• Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо

       Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд 153 Мэдээллийн хаалгач ажилладаг. Эдгээр ажилчид ажлын хажуугаар сайн дураар энэ ажлыг давхар хийж ажилчдыг ажлын байранд аюул эрсдэлийг илрүүлэн, түүнийг хэрхэн мэдээлж байгааг бүртгэж, мэдээ мэдээллийг түгээж ажилладаг юм.     Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс улиралд нэг удаа Мэдээллийн хаалгач нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж тэдний ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудыг ярилцдаг. Дөрөвдүгээр улирлын Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр мэдээллийн хаалгач нар сургалт аялалд явж ирсэн тайлан мэдээллээ хийж, орчин үеийн аргаар ХАБ-ын мэдээ, мэдээллийг ажлын байранд хүргэх арга зүй, ХАБ-ын зааврыг системийн хандлагаар загварчлах туршлагаа бусдад хуваалцлаа.    2019 оны 2-р сарын 4-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн хэмжээнд бүх цех нэгжүүдэд Мэдээллийн хаалгач нар ажиллаж эхэлсэн юм. Үүний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын Манлайллын арга хэрэгслийг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр туршилтын ажил явагдаж байна.      Сайн дурын мэдээллийн хаалгач нар идэвхтэй, өсөж хөгжих эрмэлзэлтэй байгаад баяртай байгаа тухай ХАБЭА-ын Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярилаа.    А.Бямбамаа           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн 22 залуу ажилтан ОХУ-д суралцана

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.    Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.       Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.      Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ.     Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.    Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой  болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ.    М.Балжинням Фото Б.Баттөгс             Дэлгэрэнгүй...
  • Аяны үр дүнд хамтач уур амьсгал бүрджээ

       Тээвэр ложистикийн алба ажиллагчдаа эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор зарласан зургаан сарын аянаа дүгнэв. Аяны хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн дүнгээр цехийн дарга С.Мөнхтэгш ахлагчтай баг  түрүүлж, идэвхтэй оролцсон 12 гишүүн  ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Байгал далайн чиглэлд  аялжээ. ХАБЭА-н инженер Д.Энхбаатар ахлагчтай баг дэд байрт шалгаран Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.  Ажиллагчдаа  нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр  зургаан багт хувааж, усанд сэлэлт, хийн буудлага, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, чанга шивнээ, оддын зураг тайлбарлах тэмцээн явуулжээ. Түүнчлэн  илүүдэл жин бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэн,  бүтэн сарын турш тэд  ажилдаа  явганаар ирж, өөртөө тохирох спортын төрлөөр хичээллэв.  ОХУ-д аялсан багийг ахалсан Замын мастер О.Буянхишиг: “Бидний аялал 6 хоног үргэлжилсэн, Орос улсын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, байгалийн сайхнаар аяллаа. Хоёр цех нэгдээд багагүй  хугацаа өнгөрсөн ч,  ажиллагчид бие биенээ сайн таньж мэдэхгүй, халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байлаа. Аян өрнүүлснээр манайхан хамт олонч уур амьсгалтай, зөв дадал хэвшилтэй болсон, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ бууруулсан, би л гэхэд 8 кг илүүдэл жингээ  хаясан. Бас  ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлсөн. Энэ сайхан аяныг санаачилсан нөхөд, дэмжсэн удирдлага, идэвхтэй оролцсон хамт олондоо баярлалаа. Биднийг  урамшуулан аялах боломж  олгосон Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууддаа баярлалаа” гэв.      Я.Энхтуяа       Дэлгэрэнгүй...
  • Ажилтнуудын цалин нэмэх тухай Ерөнхий захирлын тушаал гарчээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна.     Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ

            Овог нэр:    Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ    Төгссөн сургууль:     ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бакалавр (1997), АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургуульд магистр (2010), Ютагийн Их сургуульд доктор PhD (2014)-ын зэрэг тус тус хамгаалсан.   Мэргэжил:     Ашигт малтмал баяжуулалт, металлургийн инженер   Ажилласан туршлага:     1997-2002 онуудад ШУТИС-д багш, 2002 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Гидрометаллургийн судалгааны лабораторид судалгааны инженер, лабораторийн эрхлэгч, 2007 оноос АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа FLSmidth Inc, Cytec Industries Inc, Solvay Group зэрэг уул уурхай, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи судалгааны томоохон компаниудад судалгааны болон төслийн инженерээр ажилласан. Монголдоо ирээд 2 сар болж байгаа.   Мэргэжил дээшлүүлсэн байдал:     Six Sigma Greenbelt & Black Belt course (USA), MSHA Mine Safety training (USA),  KoreaZinc & Posco training (South Korea), TASIS Training (Italy)   Чин хүсэл:     Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, дэвшилтэт шинэлэг, олон зүйлстэй танилцуулж, тэдний билгийн нүдийг нь нээхсэн. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Бид үйлдвэрлэлийн процессод хэрэглэдэг ихэнх химийн бодисуудаа гаднаас өндөр үнээр худалдан авдаг. Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн удирдлагаар ажиллах хугацаандаа хими, металлургийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлэх, олон улсын стандарт, байгаль экологийн шалгуурыг хангасан импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхийг зорино. Чин хүсэл гэдэг нь бидний тархинд биш, харин зүрх сэтгэлд оршдог хүсэл, тэмүүллийг хэлдэг болов уу.    1. Таны шинэ өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?     - Өглөө 06:00 цагт эхэлдэг.     2. Өглөөний цай болон хооллолтын тал дээр та юу баримталдаг вэ?   - Өглөөний цайнд цэвэр ус, эрүүл хөнгөн хүнс хэрэглэдэг. Ер нь манай гэрийнхэн аль болох хөнгөн, шингэц сайтай хооллохыг эрмэлздэг.     3. Өдрийг эрч хүчтэй давахад юу сэргээш болдог вэ?    - Монголын минь цэлмэг сайхан тэнгэр, өглөөний тунгалаг нар, гэр бүл мөн ажлын газрын маань эрч хүчтэй, үргэлж шинийг эрэлхийлсэн залуус миний сэргээш болдог.     4. Яаж сэтгэлзүйн дархлаатай байж өдрийн эрч хүчээ хэвээр хадгалдаг вэ?    - Монголын нийгмийг харьцангуй стресс багатай гэж харж байна. Хүмүүст энгийн соёл, ухамсар, найрсаг харьцааг хэвшүүлэхэд л тухайн хүн өдрийн эрч хүчээ алдахгүй. Ер нь хувь хүний ирээдүйн зорилго, амьдралд баримтлах үндсэн зарчим тодорхой, өөртөө бүрэн итгэдэг байвал сэтгэл санаа тогтвортой, сэтгэлзүйн дархлаа сайтай байна гэж хувьдаа боддог.     5. Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?   - Мэдээллийн эрин зууны энэ үед техник, технологи эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл улам нээлттэй болж байна. Үүнээс хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ соргог мэдээлэлтэй аль болох ойрхон байж, сурч боловсрохыг дадал болгодог.     6. Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?    - Эрүүл амьдрах, аж төрөх үүднээс өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийхийг өөртөө хэвшүүлэхээр зорьж байна. Шинэ ажил маань ч энэ боломжийг бүрдүүлж байгаа, мөн өглөө бүр ажилтнуудтайгаа санал бодлоо хуваалцаж, өмнөх ажлын үр дүнгээ зөвлөлдөж, дараагийн ажлаа хийхийг зорьж байна. Ингэж хийсэн ажил,  саад бэрхшээл багатай, урамтай сайхан бүтдэг гэж боддог.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуустаа сэтгэлийн дэм үзүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний Сайн үйлсийн аянд 10 сая төгрөг төсөвлөсөн. Тус холбооны тэргүүлчид энэ сарын найманд хуралдаж хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн бульдозерын машинч Ч.Баярсайхан, ЗМЗ-ын инженер С.Галбадрах нарын эмчилгээний зардалд тус бүр таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ. Батламжийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга Б.Төгсбаяр, Засвар механикийн заводын ҮЭХ-ны дарга Н.Эрдэнэбат, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга, Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Т.Хүрэлтогоо нар гэр бүлийнхэнд саяхан гардуулав.    А.Батбаяр           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн үйлчид 3,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн урлажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид оны эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3,3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ. Бүтээмж өндөр тус хамт олон саяхан Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлан дүгнэв. Уурхайчдын ажлын хувцас урлах, материалын өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр явагдсан уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” номинацид эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” номинацид оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” номинацид чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ.              М.ОДГЭРЭЛ Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Олон бичил биетний цогц бордоог туршиж байна

         Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ.      “Бичил биетний судалгааг олон жил хийж байна. Судалгааны үндсэн дээр нутгийн омгуудыг гаргаж түүгээрээ байгаль орчин, хөрсний  бохирдлыг арилгах юм. Бохирдол бууруулсан хөрсөөр шимт хөрс бэлтгэж зүлэг ургуулах боломжтой. Энэ бордоо нь олон бичил биетний цогц бордоо юм” гэж  Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд ярилаа.    Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох ажил ийнхүү шат дараатай хийгдсээр байна. Энэ ажлын үр дүн ирэх хавар лабораторийн шинжилгээний  хариугаар гарах юм.    А.Бямбамаа               Дэлгэрэнгүй...
  • Манлайлагчид 1 төгрөгийг 6.5 төгрөг болгох бүтээлч саналууд гаргажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд 2005-2018 оны хооронд 26265 сайжруулалтын санал бүртгэж, 50 хувь нь хэрэгжсэн бол оны эхний 9 сарын байдлаар 4939 санал гарч, хэрэгжилт 50.8 хувьтай болоод байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дээрх санал санаачилгыг чанараар нь “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэсэн гурван түвшинд үнэлгээ өгч, дүгнэдэг бөгөөд 2017 онтой харьцуулахад бүтээмжийн чанар эрс дээшилжээ. Үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн бүтээлч ажлууд эдийн засгийн талаасаа 1 төгрөгийг 6.5 төгрөг болгосон үр өгөөжтэй ажлууд болсныг Хөгжлийн хэлтсээс танилцууллаа.    Сайн саналын системийн тусламжтайгаар ажлын бүртгэл сайжрах, нэгнийхээ хийж байгааг харьцуулах харах, ажилтнууд ажил мэргэжлээрээ өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн тухай Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг илтгэлдээ онцоллоо. Түүний хэлснээр 2018 онд нийт санал гаргагчдаас инженер техникийн ажилтнууд 41 хувь, ажилтан 61 хувийг тус тус эзэлжээ. “Бүтээлч санаачлагч-2018” Сайн саналын системийн манлайлагч, Автотээврийн цехийн механикч Х.Болдбаатар өөрийн арга туршлагаас хуваалцахдаа, “Юун түрүүнд тухайн саналыг эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны нөхцөл сайжруулах, ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах, үйлдвэрт хэрэгжих насжилт урт эсэхэд хариулт олох хэрэгтэй. Ингэхдээ хамт олноороо ярилцан, шийдэл гаргах нь хамгийн чухал” хэмээсэн. Харин ЗМЗ-ын Эрчимзүйч Л.Энхтөр “Миний саналын шийдлүүд...” илтгэлдээ, “Интернет буюу цахим орчныг сайн ашиглах, ижил төстэй шийдлүүдийг харьцуулан судлах, бусдаас тусламж авахдаа нэрэлхэхгүйгээр, орчин тойрондоо сайн ярилцах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг манлайлагчдад өгсөн юм. Тэрээр хэвшмэл сэтгэлгээг ажлын байрнаас халж, өсөх сэтгэлгээтэй ажилчид байцгаая гэсэн уриалга гаргалаа.                                   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

      Ардын урлагийн мөн чанар  

      Хүмүүнлэг технологийг боловсруулах үндэс нь ард түмний үндэсний соёлын үйл ажиллагааны цогц нийлбэр, тухайн ард түмнийг тодорхойлж таниулах эх сурвалж болсон биет бус соёлын өв юм. Хүний бүтээлч үйл ажиллагааны түгээмэл хэлбэр бол ардын урлагийн бүтээл бөгөөд төрөл бүрийн насны хүүхэд залуучууд, насанд хүрэгсэд оролцоно. Ардын уран бүтээлийн өвөрмөц үйл ажиллагаа нь биет бус соёлын өвийг эзэмших, сурах , түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэгдсэн мэргэжлийн бус бүтээлч үйл ажиллагаа гэж тодорхойлж болно.

       Энэхүү өвөрмөц үйл ажиллагаа нь нийгмийн эерэг туршлагыг эзэмших замаар бие хүний нийгэмшилтэд түлхэц өгч, уран сайханчид, хамт олон улмаар тэдний гэр бүлийн төлөө тогтвортой эрмэлзэл тэмүүллийг бүрэлдүүлэн бий болгодог.

“Эрдэнэт Хурд-2018”  даншигт 1000 ардын авьяастан оролцжээ

       Орхон аймагт болсон “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин”  соёлын ордны Соёл чөлөөт цагийн секторын хамт олон “Монголын үндэсний уламжлалт өв соёл” бага наадмыг зохион байгуулав.            Бага наадамд нийт 1000 гаруй ардын авьяастнууд оролцож, “Дэмбээ-2018”, “Хурдан хүлэг” дууны уралдаан, Морь бөх цоллоочдын уралдаан, “32 цагаан лонх тоолох” уралдаан, Сайхан, ижил зүстэй морьд шалгаруулах уралдаан зэрэг долоон хэлбэрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, наадамчид авьяас билэгээ сорьсон байна. "Монголын үндэсний уламжлалт өв соёл" бага наадмыг нийт 5000 орчим Эрдэнэтчүүд үзэж  сонирхжээ.

 

Угсаатан зүйн урлаг

      Ардын урлаг нь анх үүсч хөгжихдөө урлагийн бүтээл байгаагүй хүний оюун ухаанд шингэсэн эдийн соёлын хүрээнд бүрэлдэж тогтсон гэж үздэг. Энд ардын авъяастан, билиг зүйчид, уран дархчууд, уран үйлчид зэрэг оюун санаа, ур дүй төгс цогцолсон хүмүүсийн гүйцэтгэж ирсэн үүрэг онцгой юмаа. Тухайлбал: Үндэсний гутал хувцас, өмсгөл, зүүлт, малчин ардын гэрийн эдлэл хэрэглэл, эд зүйлс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, монгол түмний шашин шүтлэг, эрдэм боловсрол, судар ном, тоглоом наадгай, хөгжмийн зэмсгүүд багтана. Эдгээр нь ур дүй ихээр шаарддаг үйл ажиллагаа юм. Өнөө цагт зарим угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж, саармагжих, язгуур урлагийг хэлбэр төдий үзэх, хадгалалт хамгаалалт алдагдах, хэт орчин үеийн төрөлтэй холилдож саармагжих, үндэстэн ястны бий биелгээний хөдөлгөөн, хөг аялгуу ялгагдахгүй байх зэрэг үйл явц их ажиглагдаж байна.

 

 

Үндэсний  өв соёл,  аман цэц билгийн наадам

       Монголчуудын биет бус өв, аман цэц билгийн эх сурвалж нь Монголын нууц товчооны гайхамшигт бүтээлүүд, ойрдууд, халх монголчуудад хамгийн сайн уламжлагдан ирсэн гэж түүхчид үздэг. Ойрдын туульсд 20 000 гаруй туульс, яруу найраг багтдаг бөгөөд цээжний аугаа их чадлыг шаардаж, аялгуундаа морины янцгаах, талын салхи, хөг аялгууг гарган эгшиглүүлдэг билээ.

       Ардын уламжлалт биет бус соёлын өвийн төрлүүд нь хүний хэрэгцээ шаадлага, хүндэтгэл, хоорондын харилцаа, хүмүүжил-төлөвшлийг хангаж, хүмүүний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх амжилтад хүргэх суурь нь болдог.

Цом гардуулах үйл ажиллагаа

"Уурхайчин" соёлын ордны соёл,

чөлөөт цагийн секторын эрхлэгч

МУСТА Д.ГАНЧУЛУУН (Ph.d)

     “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морины уралдаан, даншиг наадамд улс, аймгийн алдарт цолтой 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат “Монтел” констракшн, “Алдар” спорт хорооны бөх, Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат “Хантайшир” дэвжээний бөх, Монгол улсын Гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Эрин” группын бөх аймгийн Хурц арслан Болдын Эрдэнэхүү нар шөвгөрөв. “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морины уралдаан, даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын заан Н.Жаргалбаярын аав болох Монгол улсын начин Довчингийн Нэгдэл нь тухайн үедээ Эрдэнэт хотын наадамд гурван удаа түрүүлж байсан түүхтэй. 

     Азарганы уралдаанд нутаг нутгийн 80 гаруй хурдан азарга 22 километрийн зайд уралдсанаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Монгол улсын алдарт уяач  Түвдэнжаажидын Батзоригийн цавьдар азарга түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол улсын алдарт уяач Э.Анарын бор халзан азарга аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олон наадамчдаа баясгалаа. Харин адуу адууны эрмэг нь болсон Соёолон насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан соёлон түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар соёолон аман хүзүүдлээ. Их насны морьдын уралдаанд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос цугласан шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөж Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Саянсанаагийн хээр морь түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт хурд” гал, аймгийн алдарт уяач Л.Отгонтэнгэрийн бор морь аман хүзүүдэв. Хязаалан насны морьдын уралдаан Хүрэн шандын хөндийд тоосоо өргөхөд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ түрүүлж, Улаанбаатар хотын харъяат, уяач Т.Энхмөнхийн хар үрээ аман хүзүүдлээ. Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач  Б.Ганзоригийн хээр үрээ түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Н.Мөнхбатын цавьдар шүдлэн удааллаа. Хурдан дааганы уралдаанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал, Монгол улсын алдарт уяач, Хоохорын Бадамсүрэнгийн хээр даага түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Үндэсний сурын эрэгтэй харваанд Хангарьд спорт злубын харваач, Монгол улсын Үндэсний сурын дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү 39 оноотой тэргүүлж, “Хангарьд” спорт клубын харваач, даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр дэд байрыг эзлэв. Үндэсний сурын эмэгтэй харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Мон-Дэ” компанийн харваач, Монгол улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам түрүүлж, “Хангарьд” клубын харваач Эрдэнэбатын Заяа удааллаа.

             

Фото: Б.Баттөгс

 

           

 

                                         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадамд үйлдвэрийн гадны түнш байгууллагуудын төлөөлөл оролцсон. “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид “Сэлэнгэ” амралтын баазад “Монголын нэг өдөр” урлагийн тоглолтоор бэлэг барьсан. Тэд Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, соёлыг харуулсан энэхүү тоглолтоор дамжуулан гадны зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчилав. “Монголын нэг өдөр” өдөрлөг бүхэлдээ алдарт зураач Марзан Шаравын Монголын нэг өдөр зурагт дүрсэлсэн нүүдэлчдийн амьдрал, аж төрөх бүхий л зан үйлийг бүгдийг нь багтаасан байлаа. Тус тоглолтыг “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдаач Д.Одончимэг найруулсан юм. Энэ үеэр зочдын анхаарлыг хоёр зуун жилийн тэртээд өвөг дээдсийн маань амьдарч, аж төрч байсан монгол гэр татаж байлаа. Эсгий туурга, унь, хана, гэрийн доторх эд агуурс бүгдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин айл хадгалж байжээ. Нүүдлийн ахуйн амьдралын том өв соёлыг харуулсан энэ гэрийг “Сэлэнгэ” амралтын баазын захирал И.Жаргалсайхан Өмнөговь аймгаас авчирсан байна. Өөр хаана ч байхгүй энэ ховор дурсгалт гэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д иж бүрнээр нь үлдээн хадгалахаар боллоо. Түүхт ойдоо зориулан зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит Төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт хурд-2018” даншиг наадам юм. Тус наадмыг Монгол улсын Засгийн газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг ОХУ, Канад, Хятад зэрэг орны 10 гаруй байгууллагын түншүүдтэйгээ баяраа тэмдэглэж, гадаад харилцаагаа өргөжүүлэн, ажил хэрэгч уулзалтыг ч зэрэгцүүлсэн юм. Хүндтэй зочдын нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч захирал асан Борис Алексеевич Кутлин байлаа. Гадаадын зочдын дунд Монгол оронд анх удаа ирсэн нь ч цөөнгүй байв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит наадам, гадны зочиддоо бэлэг барьсан “Монголын нэг өдөр” өдөрлөг тэдний сэтгэлийг хөдөлгөж, Монгол оронд айлчлан ирсэндээ баяртай байгаагаа компанийн удирдлагуудад хэлж байлаа.  

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Эрдэнэт хурд-2018" төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Нээлтэд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, "Эрдэнэт" үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов.

"Эрдэнэт хурд-2018" даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, "Сүлд" хамтран орон даяар шууд дамжуулж байгаа юм. Даншиг наадам маргааш өндөрлөнө.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл сайжирч, хаягдал багатай орчин үеийн ЭКО цутгуурын үйлдвэрлэл Монгол Улсад бий болох юм. Мөн уламжлалт технологийн процесст ашиглагдаж байсан материал түүхий эдийн тоо хэмжээ, нэр төрөл багассанаар жилд 500 орчим мянган ам.доллар хэмнэнэ. ХБНГУ-ын “F.A.T GmbH” компани нь цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дэлхийн 20-иад улсад нийлүүлж, 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч юм. Гэрээнд заасны дагуу төслийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.

У.Цэрэнбат

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зууны манлай үйлдвэрийн шилдэг ажилтан, хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа Оюу танхимд боллоо. Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлт болон Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдийн шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х. Бадамсүрэн болон түүний удирдлагын багийнхан ёслол хүндэтгэл дор  гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Энэрэл” хүүхдийн асрамжийн төвийн нийгмийн ажилтан Л.Болдсайхан, Их барилгын хэлтсийн ахмад настан Б.Алтанхуяг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн, Техникийн хэлтсийн ахмад настан Д.Хишигсүрэн, Спорт цогцолборын дасгалжуулагч  Ж.Нямдорж нарын 14 хүнийг Алтан гадас одонгоор, Баяжуулах үйлдвэрийн ахмад настан Н.Оюун, Дулааны цахилгаан станцын ахмад настан А.Дэлгэрмаа, Ган бөмбөлгийн цехийн суурь машинч Х.Чулуун нарын 8 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Эрдэнэсийн хот, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд нөр их хөдөлсөр зүтгэл, ажил үйлсээ зориулсан алдар гавьяаны эзэд, шинэхэн шагналтнууддаа мянга мянган уурхайчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхан бүхний ерөөл дэвшүүлье.


Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-29-ний өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.

-Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?

Энэ онд Эрдэнэт үйлдвэр анхны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсний түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид оны эхнээс төгсгөл хүртэл бүтэн жилийн хугацаанд олон ажил, үйл ажиллагааг  хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын тал хувь хэрэгжээд явж байна. Манай уурхайчид болон Эрдэнэтийн иргэд ч эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож буйг тэмдэглэх хэрэгтэй. 40 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын нэг нь удахгүй болох төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам. Тус наадмыг “Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тогтоол, Орхон аймгийн ИТХТ-ийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот тогтоолыг үндэслэн зохион байгуулна. Ер нь хурдан морьдын уралдаан хангай, төв, баруун, зүүн, урд бүсийн гэсэн 5 ангиллаар бүсчилж болдог. Харин энэ жилийн хувьд томоохон онцлогтой байгаа. Тодруулбал, манай хөрш Булган аймагт тус  аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хамт болно. Зэргэлдээ аймгууд учраас хангайн болон төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сум буюу нэг сумын нутагт зэрэг болж буй нь онцлог юм. Тиймээс өдөр, цагийг нь зориуд давхцуулж зохион байгуулж байгаа. Даншиг наадмын  зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг бэлтгэл хангах ажилдаа орсон. “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмыг өндөр хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж,  ард түмэндээ сайхан наадам үзүүлэх зорилгоор морь, бөх, сур, шагайн харваа гэсэн төрлүүдээр наадам хийнэ. Мэдээж, голлох наадам нь төвийн бүсийн хурдан морьдын уралдаан гэж хэлж болно. Энэ удаа газар газрын алдар цуутай уяачдын их олон хурдан морь уралдах чиг хандлага байна. Тиймээс бид уг уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулахаар төлөвлөгөөгөө гаргаад, хэрэгжүүлж байна.

-Даншиг наадамд хурдан морьд хэдэн насны ангиллаар уралдах вэ?   

Хурдан морьдын уралдаан 9 насны ангиллаар болно.  Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааны зэрэгцээ эрлийз дээд, дунд, доод насны хурдан морьд уралдана. Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг эмх цэгцтэй, дэг журамтай  явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгаас томилогдсон ажлын хэсгүүд, “Эрдэнэт хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллаж байна. Жилийн жилд хурдан морины уралдааны үеэр хурдан морь биш машины уралдаж буй мэт замбараагүй байдал их гардаг. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр бид онцгой анхаарч байгаа. Уралдааны үеэр хурдан морины замд зохион байгуулах комиссын нийт 8 машин л явна.  Мөн 15 морьтой хүнээр хурдан морины гарааны зурхай руу туулгаж, хүргүүлнэ. Энэ мэтчилэн шинэлэг хэлбэрээр энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар зорьж байна.

-Хурдан морины бүртгэл хэзээ дуусах вэ?

Төвийн бүсийн аймгуудын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг  Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт ордны байранд 7 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд явуулна. Уралдаан 7 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд болно. Тиймээс бүртгэлийг  өмнөх  өдөр нь дуусгавар болгоно. Нэмж хэлэхэд, бид уг уралдааныг зохион байгуулахдаа уяачдаа эмх замбараатай, хариуцлагатай,  сайхан нааддаг байхад сургах чиглэлийг баримталж байгаа. Мөн газар нутгийн хувьд их ойрхон бүсийн уралдаанууд давхцаж байгаа тул  уяачид маань хоцрох, уралдааны дэг журмыг зөрчих, саад болох нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс шударга байх үүднээс  нэг цагт, нэг өдөрт зэрэг явуулахаар тогтсон юм.  

-Нэг өдөр олон морьд зэрэг уралдах учраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой байх?

Мэдээж, гол анхаарах асуудал энэ. Төр засгаас ч энэ талаар чиглэл өгч, унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийн стандартыг баталсан. Энэ стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уралдаанд оролцуулна. Мөн энэ жил хүүхэд тус бүрийг нэг зуун мянган төгрөгийн даатгалд хамруулна. Хэрэв гэмтэж, бэртэх тохиолдол гарвал даатгалын хэмжээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна.

-Эрдэнэт үйлдвэртэй хамтран  ажилладаг байгууллага, гадна дотны хичнээн зочдыг хүлээж авахаар төлөвлөж байна вэ?

“Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам бол Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 40 жилийн ойд зориулагдсан. Тэр утгаараа, үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадаад дотоодын компаниудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид үйлдвэрийнхээ ажиллагсад, уурхайчдаа баярлуулж, “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаагийн даншиг наадам бол илүү өргөн хүрээнд ард түмний дунд хийж буй баяр юм. Тодруулж хэлбэл, бид уурхайчид, баялаг бүтээгчдээ төдийгүй нийт ард иргэдээ баярлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ  эх орны хөгжил дэвшилд оруулж ирсэн бодит хувь нэмэр, үнэ цэнийг мэдрүүлж, бахархах сэтгэлийг төрүүлэх эрхэм зорилго дэвшүүлж байна.

Баасан, 20 7-р сар 2018 00:00

МӨРДЭСТ ЗАВГҮЙ БҮСГҮЙ

Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг би ихэд хүндэлдэг юм. Нэгэн цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дурлаж бүр “өвчилж” цагдаа нартай ажлын шаардлагаар ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэдний сайн нэргүй сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэднэ. Тийм ч учраас хэн хүний амнаас зоргоороо гарах “Энэ муу цагдаа нар...” гэх үгэнд яснаасаа дургүй.

Булган аймгийн уугуул Хар халбагат овгийн Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Монгол улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хэдэн зуун мянган цагдаа нарын нэгэн төлөөлөл. Харин тэр нийгмийн хэв журмыг сахиулах хүнд үүргийг эрчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү гүйцэтгэж яваа бүсгүй гэдгээр ялгарна. П.Оюунчимэг найман хүүхэдтэй айлын ганц охин учраас багаасаа эршүүдхэн өссөн.

Прокурор аавынхаа хүслийг гүйцээн хуульч болохыг битүүхэн мөрөөддөг хүүхэд байжээ. Гэсэн ч олон ахтай охин хүүхдийн жишгээр ихэнхдээ эрэгтэй хувцас өмсөн хөвгүүдтэй нийлж гудамжны үзүүр, сагсны талбайд вандан сахиж өнждөг байсны гороор их сургуулийн улаан шугам доогуур “хамраараа тасдуулж”. Магадгүй аав, ээж нь ганц охиндоо үг хэлж чадахгүй танхи өсгөсөн хэрэг биз. Тиймдээ ч 19 настай айлын эхнэр болж, сайхан амьдрал төсөөлөн улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон гэдэг.

Хүний газар бэр болон очих хэцүү юм билээ гэж ярихад нүдэнд нь гуниг хурахыг мэдэрсэн юм.

Нэгэн насны хань минь хэмээн итгэж дагасан хүн нь бор дарсанд хөлчүүрхэн дурлах болоход архигүй орчинд өсч хүмүүжсэн хэрсүү охин том зүрх зориг гарган нэг л өдөр нялх хүүхдүүдээ дагуулан тэр айлын хаалгыг гаднаас нь хаажээ. Зөв шийдвэр байсан гэдэгт тэр одоо ч итгэлтэй байдаг.

Аавынхаа чин хүслийг гүйцээх хүсэл түүний сэтгэлийн үзүүрт хадгалагдсаар... Жил бүр МУИС-д элсэх шалгалт уйгагүй өгсөөр л. 1991 онд хөдөлмөр эрхлэх зарын дагуу явсаар Цагдаагийн Ерөнхий газарт цай зөөгчөөр ажилд орсон нь санамсаргүй тохиолдол бус бурхнаас илгээсэн хувь тавилан байсан гэлтэй.

Тэнд хоёр жил гаран цай зөөж байх үед боловсон хүчин нь дуудаж “Чи Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгвөл яасан юм бэ?” гэж асуусан нь ёстой л загатнасан газар маажих шиг санагджээ. Байнгын бэлтгэлтэй түүнд бодох ч хэрэг байсангүй. Нийгэм, орос хэл, математикийн хичээлээр шалгалт өгч өндөр оноогоор тэнцэхэд нь цай зөөгчөөс ийм хэмжээний мэдлэг оюун гарна чинээ төсөөлөөгүй журмын нөхөд нь ихэд гайхан бахархаж байсан гэдэг.

П.Оюунчимэг 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байхдаа ЦЕГ-т цай зөөгчөөр ажилласаар байсан нь тууштай зангийнх нь илрэл байлаа. Мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуухан офицер бүсгүй Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Хүүхдийн байцаагчаар томилогдон ирж байсан нь саяхан мэт.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, 2012 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэх болжээ. Өмнө нь гудамж талбайд, гэр орондоо агсан согтуу тавьсан хүнд “гарууд”-тай ана мана үзэлцэж явсан хэв журмын цагдаа Эрдэнэт үйлдвэрийн ажил буцалсан хамт олон дунд орох өвөрмөц мэдрэмж байсныг дурссан.

Ахлах дэслэгч цолтой гялалзаж явсан бүсгүй өнөөдөр ахлах ахлагч болж цол буурсан нь учиртай. Олон эрчүүдийн дунд хараа булаан ажиллах залуухан бүсгүй явахад хурандаа цолтой дарга нь “оролдох”-ыг завдаж. Санаснаар болоогүйд эгдүүрхсэн мань хурандаа “Наад мөрөн дээрх таван хошууг чинь зураас болгоно доо” гэж өсрөхсөн нь энэ. Гэрээт цагдаагийн хэлтэст ирж ажилласнаас хойш цолоо сэргээх боломж хэд хэдэн удаа гарсан ч залууст тээг болохыг хүсээгүй гэдэг. Ер нь цол, шагнал хоёрт шунаж яваагүй нь ярианаас нь илт.

П.Оюунчимэг гурван сайхан хүүтэй. Хүмүүс эрэгтэй хүүхдүүд өсгөх “чанга” шүү гэж хэлдэг байсан ч түүнд хэцүү байгаагүй аж. Хөвгүүд нь бүгд их, дээд сургууль төгссөн нь ээжийнх нь гавьяа. Үнэнч шударга, зарчимч цагдаагийн хүмүүжлээр өсч хүний зэрэгт хүрсэн хүүхдүүд нь өнөөдөр Эрдэнэтчүүдийн идэх дуртай “Өглөө” талхыг үйлдвэрлэж байна.

Компанийн захирал хүү нь талхаа өөрөө зуурдаг гэнэ. 2011 онд бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа том хүү нь шантарч “Ээжээ больё” гэж хэлж байсан ч бартаатай замаас эргээгүй тууштай хүнийг амжилт дагадаг юм хэмээн сургамжилсан нь жижиг цехийн үйл ажиллагааг компанийн зэрэгт хүртэл хөгжих хүчийг өгчээ.

П.Оюунчимэг хөвгүүдээ цагдаа болгохыг хичээдэг бас ятгадаг ч байж. Тэгсэн нэг өдөр хүү нь “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өөрийн эрх дураар бус тушаалаар ажилладаг таны амьдралыг давтахыг хүсэхгүй байна. Таныг гэрээс яараад гарахад хаана ямар хэрэг гарав, хүн үхчихээгүй байгаа, ээж маань яах бол гэсэн айдастай үлддэг. Ийм шаналан дахиж хэрэггүй” гэж хэлэхэд нь цочих шиг болж хүүгээ том болсныг сая мэдэрсэн гэдэг.

П.Оюунчимэг нэг өдөр замын цагдаа, нөгөө өдөр хэв журмын цагдаа болно, хааяа офицерын үүрэг ч гүйцэтгэнэ. Би түүнийг “Есөн-Эрдэнэ” захын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж зогсоход нь анх харсан юм. Цагдаа хувцастай эмэгтэй тун содон, гоё харагдсан болохоор хурдаа сааруулж ажиглатал өөдөөс “Хурдан яваад замаа чөлөөлөөч” гэж ширүүлэхдэг байгаа. 

Цагдаагийн мэргэжил хамгийн сайхан гэж нүдээ анин байж чин сэтгэлээсээ ярих энэ эмэгтэй хайртай аавыгаа бурхны оронд морилохоос өмнө хүслийг нь биелүүлж амраасан ачтан. Тэрээр дүрэмт хувцсаа өмсөхөөр хийморь сэргэж, ер бусын зориг ордог гэж ярьсан. Нээрээ л цагдаа хувцастай шөнийн 03 цагт явж байхдаа юунаас ч айдаггүй байх. Харин энгийн хувцастай явж байхдаа хүн зон маргалдаж харагдвал мэргэжлийн “өвчин” нь хөдлөөд гүйгээд очдог гэнэ билээ. Тэр үед хүмүүс энэ ч одоо юув дээ гэсэн янзтай харьцдаг байж мэдэх юм. Тэгвэл та бидний амгалан тайван байдлын энхийн манаанд цаг наргүй 20 жил зүтгэсэн мөрдэстэй цагдаа эмэгтэй байна гэж таниарай.       

 

 

М.Одгэрэл

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог