• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Сэрэмжлүүлэг

         Сүүлийн үед Орхон аймгийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулахад зуучлах, мөн ажилд оруулж өгөх нэрийдлээр мөнгө өгсөн авсан залилангийн гэмт хэргийн тухай  гомдол удаа дараа ирсэн байна.      Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс иргэдэд дараахь мэдээллийг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах, иргэнийг ажилд авах журмууддаа нэмэлт өөрчлөлт оруулснаар худалдан авалтын  болон хүний нөөцийн бодлогоо 2016 оноос хойш олон нийтэд нээлттэй, ил тод болгосон.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”  Монгол Улсын хууль, түүнчлэн компанийн “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудасны Худалдан авалт хэсэг дэх Тендерийн урилга дэд буланд байршуулан, олон нийтэд мэдээллийг цаг тухай бүрд ил тод хүргэн ажиллаж байна.      Мөн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах, хангуулах ажлын хүрээнд компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд тогтмол хүргэж байна. Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээллийг ил тод хүргэх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетыг цахимаар хүлээн авахгүй байхаар журамлагдсан болно. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг www.erdenetmc.mn цахим хуудасны Хүний нөөц хэсэг дэх Нээлттэй ажлын байр дэд булангаас авч, холбогдох хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр ирүүлж, мэдээлэл авч байхыг хүсье.        Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой дээрхи мэдээллүүд иргэн та бүхний өмнө ил тод, нээлттэй байдаг бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.   ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА Дэлгэрэнгүй...
  • “Эрүүл мэнд” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулна

         Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд "Эрүүл мэнд" цогц хөтөлбөр боловсруулан, тав таван жилээр хэрэгжүүлэн үр дүнг нь дүгнэдэг. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг  ХАБЭАБОХХ болон Эрдэнэт сувиллалын цогцолборын удирдлага, холбогдох эмч мэргэжилтнүүд өнөөдөр зөвлөлдөж,  2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.      “Эрүүл мэнд” цогц хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтын зохион байгуулалтыг оновчтой, зөв төлөвлөх талаар хөндөв. Тухайлбал, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудын бүртгэл, тэдэнд тавих эрүүл мэндийн хяналт, Улаанбаатар хотод онош тодруулахаар явж буй ажилтнуудын үзлэгийн хуваарь, хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу химийн хорт болон цацраг бодистой харьцдаг ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг төлөвлөлтийг практик судалгаа, ажилтнуудын санал дээр үндэслэн боловсруулахыг чухалчиллаа.      Мөн эрүүл хүнсээр дамжуулан уурхайчдыг эрүүлжүүлэх алхам хийх нь хамгийн зөв хэлбэр гэж зөвлөгөөний үеэр онцолсон. Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэд ажиллаж буй халдвар судлаач, хоол  зүйч, технологичоос бүрдсэн Хүнсний эрүүл  ахуйн хяналтын баг, ХАБЭАБОХХ-ийн Хүнсний эрүүл ахуйч эмч шинээр ажиллах болсон  зэрэг нь дээрх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх хөшүүрэг юм.  Ингэснээр ажиллагсдын халуун хоол болон хүнсний эрүүл ахуйн хяналт, шалгалт дээшилж,  эрүүл аюулгүй ажиллах боломж нэмэгдэнэ. “Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл сайжруулах ажлыг  үр дүнтэй, оновчтой зохион байгуулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэсэн” гэж ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх ярилаа.   Дэлгэрэнгүй...
  • Автомат машинаас шаардлагатай бүх тодорхойлолтоо авна

         Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн санг найдвартай баталгаажуулах, ажиллагсдад шаардлагатай баримт бичгийг шуурхай олгох, шат дамжлагыг багасган цаг хэмнэх зорилгоор тодорхойлолт олгох машиныг компанийн хэмжээнд ашиглаж эхэлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээж буй оновчтой технологийн нэг болжээ. Анхны машиныг Ерөнхий захиргааны 2 дугаар байранд нэвтрүүлж байсан бол  Ерөнхий захиргааны 1 дүгээр байр болон Засвар механикийн заводад шинээр хоёр машиныг нэмж суурилуулсан байна.  Уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 28 тоот тушаалын дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех хамтран зохион байгуулж, гүйцэтгэсэн юм.      Тодорхойлолт авах машин нэвтэрснээр ажилтнууд цалин болон ажлын тодорхойлолт, ХАБ-ын хувийн хамгаалах хэрэгслийн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Түүнчлэн энэхүү боломжийг  илүү өргөн болгох үүднээс  Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр, зохион байгуулалтын нэмэлт системийг боловсруулж байна. Уг программыг Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй  мэдээллийн нэгдсэн “Хур” системтэй холбосноор бусад олон төрлийн бичиг баримтыг автомат машинаас авах боломжтой болох юм. Тодруулбал,  өндөр насны тэтгэвэрт гарахад маш олон тодорхойлолт бичиг бүрдүүлж, 2 сар хүртэл хугацааг зарцуулдаг байсан бол  дээрх программыг ашиглаж эхэлснээр  ердөө 2-3 минутын хугацаанд шаардлагатай бүх бичиг баримтаа татаж авах юм байна.  Шинэ программыг  оны эхний хагас жилд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Холбоо барих

     Шөнийн 23:10 минут. Хотын хөдөлгөөн сийрэгжиж, өдрийн ажилдаа алжаасан хүмүүс гэрийн зүг яарна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн шөнийн ээлжийнхний автобусны цуваа уурхай тийш “Эрдэнэтийн-Овоо”-г зорино. Үйлдвэрлэлийн бүсэд мэдээллийн биднийг ажиллахад ч хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг чандлан, зөвшөөрөл хүсэж, хөтөч-инженер томилдог. Цаг “яс барьдаг” ГОК-ынхны зангаар биднийг дагуулан хөтөчлөх, Авто тээврийн байгууллагын ХАБЭА-н инженер Д.Амарсанаа болзсон цагтаа, тогтсон газартаа хүлээж байлаа.
     Шөнийн сурвалжлага бэлтгэх хамтрагч, гэрэл зурагчин Б.Баттөгс “Үйлдвэрийнхээ шөнийн зургийг хальсандаа буулгаж, сайхан зурагтай болно доо” хэмээн аппаратаа зэхэх зуур, зам харан бодол хөврөв. Хотоос үйлдвэр хүртэлх 12 км замаар үйлдвэрийн 40 жилийн түүхийг бүтээлцсэн уурхайчдын жим тасралтгүй хөвөрсөн юм. “Эрдэнэт”-ийн 40 жил гэдэг зөвхөн техник технологийн хөгжил, уурхайн насжилт, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, улсын татвар бус энэ бол хүний амьдралын дөчин жилийн дурсамж, аварга техникийг Монгол хүн эзэмшин, “Эрдэнэтийн - Овоо”-оос эрдэнэс олборлосон эгэл уурхайчны хөдөлмөрийн түүх билээ.  

     Автотээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн нэгдүгээр ээлжийн 30 жолооч ажлын даалгавар авах өрөөндөө цуглажээ. Ээлжийн дарга Д.Болор-Эрдэнэ “Питрам” мэдээллийн системээс өмнө хүлээх үйлдвэрлэлийн төлөвлөгөө, уулын цул, хөрс хуулалтын талаар мэдээлэл харж, жолоочдоо ажилд хуваарилан бичнэ. Энэхүү систем нь уул уурхайн компанид зориулан бүтээгдсэн, дэлхийд шигшигдсэн уулын ажлын хяналтын бүрэн автомат систем юм. Технологийн энэхүү шийдлийг “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагад хоёр жилийн өмнө нэвтрүүлж, одоогоор бүрэн ашиглаж байна. Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөө, техникийн боломжийг харьцуулан автоматаар ажлын гүйцэтгэлийг тооцоолж, GPS-ээр хянадаг. GPS гэдэг нь товчдоо дэлхийгээс 7000 гаруй км зайд байрлах орбит замаар явах хиймэл дагуулын тусламжтайгаар хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлал тодорхойлох систем юм. “Питрам” уулын тээврийн “БелАЗ” машинтай үүгээр холбогдож байрлал тогтоохоос гадна уулын цул тээвэрлэлтийн зай, даац, хурд, сул зогсолт зэргийг бүртгэж хянадаг. Жолооч бүр тээвэрт явж байхдаа машиныхаа бүхээгт байрлах дэлгэцээр энэ талаар мэдээлэл авч, ажлаа төлөвлөнө. Үйлдвэрлэл гэдэг ийм л нарийн тооцоотой аж.

     Нэгдүгээр ээлжийнхэн шөнө тасралтгүй найман цаг уурхайгаас хүдэр тээвэрлэж, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг найдвартай хангах үүрэгтэй. Сул зогсож, биеэ амраах, шантрах эрх тэдэнд байхгүй. Технологийн тээврийн ажил үйлсээс “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалын өөрийн өртөг шалтгаалдаг. Тиймээс сахилга бат өндөр ажиллаж байж үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлдэг гэж ээлжийн дарга Д.Болор-Эрдэнэ ярив. Жолооч нар шөнийн ажлын даалгавраа авч, гарын үсэг зуран баталгаажуулан, эмчийн үзлэгтээ ороод, ажилдаа гарлаа. Биднийг талбайд очиход өөр жолооч нар ээлжээ хүлээлцэхээр зогсож байв. Хүчит техникүүдийн мотор шөнийн харанхуйг үргээн нүргэлнэ. Ээлж хүлээлцэж буй жолооч нар хоёр хоёроор уулзан, хэдхэн хормын дотор техникийнхээ өнөөдрийн “зан”, замын нөхцөл байдлын талаар дараагийн жолоочдоо хэлж өгч байна. Шөнийн ээлжнийхэн “БелАЗ” дээрээ очиход механик инженер нэг бүрчлэн тээврийн хэрэгслийн гэрэл, дуут дохио, хөдөлгүүрийн чимээ зэргийг чагнан хяналт тавьж ажилд нь гаргадаг юм байна.

     Ээлж хүлээлцэх зуур “Эрдэнэт” үйлдвэрт 25 дахь жилдээ ажиллаж буй Д.Мөнхжаргалтай ярилцав. “Нүсэр бараатай энэ машинаа бариад явах шиг бахархал үгүй. Уулын тээврийн жолооч хувийн сахилга бат өндөртэй, сайн унтаж амрах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орсноос хойш ажиллаж байсан анхдагчид одоо гавьяаны амралтандаа гарч, уурхайчдын хоёр дахь үе, залуус үйлдвэртээ ажиллаж байна. Дүү нартаа ч би сахилга баттай, сайн унтаж амарч байгаарай гэж хичээнгүйлэн захидаг” хэмээн хуучлав.

     Нэгдүгээр ээлжийн 30 жолооч, энэ шөнө 22 мянга 50 м3 уулын цул тээвэрлэх даалгавартай.  Технологийн тээвэрт 130 тоннын 30  “БелАЗ” ашигладаг бол гурван машин засвартай тул даалгаврыг 27 жолооч гүйцэтгэнэ. Үйлдвэрээс батлагдсан төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хүн бүр хичээн ажиллах ёстой. Хүчит техникүүд цуваанд орон, заагдсан овоолго  руугаа хөдөллөө. Ил уурхайн гүнд очиход Экскаваторын шөнийн ээлжийнхэн мөн хүлээж байлаа.  Энд техникийн хэлээр ярилцах аж. Дуут дохио өгөхөд машинаа байрлуулж, ачаалж дууссаны дараа мөн дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

     Завгүй өрнөх их ажлын хажуугаар БелАЗ-ын жолооч Б.Гарам-Очиртой ажлын онцлогийн талаар ярилцаж амжив. Тэрээр 1995 оноос өнөөг хүртэл технологийн тээврийн жолоочоор ажиллаж байгаа юм. БелАЗ-ын жолооч нарыг 2000 он хүртэл шөнийн ээлжээс буухад нэгдсэн зохион байгуулалттайгаар “Эрдэнэт” сувилалд амрааж гаргадаг байсан гэнэ. Өндөр хариуцлагатай ажилд гарахад жолооч өөрийгөө бэлдэхийн тулд сайн амарч, сэтгэл төвшин байх учиртай. Олон жил нөхөрлөсөн техниктэйгээ “анд нөхөр” мэт ижилдэн дасдаг талаараа ч ярилаа.  БелАЗ-ын техникийн үзүүлэлтийн талаар сонирхоход, өгөгдлөөрөө 100 километрт 400-450 литр түлш зарцуулдаг бөгөөд 1600 морины хүчин чадалтай, өргөн нь 7 метр, урт нь 11 м, өндөр нь 5 м 720 см аж. Шөнийн ээлжийн найман цагт тасралтгүй тээвэр хийхэд 700-800 литр түлш зарцуулдгийг ч хэллээ. Нэг удаагийн тээвэрлэлт хийх зай 3,89 километр. Уулын нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрч буй энэ үед тээвэрлэлтийн зай уртсаж байгаа нь бүтээгдэхүүний өөрийн өртөгт нөлөөлнө. “Тиймээс Хүдрийн ил уурхайд нэвтрүүлэхээр яригдаж буй мөчлөгт урсгалт технологийн тээвэр буюу конвейрийн төсөл хэрэгжвэл “Эрдэнэт” үйлдвэрийн маань ашиг, орлого нэмэгдэнэ дээ” гэж тэрээр ярьсан юм.

     Шөнийн ээлжийнхний моторын дуу өглөө хүртэл тасралтгүй хүржигнэсээр, Эрдэнэсийн тээвэрчид эх орныхоо төлөө махран зүтгэсээр үлдлээ. Тэд хүнд хэцүүгээс хойш суудаггүй, ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж Эрдэнэт хотдоо аз жаргалтай, элбэг сайхан амьдарч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн эгэл уурхайчид билээ. Өмнөх үеийнхний, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, илгээлтийн эздийн үлдээсэн ардын заншил мэт мөрдөгдөх уурхайчны “бичигдээгүй хууль” энд бий. Өдөр бүр аюулгүй ажиллаж, цагийг чанд баримталж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг ягштал биелүүлнэ. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдлын болоод ашиг орлого, улсад төвлөрүүлсэн татварын тухай мэдээлэлд анхаарлаа хандуулж, заримдаа анзаарах ч үгүй өнгөрсөөр уджээ. Тэрбум тэрбумаар тоологдох орлогыг улсдаа тушаахад олон мянган уурхайчдын хөлс  хөдөлмөр, мятаршгүй зүтгэл шингэдгийг мэддэг бил үү! Улс эх орныхоо  зүрхэн тушаа  бүхий  л  эрч хүчээрээ цохилж яваа  “Эрдэнэт”  үйлдвэрийн ажилчид зогсолтгүй, цуцалтгүй ажиллаж, энэ их айлын түүхийг бичилцэж яваа юм.



 Сэтгүүлч У.ЦЭРЭНБАТ

Гэрэл зурагчин Б.БАТТӨГС