү хүмүүс байлаа. Тэднээс минь надад дамжсан чацархаг бие волейболын спортод зохицсон байх. Би ч удалгүй энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Багш нарынхаа заасан болгоныг сурах гэж их л мэрийдэг байлаа. 1960 оны эхээр Азийн социалист 10 гаруй орноос эрэгтэй тамирчид манай улсад ирж тоглосон юм. Тэндээс л би волейболын спортын гайхамшгийг мэдэрч, техникийг жигд сайн эзэмших ёстойг ойлгосон. Ингээд энэ спортод бүр ч их шимтсэн дээ.        - Таныг тухайн үедээ тоглолтын уран чадвараараа Улсын шигшээ багийн эмэгтэй тоглогчдоос хол тасарсан, гадаадын волейболчид ч таны тоглолтыг биширдэг байсныг үеийн тань тамирчид ярьж  байсан. Ид тоглож байсан үеэ дурсана уу?    - Би 1958-1979 он хүртэл улсын шигшээ багийн үндсэн тоглогч, багийн ахлагч, дасгалжуулагчаар тасралтгүй ажилласан. УАШТ, Монголын бүх ард түмний спартикиад болон бусад тэмцээнд тогтмол медальт байрт орж байлаа. Мөн улс хоорондын олон улсын, дэлхийн оюутны Универсиадын, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан, амжилттай тоглож, шилдэг тоглогчийн шагналыг цөөнгүй  хүртэж явлаа.    - Монголын Волейболын спортын хатан хаан ч гэж нэрлэх юм билээ?    - 1960-1966 оны үед миний үсрэлт, хурд бусдаас арай өөр түвшинд хүрч л дээ. Энэ үед би эрэгтэй сеткэн дээр тоглодог байсан. Миний ахалсан баг улсын аваргын тэмцээнд ихэвчлэн тэргүүн байрт шалгардаг байлаа. Тэгээд л сэтгүүлч, сурвалжлагчид л тэгж бичиж байсан хэрэг. Би өөрийнхөө амжилтыг Г.Шоовдор, Б.Авирмэд, Ч.Дэмчиг нарын гайхамшигтай сайхан багш нар, шилдэг сайн шавь нартайгаа холбож ойлгодог.      - Таны олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд шавь нараас тань алдартай волейболчид олноороо төрөн гарсан байх?   - Намайг 1969 онд Улсын шигшээ багийн тоглогч, дасгалжуулагчаар, 1980  оноос Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон юм. Шигшээ багийн сургалтаар би 140 гаруй  спортын мастер төрүүлсэн. Тэднээс  30 гаруй нь олон улсын хэмжээний мастер болсон. Чамгүй хөдөлмөр зарцуулсны хүчинд   чансаатай тамирчид бэлджээ гэж би өөрөөрөө бахархдаг.    - Та шигшээ багийн үндсэн тоглогч, дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Их сургуулиудад олон жил багшилсан гэдэг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?    - Би 1969 онд МУИС-ийн Түүхийн ангийг онц төгсч, сургууль намайг багшаар үлдээсэн. Дараа нь ХААИС-д 1973-2014 он хүртэл тасралтгүй ажилласан. Би их олон жил өглөө эртээс шөнийн 11 цаг  хүртэл хөдөлмөрлөсөн. Миний үндсэн ажил дээд сургуулийн нийгмийн ухааны багш. Өдөр бүр 15.40 хүртэл хичээл заана. Дараа нь оюутны волейболын секц хичээллүүлнэ. Үдэш шигшээ багийн тамирчдыг дасгалжуулж, бас тоглоно. Энэ бүх ажил засварлагагүй үргэлжилж байсан. Гэсэн ч би  харамсдаггүй. Миний хийсэн ажил бүхэн надад тодорхой үр дүн, баяр жаргал авчирсан. Би улсад 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд нэг ч удаа эмийн чөлөө авч үзээгүй. Өнөөдөр миний нас  80  шүргэж яваа ч эрүүл саруул байна.    - Гайхалтай. Спортоор тууштай хичээллэснээр эрүүл саруул урт наслах, хөдөлмөрлөх нөөц ямар их байдгийг та биеэрээ харуулж байна?    - Баярлалаа. Энэ бол волейболын спортын гавьяа. Оюуны хөдөлмөрийг спорттой хослуулсны ач.        - Волейболыг оюуны спорт гэх хандлага байдаг. Та үүнийг юу гэж үздэг вэ?   - Энэ  спорт тоглогчоос  гүйлгээ ухаан шаарддаг. Тоглогч маш богино хугацаанд бүр 2-3 секундэд шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Бөмбөгийг чанга цохих нь гол биш, үсэрч явахдаа багтаа оноо авах ашигтай хувилбар сонгож, зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.    Шигшээ баг зогсонги байдалтай болсон цаг үед би цөөхөн охид ч гэсэн бэлдэж өгье гээд волейболын гүнзгий анги хичээллүүлсэн. 10-11 настай 10 хүү, тоонд сайн 20 охиныг сонгосон юм. Манай охид тоглох ур чадвар, сэтгэн бодох, шийдвэр гаргах түвшнээрээ бусдаас илүү байсан. Мэдээж  волейболчинд хурд, хүч, уян хатан чанар чухал.    - Энэ спортоор амжилт гаргах үндэс нь юу вэ? Волейболын техникийг хэрхэн жигд эзэмшихийг тайлбарлаж өгөөч?    - Волейболын тамирчин техникийг жигд эзэмших хэрэгтэй юм. Давуулалт,  довтолгоо, хамгаалалт, хаалт, тэр бүү хэл холбогчийг ч гарамгай хийдэг байж волейболд амжилт гаргана гэж би  шавь нартаа хэлдэг. Сургуулилт дээр тэгш тоглодог болгох зорилгоор дээрх техникийг бүх тамирчинд эзэмшүүлэх зорилго тавин давтуулдаг. Холбогч бол одоо цагт тоглолтыг найруулдаг тамирчин болсон. Багш дасгалжуулагч нар дэлхийн волейболын хөгжилд гарч буй  шинэ зүйлийг  ухаалаг тусгаж, сургалт дасгалжуулалтын ажилдаа нэвтрүүлэх нь зүйтэй.      - Таны нэрэмжит тэмцээн олон жил зохиогдсон. Сүүлийн үед яагаад тасрав?    - Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийн захирал асан миний ангийн  найз санаачлан энэ тэмцээнийг эхлүүлсэн хэрэг. Эхэндээ Өвөрхангайд зөвхөн охидын дунд явуулсан. Тэр үед Улаанбаатарын 4, Өвөрхангайн 4, нийт 8 багийн 64 хүүхэд өрсөлдсөн. Энэ тоо жил бүр өссөөр 50 багийн 500 гаруй тамирчинд хүрснээр Өвөрхангайн зааланд багтахаа болиод 2000 оноос Улаанбаатарт явуулж эхэлсэн юм. 2002 оноос хөдөө орон нутаг спортын ордонтой болж, аймгуудад явагдах болсон. Хүүхдүүд энэ тэмцээнд ирэх их дуртай, цас зудыг ч үл ажран ирдэгсэн. 2010 оны их зудтай хавар Дорнодод тэмцээн болоход баруун аймгуудаас хүүхдүүд замдаа цасанд суусан машинаа татаж гаргасаар очсон. Тэмцээний үр дүнд хөдөө орон нутгийн волейбол сонирхогчдын тоо эрс өссөн. Миний нэрэмжит тэмцээн 26 жил тасралтгүй үргэлжилсэн. Сүүлийн хэдэн жил тасалдсан. Одоо Баруун, Хангай, Төв, Зүүн, Говийн бүсчлэлээр волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн явуулдаг боллоо. Тэмцээнийг аймаг бүр өөрийнхөө өндөр зэрэгтэй мастеруудын нэрэмжит болгосон. Энэ их зөв, сайхан ажил. Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд залуу волейболчин мастеруудаар эгнээгээ тэлж байгаа. Тэд шинэлэг хэлбэрийн ажил санаачлан, өөрсдөө манлайлж яваад би их баяртай байна.    - Нэгэн үед Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн асан, ахмад, алдартай тамирчны хувьд Волейболын холбооныхонд хандаж юу хэлэх вэ?    - Холбооны удирдах зөвлөлийнхөн надтай ямагт зөвшилцдөг, намайг сонссоор ирсэн. Монголын волейболын холбоо зорилтот хөтөлбөрөөрөө насны бүх ангиллаар тэмцээн явуулж байгаа. Түүнийгээ улам чанартай болговол амжилт улам л тодорно. Гадаадад тэмцээнд оролцож буй тамирчныг зөв сонгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил клубүүдийн аварга болсон багаа явуулж байгаа. Урт хугацаанд багаар ажилласан нь сугалаагаар таарсан тамирчдаас ондоо. Нэг дор сугалсан 6 мастер тэмцээнд түрүүлээгүй байхад, ХААИС-ийн баг жил бүр медаль авч байдаг. Энэ нь багийн төлөвшил ганц хоёр сарын дотор бий болчихдоггүйг харуулж байгаа юм.    - Энэ цагийн волейболчдын ур чадварын тухайд та юу хэлэх вэ?    - Монголын волейболчдын ур чадвар байнга өссөөр байна. Волейболын багт 12 үндсэн тоглогч байдаг. Тэдний гадаадын тэмцээний зардлыг даах ивээн тэтгэгч ховор байна. Спортын байгууллагын бэл бэнчин тааруухан байна. Гэлээ ч манай Волейболын холбоо зүүн Азийн тэмцээнд бүх насны ангиллын баг тамирчдыг явуулж байгаа. Манай тамирчид ч гадаадаас медальтай ирж байгаа. Өнөөдрийн дээд лигийн тэмцээнийг харахад багууд эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Тамирчдын ур чадвар өмнөх үеэс зүйрлэшгүй ихээр өсчээ. Тэдэн дундаас тасархай сайн тоглож буй хүүхдүүд байна. Тэгш сайхан тоглодог тамирчид олон болжээ.   - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд Их спорт, багийн спортыг хөгжүүлэх, түүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?    - Эрдэнэт үйлдвэр Волейболын дээд лигийн тэмцээн явагдаж байсан бүхий  л хугацаанд санхүүжүүлсээр ирсэн. Дэлхийн стандартад нийцсэн спортын барилга байгууламж, талбай зэргийг бий болгосон нь Монголд өөр хаана ч байхгүй. Олимпийн тамирчид энд л бэлтгэлээ базааж байна. Нөгөөтэйгүүр ажилчдынхаа спорт, урлагаар хичээллэх боломжийг бүрдүүлж, ямар их дэмждэг болох нь харагдаж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн төв болсон энэ сайхан хот, уурхайчдаар би дандаа бахархдаг.    - Эрдэнэт волейболын тамирчдын их “уурхай” болж байсан гэж та нэгэнтээ хэлсэн. Энэ тухай?   - Оросын Универсиад багт тоглож, Залуучуудын шигшээ багийн гишүүн байсан Белов энд их сайхан өнгө аяс бий болгосон. Дэлхийн хэмжээний мастер тамирчин ямаршуу түвшинд тоглодгийг Эрдэнэтчүүд хамгийн түрүүн ойлгосон гэж би боддог. Эрдэнэтийн уурхайд ажиллаж байсан Оросын мэргэжилтнүүд ч их нөлөөтэй байсан.    - Волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд олон байгаа байх. Эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэйг хэлж өгнө үү?    - Хүүхдийг аль болох багаас нь волейболоор хичээллүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ сургалтыг зөв явуулж буй багшид хүүхдээ өгөөрэй. Волейбол унах, үсрэх, үсрээд зөв буух гэхчилэн нарийн  шилжих хөдөлгөөнүүдтэй. Шилжих хөдөлгөөн заагаагүй бол волейболын тоглолтод оруулж болохгүй. Унаад гэмтэхгүй техникүүд байдаг. Энэ бүхнийг багш зөв заах ёстой. Хүүхдээ хичээл номд нь шамдуулахын зэрэгцээ  спортод дурлуул. Ялангуяа волейболын спорт хүнийг маш сайхан төлөвшүүлдэг. Багийн  спорт учраас хамтач, нийтэч зан төлөвтэй болно. Багаар ажиллах чадвар, бусдыг хүндлэх эрхэм чанарыг эзэмшинэ. Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирна.    - Цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.    1960-1970 онд Эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байж, хүчтэй довтолгоо, тоглолтын хосгүй ур чадвараараа гайхуулж явсан энэ буурай даруухан ярьж, сайхан инээмсэглэх юм. Энгүүн даруу, хэнд ч хүндэтгэлтэй хандах эрхэм чанар нь ийм л агуу нэгэнд заяадаг мэт. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Х.БАДАМСҮРЭН: Волейбол нь хамт олны хүчийг нэгтгэдэг спорт

       Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтын хаалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Уурхайчин багийн эзэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй волейболын спортын талаар ярилцлаа.        - Уурхайчин багийн хамт олон Үндэсний дээд лигийн тэмцээнд хэр бэлтгэлтэй оролцож байна?   - Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд манай Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид Үндэсний  дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа сэргээн, зохион байгуулж байна. Энэ лигийн тэмцээнд легионер тоглогчид урьж оролцуулж байна. ОХУ, Япон улс, АНУ-аас легионер тоглогчид оролцож байна. Ингэснээр өндөр ур чадвартай тамирчдын тоглолтыг залуучууддаа үзүүлж байгаа юм. Энэ жил Уурхайчин багаа бид онцлогтойгоор тэмцээнд оролцуулж байна. Үндсэн тоглогчдын дийлэнх хувь нь хүүхэд залуучууд, 15-17 насныхан энэ багийг бүрдүүлж байна.  Би Монгол Росцветмет нэгдлийн Ерөнхий захирал байхдаа Эрдэнэтийн Д.Алтансувд гэж охиныг анх 13 настайгаас нь Улаанбаатар хотод авч ирэн, дотуур байранд байрлуулан бэлдүүлж байлаа. Одоо олон улсын хэмжээний мастер болчихсон Монгол Улсынхаа урдаа барьдаг сайн тоглогч болсон. Энэ тоглогчоо Уурхайчин багтаа оруулж тоглууллаа. Уурхайчнаар овоглож байгаа залуучууд маань манай Монголчуудын хэлдгээр ирээдүйд цахиур хагалсан, гал гаргасан тоглолтыг гаргах, Монголын волейболын спортын нэрийг өндөрт өргөх баг тамирчид болно гэж бид ойлгож байгаа. Энэ удаагийн тоглолтод тэдэнд маань арай л бяр, туршлага дутаж байна даа.    - Волейболын спортыг улам хөгжүүлэхийн тулд Эрдэнэт хотдоо волейболын ордон барьж байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ тухайд?    - Монголын хүүхэд залуучууд, Орхон аймаг, Уурхайчдын хүүхдүүд, Уурхайчин залуучуудын маань сэтгэлд нийцсэн, бидний хүсэл мөрөөдөлд нийцсэн шийдвэр болсон гэж бодож байна. Энэ шийдвэрийг Монголын волейболын холбооны удирдлагууд, Орхон аймгийн удирдлагуудтай хамтарч ярилцаж байж гаргасан шийдвэр юм.    - Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Орхон аймгийн ард иргэд, баялаг бүтээгч уурхайчид, Зэвсэгт хүчний 186-р ангийн хөгжимчид ирж багуудын тоглолтыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байлаа?    - Улаанбаатар хотод Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болдог байлаа. Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй. Багуудаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид бүрээ үлээж, бөмбөр дараад л сайхан байдаг байлаа. Тэр үеийг санагдуулж байна. Волейбол нь хамт олныг нэгтгэдэг, хүчийг нь нэгтгэдэг сайхан спорт. Энэ хэдэн өдөр Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийнхэн  волейболоор амьсгалж байна. Багийнхаа тоглолтуудыг харж суухад энэ цөөхөн Монголчууд бидэнд сэтгэл нэгтэй байх, эв эетэй байх, бие биенээ дэмжихэд спорт их ач холбогдолтой. Тэрний нэг илрэл гэж харж байлаа.  Бид урд нь легонер тамирчдыг хүн явуулж, тоглолтыг нь харж байгаад сонгодог байлаа. Энэ удаад ажил ихтэй учир хүмүүсийг ч явуулж амжсангүй. Цаасаар судалгаа хийн цол хэргэм, өндрийг нь харж байгаад л цахим хэлбэрээр сонголт хийлээ. Сонгосон хүмүүсийг харж байхад ингэж сонголт хийх буруу юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Ийм хүмүүсийн чанар чансаа муудсан юм байна гэж харлаа. Уурхайчин багийн тамирчдыг маань хурцалж чадаагүй нь бидний хүсэн хүлээж байсан хүнийг сонгож авч ирж чадаагүйтэй ч холбоотой. Мөн аймагтаа волейболын ордонтой болох нь улсдаа төдийгүй цаашид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж байна. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ гэдэг суурь хүмүүжилд асар их чухал. Иймээс ч бид ач холбогдол өгч байна даа.    - Залуу байхдаа та волейболын спортоор хичээллэдэг байсан. Тоглолтуудыг хараад сэтгэгдэл ямар байна?  Ахмад волейболчид ч ярьж байна. Гурван өдөр үнэхээр сайхан байлаа гэж?    - Залуу нас сайхан. Би хөдөөгийн сумуудад голдуу сурч байлаа. Хөдөө суманд шатар тоглох, дугуй унах, теннис тоглох, эмнэг хангал сургахад л хичээж, сайн ч оролцдог байлаа. Дараа нь наймдугаар ангидаа төвийн арван жилийн сургуульд  заалтай газар орж ирээд волейбол тоглож сурсан даа. Улмаар ОХУ-д сурч байхдаа сагс, волейболоор нэлээн шамдангуй хичээллэж байсан. Яаманд, Бор-Өндөрт ажиллаж байхдаа ч тоглодог байсан. Тэр үеийг дурсан санаж байна. Энд уригдан ирсэн Үндэсний дээд лигийн тэмцээнийг үзэж байгаа ахмадууд тухайн үедээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байсан мундаг хүмүүс. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа, материаллаг бааз хэр байв? гэсэн хэдий ч сайн тоглодог хүмүүс шүү. Монголын волейболын холбооноос ач холбогдол өгч ахмадуудаа урьж авч ирсэн. Тоглолт дундуур ахмадууд маань  өөрийн сэтгэл, зөвлөмжийг өгч харагдана. 300 гаруй залуучууд ирсэн байна. Эрдэнэтийн  хүүхдүүд эдгээр тамирчдыг хараад волейболын спортод дурлаж, тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын эмэгтэй баг Хятадын багийг анх удаа хожиж мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш Монголын волейболчдын ур чадвар эрс нэмэгдсэн. Волейболд хандах хандлага нь өөрчлөгдсөн. Хүүхдүүдээ волейболоор хичээллүүлэх гэсэн эцэг,  эхчүүдийн хандлага нэмэгдсэн. Ийм ч учраас энэ удаагийн тоглолт Эрдэнэт хотод волейболын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.    - Танд амжилт хүсье.    - Баярлалаа.   А.Батбаяр Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хурд хүч, авхаалж самбаа уралдсан “Шидэт бөмбөлөг”тэй өдрүүд

      Нийгмийн хариуцлагын шилдэг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр, их спортыг дэмжиж ирсэн баялаг бахархам түүхээ нэгэн шинэ хуудсаар дахин зузаатгалаа. Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамтран ажиллаж, Эрдэнэт хотдоо өнөө цагийн волейболын шилдгүүдийг авчирсан нь ойрын өдрүүдийн тод “сонин” байв. Хангарьд палас гурван өдрийн турш үзэгчдийн уухай, тамирчдын өрсөлдөөнд доргиж, Эрдэнэтчүүд волейболын спортын хөгжлийн томоохон “зүтгэлтнүүд” гэдэг нь энэ өдрүүдэд нотлогдлоо.     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Волейболын ордныг Эрдэнэт хотод барихаар боллоо    Эрдэнэт хотод болсон волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний үр дүнгээс гарсан хамгийн сайхан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Бадамсүрэн хаалтын үйл ажиллагааны үеэр дуулгав. Үе үеийн волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, волейболын ордныг Эрдэнэт хотод сүндэрлүүлэх болсон нь зөвхөн уг спортынхон төдийгүй уурхайчдын хотын иргэдэд барьсан гайхалтай бэлэг боллоо. Үндэсний дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дээрх таатай мэдээг дуулгаж, зохион байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.  Тэрээр “Сэтгэгдэл өндөр байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг 7 жил завсарласны дараа энэ жилээс тус холбооны шийдвэрээр сэргээн зохион байгуулагдаж байна. Волейболын холбооноос намайг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар томилсон. Тэмцээн маань эхлээд Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Волейболчид бидний хэлдэгээр “аялан тоглолт” нэртэй  тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ “аялан тоглолт” буюу Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн тэмцээний тодорхой тоглолтууд Эрдэнэт хотод боллоо. Тоглолт маш гоё өрсөлдөөнтэй байж, залуучууд маань сонирхолтой олон тоглолтыг үзүүлж чадлаа.  ОХУ, Япон, АНУ-аас легионер тоглогчид ирж, өөрсдийн ур чадвараа үзүүлж, Эрдэнэтчүүд уурхайчдыг баясгаж, сэтгэлийг нь өндөр хэмжээнд аваачсан сайхан тоглолтууд байлаа. Ер нь тамирчдаа харахад, бахархах сэтгэл төрж байв. Би Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажилласан. Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотод Бөхийн өргөөний танхимд зохион байгуулж байлаа. Тэр үед их сайхан сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ манай тамирчид хэзээ эд нар шиг нуруулаг болж, ур чадвар нь өсөх бол гэж бодож суусан. Харин энэ удаагийн багууд миний тэр бодол санааны том хэсэг нь хэдийнэ биелэлээ олсон байна гэдгийг харуулж чадлаа. Тэр жилийн Зүүн Азийн аваргын тэмцээнд манай эмэгтэй баг Хятадын багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан нь дурсамж бас энэхүү өдрүүдэд сэргэлээ. Мөн энэ удаад залуучуудаа дэмжиж, тоглолтыг нь үзэхээр  ахмад волейболчдын төлөөлөл зорьж ирсэн.  Тухайн үед залуу насандаа дэлхийн аваргын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан МУГТ Ц.Шоовдор тэргүүтэй мундаг волейболчид, шилдэг мастерууд хүрэлцэн ирсэн нь бас сайхан хэрэг байлаа. Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга болон Монголын Волейболын холбоо, манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хамтран зөвлөлдөж, нэг сайхан шийдвэр гаргалаа. Олон жил бид Монгол улсдаа Волейболын ордонтой болъё гэж ярьж ирсэн. Энэ ордноо Эрдэнэт хотод барья гэсэн хамтын шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маань Монголын залуучуудын сэтгэл санаанд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Монголын үе үеийн бүхий л волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Манай уурхайчдын үр хүүхдүүд, залуучууд маань баяртай байгаа гэж бодож байна. Тиймээс энэ ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монгол волейболчид өөрийн гэсэн ордонтой болж, тэндээ уран гоё тоглолтуудаа үзүүлэх сайхан мөч улам ойртож байгаад залуучууд, волейболын спортынхон сэтгэл өндөр байгаа нь энэ өдрүүдэд харагдлаа. Өөр нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, миний анх 1995 онд байгуулалцаж байсан Уурхайчин клубын баг маань их залуужсан байна. Энэ багийг байгуулахдаа одоогийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхантай хамтарч байлаа. Г.Баярсайхан маань дасгалжуулагчаар олон жил ажилласан. Энэ жилээс холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, хамтдаа энэ удаагийн лигийн тэмцээний зохион байгуулж буйдаа баяртай байна. Манай “Уурхайчин” багийн 70 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Тэд маань ах эгч нартайгаа ур чадварын хувьд дутах юмгүй тоглолоо. Мэдээж, өсвөрийн насны хүүхдүүд учраас бяр, туршлагаар дутуу. Г.Баярсайхан дасгалжуулагчийн хэлснээр тэд маань Уурхайчин багийн зургаа дахь үеийн тамирчид болж байгаа. Тоглолтын өдрүүдэд үнэхээр тэднээрээ бахархаж суулаа. Тиймээс аль болохоор дэмжиж, хурдан хугацаанд өсөж туршлагажихад нь хувь нэмэр болох юмсан гэсэн сэтгэл өвөрлөж, энэхүү үндэсний дээд лигийн аялан тоглолтыг өндөрлүүлж байна. Түүнчлэн тэмцээний хаалт болгож, гурван өдрийн турш уран гоё тоглолтоороо бидний нүд сэтгэлийг баясгасан залуучууд, тамирчдадаа зориулан “Шидэт бөмбөлөг” цэнгүүнийг зохион байгуулж байна. Волейболчид маань тэмцээний сонин хачинаас ярилцаж, цаашлаад Улаанбаатар хотод үргэлжлэх тоглолтынхоо талаар хоорондоо зөвлөлдөж санал солилцох боломжийг өгч байгаа юм” гэж Эрдэнэт дэх лигийн тоглолтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.         Багийн спортод хөрөнгө оруулалт хийх нь нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр      Волейбол хурд хүчний төдийгүй оюуны спорт гэдгийг волейболын зүтгэлтнүүд хэлдэг. Тэр утгаараа уг спортоор сонирхон хичээллэгсэд бие бялдрын болоод оюун ухааны тэгш хөгжил, хүмүүжилтэй болж, бие хүний хувьд хамгийн зөв төлөвшлийг олж авдаг аж. Зөв төлөвшилтэй иргэд сайн нийгмийг бүтээх нь лав. Багийн спортыг хөгжүүлж, бэхжүүлэх нь хүнээ, залуу үеээ төлөвшүүлэх гол үндэс суурь болдог гэдгийг волейболын Үндэсний дээд лигийн үеэр олон хүн ярьж байлаа. Тиймээс ч лигийн тэмцээнд оролцож буй багуудад хөрөнгө оруулалт хийж, дэмжин авч яваа багийн эзэд, дасгалжуулагчдын хувь нэмэр илүү тод томруун харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. “Багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдийчинээ санхүүгийн боломжтой байна, төдийчинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Мөн санхүүгийн чадамжтай, хөл дээрээ боссон багийн спорт нь  хичээллэгсдэдээ хүмүүжлийн маш зөв чиг баримжаа суулгаж өгдөг. Аль ч спортын төрөлд ийм байдаг” гэж Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхан ярьсан. Тэгвэл хэдхэн сарын өмнөөс Булган багаа шинээр бүрдүүлж, волейболын спортод  сэтгэл зүтгэлээ зориулахаар шийдсэнээ Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөн л хүүхэд залуусын зөв төлөвшилтэй холбон тайлбарласан. Тэрээр анхны лигт Булган багаа сойж буй шинэхэн багийн эзэн. “Волейболын спорт бол багийн спорт. Энэ төрөлд спортоор  анх хичээллэх сонирхолтой хүмүүс тоглож чадах  магадлал их байдаг. Хамгийн анхан шатны спорт мэддэггүй хүн ч сурах боломжтой. Энэ утгаараа ирээдүй үеийнхнээ, залуучуудаа энэ спортод дуртай болгох үүднээс энэ төрлийг дэмжиж, орж ирсэн. Миний хувьд, хүүхэд ахуй үедээ волейболд дуртай, их үзэж сонирхдог байсан. Нөгөө талаар манай Булган аймаг үе үеийн волейболын алдартай сайн тамирчидтай. Алтангэрэл, Тамир гээд лигийн аварга тамирчид манай Булганых. Тэдний тоглолтыг үзэж, бахархаж явсан маань Булган багаа дэмжиж, лигт “сойх”-од нөлөөлсөн гэж бодож байна. Манай баг тун саяхан байгуулагдсан ч сайн тоглож байгаа. ОХУ-аас 2 легионер тамирчин авчирсан. Багийн нийт бүрэлдэхүүн 18-25 насны залуучууд байгаа. Багийн спортоор дамжуулан эх орондоо сайн тамирчдыг бэлтгэх зорилготой” гэсэн юм. Учраа багтайгаа эн тэнцүү өрсөлдөж, “хатуу боорцог” гэдгээ тоглолт бүртээ мэдрүүлж байсан Хобби айс багийн эзэн нь волейболын спортод элэгтэй Наранбаатар. Тэрээр волейбол тоглодог охиноо дуртай зүйлээр нь хөгжүүлэхийн тулд  Хобби айс багаа дэмжин авч явах болсон гэдгээ хэлсэн. Ингэж багийн спортод санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаа нь дан ганц спортын хөгжилд  бус ирээдүй үе, нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлоё.           Уламжлал дээр суурилсан шинэчлэл волейболд ч бас чухал      Өчигдөргүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш гэж байдаггүй. Энэ бол аливаа зүйл бүхэн өмнөх үеэсээ суралцаж, өнөөдөр хөгжиж, маргааш илүү сайныг бүтээх салшгүй зүй тогтолтой гэсэн үг юм. Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр,  волейболын спортын ахмад зүтгэлтнүүдээ урин ирүүлсэн нь үүнтэй утга нийцнэ. Монголын волейболын хөгжилд өөр өөрийн үнэтэй байр суурьтай, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж явсан ахмад волейболчид энэ өдрүүдэд дурсамж замналаа хуваалцахын зэрэгцээ багийн спортын давуу тал, ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх олон чухал санааг хэлж байсан нь Үндэсний дээд лигийн тэмцээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлсэн. Өнөөдрийн волейболын спортын хөгжлийн түвшин, тамирчдын ур чадвар гээд олон өгүүлэх зүйлтэй тэмцээний талаар дүгнэлтээ хэлж, санаа бодлоо ч энэ үеэр хуваалцлаа.  Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн хэлэхдээ “Би волейболын спортын Гавьяат тамирчин Доржжүгдэр багшийн шавь гэдгээрээ бахархаж явдаг.  Улсын шигшээ багийн тамирчин байлаа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер цолонд хүртлээ волейболын спортоор хичээллэсэн. Энэ удаагийн волейболын Үндэсний дээд лигийн зарим тоглолтуудыг үзэж сонирхохоор Эрдэнэтэд ирлээ. Үнэхээр маш сайхан зохион байгуулалттай, өндөр хэмжээний тэмцээн боллоо. Залуучуудын  ур чадварын түвшин их өсөж байгаа юм байна. Хувь хүнийг нийтэч, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг зан чанарт сургадаг сайхан спортын төрөл бол волейбол. Үүнийг дэмжиж залуу, дунд, ахмад үеийн тамирчдыг нэг дор уулзуулж, волейболын хөгжлийг олон талаас нь харах боломж олгосон Эрдэнэт үйлдвэрийнхэн, Монголын Волейболын холбооныхондоо маш их баярлаж байна” гэсэн бол ахмад тамирчин, ОУХМ Г.Таня “Волейболын спортоор 60 жил хичээллэж явна. Алдар нийгэмлэгийн тамирчин. Эрдэнэтэд олон удаа тэмцээн уралдаанд оролцохоор ирж байсан ч энэ удаагийн лигийн тэмцээн маш өвөрмөц боллоо гэж хэлмээр байна. Нээлтийн ажиллагааны үеэр аваргын цомыг өндөрөөс буулгаж, харуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Залуу тамирчдын ур чадвар, тоглолтын техник боловсронгуй болж, өссөн байна. Бие бялдрын хувьд ч гадны тамирчдаас огт дутахааргүй болсон байна. Ажилсаг, ухамсартай болгож, бүх талын өв тэгш хүмүүжлийг олгодог волейболын спортоор олон залуус, хүүхдүүд маань хичээллэж суралцаасай гэсэн бодол энэ өдрүүдэд ихээр төрлөө” хэмээн сэтгэгдэлдээ өгүүлэв.         Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн                                                         Ахмад тамирчин, ОУХМ Г.Таня        Монголын волейболын өнгө төрх өнөөгийн залуу тамирчдын гарт буйг ахмадууд бас өгүүлж, тэдэнд урам зориг сургаалиа харамгүй өгсөн. Тэдний бий болгосон үндэс суурь дээр маргаашийн волейбол цэцэглэн хөгжих нь мэдээж. Үндэсний дээд лигийн тоглолтууд тамирчдад өөрсдөд нь ч мартагдахааргүй дурсамж үлдээж буйг тэд сэтгэгдэлдээ дурьдсан. “Хасу Мегастарс” багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар “Үндэсний дээд лигийн Аялан тоглолтоо 3 өдөр Эрдэнэтэд хийлээ. Зохион байгуулалт, үзэгч хөгжөөн дэмжигчид, заал талбай гээд бүхий л талд  маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн тэмцээн боллоо. Манай баг 2 удаа тоглож, хоёуланд нь хожил авлаа. Биднийг сайхан хүлээн авч, дэмжсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж, “Хос бар” багийн тамирчин Д.Эрхэтбаатар “Би багийнхаа хамгийн залуу тамирчин нь. 18 настай. Энэ спортоор хичээллээд 2 жил болж байгаа. Анхны лигтээ оролцож байна. Том туршлага өгч байгаад баяртай байна. Эрдэнэт хотын тоглолтууд зохион байгуулалтын дээд түвшинд боллоо. Олон жилийн дараа сэргээж байгаа Лигийн тэмцээн их хүлээлтэй байсан нь харагдлаа. Багууд маш хүчтэй, бэлтгэл сайн байна. Улам сайн тоглохын төлөө хичээнэ” гэж урам зориг, хүсэл тэмүүллээ хуваалцлаа. Харин “Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал “Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж бодож байна. Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг” хэмээн амжилтын нууцаа дэлгэсэн.          “Хасу Мегастарс”                                                       “Хос бар”                                                       “Хасу Мегастарс”  багийн тамирчин                                        багийн тамирчин багийн ахлагч                                 спортын мастер  ОУХММ.Цэрэнбаатар                                               Д.Эрхэтбаатар                                                    А.Даваажаргал            Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээнд 26 шүүгч, мэргэжлийн стастистикийн баг ажиллаж байна. Ерөнхий шүүгч Х.Золдэлгэр “Энэ жилийн Үндэсний дээд лигийн гол онцлог бол Эрдэнэт үйлдвэр ерөнхий зохион байгуулагчаар оролцож, аялан тоглолт Эрдэнэтэд боллоо. Тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд бэлтгэгдэж, Эрдэнэт үйлдвэрийнхэн онцгой ач холбогдол өгсөнд талархаж байна. Эрдэнэтэд болж буй 2 дугаар тойргийн тоглолтоос харахад багууд жигд сайжирч, чанаржиж байна. Мөн энэ удаагийн лигт багууд маш их залуужсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин багт 15-16 настай, Энагурэ багт 17 настай хүүхдүүд үндсэн тамирчдаар тоглож байна. Тэгэхээр волейболын гуравдахь үеийнхэн хэдийнэ гараад ирчихсэн, залуучуудын шигшээ баг бүрдэхэд бэлэн болсон байна. Үндэсний дээд лиг бол залуу тамирчид тэр тусмаа өсвөр үеийн хүүхдүүдэд волейболын спортоор хичээллэх дур сонирхлыг нь төрүүлэх, ирээдүйн тамирчдыг гаргаж ирэхэд том ач холбогдлоо өгдөг. Энэ бол уг спортын хөгжилд өгөх хамгийн том шинэчлэл” гэдгийг тэмцээнийг дүгнэж онцолсон.      Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн Монголын волейболын спортын хөгжилд том мөрөө үлдээж, волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь хамтдаа бичлээ.      М.Балжинням Фото Б.Баттөгc       Дэлгэрэнгүй...
  • Тэмцээн бүр бидэнд үнэ цэнэтэй, авсан медаль бүр сэтгэл зүрхэнд минь байдаг

       Эрдэнэт хотноо зохиогдсон Монголын Волейболын холбооны дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт амжилттай зохиогдлоо. “Шидэт бөмбөлөг” шоу цэнгүүний үеэр залуу тамирчдын төлөөлөлтэй уулзан, сэтгэгдлийг нь хуваалцлаа.    “Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.ДАВААЖАРГАЛ: Бид бусад багтай хэрхэн тоглохоо сайн судалдаг        - Танай багийн амжилтын нууц юу вэ?    - Дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад энэ жилээс сэргэж байна. Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Манай багийнхан харьцангуй намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж хэлж болно.    - Багийн спортын онцлог юу байдаг вэ? Монголчуудад хэр ойр спорт вэ?   - Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг. Нэгнийхээ арыг сайн даадаг байх нь чухал.   - Дэлхийн дэвжээнд боломж хэр байна гэж хардаг вэ? Ямар дэмжлэг байвал Олон Улсын хэмжээнд хүрэх боломжтой гэж харж байна?    - Шигшээ багт 3-4 жил тоглож, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Манай Улсын тамирчдын хувьд Олон улсад гарах боломж байгаа ч клубийн түвшинд байнгын бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байх шиг санагддаг. Үүнээс болж нэгнийгээ ойлгох ойлголцол нь дутаад байна уу гэж бодсон. Ойрын хоёр жилдээ бэлтгэл сургуулилт сайн хийгээд гараад ирэхийг үгүйсгэхгүй.    - Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Орон нутгийн тоглолт ямар болж өнгөрөв?    - Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр ач холбогдол өгч, хүлээн авсанд сэтгэл өндөр байна.         - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.     “Хилчин Алтайн барс” багийн тамирчин, спортын мастер Д.НАРАНЦАЦРАЛ: Лигийг сэргээсэн нь хамгийн том ололт       - Эрдэнэтэд ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?    - Вагоноос буухаас эхлээд маш гоё санагдсан. Тамирчин хүн сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Биднийг угтах гээд автобуснууд эгнээд зогсчихсон, тайз засаад хүлээж авсанд үнэхээр гайхаж, “Бидэнд зориулсан шүү дээ” гэж бодохоор цаанаа нэг огшмоор байсан. Хүлээн авалт шинэлэг байлаа. Ийм сайхан хүлээн авсан Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.      - Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын баг тамирчид байна вэ?    - Бүх баг түвшин ижил, хүчтэй өрсөлдөгч байж чадаж байна. Гол нь сэтгэлзүйгээрээ ялгардаг. “Хобби эйс”, “Энагурэ”, “Уурхайчин” багууд залуу бүрэлдэхүүнтэй, Монголын хувьд өсөх ирээдүйтэй мундаг тамирчид нэг багт оржээ гэж харагдсан. Лиг 7 жилийн дараа зохиогдоход хүлээлт их байсан учраас Волейболын холбоо болон багийн эздүүд ихээхэн ач холбогдол өгсөн нь харагдаж байна.    - Таны зорилго, хүсэл мөрөөдөл?    - Би 2009 оноос хойш лигт тоглосон. Багаа сольж байгаагүй. Спортод нас их хамаатай. Нас ахихаар туршлага суудаг нь ч байна, харьдаг нь ч байна. Өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ спортын хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг. Бүх тамирчид ийм сэтгэлээр бэлтгэлээ хийж, энэ спортоо хайрлаж, түүнд дурлаж, спортын төлөө бүхнээ зориулдаг байх гэж би бодож байна. Миний хувьд лигт тоглож эхлэх үеийн тэр мөрөөдлөө орхиогүй. Монголын төдийгүй Азийн, дэлхийн хэмжээнд Монголынхоо багийг гаргахыг хүсдэг. Гадны тамирчид ажил хийхгүйгээр зөвхөн спортоор дагнан хичээллэж, тэр хэрээр амжилт гаргадаг бол манай Монголд тийм зүйл алга. Зөвхөн сэтгэл зүрхээрээ энэ спортын төлөө нэгддэг. Энэ жилээс эхлээд гоё болох байх.    - Волейболын спортын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?   - Жижиг тэмцээн олон зохиогддог болсон. Гэхдээ лигийг сэргээсэн нь хамгийн том ололт гэж бодож байна. Олон тамирчин үүнийг хүлээж байсан. Хүн ус уухгүй удаан явахаар ямар их ангаж цангадаг билээ. Тамирчин хүн ч ялгаагүй, тэмцээнээрээ “цангадаг”, хүсдэг, хүлээдэг. Яагаад гэвэл, тэр тэмцээн дээр өөрийн хамаг чадвараа нээж харуулах гэж бид бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Тэмцээн бүр бидэнд үнэ цэнэтэй, авсан медаль бүр сэтгэл зүрхэнд минь байдаг. Хүмүүс “Медаль үнэгүйдлээ” гэдэг, миний хувьд тийм биш. Хөлс хөдөлмөрөө урсгасан болохоор тэр бүхэн үнэ цэнэтэй санагддаг.      “Булган” багийн тамирчин, спортын мастер А.ТҮВШИНТӨГӨЛДӨР: Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна      - Та тэмцээний сэтгэгдлээ бидэндтэй хуваалахгүй юу?   - Би 2010-2012 оны хооронд “Харх” багт 2 жил тоглосон. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Алтайн барс” багт тоглож, лигийн тэмцээнд “Булган” багийн өндрийн дотлогчоор оролцож байна. Лигийн аварга шалгаруулах тэмцээн нь бусад тэмцээнийг бодоход цар хүрээ өргөн, оролцож байгаа багуудын чансаа өндөр, багийн эздүүдийн гаргаж байгаа сэтгэл их байгаа нь харагдлаа. Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан болоод ч тэр үү, зохион байгуулалт, нээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгууллаа.    - Лигийн аваргын тэмцээнд хэр хугацаанд бэлтгэл хангав?   - Бид сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Оролцогч багуудын хувьд 3-4 жилийн туршлагатай. Харин манай баг энд тэндээс нийлсэн хүмүүсээс бүрдсэн. Гэхдээ сүүлийн 2-3 жил бэлтгэл хийж тоглоогүй ч туршагатай тамирчдаас бүрдсэн гэж би хардаг. Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна. Бүх багийнхандаа тэмцээндээ амжилттай оролцоорой гэж хэлье.     “Хасу Мегастарс” багийн тамирчин н.ОЧГЭРЭЛ: “Эрчим”, “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй         - Дээд лигийн аялан тоглолт ямар сэтгэгдэл үлдээж байна вэ?    - Эрдэнэт хотод аялан тоглолт хийсэндээ сэтгэгдэл өндөр байна. Лигийн тамирчид Эрдэнэтийн үзэгчдэд уран гоё тоглолтуудаа үзүүлж чадлаа. Манай багийнхан сүүлийн 5-6 жил энэ бүрэлдэхүүнээрээ тоглосон. Бусад багийн залуу тамирчидтай харьцуулахад олон жил бэлтгэл хийж, гар нийлсэн нь давуу тал боллоо.    - Өрсөлдөгч багуудын тухайд?    - “Эрчим”, “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй. Өмнөх жилүүдэд ч хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Бид сайн оролцохыг хичээж байна.    - Ур чадвараас гадна ухаан шаардсан спортын төрөл гэж ойлгож байна?    - Тамирчин хүнээс яаж тоглох вэ гэдэг ухааныг секунд тутам шаарддаг спорт гэдэгтэй санал нэг байна. Тухайн цаг мөчид зөв шийдвэр гаргаж чадсан нь хожлыг гартаа авдаг. Тэгэхээр хэн зоригтой, хурдан шийдвэр гаргана, тэр хүнд ялалт ойрхон байдаг гэсэн үг.        - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.     “Эрчим” багийн тамирчин, спортын дэд мастер, Б.БАТСУУРЬ: Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна        - Дэд мастерын болзол хангаж, өнөөдөр шагналаа гардсанд баяр хүргэе?    - Тэмцээн үзэгч олонтой, багууд өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо. Миний хувьд волейболын спортоор 9 дэх жилдээ хичээллэж байна. Спортоор хичээллэснийхээ үр шимийг хүртэж, дэд мастерын болзол хангаж, үнэмлэхээ авлаа. Баяртай байна. Манай багийнхан Залуучуудын Улсын аваргын хошой алт, “Тэнүүн Огоо кап”, “Хасу кап”, “Монголын бүх ард түмний спартикад” гээд оролцсон бүх тэмцээндээ амжилт гаргасан. Цаашид олон тэмцээнд оролцож, Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна.      - Талархалын үгсээ хэнд зориулан хэлэх вэ?    - Хоёр багшдаа, гэр бүлийнхэн, багийнхандаа маш их баярлалаа.      “Уурхайчин” багийн тамирчин Ц.СОДБАЯР: Ах нараас сурах зүйл их байна        - “Уурхайчин” баг харьцангуй залуу тамирчдаас бүрдсэн. Та бүхэн өөрсдийн ур чадварыг хэрхэн үнэлэв?   - Би одоо 11 дүгээр ангид суралцаж байгаа. Спортын мастер Өлзийхутаг багшийнхаа удирдлага дор 4 дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна. “Уурхайчин” багийнхантайгаа хичээллээд хагас сар болсон. Эрдэнэт үйлдвэрийн нэрийн өмнөөс их том итгэл хүлээж, хариуцлага үүрч лигийн аварга шалгаруулах тэмцээнд орж байгаа ч итгэлийг нь алдах вий гэсэн айдас бидэнд байлаа. Ах нараас сурах зүйл их байна. Бид 1-2 жилийн дараа ур чадвараа улам сайжруулаад хүчтэй өрсөлдөгчид болох болно.    - Өөртөө ямар зорилго тавьсан бэ?   - Бэлтгэлээ сайн хийж, бүх л тэмцээндээ түрүүлмээр байна. Сурах зүйл их бий. Тэмцээндээ орж туршлага судлаад, өөрийгөө хөгжүүлээд явна. Оюутан болсон ч волейболоо орхихгүй.     “Эрчим” багийн легионер тамирчин НИКИТА СОБОРА АНДРЕЕВИЧ: Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө        - Волейболын спортыг хэзээнээс сонирхох болов?     - Би 21 настай. ОХУ-аас ирж “Эрчим” багт тоглож байна. Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоор 3 дахь жилдээ волейбол тоглож  байна.     - Монголын тамирчдын ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?    - Монгол волейболчид техник сайтай, нилээд хурдтай тоглогчид байдаг. Энэ нь өрсөлдөгчдийн хувьд их хэцүү. Багийн тоглолт сайтай, сайн холбогч гэдгээрээ Монголын тамирчдад давуу тал олон бий. Волейбол бол оноо авахын төлөө ухаанаа уралдуулдаг сонирхолтой спорт. Тэр ч утгаараа энэ спорт надад таалагддаг.     - Зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?    - Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархаж байна. Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө. Нийт тамирчиддаа амжилт хүсье.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Волейболчдын шинэ үе өнгөтэй байна

       Ер гаруй жилийн замналтай  Монгол волейболчдын шинэ цагийн түүхийг  1990-ээд оны сүүл үеийнхэн бичиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны охид хөвгүүд эдүгээ цагийн волейболын спортыг өнгөлж байна.    Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг энэ жилээс эргэн ирж, ирэхдээ шижигнэсэн хурд хүч, сэтгэлгээний өндөр чадвартай залуу үеийнхнээр бүл нэмжээ. Бүл нэмсэн гэхийн учир энэ жилийн Үндэсний дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг тоглож буй нь урьд өмнөх жилүүдэд байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Волейболын түүхийн хуудсанд “акулууд” гэж тэмдэглэхээр амжилт, туршлагын зузаан намтартай Уурхайчин, Эрчим, Алтайн барс, Энагурэ, Хасу Мегастарсынхан залуу үеийнхнээр “ цус сэлбэж”, бас Хобби айс, Булган, Дархан сеть зэрэг шинэхэн дүү нарыг араасаа дагуулан иржээ.  Багуудын дундаж нас 18-25 байгаа нь өсвөр үеийнхэн волейболын спортод ихээр дурлаж, Монголын Волейболын гуравдахь үе нэгэнт эхэлсэн нь  Эрдэнэт хотод болсон Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоос харагдаж байв. Илүү хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, хурц ухаан бол волейбол. Энэ утгаараа өв тэгш иргэнийг төлөвшүүлэхэд багийн спорт тэр дундаа волейболын төрөл онцгой үүрэгтэй юм байна гэдгийг ч Үндэсний дээд лигийн “гал гарсан” өрсөлдөөнтэй тоглолтууд хэлж өгөв. Волейболчдын чадвар чансаа, энэ спортын хөгжлийн түвшин хаана явааг нь  тодорхойлдог Үндэсний дээд лигийн ерөнхий зохион байгуулагчаар зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллаж байна. Тэгэхдээ тус үйлдвэрийнхэн “зүгээр нэг” зохион байгуулагч хийсэнгүй, Монголын волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь тэмдэглэн үлдээж байна. Телевизээр л хардаг тамирчдаа хүндэтгэх ёсыг өөрсдөд нь үзүүлсэн манлай үйлдвэрийнхэнд талархаад баршгүй буйгаа залуу волейболчид олон дахин илэрхийлснийг ч энэ дашрамд дайя.           Энагурэ багийн эзэн Chang Jin Hong:  Эрдэнэт волейболын төлөө хот юм байна    Энагурэ гэж Монголоор Ундран оргилох гэсэн утгатай. Багийн маань хүч чадал үргэлж ундран оргилж байхыг бэлэгдэж ийм нэр өгсөн юм. Манайх эмэгтэй баг. Яагаад эмэгтэй баг байгуулах болсон бэ гэхээр эмэгтэйчүүд илүү сэтгэлийн тэнхээтэй, бие бялдар, чадварын хувьд цаашид илүү хурдан хөгжих боломжтой учраас эмэгтэй багийг үүсгэж, авч яваа. Миний хувьд, волейболоор хичээллэж байгаагүй ч энэ спортод үнэхээр дуртай. Манай Энагурэ баг 2009 онд Серб улсад болсон Оюутны аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайвань улсад Оюутны аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн.  Бид Монголынхоо Үндэсний дээд лигт 2009 оноос эхлэн оролцож, улсын чанартай тэмцээнүүдээс арав гаруй алтан медаль авсан. Манай багийн тамирчдын 3 дахь үе энэ удаагийн лигт тоглож байгаа. Хамгийн том нь 20 настай бол бага нь 16 настай. Багийн ахлагч, Спортын мастер Тамир болон тамирчин Анужин нар маань өндөр амжилттай яваа. Бид багийнхаа гуравдахь үеийг ийнхүү өсвөрийн насныхнаар бүрдүүлж буйгийн гол зорилго нь олон улсын нас заасан тэмцээнүүдэд амжилттай оролцоход одооноос бэлдэж байгаа юм. Мөн бид одоо сайн тоглохоос илүү цаашид улам сайжрах хүүхдүүдийг бэлтгэнэ гэж бодож багаа бүрдүүлсэн. Эрдэнэтэд ирэхэд биднийг халуун дотно угтсан. Дуу хуур, урлаг соёлын сайхан хөтөлбөртэй хүлээн авч, унаагаар үйлчилж очих газарт хүргэж өгдөг ийм тэмцээнд анх удаа оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд надад  Эрдэнэт бол волейболын төлөө хот юм байна гэсэн бодол төрсөн.    “Алтайн барс” эрэгтэй багийн Ахлах дасгалжуулагч, ОУХМ  Б.Мөнгөндөл: Залуу үеийн тамирчид маш сайн бэлтгэлтэй байна    Үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотод маш сайхан зохион байгуулалттай болж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, дэмжиж, Эрдэнэтчүүд өөрсдөө олноороо хүрэлцэн ирж үзсэн нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй болголоо. Манай “Алтайн барс” баг Ховд аймгийн нэр дээр оролцдог, Хилчин спорт хороонд харьяалагддаг. 2011 онд байгуулагдсан. Багийн бүрэлдэхүүний дундаж нас 25, биеийн өндөр 1.95 см-ийн дундаж хэмжээтэй, залуу тамирчид байгаа. Мөн манай багт Японы 2 легионер тамирчин тоглож байна. Эхний тоглолтоо Хос бар багтай хийж, 3:0-ын харьцаагаар хожоод байна. Залуу тамирчид маш сайн бэлтгэлтэй, багууд өрсөлдөөн ихтэй байгаа нь тэмцээнээс харагдлаа. Алтайн барс багийн ахлагч, ОУХМ  А.Мөнхбаяр: Чөлөөт хамгаалагч легионер тоглож буйгаараа онцлогтой    Би Волейболын спортоор 12 жил хичээллэж байна. Харин манай баг 9 дэх жилдээ тогтмол уралдаан тэмцээнд оролцож байна. Бид 2012 оны Монголын бүх ард түмний спартикиадын аварга, 2013 оны Хаврын тэргүүн клубуудын аварга, 2013,2014 оны Намрын тэргүүн клубуудын аваргын мөнгө, 2013, 2014, 2015 оны Залуучуудын улсын аварга, 2019 оны Хасу клубуудын аварга, Хөгжлийн лигийн аварга, Тэнүүн огоо клубуудын аваргын мөнгө, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө медаль зэрэг амжилт үзүүлсэн баг. Урьд өмнө манай эрэгтэй багт гадаадын легионер тамирчид тоглож байгаагүй. Харин энэ удаа Япон улсын 2 легионер тоглож байгаагаараа онцлог. Бусад багууд голчлон довтлогч легионер авч ирдэг бол манайх анх удаа чөлөөт хамгаалагч тоглуулж байгаа нь Монголын волейболын лигийн түүхэнд шинэ зүйл болж байна. Энэ жилээс дахин сэргэж байгаа Үндэсний дээд лигт багууд, багийн эзэд, дасгалжуулагчид гээд бүгд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байна. Тамирчдын сэтгэл зүйн хувьд ч өөр түвшинд хүрсэн байна. Лигийн тэмцээний хувьд багууд  олон тойргийн турш жигд тоглолтоо хадгалж явах шаардлагатай тул олон сар жилийн бэлтгэл хангасан нь харагдлаа. Мөн тамирчдын ур чадвар дээшилсэн, өрсөлдөөнтэй болж байна. Хасу мегастар багт 2 метр өндөр,  АНУ-ын нэг легионер, Эрчим багт ОХУ-ын легионер, Тэнүүн Огоо багт Япон улсын легионер тамирчид тус тус  тоглож байна. Эдгээр  багууд  маш хүчтэй байна.  Алтайн барс багийн хамгийн залуу тоглогч, Э.Хосбаяр: Клубын ах нарынхаа тоглолтоос үлгэр дууриалал авдаг    Би 21 настай. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд волейболын секцний хүүхдүүдийн тоглолтыг үзээд, энэ спортоор хичээллэх бодол төрсөн. Тэгээд Баатархүү багшийнхаа удирдлаган дор анх тоглож, 2013 онд Алтайн барс клубтээ голын хаагч буюу нам хагасын хамгаалагчийн үүрэгтэй тамирчнаар орсон. Одоо ч энэ нам хагасын байрлалд тоглож байгаа. Клубын ах нарынхаа тоглолтыг шимтэн үздэг, зарим үед “ийм аймаар байдаг юмуу” гэж сонирхож, тэднээс суралцаж, үлгэр дууриал авдаг. Волейболоор хичээллэж ирсэн 6 жилийнхээ турш багийн ах нарын тоглолтоос эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй болдог. Үндэсний дээд лигт анх удаа оролцож байна. Үнэхээр гоё тэмцээн болдог юм байна. Эрдэнэт хотод болж байгаа 2 дугаар тойргийн тэмцээн бүр илүү өндөр зохион байгуулалттай, маш сайхан болж байна. Телевизээр хардаг шиг л өөрсдөө автобусанд суугаад явж байгаа зэрэг нь гоё сэтгэгдэл төрүүлж байна. Уурхайчин багийн ахлагч Б. Нинжболор: Манай баг хамгийн залуу тоглогчидтой    Багаар ажиллах чадварыг сайжруулахын зэрэгцээ хувь хүний бие галбир болон хүмүүжил талаас нь тэгш зөв болгож төлөвшүүлдэг гээд  волейболд олон давуу тал байдаг. 15 настай байхдаа манай Эрдэнэтэд болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алтайн барс, Уурхайчин багуудын тоглолтыг үзээд, анх удаа энэ эгч нар шиг волейбол сайн тоглож сурая гэж бодсон. Тэгээд ОУХМ Г.Баярсайхан багш дээрээ очиж, гараагаа заалгаж эхэлсэн. Манай “Уурхайчин” баг энэ удаагийн лигийн хамгийн залуу тамирчидтай баг нь байх. Манай охидууд голдуу 15-16 настай, Улаанбаатар хотын 21 дүгээр сургуулийн сурагчид.  Хоёр жилийн өмнөөс одоогийн энэ багийн бүрэлдэхүүнд орж, хичээллэж байна. Өсвөр үеийн тамирчид гэж тодотгож болно. Бидэнтэй бас өмнө нь олон жил тоглосон хоёр эгч байгаа. Арай ахмад тамирчид маань тэд. 2017 онд манай “Уурхайчин” клуб хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил Хүүхдийн спортын их наадмаас алт медаль авсан. Одоо энэ лигийн тэмцээний дараа  Насанд хүрэгчдийн улсын аварга, “Тэнүүн Огоо”,  “Хасу” клубуудын аваргын тэмцээн, Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон уралдаан тэмцээн хүлээж байгаа. Тэр бүхэнд жигд амжилттай тоглохын тулд хичээж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Уурхайчин багийн тоглогч, ОУХМ Д.Алтансувд: Волейболд эгч маань “уруу татсан”    Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Волейболын спортод уруу татсан хүн бол эгч маань. Тэр өөрөө Эрчим клубт тоглодог. Бас Монголын шигшээ багт тоглож, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Эгчийнхээ тоглолтуудыг үзээд, волейболоор хичээллэхээр шийдэж, 3 дугаар ангиасаа тоглож эхэлсэн. Дараа нь 7 дугаар ангид байхдаа Г.Баярсайхан багш дээрээ очиж,  2003 онд Уурхайчин клубын тамирчин болсон доо. Тэр үеэс эхлээд Залуучуудын улсын аварга, Үндэсний дээд лигт оролцож, үндсэн багийн тамирчнаар тоглон хүрэл медаль хүртсэн. 2004 оны Үндэсний дээд лигийн аварга баг болж, шилдэг холбогчоор шалгарсан. Одоо 16 дахь жилдээ Уурхайчин багтаа тоглож, 7 дахь лигтээ оролцож  байна. Үндэсний дээд лиг энэ жилээс сэргэж, зохион байгуулагдаж эхэлсэнд баяртай байгаа. Волейболын спорт бол тамирчнаас хурд хүчээс гадна оюуны өндөр чадвар шаарддаг. Хэн сайн тархиа ажиллуулж, хурдан сэтгэж, овсгоотой байж чадна тэднийд хожил ирнэ. Энэ талаараа хүнийг өв тэгш хөгжүүлж чаддаг спорт гэж боддог. Хобби айс багийн ахлагч Л. Хосбаяр: Үндэсний дээд лиг эргэн ирсэнд баяртай байна    Волейболын спорттой холбогдоод  12 жил болж байна. Анх волейболоор хичээллэх хүслээ аавдаа хэлснээр волейболын секцэнд явж эхэлсэн. Би одоо багийнхаа гишүүд дотроо хамгийн том нь. Манай охидууд 2000-аад оны хүүхдүүд. Тиймээс манай баг бас залуу гишүүдтэй. Намайг оюутан байхад волейболын спортын хөгжил жаахан уналтанд орсон санагддаг. Үндэсний лиг ч зогссон, эмэгтэй баг ховор болчихсон. Харин  сүүлийн 2 жил идэвхжиж, төрөл бүрийн тэмцээн уралдааны тоо ч нэмэгдэж байна.  Хасу, Тэнүүн огоо гээд клубуудын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний лиг, мөн манай клубээс эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Энэ хирээрээ багуудын бэлтгэл сургуулилалт жигдэрч, тамирчдын чадвар чансаа улам сайжрах боломжийг өгч байна гэж боддог. Тэмцээнүүд олшрох тусам үзэгчдийн тоо ч нэмэгдэж, хүүхэд залуус волейболын спортын сайхныг харж мэдрэх, хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаад баяртай байгаа.  М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт долгион” FM 107.1 радиогийн техник бүрэн шинэчлэгдлээ

       Эрдэнэт үйлдвэрийн гэх тодотголтой “Эрдэнэт долгион” FM 107.1 радио 25 жилийн турш Эрдэнэтчүүдийнхээ сонорыг мялаан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг шуурхай хүргэж ирсэн. Энэ хугацаанд дууны түвшин тохируулах төхөөрөмж сольж байснаас өөр техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй юм. Харин энэ удаа тус радиогийн техникүүдийг Америк, Итали, Хятадын тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчилж, хэвийн ажиллагаанд орууллаа. Техникийн доголдлоос шалтгаалан хэсэг хугацаанд зогссон “Эрдэнэт долгион” FM 107.1 радиогийн шинэ тоног төхөөрөмжийн  суурилуулалт өнгөрсөн бямба гарагт дуусч, сэтгүүлч, уран бүтээлчид Монголын волейболын дээд лигийн тэмцээний II тойргийн тоглолтоос шууд сурвалжлага бэлтгэн сонсогчдод хүргэснээр ажил нь жигдэрлээ.                М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайчдад зориулсан “Өвлийн нар” витаминжуулалтын аян Эрдэнэт үйлдвэрт өрнөж байна

       Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс энэ онд ажилчиддаа зориулан зохион байгуулж буй 3 аяны нэг болох “Өвлийн нар” витаминжуулалтын аян өнөөдөр нээлтээ хийлээ.  Аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монос фарм” трейд, “Хаппи веритас” оношилгоо эмчилгээний төв хамтран D витамины талаар ажилчдад ойлголт, мэдээлэл өгөх витаминжуулалтын аяныг өрнүүлж байна. Монгол Улсын нийт иргэдийн 80-90 хувь нь буюу бага насны хүүхдүүдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 95 хувь, 15-49 насны эрчүүдийн 82 хувь нь D витамины дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.  Аяны үеэр ажилчдаас D витамины шинжилгээ авч, нүдний хуурайшил тодорхойлон, био-энергийн аппаратны оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох,  биеийн жингийн индекс тодорхойлох, 3D арьс оношилгоо болон D витамины дутагдлын хор уршиг, витамины хөнгөлөлттэй худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр ерөнхий захиргааны 2-р байрны ажилтнуудыг үзлэгт хамруулсан бол 11 сарын 12-ны өдөр АБК дээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин Лхагва гаригт Засвар механикийн заводын ажилтнуудыг аянд уриалах юм.    D витамины зохистой хэрэглээ нь насанд хүрсэн хүнд яс зөөлрөхөөс хамгаалах, ясны сийрэжилтээс урьдчилан сэргийлэх,  бүх төрлийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ, дархлаа дутагдлын эмгэгээс хамгаалдаг байна. Харин хүүхдэд D витамин хэрэглүүлснээр рахит өвчнөөс урьдчилан сэргийлж, уушгины хатгалгаа, зүрх судас, амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, өсөлт хөгжилтийг дэмждэг байна.  Э.Мөнх-Уянга Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Гимнастикийн төрөлд Баяжуулах үйлдвэр түрүүлжээ

       Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа 41 дэх спартикиадын нэг төрөл болох гимнастикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2019-2020 онд үйлдвэрийн ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Ажлын байранд идэвхтэй дасгалыг нэвтрүүлэх нь” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гимнастикийн тэмцээнийг уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжийн 8 багийн 80 гаруй тамирчид оролцож, тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн гимнастикчид шалгарчээ. Удаах байрыг Засвар механикийн завод, Оёдлын цех, Авто тээврийн цехийн багууд эзлэв.    Ажлын байранд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг  хэвшүүлэх аяныг ирэх оны 3 дугаар сард дүгнэнэ. Үйлдвэрийн хэмжээнд 600 гаруй ажилтанд ажлын байрны дасгал хөдөлгөөний ач тус, хэрхэн тогтмол хийж хэвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулаад байна. Үүний үр дүнд цех нэгж бүр ажлын байрны дасгал хөдөлгөөний сургагч багштай болжээ. Цаашид аяны хугацаанд үйлдвэрийн бүх ажилтныг сургалтанд хамруулж, үр дүнг нь дүгнэхдээ Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байрны гадаа нийтийн гимнастикийн үзүүлбэр зохион байгуулна гэж Спорт цогцолборын Арга зүйч, гимнастикийн багш Б.Уянга ярилаа. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Т.ОТГОНТӨГС: Тоглолт болгон үнэ цэнэтэй, нэг онооны араас зүтгэсэн аястай ширүүн болж байна

       Монголын волейболын дээд лигийн II тойргийн тоглолm Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд палас”-т амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ үеэр IV цахилгаан станцын “Эрчим” багийн менежер, Волейболын Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын ОТГОНТӨГС-тэй ярилцсан юм.        - Та хэдэн настайдаа волейболын спортод хөл тавьсан бэ?    - Тавдугаар ангийн сурагч байхаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Би Хэнтийн Бэрхийн уурхайн тосгонд төрсөн. Аав маань уурхайчин хүн байсан. Ээж маань ч уурхайн станцад насаараа ажиллаад гавьяаны амралтадаа суусан. Манайхан намайг волейболоор хичээллэхэд эхэндээ төдийлөн дэмжээгүй. Аав маань залуудаа том биетэй, бөх барилддаг хүн байсан юм. Би үеийнхэнтэйгээ “ноцолдохоороо” амар унадаггүй хүүхэд байсан болохоор намайг бөх болгох сонирхолтой. Би бөхөд “хорхойгүй”. Тэгээд гэрийнхэндээ бөхийн секцэндээ явлаа гэж хэлээд волейболын секц рүүгээ орчихдог байж билээ.    - Та анхны багш, волейболын анхны багийнхаа талаар дурсаач?    - Бэрхийн анхны багш маань волейболын спортын мастер З.Лувсандорж гэж хүн бий. Багшийн секцэнд 90-ээд хүүхэд анх орсон юм. Шигшигдсээр 25-уулаа үлдсэн. Би багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Есдүгээр ангийн сурагч байхдаа Хэнтий аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Улсын аваргын тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод анх ирж үзсэн. Волейболын Олон улсын хэмжээний мастер Р.Тамир, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Хангай, Тэмүүжин, дуучин Базарсадын Болдбаатар бид нэгэн үеийн тамирчид. Тэр жил дуучин Б.Болдбаатар ирээгүй. Сумаасаа одоо энэ “Гранд мед” эмнэлгийн их эмч Тэмүүжин бид хоёр аймгийнхаа шигшээ багт тоглож байлаа. Шагдар багшийн нэрэмжит шигшээ наймын тэмцээнээс бид мөнгөн медаль хүртэж их урамшсан. Улсаас авсан анхны том шагнал.    - Тэр үед Бэрхийн уурхай орос ажилчид олонтой байсан нь волейболын спорт илүү хөгжихөд нөлөөлсөн үү?    - Нөлөө бий. Гэхдээ 1998 онд Хэнтийн Батширээт сумаас волейболын спортын мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ч.Түвшинтөр Бэрхийн уурхайд ирж, биднийг дасгалжуулан Өсвөрийн Улсын аваргын тэмцээнд анх удаа хөдөөний тосгоны хүүхдүүд оролцож байлаа. Ёстой л “битүү морьд” гэдэг шиг хэн ч танихгүй хүүхдүүд очоод одоогийн Улсын  шигшээ багийн тамирчин М.Мөнх-Оргил, Хаш-Эрдэнэ тэргүүтэй тэр үеийн мундаг залуусыг хожиж хүрэл медаль хүртсэн.    - Насанд хүрэгчдийн тэмцээнд ямар амжилтууд үзүүлж байв?    - 1999 онд насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд анх тоглож, А зэрэглэлийн Улсын аварга болсон. 2000 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнодод болоход хоёрдугаар байрт шалгарч волейбол тоглох асар их хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэр жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход Бөхийн өргөөний тавцан дээр үзэж суухдаа яавал Улсын шигшээ багийн тамирчин болдог юм бол гэж бодож билээ. Миний үзэж, бахдаж суусан хүмүүс бол манай М.Мөнх-Оргил, Р.Тамираа, Түвшинбат нар байсан. Үеийн нөхдөөсөө цойлоод гарчихсан залуус үнэхээр гоё харагдсан. Тэгээд л волейболдоо бүхий л сэтгэл зүрхээ, цаг заваа зориулж дурлах ёстой юм байна гэдгийг ойлгож шаргуу бэлтгэл хийсэн.    - Та “Уурхайчин” багийн анхдагчдийн нэг байхаа?    - “Уурхайчин” багийн үүсгэн байгуулагчдийн хамгийн бага нь би байлаа. 1998 онд би 18 настай байсан. Одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, С.Амгаабазар, “өндөр” Амгаланбаатар, Өлзийсайхан, Түвшинтөр, Төмөрөө, Гэндэн гээд Дорнодговийн  волейболчин ах нарыг, уурхай дагасан хэдэн залуусыг цуглуулж баг болгосон. Одоо энэ Монголын волейболын холбооны нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Г.Баярсайхан “Уурхайчин” багийн анхны дасгалжуулагч.    - Тэр цагаас “Уурхайчин” багийн амжилтын буухиа эхэлсэн үү?    - 2000 онд Залуучуудын Улсын аваргын тэмцээн Монголд анх нээгдэхэд “Уурхайчин” баг маань түрүүлж байлаа. Тэр жилийнхээ Улсын аваргыг бас авчихаж байгаа юм. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт болоход алтыг нь авсан. 2001 онд дахин Залуучуудын Улсын аварга болсон. Клубуудын цомын аваргаар хүрэл медаль хүртсэн. Ах нар тусдаа, бид үеэрээ ороод жаахан хүүхдүүд хүрэл авчихаж байгаа юм.    - Та өөрийгөө ямар тоглолтоор анх таниулсан гэж боддог вэ?    - 2003 онд Спортын төв ордонд анх болсон Үндэсний дээд лигээр өөрийгөө хүмүүст таниулсан гэх үү дээ. Х.Бадамсүрэн захирал, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал байсан Д.Даваасамбуу ах манай дасгалжуулагчийн сандал дээр суудаг байсан юм. Тэд хоорондоо ярьж байгаад Монголын лидер тоглогч А.Дашзэвэг ахыг заменд суулгаад оронд нь Т.Отгонтөгсийг гаргаж үзье гэж шийдсэн юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн “Харх” гэж үнэхээр сайн багтай тоглосон ч би үнэхээр хаалтанд ороогүй. Тэр өдөр манайх хожигдсон бол дууссан газар. Бид тоглолтыг эргүүлж маргааш дахин тоглолт гаргуулсан. 23 настай дээд лигийн талбай дээр цахиур хагалж явлаа.    - “Уурхайчин” багт хэдэн жил тоглосон бэ?    - 1998-аас 2006 он хүртэл “Уурхайчин” багт найман жил тоглосон. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2002 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болоход тоглосон. 2003, 2004 онд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дахиад Зүүн Азийн тэмцээнд тоглосон. Ингэж л Улсын шигшээгийн тамирчин болсон доо. 2005 онд “Уурхайчин” баг дээд лигийн аварга болсон юм. Өмнө нь дээд лигээс гурван мөнгө авсан байсан. Тэгээд Х.Бадамсүрэн захирал маань ч ажлаа өглөө, “Уурхайчин” баг маань ч эвгүйтсэн. Тэр үед ажил, амьдралаа бодъё, бөмбөг нүдсээр байтал нас явлаа гэж бодоод хэдэн найзтайгаа Тавантолгойд ажиллахаар явахын өмнө орой одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар дарга намайг утсаар дуудсан. Очсон өдрөө л станцад ажилд орчихдог юм.    - Ямар санал тавьсан болоод Оюутолгойг орхиод тийшээ орчихов?    - Ах нь чамайг ажилтай болгоё. Манай “Эрчим” багт яг л энэ эрчээрээ тоглоод, удирдаад яв гэсэн. Дээд лигийн аваргыг авчихъя гэж зүтгээд бараагүй. Мөнгөн медалийг бол гурав ч авсан. Харин одоогийн дээд лигийн хэмжээний тамирчид ордог клубуудын цомын төлөөх тэмцээнд манай “Эрчим” баг 2014, 2015 онд түрүүлсэн. Би тэрийгээ дээд лигийн аварга гэж тооцдог.    - Энэ удаагийн дээд лигийн тэмцээний өрсөлдөгчид ширүүн байна уу?    - Баг болгон сайн байна. Хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багтай хийсэн. Тэнд 15, 16, 17 настай хүүхдүүд байна. Тэгэхэд бид тэдэнд нэг парт алдах жишээний. Тоглолт болгон үнэ цэнэтэй, нэг онооны араас зүтгэсэн аястай ширүүн болж байна. 4-р цахилгаан станцын Б.Төмөрхуяг захиралтай хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж байна даа.      - Баярлалаа.      М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих
   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн энэ удаагийн лиг Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан. Ур чадвар, авхаалж самбаагаа дайчилсан багуудын тоглолт өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай заал дүүрэн цуурайтсан амралтын өдрийн эргэн тойронд мэдээ мэдээллээ бэлтгэсээр байна. 

   
 
   Өчигдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдрийн эхний тоглолт “Энагурэ”, “Тэнүүн Огоо” багийн эмэгтэй тоглолтоор эхэлж, гурван үе үргэлжилсэн тоглолт 3:0 харьцаатайгаар “Энагурэ” багийн хожлоор өндөрлөсөн юм. Лигийн нэгдүгээр тойргийг 5 оноотой дуусгасан “Хилчин Алтайн барс” баг “Уурхайчин” багийг 3:0 хожсоноор үндсэн оноогоо 8 болгон ахиуллаа. Тэмцээний гурав дахь тоглолт “Хобби Эйс”, “Дархан сеть” багуудын хооронд мөн 3:0 ялалтаар өндөрлөж, “Хобби Эйс” баг ширүүхэн өрсөлдөгч болохоо харууллаа. 
   Эрэгтэй багуудаас “Ховд Алтайн барс хилчин", “Хос Бар RKH"-ын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөв. “Эрчим”, “Уурхайчин” багуудын тоглолтын тооны харьцаа 3:1 болж, “Эрчим” баг оноогоо ахиулж чадлаа. “Булган”, “Тэнүүн-Огоо” багийн хооронд өрнөсөн дараагийн тоглолт “Тэнүүн Огоо” багийн 1:3 гэсэн илт давуу байдлаар дууссан. 
   Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдрийн эхний тоглолт “Дархан сеть”-ийн эмэгтэй баг “Уурхайчин”-г 3:1 харьцаагаар талбай дээр нь буулгаж авснаар эхэллээ. Харин хоёр дахь тоглолт "Хобби-Эйс", "Энагурэ" багуудын дунд болсон бөгөөд таван үеийн турш үргэлжилсэн тоглолтын дүнгээр 3:2 харьцаагаар “Хобби эйс”-ийн охид ялалтыг гартаа авлаа. Хоёрдугаар тойргийн чухал тоглолтын нэгээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тэнүүн Огоо”, “Хилчин Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолт нэрлэгдсэн бөгөөд 3:0 харьцаатай “Тэнүүн Огоо” багийн хожлоор хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж байна. 
   Эрэгтэй багууд “Эрчим”, “Булган” багуудын тоглолтоор эхэлж, “Эрчим”-ийнхэн уран чадварлаг тоглолт үзүүлэн, тоглолтын харьцааг 3:0 болгосноор хожлоо авч чадсан юм. Хоёрдугаар тойргийн 11 дэх тоглолт Х.Бадамсүрэн эзэнтэй, ОУХМ Л.Төгсбаяр дасгалжуулагчтай Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл, Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Ховд Алтайн барс хилчин” багуудын хооронд болж, тоглолт 0:3 харьцаатайгаар өндөрлөсөн нь “Барсууд” тэмцээний үндсэн оноогоо ахиулах боломжийг олголоо. Мөн “Мегастарс”, “Хос бар RKH” багууд энэ өдрийн шувтаргын тоглолтыг хийж, “Мегастарс” баг 3:1 харьцаатайгаар хожсон юм.
   Хоёдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд маргааш өглөө 08.00 цагт “Ховд Алтайн барс хилчин”, “Энагурэ” багуудын тоглолтоор эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын Волейболын  Үндэсний дээд лигийн  2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган”  багийн эрэгтэй  тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн  ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
 
 
   - Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
   - Баярлалаа. 

   - “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
   - Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж  төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.

   - Танайхны  хүчтэй довтолгоо эсрэг  багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
   - Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг. 
 
   - Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
    - Манай  мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг. 
 

   - Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
   - Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо. 

   - Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
   - Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно. 

   - Танай багийн онцлог?
   - Монголын  хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу. 

   - Танай легионер тамирчны  довтолгоо ч бас хүчтэй байсан ?
   - Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан. 

   - Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
   - Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж  их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас  амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг.  Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л  өгдөг.
                                                                                                                                                           
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 

 

 

   Монголын волейболын дээд лигийн тэмцээний хүндэт зочин, Олон улсын хэмжээний мастер Х.Хандсүрэнтэй уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.

   - Та хэдэн настайгаасаа спортод дурласан бэ?
   - Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа өндөр, уртад харайдаг, ойрын зайд гүйдэг, хөнгөний тамирчин байлаа. Сонгиноос хотод шилжиж ирээд Спортын төв ордонд Н.Норов багшийн удирдлага дор уран сайхны гимнастекаар хичээллэдэг болсон. Бүр нэгдүгээр зэрэг авсан.


   - Волейболын спорт руу “халтирч” орсон нь хэзээ вэ?
   - Тэр үед хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш нар спортын төрөлд шилж авдаг байсан юм. Нэг өдөр гимнастекийн бэлтгэлээ хийж байтал олон хүн орж ирээд бүгдийг нь тойруулж харж байснаа намайг заагаад “Энэ хүүхдийг авнаа” гэсэн. Юунд авч байгааг нь ч ойлгоогүй. Багш маань намайг өгөхгүй гэж үзээд дийлээгүй, волейбол руу алдсан даа. Би их өндөр хүүхэд байсан юм.

   - Волейболын спортын тамирчнаараа олонд танигдсан үеэ дурсаач?
   - Долдугаар анги төгсөөд оюутан болсон. Тэр үед цэргийн хувцас өмссөн хүүхнүүд гоё харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиод “Алдар” нийгэмлэгт шалгуулаад тамирчнаар орчихсон. 1964 онд ажил хөдөлмөрийн гараагаа ахлах цолтой эхэлж байлаа. Нийгэмлэгийн шигшээ багт тоглож олонд танигдсан гэж хэлж болно.

   - Ид тоглож байх үедээ оролцож байсан томоохон тэмцээн...?
   - 1969 онд Ташкентад олон улсын оюутан залуучуудын наадамд оролцож байлаа. Олон улсын тэмцээн Венгирт болоход гурван удаа явсан. Олон улсын армийн тэмцээнд тоглосон. 1970 онд Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, 30 гаруй улсаас манайх 16-д шалгарч байлаа. Тэнд хамгийн их урам хугарсан. Куба, манайх хоёр тоглоод 17:15-ын харьцаагаар хожигдсон. Уг нь манай баг маш сайн тоглосон юм. Тэр үед улсын шигшээ баг Солонгос дасгалжуулагчтай байсан. Дэлхийн аваргад явж байсан багийн гишүүдээс одоо цөөхөн хүн үлдэж дээ.
   
   - Та багтаа ямар үүрэгтэй тоглогч байсан бэ?
   - Би волейболын улсын шигшээ багт олон жил өргөгч хийсэн. Одоо энэ “сагсны” Ц.Шаравжамцын ээж Борхүүгийн холбогч байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд Алимаа, Үнэнбат бид гурав л холбодог байсан шүү дээ. Ц.Шоовдор эгчид Үнэнбат холбодог байсан.

   - Та Нийслэлийн 28-р сургуульд биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Шавь нар олон уу?
   - Тоолж явсангүй ээ. 40-өөд жил биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секц хичээлүүлж олон мянган шавьтай болсон. Би айлын ганц хүүхэд юм. Ээж маань ерэн хэд наслаад саяхан өөд боллоо. Аав маань эрт өнгөрсөн. Би аав, ээжийгээ олон удаа баярлуулсан гэж боддог. Аав маань нэг удаа “Хүүхэд ганцаддаггүй юм байнаа” гээд намайг үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үед л багаасаа спортоор хичээллэж тамирчин болсны хэрэг бүтлээ дээ гэж бодогдсон. 

   - Залуусын тоглолт үзэж суухад нүдэнд тусч байгаа тамирчин байна уу?
   - Сайхан тоглож байгаа олон залуус байна. Миний нэртэй, Хандсүрэн гэж охин сайн тоглож байна. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Очоод хэлээд зөвлөчихмөөр санагдах үе зөндөө. Манай волейболынхон дээд үеэ мэддэг их зарчимтай улс. Залуус маань биднийг их хүндэлж явдагт талархдаг.

   - Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Чулуунбаатартай Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр ярилцлаа.


 

   - Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

   - Үнэхээр сайхан байна. Үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн, өвөрмөц шинэлэг сайхан үйл ажиллагаа боллоо. Волейболын спортын дөрвөн үеийг нэгэн дор уулзуулж, биднийг гүн хүндэтгэсэн Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн удирдлага мөн зохион байгуулах комисст баярлалаа.

   - Та волейболын спорттой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?
    - Бидний багад спортын заал гэж байсангүй. Хариугүй жаахан танхимд багш нарынхаа тоглохыг  шимтэн харсаар л энэ спортод татагдан, насан туршдаа үнэнч явна. 1963 онд Монголын Бүх ард түмний 2-р спартикиадаар түрүүлснээс хойш долоон  спартикиадад орж тавд нь аваргалсан. Алдар спорт хороонд 20 гаруй жил талын довтлогчоор тоглосон. Би 60 гаруй жил волейболоор хичээллэж, спортын байгууллагад 50 гаруй жил ажиллажээ. 75 настай ч уралдаан тэмцээнд оролцсоор бие эрүүл, шүд бүрэн, саруул сайхан яваа маань энэ  спортын ач. Одоо би Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт арга зүйчээр ажиллаж, волейболын секц дугуйлангаар залуу үеэ бэлтгэсээр  явна.

   - Залгамж халаа тамирчдын уран чадварын талаар та юу хэлэх вэ?
   - Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтууд болж байна. Ер нь волейболын спорт хөгжлийн шинэ шатанд гарч буй нь тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас харагдаж байна. 

   - Дасгалжуулагчийг тамирчдынх нь  амжилт  баясгадаг. Энэ тухай бяцхан дурсамж хуваалцаач?
   - Олон сайхан шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээхэн “Залуу монгол” баг Лигийн аварга болоход би ахлах дасгалжуулагчаар, миний шавь Баатархүрээ дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Багш шавь гар нийлэн дасгалжуулж аварга төрүүлсэн тэр мөч үнэхээр сэтгэлээс гардаггүй. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчныхаа аав, ах, эмч, сэтгэл зүйч нь байдаг юм.

   - Монголын волейболчдын ирээдүйг та хэрхэн хардаг вэ?
   - Тоглолтын ур чадвар, техник, комбинаци хөгжиж байна. Ер нь энэ байдлаараа бэлдэж Үндэсний шигшээ багтай болбол Азидаа амжилттайтоглох боломж бий. Багийн спортыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Үндэсний шигшээ баг байгуулан, шилдэг тамирчдыг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
 
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зочноор уригдан ирсэн ахмадуудынхаа сэтгэгдлийг бид цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. “Хоршоолол” нийгэмлэгт харьяалж, Улсын шигшээ багийн тамирчнаар тоглож байсан ахмад тамирчид өнөөгийн залуучуудын ур чадварыг хэрхэн үнэлж байгаа талаарх яриаг хүргэе.

 
Спортын мастер, ахмад тамирчин Б.МАРТ: Эрдэнэтийн дэвжээ биднийг “Улсын аварга” болгосон
 
 
   - Волейболын спортын хөгжилд ахмад үеийнхний үүрэг оролцоо их байсан. Таны хувьд аль багт тоглож, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
   - Би 9-р ангид байхдаа Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед буюу 1968-1970 онд БНАСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч багшийн удирдлага дор анхны шавь нь болж, энэ спортын гайхамшигтай техникүүдэд суралцан, Азийн хурдан тоглох арга барилыг эзэмшсэндээ өнөө хэр баярлаж явдаг юм. Шигшээ багт 12 эмэгтэй байснаас хамгийн залуу тамирчин нь би байлаа. Бид хойд Солонгост бэлтгэл хийж ирсний дараагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход туслах довлогчоор явж, 24 багаас шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн. Тус тэмцээнд Герман, Куб, Болгартай нэг зоонд тоглон, эн тэнцүү өрсөлдөж билээ. Кубын баг эхний 8-д өрсөлдөж, бид 9-16-д орсон байдаг юм. Биднийг тэмцээнээс ирсний дараа Улс бодлогоор дэмжсэн бол магадгүй Куб шиг дэлхийд өрсөлдөх хэмжээний баг гарах байсан болов уу. Гэтэл эсрэгээрээ Солонгос багш нутаг буцаж, шигшээ багийг тараасан. Бид 1970-1989 оны хооронд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон нэг мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болсон. “Үйлдвэр хоршооллын Олон Улсын тэмцээн” 1972 онд зохиогдоход бид анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Улмаар зах зээлийн шуурганд бүх л спорт өртөж, хөгжил нь хумигдсан. Монгол хүнд авьяас бий. Үүнийг Улс бодлогоор дэмжээд өгвөл болохоор санагддаг.

     - Эрдэнэт хоттой холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
  - 1985 онд Эрдэнэт хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Хоршоолол” нийгэмлэгийн баг тамирчидтайгаа ирж байлаа. Манай баг шувтаргын тоглолт дээр Их сургуулийн багтай аваргын төлөө үзэж, “Улсын аварга” болж байсан үе санаанд тод үлджээ. Эрдэнэтийн дэвжээ их ээлтэй.

   - Тоглолтын тухайн юу хэлэх вэ?
   - Өнөөгийн залуучуудын үсрэлт, авалт, давуулалт маш хүчтэй болсон нь харагдаж байна. Дэлхийн давуулалтын хурд 130 гаруй км/ц хурдтай болсон энэ үед өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрч байгаа нь сайшаалтай. Манай эрэгтэйчүүд саяхныг болтол үсрэлтэй давуулалт хийж чаддаггүй байсан бол чадвар нь үнэхээр их сайн болсон байна. Дэлхийтэй ойртож байгаа нь сайн хэрэг. 
 
 
Спортын мастер, ахмад тамирчин Л.БАДАМСҮРЭН: Ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай

 
  - Спортын түүхэнд тод мөртэй ахмадынхаа сэтгэгдлээс хуваалцахад сайхан байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан үеэ бидэнтэй хуваалцахгүй юу? Өнөөдөр та ямар ажил алба эрхэлж байна вэ?
   - Би хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад 1967 онд өөрийн хүсэл сонирхлоор 18 насандаа волейболын спорт руу орсон. Өндөр нуруутай гээд “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болж байлаа. Улсын шигшээ багийн тамирчин болсноор  Солонгос багшийн удирдлагаар олон зүйл сурсан. 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед би 20 настай, багийнхнаасаа ахмад нь гээд хасагдаж билээ. “Хоршоолол” нийгэмлэгтээ тоглож, 4-р спартикадын аварга болж, тасралтгүй тэмцээнд орсон. Тэр үед албан байгууллагаараа тэмцээнд их орно. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа 1974 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгт орж, насаараа тэр багтаа тоглосон. 1998 оноос хойш өнөөг хүртэл тоглож амжаагүй л явна. Одоо 10-аад хүнийг ажлын байраар ханган, ажлын хувцасны үйлдвэр ажиллуулж байгаа.

   - Эрдэнэт хотод болж байгаа энэ удаагийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
   - Бид хэд хэдэн удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэтэд ирж байсан. Олон Улсын тэмцээнд орж байгаа юм шиг биднийг их сайхан угтан авсан. Сүүлийн үед ажил ихтэй, багийнхантайгаа уулзаж амжихгүй байлаа. Эрдэнэт явъя гэхээр нь тэмцээнээ үзэх гээд хүрээд ирлээ. Залуучууддаа хандан хэлэхэд, ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай гэж хэлье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний онцлогуудын талаар Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрчис тал клубийн захирал  Дашийн Баяраа ярьж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ.

 
   “Монголын волейболын холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хийхээр төлөвлөсөн нэгэн томоохон ажил нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2011 оноос хойш зогсонги байсан их спортыг бид зохион байгуулж байгаа нь нэг онцлог юм. Энэ тэмцээнээрээ Монголчууддаа волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх, таниулах, хөгжүүлэх их үйлсийг хамтдаа бүтээнэ. Бидний ирээдүй болсон залуучууддаа ахмадуудаа хүндэтгэх, бахархах ёстой гэдэг үүднээс гавьяатууд ахмад тамирчдаа урьж оролцуулж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Лигийн аваргын тэмцээнд хоёр япон тамирчин,  2,3м өндөртэй  АНУ-ын тамирчин анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна. Хөдөө орон нутагт анх удаа тэмцээний нээлт боллоо. Улаан хивсэн дээгүүр тамирчдыг алхуулна гэдэг тамирчдад итгэл төрүүлэн, урам зориг өгсөн сайхан үйл ажиллагаа болж байгаагаар онцлог болж байна.  Уурхайчин багт 15-16 насны, бидний ирээдүй болсон залуу тамирчдыг оролцуулж байгаа нь тэмцээний содон онцлог болж байна. Эдгээр залуус Монгол Улсын нүүр царай болсон шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна”. 
   “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбоог тэргүүлж байсан хүн. Энэ хугацаанд Уурхайчин багийг байгуулснаас хойш  21 дэх жилдээ баг нь амжилттай сайн явж байна. Энэ хүний сэтгэл, их спортыг дэмжиж байгаа нь үнэхээр агуу. Монгол Улсын хамгийн том үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хувьтай хүмүүс гэж боддог доо. Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамгийн идэвхитэй оролцож байгаа Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан ахдаа амжилт хүсье”. 
 
                                                                                              А.Бямбамаа
   Хасу Мегаватт ХХК-ийн дэд захирал, Монголын Волейболын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Алтансүх өөрийн “Хасу Мегастарс” багийн тамирчдаа дэмжиж байхад нь уулзаж ярилцлаа.
 

 
   - Танай баг энэ удаагийн тэмцээнд амжилт арвин уу?
   - Хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд эхэллээ. Манайх нэгдүгээр тойрогтоо зургаа тоглож, зургаа хожсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоосоо нэгээр гарсан. Эрдэнэтэд 16 тамирчинтай явж байна.

   - Өрсөлдөгчид “ширүүн” байна уу?
   - Үнэхээр сайн байна. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний онцлог нь легионер тамирчид урьсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг хоёр оростой, Булганы баг мөн хоёр оростой, “Алтайн барс” хоёр японтой, “Эрчим” баг нэг оростой. Харин манайх Америк, 198 см өндөр нэг тамирчинтай тэмцээнд оролцож байгаа. Ер нь багуудын чансаа ижил түвшинд байна. Тоглолтын дүнгийн харьцаа ч ойролцоо яваа.

   - Одоо энэ тоглож байгаа залуус “Хасу Мегастарс” клубын хэд дэх үеийн тамирчид вэ?
   - Манай гурав дахь үеийн тамирчид тоглож байна. Хасу Мегаватт компанийн “Хасу Мегастарс” клуб өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багтай. Манайд эмэгтэй баг байсан одоо байхгүй. Гурван үеийн тамирчид дээшээ бие биеэ нөхөөд явчихдаг юм. Хамгийн ахмад тамирчин нь 27 настай. Манайхаас Олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 10 гаруй төрсөн.

   - Монголын волейболынхны хамгийн том амжилтын талаар яриач?
   - 2008 онд болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд Хятадын багийг хожиж хүрэл медаль хүртсэн. Сүүлийн үед клубууд амжилт их гаргаж байна. Тухайлбал, манай баг түрүү жил Жакартад болсон Азийн наадамд оролцсон. Дараа нь Шри Ланкад болсон тэмцээнд оролцож багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн Японд очиж тоглосон, саяхан Буриад улсад зохиогдсон тэмцээний аварга болоод ирсэн. Гадаад, дотоодод чансаа үзэх тоглолтод оролцож л байвал туршлага хуримтлагдаж, баг сайжирдаг.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт Эрдэнэтэд боллоо. Сэтгэлд нийцэв үү?
   - Гайхамшигтай. Эрдэнэтчүүд маань биднийг үүрээр төмөр замын буудал дээр элэгсэг дотно хүлээн авч, халуун цайгаар дайлж, дуу хуур болж угтсанд сэтгэл үнэхээр огшсон. Орой нь “Хангарьд” паласт волейболын үндэсний дээд лигийн тэмцээний нээлт ёслол төгөлдөр, шинэлэг боллоо. Бүх үйл ажиллагаанд асар их сэтгэл, зүтгэл шингэсэн нь харагдаж байсан. Одоо тэмцээн маргаангүй, сайхан явагдаж байна.       
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
 
                     
 
  
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог