• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Сэрэмжлүүлэг

         Сүүлийн үед Орхон аймгийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулахад зуучлах, мөн ажилд оруулж өгөх нэрийдлээр мөнгө өгсөн авсан залилангийн гэмт хэргийн тухай  гомдол удаа дараа ирсэн байна.      Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс иргэдэд дараахь мэдээллийг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах, иргэнийг ажилд авах журмууддаа нэмэлт өөрчлөлт оруулснаар худалдан авалтын  болон хүний нөөцийн бодлогоо 2016 оноос хойш олон нийтэд нээлттэй, ил тод болгосон.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”  Монгол Улсын хууль, түүнчлэн компанийн “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудасны Худалдан авалт хэсэг дэх Тендерийн урилга дэд буланд байршуулан, олон нийтэд мэдээллийг цаг тухай бүрд ил тод хүргэн ажиллаж байна.      Мөн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах, хангуулах ажлын хүрээнд компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд тогтмол хүргэж байна. Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээллийг ил тод хүргэх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетыг цахимаар хүлээн авахгүй байхаар журамлагдсан болно. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг www.erdenetmc.mn цахим хуудасны Хүний нөөц хэсэг дэх Нээлттэй ажлын байр дэд булангаас авч, холбогдох хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр ирүүлж, мэдээлэл авч байхыг хүсье.        Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой дээрхи мэдээллүүд иргэн та бүхний өмнө ил тод, нээлттэй байдаг бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.   ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА Дэлгэрэнгүй...
  • “Эрүүл мэнд” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулна

         Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд "Эрүүл мэнд" цогц хөтөлбөр боловсруулан, тав таван жилээр хэрэгжүүлэн үр дүнг нь дүгнэдэг. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг  ХАБЭАБОХХ болон Эрдэнэт сувиллалын цогцолборын удирдлага, холбогдох эмч мэргэжилтнүүд өнөөдөр зөвлөлдөж,  2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.      “Эрүүл мэнд” цогц хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтын зохион байгуулалтыг оновчтой, зөв төлөвлөх талаар хөндөв. Тухайлбал, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудын бүртгэл, тэдэнд тавих эрүүл мэндийн хяналт, Улаанбаатар хотод онош тодруулахаар явж буй ажилтнуудын үзлэгийн хуваарь, хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу химийн хорт болон цацраг бодистой харьцдаг ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг төлөвлөлтийг практик судалгаа, ажилтнуудын санал дээр үндэслэн боловсруулахыг чухалчиллаа.      Мөн эрүүл хүнсээр дамжуулан уурхайчдыг эрүүлжүүлэх алхам хийх нь хамгийн зөв хэлбэр гэж зөвлөгөөний үеэр онцолсон. Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэд ажиллаж буй халдвар судлаач, хоол  зүйч, технологичоос бүрдсэн Хүнсний эрүүл  ахуйн хяналтын баг, ХАБЭАБОХХ-ийн Хүнсний эрүүл ахуйч эмч шинээр ажиллах болсон  зэрэг нь дээрх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх хөшүүрэг юм.  Ингэснээр ажиллагсдын халуун хоол болон хүнсний эрүүл ахуйн хяналт, шалгалт дээшилж,  эрүүл аюулгүй ажиллах боломж нэмэгдэнэ. “Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл сайжруулах ажлыг  үр дүнтэй, оновчтой зохион байгуулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэсэн” гэж ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх ярилаа.   Дэлгэрэнгүй...
  • Автомат машинаас шаардлагатай бүх тодорхойлолтоо авна

         Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн санг найдвартай баталгаажуулах, ажиллагсдад шаардлагатай баримт бичгийг шуурхай олгох, шат дамжлагыг багасган цаг хэмнэх зорилгоор тодорхойлолт олгох машиныг компанийн хэмжээнд ашиглаж эхэлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээж буй оновчтой технологийн нэг болжээ. Анхны машиныг Ерөнхий захиргааны 2 дугаар байранд нэвтрүүлж байсан бол  Ерөнхий захиргааны 1 дүгээр байр болон Засвар механикийн заводад шинээр хоёр машиныг нэмж суурилуулсан байна.  Уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 28 тоот тушаалын дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех хамтран зохион байгуулж, гүйцэтгэсэн юм.      Тодорхойлолт авах машин нэвтэрснээр ажилтнууд цалин болон ажлын тодорхойлолт, ХАБ-ын хувийн хамгаалах хэрэгслийн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Түүнчлэн энэхүү боломжийг  илүү өргөн болгох үүднээс  Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр, зохион байгуулалтын нэмэлт системийг боловсруулж байна. Уг программыг Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй  мэдээллийн нэгдсэн “Хур” системтэй холбосноор бусад олон төрлийн бичиг баримтыг автомат машинаас авах боломжтой болох юм. Тодруулбал,  өндөр насны тэтгэвэрт гарахад маш олон тодорхойлолт бичиг бүрдүүлж, 2 сар хүртэл хугацааг зарцуулдаг байсан бол  дээрх программыг ашиглаж эхэлснээр  ердөө 2-3 минутын хугацаанд шаардлагатай бүх бичиг баримтаа татаж авах юм байна.  Шинэ программыг  оны эхний хагас жилд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Холбоо барих
         Жил бүрийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн оны эхний хагас жилийн ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлдог. Зууны манлай үйлдвэрийн бүтээлч хамт олон энэ хугацаанд үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлсэн амжилттай ажиллажээ. Үүн дотроо Баяжуулах үйлдвэр зэсийн металл авалтын төлөвлөгөөг 2,67 хувиар өсгөсөн нь амжилт юм. Түүнээс гадна баяжмал дахь металлийн агуулга өссөн. Энэ нь “Эрдэнэтийн овоо” ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч буй нөхцөлд маш чухал үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 270 тэрбум төгрөг төвлөрүүлж, төвийн эрчим хүчний системд 104 тэрбум төгрөгийн төлбөр тушаажээ. Эндээс тун сонирхолтой тооцоо гаргаж болно. “Эрдэнэт” үйлдвэрийн улс болон орон нутгийн төсөвт оруулсан мөнгийг 6000 уурхайчинд тэнцүү хуваахаар ажилтан бүр зөвхөн эхний хагас жилд 40 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж хямарсан эдийн засагтаа хувь нэмэр оруулсан байх юм. Бахархалтай төдийгүй том үүрэг хариуцлага. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэн сайн ажиллана тэр өндөр цалин, хангамж хүртэх зарчим баримталдаг. Тэрээр бүтээмж өндөр уурхайчдынхаа цалинг өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, долдугаар сарын нэгнээс урамшууллын сангийн хэмжээг 20 хувиар өсгөжээ. Мөн наадмын өмнөхөн ажлын үр дүнгийн биелэлтийг харгалзан нийт уурхайчидаа үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар урамшуулсан нь өнөөдрийн сайхан амжилтанд нөлөөлсөн ч байж мэднэ.      
            Тасралтгүй ажиллагаатай энэ үйлдвэр зундаа ганц удаа бүрэн зогсож, техник тоног төхөөрөмжиндөө их засвар оруулдаг. Бүтэн жилээ даах “эмчилгээ” ирэх амралтын өдрүүдэд хийгдэнэ. Үүний дараа өвлийн бэлтгэлээ базаагаад жилийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн, өндөр хэмжээнд биелүүлэхээр баялаг бүтээгчид хичээн ажиллана. 
М.ОДГЭРЭЛ                             
 
 
 
 
 
 
 
 
           Жил бүрийн зун Монголын эмэгтэйчүүдийн холбооноос сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зуны сургалт Дархан-Уул аймагт гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Нийслэлээс гадна найман аймгийн 300-аад төлөөлөгч оролцсон уг сургалтанд “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй бүсгүй хамрагджээ. Сургалтын үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны зуны сургалтын 20, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны 55 жилийн ой давхцсан нь онцлог байв. Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс оролцсон юм. Хурлын дараа Дарханы Залуучууд театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж, сургалтанд оролцогчид Эмэгтэйчүүдийн ордноор зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. “Зулзагын гол” зусланд явагдсан уг сургалтын үеэр “Буган сүлд”, “Их язгууртан Монгол” ТББ-ийн багш нар Алтан дээд гэрээ, Монгол язгууртан судлал, Сангийн яамны төслийн баг “Экспортыг дэмжих нь” сэдвээр хичээл зааж, оролцогчидтой сонирхолтой ярилцлага өрнүүллээ.  
         Сургалтын үеэр Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын эмэгтэйчүүдийн холбооны сонгуульт ажилтнууд шагнал гардуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгээр энгэрээ мялаав. Ойн баярын тохиолдуулан явуулсан азын сугалаанд “Уурхайчин” СО-ны “Арт галерей”-н эрхлэгч О.Нансалмаа, Баяжуулах үйлдвэрийн ажилтан Б.Эрдэнэчимэг, Цахилгаан цехийн ажилтан С.Лхам-Осоржам нар тодорч шагнал хүртсэн бол зуны сургалтанд гурваас дээш удаа оролцож буй бүсгүйчүүдэд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гарын бэлэг гардууллаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

          Жил бүрийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэлтэс, нэгжүүд оны эхний хагас жилийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа компанийн удирдлагуудад тавьж хамгаалдаг уламжлалтай. Энэ удаагийн хурлаар удирдах шатны ажилтнууд цех, нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөс илүү Хамтын гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээг гол шалгуур үзүүлэлт болгосон нь онцлог байв. Өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэрийнхэн тайлангаа тавихад үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд давж биелсэн амжилттай байна. Харин үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй хэмээн захиалсан материал техник, тоног төхөөрөмж цагтаа нийлүүлэгдээгүйгээс цех бүрт зардал хэмнэлт гарсан ч үйл ажиллагаанд доголдол үүсч буйг энэ үеэр цехийн удирдлагууд учирласан. Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэрийнхэн оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тайлангаа “хангалттай” дүгнүүлэв. Баяжуулагчид энэ хугацаанд хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 269 мянган тонноор давуулан биелүүлж, 3299 тонн зэсийг зэсийн баяжмалд, 568 тонн молибденийг молибденийн баяжмалд илүү үйлдвэрлэжээ. Харин зэсийн металл авалтын төлөвлөгөөг 2,67 хувиар өсгөсөн нь түүхэндээ байгаагүй дээд амжилт гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. 

 
 
 
 
 
 
 
        Өдөр тутам уншигчдынхаа гарт очдог “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, ”Үндэсний шуудан”, “Монголын үнэн” зэрэг төв хэвлэлүүд сүүлийн дугаар бүртээ  “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олны үйл амьдрал, ажлын ололт амжилт, сайн үйлсийн талаарх мэдээ  мэдээллийг тэргүүн болон дэд нүүрэндээ онцолжээ.  Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид ой хээрийн түймэртэй тэмцэж буй Онцгой байдлын газрын алба хаагчдад нэн шаардлагатай эд зүйлс илгээсэн үйл явдлыг сонинууд онцолж, “Уурхайчдын сэтгэл зүтгэл шингэсэн тусламж Онцгой байдлынханд хүрлээ” гарчгийн дор нийтэлсэн  байна.   Мөн төв болон орон нутгийн мэдээллийн mminfo.mn, ibook.mn, control.mn, ontslokh.mn, еrdenetnews.mn, еrdenetinfo.mn, еtzone.mn, еtpost.mn, еrdenetmedeelel.mn  сайтууд  уурхайчдын сайн үйлсийг олонд түгээхэд  анхаарал хандуулав. Монгол улсдаа  нийгмийн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэгч жишиг компаниар тодорсон Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйлс цаашид тасралтгүй үргэлжлэнэ гэдгийг ч хэвлэлүүд дурьджээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
    Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч жишиг компани Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны сэтгэл зүтгэл шингэсэн тусламжийн аян  үргэлжилсээр  байна. Саяхан тус үйлдвэрийн уурхайчин хамт олон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэр оронгүй болж хоцорсон иргэдэд сэтгэлийн дэм өгч, гэр болон бусад эд зүйлсээр тусламж үзүүлсэн. Тэгвэл энэ удаа тэд ой хээрийн түймэртэй газар нутагт ажиллаж буй Онцгой байдлын газрын албан хаагчдад сэтгэлийн бэлэг хүргэх тусламжийн аяныг эхлүүлээд байна. Үүний эхлэл болгож, тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Орхон аймгийн Онцгой байдлын комисстой хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын ажилтнууддаа тусламжийн эд зүйлсийг хүргүүлэв. Тэнд тус  аймгийн Онцгой байдлын  газрын 30 гаруй ажилтнууд дайчлагдан ажиллаж байгаа аж. 
     Тусламжийн аяны зохион байгуулагчид гал унтраахаар ажиллаж буй албан хаагчдад хамгийн түрүүнд юу шаардлагатай байгаад анхаарал хандуулж,  тэдгээрийг  цаг алдалгүй шуурхай хүргэхийг зорьсон байна. Тийм учраас галд тэсвэртэй ажлын гутал, хувцас, илгэн алгатай бээлий, идэвхжүүлсэн нүүрсэн шүүртэй амны хаалт, цэвэр ус болон усны сав зэрэг чухал хэрэгцээт эд зүйлсийг эхний ээлжинд  хүргүүлжээ.
     Түүнчлэн эдгээр тусламжийн зүйлсийг яаралтай хүргэх үүднээс Эрдэнэт үйлдвэр ачааны том оврын машин техник, шатахуунаар тусалсан байна. “Бид ой хээрийн  түймэр бүрэн унтарч дуустал аянаа үргэлжлүүлж, онцгой байдлын ажилтнуудад  сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг тусламжаа тасралтгүй хүргэнэ” гэж тус үйлдвэрийн албаны эх сурвалж онцоллоо.
 
М.Балжинням  
 
 
 
 
 
 
 
 
 
     БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, тус үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн  өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Элчин сайд Шин Хаймин хөдөө орон нутагт хийгдэж буй Хятад улсын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн ажилтай танилцах зорилгоор Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажлын айлчлал хийж байгаа аж. Тэгвэл түүний энэ удаагийн айлчлалын сүүлийн цэг нь Орхон аймаг байж, энэ үеэрээ Эрдэнэт үйлдвэрт зочилсон  юм. Түүнийг  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон  удирдах ажилтнууд, Дулаан цахилгаан төвийн өргөтгөлийг гүйцэтгэгч Harbin electric international компанийн төлөөлөл угтан авч, өргөтгөлийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
     Harbin electric international компани бол олон улсад нэр хүндтэй, дулаан цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч, Хятад улсын компани юм.  Тус компани Эрдэнэт үйлдвэрийн Дулаан  цахилгааны  төвд  48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор  суурилуулах төслийн ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн юм.  Хоёр тал түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 18 сарын хугацаанд бүрэн ашиглалтанд өгөхөөр гэрээ байгуулсан. Харин өнөөдрийн байдлаар өргөтгөлийн ажлын явц 94 хувийн гүйцэтгэлтэй, маш амжилттай хийгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь нэг талаас захиалагч Эрдэнэт үйлдвэр, нөгөө талаас гүйцэтгэгч  Harbin electric international компани хоорондоо сайн ойлголцож, гар сэтгэл нийлэн, хүндрэл бэрхшээлийг хамт даван туулж чадсаныг харуулж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Эрчим зүйч мөн тодотгов. Элчин сайд Шин Хаймин өргөтгөлийн ажлын явц, үйл ажиллагаанд сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд, өнөөдрийн төслүүд хэрэгжиж  амжилттай дуусах нь маргаашийн өөр төслүүд хэрэгжих суурь нь болно гэсэн юм. 
     Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор  суурилуулснаар  үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. 
 

 

     Эрдэнэт үйлдвэр намар өвлийн улиралд тогтвортой, найдвартай ажиллах бэлтгэлээ хангаж эхэллээ.  Бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган, бүтцийн нэгжүүд тогтоосон хугацаанд  бүрэн хэрэгжүүлэхийг Ерөнхий захирлын тушаалаар үүрэг болгов. Нэн түрүүнд намар өвлийн улиралд бэлтгэх ажилд шаардагдах материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгыг ирэх сарын 15-ны дотор гаргаж Хангамжийн хэлтэст хүргүүлэх ажил хийгдэнэ.  Энэ жил үйлдвэрийн цех нэгжүүд намрын улирлаас урьтаж, хэд хэдэн томоохон засварын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн хаалга цонх, галын гидрант ба худгийн дулаалга, шугам хоолой болон хаалт арматур, ус хангамж, агааржуулалт, дээврийн  засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийх юм. Ил уурхайн доторх зам, чулуулгийн овоолго,үйлдвэрлэлийн талбайг цас орохоос наана хайргаар хучин аюулгүй байдлыг хангах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай ажиллагааг иж бүрэн хангах зэрэг  ажлууд мөн хийгдэнэ. Намар, өвлийн улиралд бэлтгэх ажлыг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтэн, удирдах ажилтнуудад чиглэл болгосон байна.
 
 
 
     Оны эхний хагас жилийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөт ажлуудаа сайн гүйцэтгэж, “дүүрэн хангалттай”, “хангалттай” үнэлгээ авсан цех хамт олон, ажилтныг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар урамшуулав. Гамшгаас хамгаалах сургалт дадлагыг чанартай явуулж, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар ахиц, амжилт гаргасан Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Спортын ордон, Ган бөмбөлгийн цехийн хамт олон “Дүүрэн хангалттай”, бусад цехүүд “хангалттай” үнэлэгдсэн байна. Ажилтнуудаас Ил уурхайн мэргэжлийн ангийн дарга Б.Отгондаваа, орлогч дарга С.Гандуулга, Авто тээврийн байгууллагын мэргэжлийн ангийн сэргээн босголт хариуцсан ажилтан Х.Болдбаатар, Спорт ордны мэргэжлийн ангийн орлогч дарга З.Сүлдболд, Ган бөөрөнцгийн цехийн мэргэжлийн ангийн дарга А.Отгончулуун, орлогч дарга Д.Бат-Эрдэнэ нар “Дүүрэн хангалттай” үнэлгээ авч, нэг сарын үндсэн цалингийн 20 хувийн урамшууллаар шагнуулав.
 
     Баяр наадмын өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт нийт 89 эх амаржжээ.Тэдний 45 нь хүү, 35 нь охин төрсөн байна. 7 сарын 11-12-ны өдөр хамгийн олон төрөлт байсан буюу 18 ээж амаржсан талаар тус эмнэлгийн эмч нар мэдээлэв.  Харин хүүхдийн хүлээн авах тасгаар үйлчлүүлж, үзүүлж зөвлөгөө авсан нийт 729 хүүхдээс 29 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Одоогийн байдлаар тус тасагт 20 өвчтөн эмчлүүлж байгаа аж. 
     Түргэн тусламжийн 103 дугаарт нийт 490 дуудлага ирсэнээс бага насны хүүхдийн дуудлага 68, осол гэмтлийн 29, ханиад томуут өвчний 30, архидан согтууралтай холбоотой 83 дуудлага байсан бол Халдвартын тасгийн хүлээн авахад ирсэн 103 дуудлагын ихэнхид нь халууны тууралт гарах, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд давамгайлжээ. Тус эмнэлгийн эмч нарын хэлсэнчлэн эдгээр дуудлагын 50-иас дээш хувь нь Эрдэнэт хотоор дайран өнгөрч буй иргэд байжээ. Жилээс жилд баяр наадмын үеэр түргэн тусламжийн дуудлага эрс ихэсдэг. Энэ жилийн хувьд эмнэлгийн ачаалал, үйл ажиллагааны үеэр ямар нэгэн саатал гэмтэл гараагүй бөгөөд жижүүрийн эмч сувилагч нар хариуцлагатай, сайн ажилласан талаар Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн удирдлага мэдээлэлдээ онцлов.
 
 
 
Ч.ЭНХМӨНХ
 

    Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ажилтнуудад хүргэх тусламжийн цуваа 2017 оны 07 сарын 16-ны өдөр Орхон аймгаас хөдөлсөн байна. Уг  тусламжийн эд зүйлсийг аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК, хувь хүмүүсийн дэмжлэг, хандиваар бүрдүүлсэн юм. Ерөө суманд гарсан гал түймрийг унтраах ажилд манай аймгийн Онцгой байдлын 30 гаруй ажилтнууд дайчлагдан ажиллаж байгаа аж. Өнөөдөр өглөө аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн Онцгой байдлын комиссыг шуурхай хуралдуулж, гал түймэр унтраах ажилд шаардлагатай эд материал бусад зүйлсийг цаг алдалгүй хүргэхээр шийдвэрлэсэн юм. Шуурхай хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дэд дарга Д.Золжаргал мэдээлэл хийж, түймэрт ажиллаж буй албан хаагчдын хүнс дууссан. Мөн ажлын гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас зэрэг эд зүйлс нэн түрүүн шаардлагатай байгааг хэлэв. 

     Иймд эдгээр зүйлсийг яаралтай хүргэх үүднээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон ачаа хүргэх машин шатахуунаас гадна 2000 ширхэг агаар шүүгчтэй маск, ажлын гутал 200 ш, хуучин угаасан ажлын хувцас 200 ширхэг, 25 литрийн усны сав 30 ш, галын зориулалтын хувцас 20 ширхэг, шинэ гутал 15, мөн 400 ш цэвэр ус хандивлалаа. Эдгээр тусламжийн зүйлсийг Ерөө суманд хүргэж өгсөн бөгөөд цаашид түймэр бүрэн унрааж дуустал тусламжийн аян үргэлжилнэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ ярилаа.