• Уурхайчид 9 сарын эхний 20 хоногт 2161 мянган тонн хүдэр олборложээ

       Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын 9 сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт гарсан байна. Сарын эхний 20 хоногт уурхайчид 1460.60 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 107.8 хувиар биелүүллээ. Түүнчлэн 612.79 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөний биелэлт 108.8 хувьтай, хүдэр олборлолтын гүйцэтгэл 2161.92 мянган тонн буюу 107.1 хувьтай гарчээ.     Баяжуулагчид энэ хугацаанд 1820.07 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 103.5 хувиар биелүүлсэн байна. 9 сарын эхний 20 хоногийн байдлаар хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.441 хувь, молибденых 0.018 хувь байв. Төлөвлөгөөний биелэлт 94.0-113 хувийн дүнтэй байна.    Металл авалтын төлөвлөгөө 100-106.7 хувиар биеллээ. Тодруулбал, зэсийн металл авалт 88.32 хувь, молибдены металл авалт 51.77 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь зэсийн агуулга 22.56 хувь буюу 101 хувиар, молибдены агуулга 49.70 хувь буюу 103.5 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Энэ хугацаанд 32395.17 тонн зэсийн баяжмал, 383.97 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 101-103.5 хувиар биелжээ.    М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

       Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж буй бөгөөд ажлын айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан хүлээн авч, ажлаа танилцууллаа.     “Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд Ил уурхайн гүнд болон ойр орчимд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Анх уг ордыг илрүүлэхдээ дунджаар 300 метрийн гүнд өрөмдөж байсан бол сүүлийн жилүүдэд бид хамгийн гүн цооногт 1,3 км-ийн  өрөмдлөг хийж, хүдрийн нөөц байгааг илрүүлсэн. Нөөц баялагийг өсгөх бодлого хэрэгжүүлэхдээ бид  уурхайг тэлэх зорилго тавьж,  60 орчим километрийн радиуст хайгуулын ажлыг хийж байна. Ашиглалтын эхэн үетэй харьцуулахад өнөөдөр хүдэр дэх металлын агуулга 2 дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байгаа. Үүнийг манай хамт олон технологийн сайжруулалт,  уулын ажлын зөв горимоор үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд барьж ажилласнаар уурхайн тогтвортой ажиллах үндсийг хангаж байна. Өртөг зардлаа бууруулахын тулд агаарын тандалтыг ч мөн хийж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэтийн орд газрын  баялаг наанадаж 60 жилийн нөөцтэйг тогтоож,   үйлдвэрийнхээ  насжилтыг 20 жилээр уртасгаад байна” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн “амин чухал” асуудлаас Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Эрдэнэт үйлдвэрийн  Ил уурхай жилд 36 сая тонн хүдэр олборлож байна. Өнөөдрийн байдлаар үүний 31.5 сая тонн нь Баяжуулах үйлдвэрт уламжлалт буюу флотацийн аргаар боловсруулагдаж байна. Үлдсэн хэсэг нь исэлдсэн хүдэр буюу ядуу агуулгатай тусгай овоолгод хадгалдаг. Эдгээрийг цаашид оновчтой, үр ашигтай технологиор боловсруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг ч тэрээр ярилаа.     Уулын ажлын төлөвлөлтөөс эхлээд уурхайн бүх үйл явцыг хянах зориулалттай Питрам удирдлагын системийг Эрдэнэт үйлдвэр 2017 оноос эхлэн нэвтрүүлсэн. Олборлож буй хүдрийн агуулгыг тогтвортой байлгахад гол үүрэгтэй энэхүү хяналтын системийг нэвтрүүлсэн гурван компани дэлхийн хэмжээнд байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Техник технологийн шинэчлэлийг орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн дадлага, туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой ажиллуулах бодлого чиглэлээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр  танилцуулж, энэхүү боломжоор ханган ажиллаж байгаа одоогийн Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илэрхийллээ.      Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгөв      Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрээр орж, үйлдвэрлэлийн цехийн өргөтгөлийн өнөөгийн байдлыг үзэж сонирхов. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байна. Цаашид дахин ийм өргөтгөл барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлийн  төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ хөдөлмөр зохион байгуулалтын нарийн горим, цагийн балансыг нягт тооцоолсны үндсэн дээр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй  бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй ажиллах нь бидний үндсэн зорилтын нэг гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд байрлах Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Энд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд гурван жил хүртэл хугацаа шаардагдаж буй, санхүү хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх гарцаа  хамтдаа ярилцаж, судалж олсон гээд өнөөгийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 20 жилийн турш  “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэнийг ч  дурьдсан.      Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт үйлдвэрийн  үйл ажиллагаатай танилцаж буй Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна. Бид өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Тиймээс одоогийн байдлаар Засгийн газарт тавьж шийдүүлэх асуудалгүй. Монгол Улсын Засгийн газраас бидний хийх ажил, зорилтыг тов тодорхой болгож, тогтоол шийдвэр баталж өгсөн. Одоо бид зөвхөн хамтын хүчээр хийж бүтээх ажил үлдэж байна. Манай үйлдвэр 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй. Цаашид бид үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн түвшинг бууруулахгүй байхын төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтэнд ч эерэгээр нөлөөлж байгаа юм. Оны эхний 8 сард Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Оны төгсгөлд энэ тоо 790 тэрбумд хүрэх боломж бүрджээ.     Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны  дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн хамт олон, уурхайчдын ажил үйлсэд сайн үнэлгээ өгч, “Засгийн газраас ямар нэг зүйл хүсэхгүй өөрсдөө бүгдийг хийх бүрэн боломж байна” гэдэгт сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, улс орон нутгийн төсөвт бүрдүүлдэг хувь нэмрээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй нийт ажилтан, уурхайчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.                                    М.Балжинням Фото Н.Батсүх Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээнийг “Хүч” баг тэргүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Аврах, гал унтраах 58 дугаар ангиас санаачлан зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 21 цех, нэгжийн 19 багийн аврагчид хоёр өдрийн турш ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээний дүнгээр Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “”Хүч” багийнхан тэргүүлж цомоо гардан, Цахилгаан цехийн “Элч илч”, Автотээврийн цехийн “Сэрэмж” багууд удааллаа. Дөрвөн төрөлд зохиогдсон тус тэмцээнээс “Шилдэг аврагч”, “Шилдэг багийн ахлагч”-ийг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм. Мөн тусгай байранд Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper rescue”, Дулааны цахилгаан станцын “Мегаватт” багууд шалгарсан. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд цех, хэсгүүд бэлэн байдлаа хангаж, учирч болох эрсдлээс хамгаалахад ур чадвартай аврагчдаа бэлтгэсэн байх шаардлагатай.  2020 онд болох тэмцээний 10 жилийн ойн хүрээнд уул уурхайн компаниудын аврагч багийг урих, Улсын аварга багийн шилдэг үзүүлбэр үзэх зэрэг шинэлэг санааг хэрэгжүүлж, тэмцээнээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.                ХАБЭА-н хэлтсийн ЦХАБ хариуцсан тэргүүлэх инженер, тэмцээний Ерөнхий шүүгч Ц.ОРГИЛ:       Зохион байгуулагчдын зүгээс жил бүр тэмцээний төрлийг шинэчлэх, шинэ элемент, үүрэг даалгавар оруулахад анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилга байгууламжийн төрлийг шинэчиллээ. Шүүгчид “Баг тамирчид аврах ажиллагааг дүрэм журмаар нь хийж байна уу, Олон улсын шаардлагад нийцүүлж чадаж байна уу, үгүй юу” гэдэг асуултыг өмнөө тавьж, хэрэгжүүлж ирсэн. Тэмцээний зохион байгуулалт, дүрэм, зарчим нь Олон Улсад уул уурхайн салбарт сайн дурын аврах ажиллагааны бүлгэмүүд бэлтгэх зарчмаар явагддаг. Энд явагдсан бүх тэмцээн Олон улсын шаардлага, дүрэм журмыг хангасан.      “Шилдэг аврагч”, Ган бөөрөнцгийн цехийн кранчин З.УЧРАЛ:      Эрдэнэт үйлдвэрт 4 дэх жилдээ ажиллаж байна. Ган бөөрөнцгийн цехийг анх удаа төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хувь хүнээс хөдөлгөөн, авхаалж самбаа ихээхэн шаардлаа. Аврагч хүн эмнэлгийн анхны тусламжийг бүрэн гүйцэд үзүүлэх нь маш чухал байдаг. Энэ үүргээ биелүүллээ. Хамт олон, багийнхандаа баярлалаа.     И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалин ирэх 10 сарын 1-ний өдрөөс дахин нэмэгдэнэ

       Эрдэнэт үйлдвэрийнхэн 2019 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрөл дээр биелүүлж, эдийн засгийн үр ашиг өссөн үзүүлэлттэй байгаа нь ажиллагсдын цалинг нэмэх боломжийг бүрдүүлжээ. Энэ таатай мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтай уулзах үеэр дуулгаж, ямар ч цаг үед ажил мэргэжилдээ нягт нямбай, сэтгэлтэй хандаж, хамтын хүчээр амжилттай ажиллаж байгаа уурхайчиддаа талархлаа илэрхийллээ. Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан ажиллагсад, уурхайчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцох зорилгоор хамт олны төлөөлөлтэй “амьд яриа” өрнүүлж байна. Тус ярианы сүүлийн уулзалтад Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төв, Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцлоо.     Уулзалтын эхэнд хийсэн мэдээлэлдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Оны эхнээс төлөвлөгөөт зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Бид хийх ажлаа тодорхой болгосон нь үүнд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид цаашдын зорилт, бодлогоо тов тодорхой төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор та, бидний хамтран боловсруулсан төрөлх үйлдвэрээ дараагийн 15 жилд буюу 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл бид бүгдийн ирээдүйн зүг чиг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид үйлдвэрлэлийн үр дүн дээр тулгуурлан, ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Тиймээс ч өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Мөн ур чадвартай, ажлын голыг нугалдаг сайн ажилчдаа дэмжиж урамшуулах үүднээс “Тэргүүлэх зэрэгтэй ажилчин”-ыг шалгаруулан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл урамшуулал олгодог боллоо. Тодорхой шалгуур үзүүлэлтээр эхний ээлжинд 30 ажилчныг тодруулан, өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр 300 мянган төгрөгийн нэмэлт цалин тооцож олгоно. Түүнчлэн манай үйлдвэрт ээлжийн мастер гэж чухал ажил үүрэг хүлээсэн, анхан шатны удирдах ажилтнууд бий. Тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой. Тиймээс “Манлайлагч мастер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, энэ жилд 40 мастерийг тодруулж, тухайн ажилтны ур чадварын үзүүлэлтээр тус бүр зургаан зуугаас нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал хүртээнэ. Энэ урамшууллыг оны эхнээс тооцож олгох юм.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн ханш сайн биш байна.  Улсын төсөвт нэг тонн зэсийн үнэ 6272 ам.доллар байхаар тусгагдсан ч өнөөдөр 5700 ам.долларын ханштай байгаа. Эндээс харахад, бид тонн тутмаас 400-500 ам.доллар алдаж байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа ч өртөг зардлаа бууруулан ажилласны чамлахааргүй үр дүн эхний 9 сард гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үүн дээр тулгуурлан, тооцоолж ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллагсдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид энэ онд хоёр дахь удаа ажиллагсдынхаа цалинг нэмж байгаа юм. Цалин хэдэн хувиар нэмэгдэх тоо хэмжээ удахгүй тодорхой болно. Бид эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн зарчмаар ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.     Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, эдийн засгийн өнөөгийн байдал, тэдгээрт нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, хөрөнгө оруулалтын талаар өмнөх онуудын байдалтай харьцуулан мэдээлсний зэрэгцээ үйлдвэрт ажиллагсдын нийгмийн асуудал, тэр дундаа ажилчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг дээшлүүлэх,  тогтвортой байлгахад авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай санал солилцож, зээлийн хүүг бууруулах, үндсэн зээл болон хүү төлөлтийн уян хатан, таатай нөхцөлийг бий болгох талаар зөвшилцөлд хүрч буйг мэдээлсэн нь ажиллагсдын сэтгэлд нийцлээ.     Уулзалтад оролцогсод үйл ажиллагааны мэдээллийн дараа санал бодлоо хэлж, удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд аж ахуйн нэгжийн статустай ажиллаж байсан РСЦ компанийг өөрчлөн, тус үйлдвэрийн бүтцийн  Барилга засварын цех болгосон нь тэнд ажиллаж буй 240 гаруй хүний нийгмийн асуудлыг давхар шийдсэн маш оновчтой шийдвэр гэж олон ажилтнууд талархаж байв.  Түүнчлэн хүнд хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хамгаалах хувцас хэрэгслээр хангах ажлыг илүү боловсронгуй болгох, залуу ажилтнуудаа сурч боловсороход нь дэмжлэг үзүүлэх болон хамтын гэрээ, орон сууцны асуудлыг шийдэх зэрэг ажилчдын нийтлэг эрх ашиг, хувь хүмүүсийн асуулт, хүсэлтэд удирдлагууд хариулт өгч, шат дараалан шийдэх боломжтой гэдгийг хэллээ.      Ажилчдынхаа үгийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхий захирал болон бусад удирдлагуудад баярласнаа уурхайчдын төлөөлөл илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй байгааг, тэрхүү сайхан ирээдүй рүү хамтын хүчин зүтгэлээр хүрэх ёстойг Ерөнхий захирал уриалснаар үйлдвэрлэлийн цехийнхэнтэй хийх уулзалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.      М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн                             Дэлгэрэнгүй...
  • “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоолны өдөрлөг зохион байгууллаа

       Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, халуун хоол үйлдвэрлэлийн “Сэлэнгэ” катеринг хамтран “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоол сурталчлан таниулах өдөрлөгийг ажилчдад зориулан зохион байгууллаа.    Өдөрлөгийн зорилго нь чанар сайтай, тэжээллэг хоолоор дамжуулан ажилчдаа эрүүлжүүлэх, давс болон чихрийн  өндөр хэрэглээг багасгах, тэдгээрийн хор уршигийг таниулах, илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх зэрэг ойлголт, мэдээллийг өгөхөд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрүүл ажилтан” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэ өдөрлөгөөр дамжин ажиллагсдад хүрч буй аж.    “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг үйлдвэрийн бүсэд  халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй дөрвөн багц буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Авто тээврийн цехийн төрөл бүрийн авто машины засварын хэсэг, Засвар механикийн завод, Ил уурхайд долоо хоногийн турш үргэлжилж, төрөл бүрийн  хүнсний шинэ ногоо болон нарийн ногооны хачир, жимсний орцтой эрүүл хоолыг бэлтгэн, ажилчдад үйлчилсэн байна. Энэ үеэр хүнсний ногооны ач тус, тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх  эерэг нөлөөний талаар хоол болон сурталчилгаа, мэдээллийн хуудас түгээж, таниулсан нь үр дүнтэй боллоо гэж “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа.    М.Балжинням Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг "Хамтын гэрээ"-гээр зохицуулдаг

      Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчидтэй уулзлаа. Ажилчдын эрх ашгийг хамгаалах нэг зорилгын төлөө эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд 2019 онд 12 бүлэг 112 заалт бүхий “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь үйлдвэр, холбооны удирдлагуудын хооронд зөвшилцөж хийсэн 11 дэх гэрээ юм.    Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр “Бид үйлдвэрээ хөгжүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, газрын хөрсөн дор байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үндэсний баялаг бүтээж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэр уул уурхайн баяжуулах үйлдвэр боловч эцсийн дүндээ хүний төлөө үйлдвэр юм. Бид уурхайчиддаа, хүндээ хандсан төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Захиргаа, үйлдвэрчний байгууллага ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэж байна. Бидний бодлого, үйл ажиллагаа цэгцтэй байх ёстой” хэмээсэн.    Эрдэнэт үйлдвэр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан зарим төрлийн нийгмийн халамж, үйлчилгээг хүргэн ажилладаг. Энэ тухай Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа мэдээлэл хийхдээ “2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийгмийн халамжийн чиглэлээр 100 тэрбум төгрөг зарцуулах” тухай танилцууллаа. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг олон талаар шийдвэрлэж ирсэн Эрдэнэт үйлдвэр энэ онд томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь үйлдвэрийн олон жилийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хороолол барьж байна. Мөн Технологийн сургуульд түшиглэн, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн цогцолбор сургууль, туршилт судалгаа хийх лабораторийн бааз бий болгоно. Орос сургуулийг түшиглэсэн Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж барьж байгуулах зэрэг олон санаа тусгагджээ.    Эрдэнэт үйлдвэрийн санхүү, мөнгө, эдийн засгийн бодлого эцсийн дүндээ ажилтны эрх ашигт нийцсэн байх ёстой хэмээн удирдлагууд үзэж, банк санхүүгийн асуудалд ихээхэн анхаарсан. Ингэхдээ өмнө нь арилжааны 5 банктай хамтран ажилладаг байсан бол бага хувийн хүү, нэмэлт бүтээгдэхүүн санал болгосон 10 банктай хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон 7000 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүл болох Орхон аймгийн 30 мянган иргэнд хийсэн үр өгөөжтэй, алсыг харсан хөрөнгө оруулалт болж байна.            ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр: “Хамтын гэрээ”-ний биелэлтийг дүгнэлээ     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай хийсэн энэ удаагийн уулзалт хоёр ач холбогдолтой боллоо. Нэгд, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хамтын гэрээ”-гээ дүгнэсэн. Оны эхний 9 сарын байдлаар гэрээний гүйцэтгэл 98.35 хувийн биелэлттэй гарлаа. Он дуусахад нэг улирал үлдсэн тул гүйцэтгэлээ 100 хувь хангахаар байна. Хоёрт, “Хамтын гэрээ”-ний 3.4 буюу цалин хөлсийг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх тухай заалтын дагуу 5 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1 гэсэн 2 шатлалаар цалин нэмэгдэж байгаа нь бидний хувьд чухал юм. Шинэ гэрээнд тусгах зарим ажлаа ярьлаа. Үйлдвэрийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Ач холбогдолтой, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо.      И.Чинтогтох Фото: Б.Ялалт     Дэлгэрэнгүй...
  • Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эргэх холбоо шинэ түвшинд гарсныг онцоллоо

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн өнөөдөр Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээн Ерөнхий захирал үг хэлж, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа 2019 оны үйлдвэрлэлийн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлт гэсэн мэдээллээр танилцуулга бэлтгэн хүргэлээ. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд Орхон аймагтай 5 чиглэлээр 14 ажил дээр хамтран ажиллаж, 94 хувийн биелэлтээр гүйцэтгэлээ хаажээ. Харин энэ оны санхүүжилтээр 5 чиглэлээр 13 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.     Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын хувьд баг бүр нь Иргэдийн хуралд төлөөлөлтэй. Тэр ч утгаараа иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, төсөвт тодорхой ажлуудаа суулгах гээд төлөөлөгч нарын ажлын хариуцлага их байдаг. Эдийн засгийн мэдээллийн дараа асуулт хариултын цаг үргэлжилж, төлөөлөгч нар багийнхаа иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхэд хариулт авсан юм. Орон сууцны болон гэр хорооллын багуудад тулгамдсан асуудал харилцан адилгүй. Тиймдээ ч Уртын гол, Их залуу багийн төлөөлөгч үерийн усны далан, зам харгуй зэргийг шийдвэрлэхэд техникийн дэмжлэг хүссэн бол Согоот багийн төлөөлөгч сургуулийн өргөтгөл барих ажилд туслалцаа хүслээ.     Эрдэнэт үйлдвэр катодын зэсийн үйлдвэр барьж байгуулахаар тооцоо судалгаагаа хийж байна. Мөн гэр хорооллын багуудад тулгамдсан утааны асуудлыг шийдвэрлэхээр утаагүй түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэхээр болсон. Цагаан тоосны бүсчлэлд амьдарч байгаа болон бусад багаас түүврийн аргаар сонгосон 500-аад иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулж эхэлсэн. Хамтын ажиллагааны бодит үр дүн олон бий. Хурлын төлөөлөгч нар Эрдэнэт хотод Мөсөн ордон барьж байгуулах, орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, Баян-Өндөр сумын багууд, Эрдэнэт үйлдвэрийн цехүүд хоорондын харилцаа холбоог сайжруулах, Жаргалант сумын иргэдийн хүнсний ногоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг хангах хүсэлтэйгээ илэрхийллээ. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эргэх холбоо шинэ түвшинд гарч, хөрөнгө оруулалтын үр өгөөж бодит ажил болсоор байна.               И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн     Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн цехийнхэн цалингийн системийг шинэчлэх талаар санал гаргалаа

         Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цех болох Хүдрийн ил уурхай, Геологи хайгуулын анги, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Автотээврийн цехийн ажиллагсдыг хамруулсан уулзалт ярилцлагад үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар оролцлоо. Удирдлагуудын тавьсан илтгэлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд, тэдгээрийн үр өгөөж, эдийн засгийн ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар тодорхой тусгажээ. Тооцоо судалгаа, нарийвчилсан тоо баримтад тулгуурласан мэдээллийн дараа ажилчдын чөлөөт асуултын цаг эхэлсэн юм.       Автотээврийн цехийн ажилчдын асуулт дийлэнх хувийг эзэлсэн бөгөөд юуны өмнө ажилчдаа сонсох уулзалт хийж байгаад тэд талархалтай хандлаа. Ажилчид тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч цалингийн шатлал үүсгэснийг өөрчлөх цаг болсон тухай сануулж, дотооддоо шатах тослох материалын үйлдвэрлэл байгуулах, өдөр тутамд нэн шаардлагатай жижиг зүйлсийг цаг алдалгүй ханган нийлүүлэх, хайгуулчдын үр дүнг харгалзан цалингийн нэмэгдэл олгох боломжтой эсэхийг удирдлагуудаас тодруулсан юм. Уулзалтыг үр өгөөжтэй болгох үүднээс Ерөнхий захирал асуулт бүрт зохих хариулт өгч, нягтлах шаардлагатай зүйлсийг тэмдэглэн авлаа. Мөн тэрээр 2017-2019 онд үйлдвэрлэлийн нөөцийг өсгөхөд геологичид хэрхэн оролцсон талаар судалж, үнэлэлт гаргахаар болсон юм. Цаг үеийн мэдээ мэдээллийг сар бүр танилцуулж, ажилтнуудынхаа тулгамдсан бэрхшээлийг сонсох үүрэг даалгаврыг цех, нэгжийн удирдлагуудад өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.       Уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой, нүүр тулсан яриа бүр тодорхой ойлголцолд хүрч байв. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, алсын хараа, эрхэм зорилгоо оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын төслүүдээ хөхиүлэн дэмжих, урагш хөдөлгөх нь удирдлагын багийн шийдвэр, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Удирдлагуудын шийдвэрээр өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 100 гаруй төслийн үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн хувь заяа тодорхойлогдох бөгөөд гол хөдөлгөгч хүч нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин болохыг сануулснаараа онцлог байлаа.    И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн                     Дэлгэрэнгүй...
  • Аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн эхэллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд гадны байгууллага оролцохгүй, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн шинэ залуу ажилчдаас бүрдсэн 19 баг аврах ажиллагааны бэлтгэл бэлэн байдлаа шалгуулан өрсөлдөж байгаагаараа онцлог юм. Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээн зам тээврийн ослын, барилга байгууламжийн, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа гэсэн төрлөөр үргэлжилж байна. Тэмцээний дүн маргааш гарна.    М.ОДГЭРЭЛ Фото: Ш.ЛХАМСҮРЭН                                         Дэлгэрэнгүй...
  • Аймаг, үйлдвэр, төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор хамтран ажиллана

       Дэлхийн жишиг, Монголын бахархал болсон Эрдэнэт үйлдвэр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Дэд бүтэц, орон сууц, барилга байгууламж, иргэд, олон нийтийн үйлчилгээний цогцолборууд гээд энэ хотод байх ёстой бүх зүйлийг шийдэж өгсөн нь өнөөгийн хотын хөгжлийг бүрэн илтгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн товлосон уулзалтанд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд ч багтсан. Энэ удаад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар 20-иод төрийн бус байгууллагын тэргүүний хамтаар хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлага төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, тодорхой хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэвч төрийн нуруун дээрх ачааг чадлынхаа хэрээр хуваалцаж, зарим чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, сэтгэлийн үгсээ хуваалцсан нь анхных билээ. Энэ ч утгаараа зочид санал хүсэлтээс илүүтэй ажлыг нь олонтаа дэмжсэн явдалд баярлаж, талархсан сэтгэгдлээ өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн нь харагдаж байлаа.     Орхон аймгийн “Сороптимист” клуб, “Шүүдэр” охидын төвийнхөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуульд нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт явуулах, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас Эрүүл зөв хооллолтын талаар Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад лекц, сургалт зохион байгуулах, “Эрдэнэт-Ард түмний өмч” ТББ-аас хотын утааны асуудлыг шийдэхэд дорвитой анхаарал хандуулах зэрэг хэд хэдэн санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн зарим саналыг ирэх 2020 оны төлөвлөгөөнд тусган, аймаг, үйлдвэр, төрийн бус байгууллага гэсэн гурван талт хамтын ажиллагааны нэгдсэн бодлого гаргахаар шийдвэрлэлээ.     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзалтын төгсгөлд, “Бид нэгдсэн нэг бодлогоор ажиллана. Улмаар нэг том ажлыг өөр өөрийн оролцоотой хийж гүйцэтгэх нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Аймгийн удирдлагууд нэгдсэн бодлогод анхаарах байх. Эрдэнэт хот, Монгол улсыг эрүүл, боловсролтой хүн л хөгжүүлнэ. Энэ чиглэлд хамтран ажиллахад бид бэлэн байгаа учраас ажлын журмаар ярилцаж шийдвэрлье. Уурхайчид бид газрын хэвлийн баялгийг худалдан борлуулж, үндэсний баялаг бүтээдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсний 30 тэрбумыг Орхон аймгийн, найман тэрбум төгрөгийг Булган аймгийн төсөвт төвлөрүүллээ. Цаашид боломжийн асуудлаа шийдээд явна. Хүний төлөө, хөгжил дэвшлийн төлөө чиглэл чиглэлээр ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцахад таатай байлаа. Аймаг, орон нутгийн ажлын нэг хэсэг гэж ойлгож ирсэн аймгийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Хүний төлөөх ажил тань өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Бид эв нэгдэлтэй байж, ярих зүйлсээ хуваалцан, сэтгэл санаагаар нэгдэж, шаардлагатай үед биендээ гар сунган туслах болно. Ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэв.    И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн                 Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ

       Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоос тухайн бүсэд амьдардаг иргэдэд хэрхэн  нөлөөлж буйг тогтоох эрүүл мэндийн үзлэгийг тус үйлдвэр  нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгийг  Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Медипас” төв эмнэлэг, Эрүүл мэндийн газар, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр эхлүүллээ. Медипас эмнэлэгтэй хоёр дахь жилдээ хамтарч буй эрүүл мэндийн үзлэгт энэ жил 488 иргэнийг хамруулахаар бүртгэжээ.  Тэдний 326 нь цагаан тоосны дэгдэлтийн голомтын бүс буюу Говил, Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн иргэн бол 163 нь цагаан тоосны голомтын бус хяналтын бүсэд багтах  Баян-Өндөр сумын 6 багийн иргэдийн төлөөлөл байгаа юм. Эрүүл мэндийн үзлэгт голомтын бүсээс гадна голомтын бус хяналтын бүсийн иргэдийг хамруулж байгаа нь харьцуулалтын дүн шинжилгээ хийж, цагаан тоосны сөрөг нөлөөллийг бодитой тогтоох зорилготой гэж мэргэжлийн багийнхан ярьж байна.      Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлын нийт 90 орчим сая төгрөгийн зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний төсвөөс гаргажээ. Харин үзлэгт хамрагдах иргэдийн бүртгэлийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар өөрийн багуудаар дамжуулан зохион байгуулж, Медипас эмнэлэг үзлэг, шинжилгээг хариуцаж байна. Өдөрт 30 иргэнийг хүлээн авах бөгөөд иргэн бүрт 184 430 төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм. “Энэ жилийн үзлэгээр  лабораторийн болон үйл оношийн шинжилгээ хийхийн зэрэгцээ зүрхний хэт авиа, уушгины томографи зэрэг  зарим нарийн шинжилгээ, оношилгоог нэмэлтээр хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын багц үзлэгт давхар хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх үзлэгт хамрагдаж буй иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг бол эрүүл мэндийн сангаас санхүүжиж байгаа багц үзлэгийн үйлчилгээг авах боломж нээгдсэн” гэж Медипас эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч Т.Амгаланбаяр эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдлын талаар онцоллоо.      М.Балжинням         Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Холбоо барих

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог