• Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • “Нэг ажилтан-нэг шагай” аянд найман цех нэгджээ

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.     “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих
   Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгжийг 22-дох жилдээ шалгаруулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн 18 жил “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн амжилт үзүүлсэн юм. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон онцлох аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 13 компанийн 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, бизнес аялал зохион байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.  Энэ үеэр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх оны онцлох ААН-тэй танилцах аяллын багийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар танилцуулсан юм. Уурхайчин хамт олон оны төгсгөл гэхэд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 700 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг танилцуулахын зэрэгцээ  шинээр хийж хэрэгжүүлж байгаа техник шинэчлэлийн ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж буй “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой”, “Хан богд кашмер” зэрэг онцлох 13 аж ахуй нэгжийн төлөөлөл ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагатай танилцаад буцлаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл техникийн, эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээ бүрэн биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 104 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 100.6 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсэг машин цагийн төлөвлөгөөг 112.7 хувиар тус тус биелүүлсэн амжилттай байна. 
   Оны эхний есөн сарын байдлаар зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс найман тэрбум 74 сая төгрөгөөр буюу 8.0 хувиар хэмнэжээ. Технологийн тээврийн хэсгийн 1 тонн км ачаа эргэлтийн өөрийн өртөг төлөвлөгөөнөөс 41.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн нэг машин цагийн өөрийн өртөг 12624 төгрөгөөр тус тус бууруулан ажиллажээ. 
   Түүнчлэн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах, 2019 оны хүрсэн түвшнээс бууруулахгүй байлгах чиглэлээр хийгдэх техник, зохион байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулан, гүйцэтгэлийг улирал бүр нэгтгэн дүгнэж, үр дүнг хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 
 
                                                                         А.Бямбамаа
 
 
 
   “Үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн насжилт өндөр байгаа учир хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болж байна. Хүдэр дэх зэсийн агуулгаас хамаарч үйлдвэрийн өөрийн зардал жилд гурван хувиар нэмэгдэж байна. Энэ асуудалд үйлдвэрийн инженер техникийн ажилчид бид ихэд анхааран ойрын таван жилээр харж, төлөвлөж ажиллах ёстой. Таван жилийн дараа автоматаар 15 хувиар өснө. Энэ зардлыг хэрхэн бууруулах, эрсдэлээс яаж хамгаалах талаар бодлого боловсруулан үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан ярилаа. 
 
 
   Техникийн хэлтсийн хамт олон өнгөрсөн дөрвөн сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Энэ үеэр 2020 оны бизнес төлөвлөгөө болон захиалгын программыг хэрхэн ажиллуулах, сайжруулах талаар ярилцаж ирэх оны үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг авч дуусгаад байна. 
 Эргэлтийн хөрөнгийн техникийн үндэслэл, тодорхойлолт зэрэг захиалгын программд нэн шаардлагатай мэдээллийг авч дуусган Худалдан авалт, хангамжийн хэлтэст хүргүүлжээ. 
   Хүдрийн агуулга буурч түүнийг даган металл авалт буурч байгаа энэ үед бүтээмж өндөртэй техник, техникийн бэлэн байдал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулахад  чухал. 
   Иймээс технологийн үндсэн тоног төхөөрөмж дээр хөрөнгө оруулалтын өгөөжийг гаргах ажил хийж байна. Энэ нь технологийн үндсэн тоног төхөөрөмжийг худалдаж авах боломжуудыг тооцож өнөөдөр ашиглаж байгаа үндсэн хөрөнгүүд өөрийн өртөгт хэрхэн нийцэж байгаа эсэхийг тооцох чухал ажил юм.  Өмнө нь бүтээмж өндөртэй техник тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглалтын зардал ихэсдэг байсан бол энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тоног төхөөрөмжүүд дээр аудит хийж байгаа юм. 
 
А.Бямбамаа
 

   Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээмж өндөр индукцын технологи нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Ажлын хэсгийнхэн Цувих шугамын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд удахгүй наашаа ачигдах ажээ. Харин шинэ шугамын суурийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна.
   Баяжуулах үйлдвэрийн шаарын нийт хэрэглээний 80 хувийг дангаар хангадаг Ган бөөрөнцгийн цехэд нэвтрүүлэх индукцын технологи нь 80-100, 40-80-ын голчтой ган бөөрөнцөг цувих хос шугамтайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл 80 мм-ын ган бөөрөнцгийн нөөц шугамтай болсноор хамгийн эрэлттэй шаар тасрах эрсдэл үгүй болохоос гадна дотоодын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ган бөөрөнцгийн үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэхээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоотой ажиллаж байна. Тус цехийн хамт олон нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцын технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэх юм. Түүнээс гадна ажлын байрны нөхцөл эрс сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

М.ОДГЭРЭЛ

   В 2019 году Российская общеобразовательная школа ПГС «Предприятие Эрдэнэт» отмечает своё 45 летие.
   Администрация, коллектив и учащиеся школы приглашают выпускников прошлых лет школ №16 и №19 на празднование Юбилея.
 
Программа мероприятий:
08.11.2019г:
   Спортивные соревнования по волейболу среди команд выпускников 1975-2019г. и команды сотрудников школы. Начало в 16.00 часов. Запись в состав команды по тел. 95347296 (С.Бадрал).

16.11.2019г: 
   ДЕНЬ ОТКРЫТЫХ ДВЕРЕЙ для выпускников:
      14.00-14.20 – Выставка «Школьные годы чудесные»
      14.20-15.00 – Урок русского языка
      15.30-17.00 – Праздничный концерт в актовом зале школы.
      17.15-19.00 – Дискотека «Для вас всегда открыта школы дверь»
 
Ждём встречи. Будем очень рады видеть всех наших выпускников
 
 

   Энэ сарын 25-нд Эрдэнэт үйлдвэрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны тэргүүлэх инженер Ц.Оргилоос тодрууллаа.

   - Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн зүйл юу байв?
   - Бид үйл ажиллагааны журмын дагуу цацрагийн хамгаалалтын ажлыг боловсронгуй болгох сайжруулах , тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн  хуралдаанаар 2019 оны цацрагийн хамгаалалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцлаа. Бид нийтдээ таван зорилго, 20 зорилт, 38 нэр бүхий үйл ажиллагааг төлөвлөсөн. Мөн цацрагийн үүсгүүр хэрэглэгч томоохон нэгж болох Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн цөмийн изотоп тоног төхөөрөмжийн хэсэг, Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсгүүдийг түшиглэн төсөл, бүтээлч ажил зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа асуудлын талаар ярилцлаа.
 
   - Төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл хэр байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгвөл?
   - 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ удаагийн хурлаас долоон шийдвэр гаргасан. Хууль, тогтоомж хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна шинэлэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сүүлийн үед уул уурхайн олборлолт хийдэг байгууллагуудад байгалийн гаралтай цацраг идэвхт материалын идэвхийг тогтоох, хяналт  хийх дүрэм яригдаж байгаа.  Үүнтэй холбогдуулан 20 гаруй дээжийг шинжилгээнд өгөхөөр төлөвлөөд байгаа.

   - Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилчдаас мэдлэгийн шалгалт авахаар болсон. Энэ тухай тодруулаач?
   - Жил бүр цацрагтай харьцаж ажилладаг ажилтнууд, хяналт тавих эрх бүхий ажилтнуудад мэдлэгийн шалгалт жил бүр авахаар болсон. Энэ ажил өнгөрсөн долоо хоногоос эхлээд явагдаж байна. Цацрагийн хамгаалалтын тухай дүрэм журам шинээр их гарч байгаатай холбогдуулан зохих түвшний мэдлэгтэй байх ёстой. Иймээс энэ шалгалтыг эхлүүллээ. 11-р сарын найман хүртэл цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг 50 ажилтнаас  шалгалт авах юм.

   - Тодруулга өгсөн танд баярлалаа.
 



 
 
А.Бямбамаа
   Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмийч, МУСТА М.Саруултөгс энэ сарын 30-ны өдөр Ховд хотноо болох Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагаанд оролцохоор мордлоо. Соёлын өвийг хамгаалах, хөөмийн урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү  үйл ажиллагааг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан, дэлхийн “Хөөмийн холбоо”-той хамтран зохион байгуулах юм. Хөөмийг салхины үлээлт, усны  боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг бөгөөд дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх энэхүү үйл ажиллагаанд олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөн оролцоно. Монгол Улсын баруун хэсэг, тэр дундаа Ховд аймгийн Чандмань сумынхан хөөмийн урлагийг хөгжүүлж, өв уламжлалаа тээн, түүнийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулсаар иржээ. Хөөмийч М.Саруултөгсийн хувьд Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд тэрээр Эрдэнэт үйлдвэрээр овоглосон уран бүтээлчдийн эгнээнд 9 дэх жилдээ ажиллаж, уурхайчдыг уран сайхнаар хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу уран бүтээлчдийн нэг. 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр цех нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны  гуравдугаар улирлын дүнгээр хэсэг тус бүрээс  Ил уурхай, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон тэргүүн байр эзэлжээ. 
   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал санаачилга дэвшүүлсэн 27 ажилтнуудыг “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа  бүртгэж дурсгалын зүйлсээр урамшуулах юм. “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа шалгарсан 14 ажилчид үйлдвэрийн газрын удирдах бүрэлдэхүүнтэй хийх хүлээн авалт ярилцлагад оролцох бол “Аюулгүй ажиллагч”-аар гурав дахь удаагаа шалгарсан 14 ажилчдад журмын дагуу мөнгөн шагнал олгох юм.  
   Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр тэргүүн байр эзэлсэн Ил уурхайн хамт олон журмын дагуу таван сая төгрөгийн эзэд боллоо.  
 
А.Бямбамаа
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн  Нунтаглан баяжуулах хэсгийн  7-р тээрмийг солих ажил өнгөрсөн баасан гарагт эхэллээ. 20 жил нэг сар ажиллаж үүргээ гүйцэтгэсэн уг тээрмийг мөн  Украйн улсын НКМЗ заводад үйлдвэрлэсэн цагт 290 тн хүдэр нунтаглах хүчин чадалтай МШЦ 5,5х6,5А маркийн  тээрмээр шинэчилж байна.  Тээрэм солих ажлыг  1152 цаг буюу 48 хоногт багтааж 12-р сарын 12-нд хүлээлгэн өгөх шахуу төлөвлөгөөтэй.  Засварын хэсгийн бүтээлч хамт олон энэхүү тээрмийг чанарын өндөр түвшинд, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх зорилттой ажиллаж байна. Засварчид тус тээрмийг солихоос өмнө тээрмийн бүхий л хэсгийг хүлээн авч, 14 хоногт   хяналтын угсралт хийжээ. Түүнчлэн тус хамт олон 11-р сард  Бутлан тээвэрлэх хэсгийн  КМД 13-р бутлуурыг МР-800 бутлуураар солих, мөн хэсгийн 11, 17-р конвейерын хөтлөх механизмыг солих зэрэг томоохон ажлыг гүйцэтгэхээр шамдан ажиллаж  байгаа тухай Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар мэдээллээ. 
Я.Энх
 

 
   2019-2020 оны намар-өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт 319 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар зуун хувь биелсэн 269 ажил байна. 10-79 хувь биелсэн ажил 8.8 хувьтай байна. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл ажил, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бэлтгэл, түүхий эд материалын хангамж гэсэн чиглэлээр өвлийн бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. 
   Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн дээврийн засварын ажил болон  үйлдвэр рүү нэвтрэх автомат удирдлагатай хаалга, хаалт шинээр хийлгэх, Зам овоолгын хэсгийн гинжит техникийн гражийн хаалга солих, диспетчерийн хяналтын байр шинээр барих, тус хэсгийн бутлан ялгах төхөөрөмжийн операторын ажлын байрны засварын зургаан ажлыг төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар ирэх он руу шилжүүлжээ. Үйлдвэрийн хэмжээнд нийт төлөвлөсөн ажлуудын 5 хувь буюу 16 ажил нь ийнхүү эхлээгүй байгаа юм.  
   “Өвөлжилтийн бэлтгэл ажлын гол анхаарах асуудал нь өвлийн дизель түлшинд шилжих ажил юм. Одоогоор бэлтгэл ажлууд хийгдэж, 11-р сарын нэгнээс өвлийн дизель түлшинд бүрэн шилжинэ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж мэдээллээ.  
   Өвлийг өнтэй давахын тулд уурхайчид хаврын улирлаас эхлэн бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, батлуулан, түүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг уламжлалтай. 
 
                                                                                        А.Бямбамаа
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог