Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 19 6-р сар 2020

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хамт олон өнөөдөр 3506 дахь хоногтоо осолгүй ажиллаж байна. Тус хэсгийнхэн дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн ослыг тэглэх зорилгоор осолгүй ажилласан хугацаагаа (цаг, хүн цаг) тоолдог туршлагыг нутагшуулахаар зорьсноос эдүгээ 10 дахь жилийн нүүр үзэж байна. Тэд ажлын байрны аюул эрсдэлийг хамгийн бодитой үнэлэх нь  ажилтан өөрөө  гэж үзэн ажил эхлэхийн өмнө хувийн карт хөтөлж хэвшжээ. “Энэ бол манайхны  олон жил осолгүй ажилласан амжилтын үндэс” гэж цахилгаанчин Ч.Болдбаатар ярилаа. Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, ажилбарын эрсдэлийг тооцож, бригадын хамт олонтойгоо хэрхэн аюулгүй ажиллах талаар 2-3 минутад багтаан санал солилцдог аж. Осолгүй ажилласан хугацааг тоолдог болсноор аюулгүй ажиллах сэдэл төрдөг, мөн өглөөний ХАБ, ажлын байрны гимнастикаа хэвшүүлэхэд дэм болдог тухай тус хамт олон ярьж, нийтээрээ осолгүй ажиллаж, илүү их баялаг бүтээцгээе гэж уриалав. Тэдний туршлагыг нэвтрүүлж буй хамт олон ч бий. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Цахилгааны албаныхан өнгөрсөн сарын нэгнээс осолгүй ажилласан тооллоо эхлүүлсэн байна.  

                                                                                                                        Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

 

     Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан тоос тоосонцор, утаа униар, нарны туяа, хүйтэн салхи хүрээлэн буй бүхий л зүйл харшил үүсгэх шалтгаан болдог. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажилчид, энгийн иргэдийн ч нийтлэг зовуурь болсон харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмнэл зүйн дархлаа, харшил судлалын эмч Т.Соёлмаатай ярилцлаа. 

-Юуны өмнө эмнэл зүйн шинжлэх ухааны үүднээс харшил гэж чухам юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ерөнхийдөө харшил гэдэг бие махбодод аливаа уураг, микрод, вирус нянгийн бус гаралтай бодисууд анх удаа юм уу, давтан орж өөрийн антелуудтай зохицон нэгдэхэд үүсдэг хэт цочирлын хариу урвал юм. Орчин үеийн анагаахын болон биологийн шинжлэх ухааны эрдэмтдийн анхаарлыг татаж буй салбар шинжлэх ухааны нэгд харшил яахын аргагүй багтаж байна. Шинэ зууны чимээгүй тахалд чихрийн шижин зэрэг өвчлөлийг нэрлэдэг ч XXI зууныг харшлын эрин гэж тодорхойлоод байна.

-Харшил хаанаас, юунаас үүсдэг вэ? Сүүлийн үед нэмэгдэх болсон гол шалтгаан нь юу вэ. Гадуур хийсэж байгаа улиасны “цагаан хөвөн”-гөөс үүсэх үү?

-Гол шалтгаан нь анагаах ухааны өндөр хөгжил, төрөл бүрийн эм тарилга, шинжлэх ухаан үйлдвэрлэл, уул уурхай, хотжилттой холбоотой олон сөрөг зүйл гарч ирж байна. Жишээ нь анагаах ухааны өндөр хөгжил нь төрөл бүрийн эм тарилга, химийн дан ба нийлмэл бодисыг эд материалын зүйлс хэрэглэж байгаатай холбоотойгоор харшлын хариу урвал гарч байгаа. Нийгэм өөрчлөгдөж хүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр “Одоо яах вэ?” гэх оюун санааны хэт ачаалал ирж мэдрэлийн сульдалт, архаг ядаргаа, стресс, мөн хот суурин газрын агаарын бохирдол, үйлдвэр уурхайн тоос шороо мананцар, утаа униарыг дагаад бичил орчин өөрчлөгдөх гэх зэрэг олон хүчин зүйлтэй холбож үздэг. Дэлхийн харшлын байгууллагын мэдээгээр нийт хүн амын 33-37 хувийн харшилтай байгааг тогтоосон. Үет навчит ургамал тоосоо гөвөх цаг учир улиасны хөвөн ч мөн ам хамарт орж загатнуулан харшил сэдрээхэд нөлөөлнө.

-Үйлдвэрийн ажилчид ажлын байрны онцлогоос шалтгаалан харшилтай болох тохиолдол байдаг уу?

-Ажлын байрны онцлогоос хамаарч харшлын шинж тэмдэг илэрсэн хүмүүс ирдэг. Ган бөөрөнцгийн цехийн операторууд, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч, цутгуурчид, элс хатаагчид, элс шигшигч, хольц бэлтгэгч нар химийн найрлагатай бодистой ажилладаг учраас нүд нь улайх, амьсгал нь бачуурах, хоолой нь боогдох зовуурь, шинж тэмдгүүд илэрч ирдэг.

-Цагаан тоос харшил үүсгэх үү?

-Ерөнхийдөө, тоосны дэгдэлт, амьсгалын замыг хуурайшуулж, гуурсан хоолойн үрэвслийг архагшуулахад нөлөөлж болно. Гэхдээ яг цагаан тоосноос боллоо гэсэн эмнэлгийн батлагдсан дүгнэлт онош бол одоогоор байдаггүй.

-Харшлын зонхилох хэлбэр юу вэ? Иргэд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Өдийд, ургамлын тоосонцрын харшил, үет ургамал, навчит ургамал, бургас зэрэг тоосоо гөвөх үед хүмүүсийн ам хамарт наалдан найтаалгах, зовхи улайх, загатнах зэрэг харшлын нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Түүнээс гадна хоол хүнсний харшил бий. Эмчилгээ хийлгэх явцад ч хүнсээ тохируулах хэрэгтэй. Жишээ нь, зөгий балтай ус ходоодонд сайн гээд өлөн элгэн дээрээ зөгийн балтай ус уулаа гэхэд харшил хөдөлсөн үед хүндрүүлэх эрсдэлтэй. Жимснүүдээс киви, лимон, жүрж зэрэг исгэлэн, хүчиллэг жимснүүд харшил сэдрэхэд нөлөөлдөг. Хүнсний ногоонуудаас чинжүү, саримс, дарсан ногоо, лечо зэргийг хорих хэрэгтэй. Мөн эмийн харшил хамгийн элбэг байна. Өвчин эмгэгийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх зориулалтаар эмийн бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа нь эргээд харшилдаж байгаа юм. Нэг өвчнөө эдгээх гэж байгаад нөгөө өвчнөө сэдрээгээд байна. Эмийг зааврын дагуу бус, дураараа хэрэглэх нь гаж нөлөө үзүүлэх, бие эрхтнийг хордуулах, дархлааны тэнцвэрийг алдагдуулах, харшил ба донтолтын хэлбэрт хүргэдэг. Ялангуяа 18-40 насныхан илүү өртөнө. Мөн бага насныхныг хараа хяналтгүй орхисноос сав баглаа боодлыг нь сонирхон хэрэглэх тохиолдол их байна.

-Эмийн харшлын талаар илүү тодорхой тайлбарлавал?

-Эмийн харшил үүсэх олон шалтгаан бий. Тухайн хүний бие махбодын хэт мэдрэгшсэн байдал, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн хэмжээ тохирсон ч хүчтэй урвал үүсгэж шимэгдэхгүй удааширсантай холбоотой байж болно. Дотор эрхтний эмгэг, ялангуяа элэгний архаг үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед харшил хөдлөх нь элбэг. Мөн эмийн бодис биед нь хэр их цэвэрлэгдсэн эсэх, бас ажил мэргэжлийн онцлог шалтгаална. Нэгэн зэрэг олон эм зэрэгцүүлэн хэрэглэх, цаг минутын зайтай ууж байгаа эсэх, үрлэн чихэр шиг залгиж байна уу, гэх мэт уух арга барил, их тунгаар удаан хэрэглэх, олон давтан эмчилгээ хийлгэх зэрэг багтана. Тиймээс хэрэглэгчийн нас хүйс, биеийн галбир, дархлааны системийн байдал, хорт муу зуршилтай эсэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бичил бага тунд ч хариу урвал үзүүлж мэднэ. Эмийн харшил ихэнхдээ, хурдан хугацааны харшлын урвалаар хурц илэрч, артерийн даралт буурах, цус бүлэгнэх, төв мэдрэлийн системийн ажиллагаа алдагдах, хялгасан судас дарагдах зэргээр амь насанд аюул учруулж болзошгүй. Ийм үед хамгийн түрүүнд, хэрэглэж байгаа эм тариаг холдуулна, мөн хажууд нь өөр төрлийн эм байх ч хэрэггүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ, даралт унаж байвал ихэсгэнэ, зүрхний хэм алдагдаж байвал удаашруулна.  

-Харшлаас энгийн аргаар сэргийлэх боломжтой юу?

-Харшил үүсгэгчийг тодорхойлж өөрөөсөө холдуулах, дархлаагаа дэмжиж дасгал хөдөлгөөн хийх, хангалттай унтаж амрах, хоол, хүнсний дэглэм сахих хэрэгтэй. Хуучин,  ходоод хоолоор дүүрэн байхад л болдог гэх ойлголт байж болохгүй. Заавал цадталаа, чинэртэл нь идэх албагүй. Бага багаар, ойр ойрхон, зөв зохистой сайн чанарын хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ажил амралтаа зөв зохицуулах нь чухал. Амарч байгаа нь энэ гээд  хэвтэж, унтах биш дасгал хөдөлгөөн хийж, аялалд явж, цэвэр агаараар амьсгалах зэрэг энгийн боловч амьдралын зөв хэмнэл хэвшүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн архаг суурь өвчнүүдээ анхаарах. Хэрлэг, бахлуур, бамбай булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн өвчлөл, шүдний болон гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг идээт үрэвслүүдээс өөрийгөө цэвэрлэн суурь өвчнөөс ангижрах хэрэгтэй. Энэ болгон харшил үүсгэхгүй ч дам сэдрээнэ. Мөн харшлыг ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэнтэй холбож тайлбарладаг болсон. Эмийн хэрэглээгээ хянах. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр янз бүрийн эмүүд гарч байна. Аливаа эмийг эмчийн заавраар, жорын дагуу зохистой хэрэглэх шаардлагатай. Жишээ нь хоолой өвдөхөд хамаагүй антибиотик ууж, цацдаг нь буруу. Эхлээд тэр хэсгийг ариутган цэвэрлэх, содны болон тамедины уусмал, жамц давсаар зайлах, улайж идээлэх маягтай өнгөр тогтсон байвал жорын дагуу эм цацлага хэрэглэх нь зохистой. Түүнээс гадна орон байр, хот орчны эрүүл ахуйн дэглэм чухал. Шорооноос сэргийлж хашаа хороогоо зүлэгжүүлэх, моджуулах, цэцэгжүүлэх хэрэгтэй.   Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчээс л зөвлөгөө авна. Хүний үгээр, дураараа эмчилгээ хийснээр архагшуулах, бүр хүндрүүлэх аюултай.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

А.МАРАЛ

 
Бүлэг Ярилцлага

     Тээвэр ложистикийн албаны Нефть баазын хэсгийн бүтээмж чанарын “Оргил” дугуйлангийнхан Засварын өрөөгөө өөрсдийн хүчээр засаж, тохижуулан саяхан ажилд орууллаа. 2007 онд ашиглалтад орсноос хойш огт “гар хүрээгүй” энэ заалны  шалыг бүрэн цутган  будаж, хана туургаа тэгшлэн замаскдаж, эмульсджээ. Мөн   сейф, шугам хоолой зэрэг эд зүйлсийг   өнгийг ч сэргээн буджээ.  Дугуйлангийн  10 гаруй гишүүн 14 хоногт багтаан ажлын байраа ийнхүү тохижуулан үзэмжтэй болгосон байна. Тэд үндсэн ажлынхаа зэрэгцээ  бүтээмжийн үйл ажиллагааны 5С хэрэгжүүлэн  өрөө байраа  засварлаж,  тохитой орчинд урамтай ажиллаж байна.  

Я.Энхтуяа 

       Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсэг  2012 онд үйлдвэрлэсэн “TАТРА”  чирэгч автомашиныг үйлчилгээнд ашиглаж байна. Тус ТАТРА ТЗС-928 маркийн 18,5 тн даацтай чирэгч автомашиныг “Demarko” 48 тн даацтай чиргүүлийн хамт 2013 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглаж иржээ. Уг ТЗС-928-90 маркийн машин нь 12,7 л багтаамжтай, V8 хэлбэрийн, салхин хөргүүртэй, дизель хөдөлгүүртэй, гурван тэнхлэгт 6х6 хөтлөгчтэй юм. Энэхүү чирэгч автомашин нь 48 тн даацтай чиргүүл чирч, захиалагчдын хүнд жинтэй, овор ихтэй ачаа, гинжит болон бусад машин механизмыг зөөвөрлөн ажиллаж байна. Ихэвчлэн “Komatsu” D65, D155, D275 бульдозер, “Komatsu” PC200, PC220 экскаваторыг ажиллаж буй байрлалд зөөвөрлөх, засвар болон гараашинд байрлуулах ажил гүйцэтгэдэг. Том оврын машин механизмын техникийн үйлчилгээг цаг тухайд хийхэд энэхүү машин чухал үүрэгтэй, гэж албаны хүн ярилаа.

                                                                                                     Т.Батчулуун

 

Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далан руу шахаж, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд эргэн ашигладаг. Энэхүү Цэвэрлэх байгууламжийн 8НДВ-60 маркийн насосны ашиглалтын хугацаа дууссан тул техник ашиглалтын найдвартай ажиллагааг хангах зорилгоор KSB-ийн Омега 200-670/315 маркийн насосны агрегатыг солин суурилуулж байна.  2020 оны  засвар угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу Инженерийн зураг төслийн хүрээлэн энэхүү ажлын зураг төслийг гаргажээ.  Уг насосны агрегатыг сольж суурилуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шинэ насосны агрегат суурилуулснаар үйлдвэрлэлийн технологийн цэвэрлэгдсэн усыг Хаягдлын аж ахуйн даланд улирал харгалзахгүй жилийн турш шахах боломж бүрдэнэ.  Мөн Хаягдлын аж ахуйн далан руу шахах ф400 хос шугам хоолойг шинэчилж солих ажлын зураг төсөл батлагдаад байна.

                                                                                           Т.Батчулуун

 

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд энэ оны  Геологи хайгуулын ажил хийгдэж байна. Геологи, хайгуулын экспедицийнхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой үйл ажиллагааг хангах, урт хугацааны стратегийн төлөвлөлтийн үндсэн чиглэлийг тодорхойлох, ордын төлөвлөлт, олборлолтын ажлыг олон төрлийн мэдээлэлд тулгуурлан нарийвчлан боловсруулах, бэлтгэгдсэн хүдрийн нөөц баялгийг нэмэгдүүлэх, талбайн болон гүний геофизик, геохимийн судалгааны аргын гүйцэтгэлээр хайгуулын өгөгдлийн сан бүрдүүлэн ажиллаж байна. 2020 оны I улиралд Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийнхэн  “Эрдэнэтийн-Овоо” ордын Баруун хойд хэсэгт Ашиглалтын хайгуулын төлөвлөгөөт өрөмдлөгийн ажлыг 105 хувь биелүүлжээ. Мөн цехийн төлөвлөгөөт өрөмдлөгийн ажил болох Гидрогеологийн цооног өрөмдлөг, Хаягдлын аж ахуйн цагаан тоос дарах, уулын цул бэлтгэх тэсэлгээний өрөмдлөгийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн аж. Түүнчлэн, Шандын ордод нийт 7000 тууш метр өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор дөрвөн цооног буюу 2900 тууш метр өрөмдлөгийн ажил хийжээ.  Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедиц өрмийн суурь машинуудын технологийн зарим чухал сэлбэг материал, хайгуулын зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

                                                                                  Т.Батчулуун

 

Засвар угсралтын цех ХАБЭА-н үйл ажиллагаанд анхан шатны удирдлага, ажилтнуудын оролцоо, манлайллыг сайжруулах зорилгоор “Өглөөний ХАБ” хоёр сарын аян зохион байгуулав. Аяны хугацаанд мастерууд “Өглөөний ХАБ”-ыг явуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллажээ. Мөн аяны үйл ажиллагаанд Агааржуулалтын дэд хэсгийн ИТА, ажилтнууд идэвхтэй оролцож давхардсан тоогоор 72 удаа “Өглөөний ХАБ”-ыг явуулж, бэлтгэсэн сэдвийн чанар, самбар хөтлөлт, сар улирлын мэдээг тогтмол гаргаж ажилласан байна. Тус цехийн Агааржуулалтын дэд хэсгийн ажилтнууд 32 гарын авлага материал бэлтгэжээ. “Өглөөний ХАБ” аянд бусдыгаа манлайлан оролцсон Агааржуулалтын дэд хэсгийн ажилтан Б.Азжаргал, П.Оюунбилэг, Ч.Азжаргал, мастер З.Эрдэнэзул, А.Эрдэнэцогт, Эрдэнэзориг нарт мөнгөн урамшуулал олгов.

Т.Батчулуун

 

 

Баяр наадмын өдрүүд айсуй. Гэсэн ч коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам хэрхэн зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. Харин жил бүр аймгийн баяр наадмын нээлт, урлаг соёлын үйл ажиллагааны гол ачааг нуруундаа үүрдэг Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборынхон маань хөл хорионы дэглэмийн үед ч үүргээ гүйцэтгэхээр шийджээ. Тэд гурван төрлийн цахим уралдаан зарлахаар төлөвлөж буй талаар Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран сайхны удирдаач Д.Одончимэгтэй ярилцлаа.

-Дуу, бүжгийн Эрдэнэт чуулгын уран бүтээлчид хүүхдийн баяраар сонирхолтой цахим уралдаанууд зарлан зохион байгуулж дүгнэлээ. Үндэсний их баяр наадмыг угтаж ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?   

-Дэлхийн гэр бүлийн өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан манай Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгаас олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олон нийтийн хүртээл болгосон. Коронавирусын халдварын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчинтой холбогдож шинэ соргогоор сэтгэж ажиллах боломжийг бүрдүүлж байна. Сонирхолтой, олон сайхан ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ жилийн хувьд аймгийн баяр наадам хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа. Тиймээс бид хүмүүст баяр наадмын уур амьсгал мэдрүүлэх үүднээс хэд хэдэн төрлийн цахим уралдаан зарлахаар төлөвлөсөн. Зуныг наадамгүйгээр, наадмыг ардын дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас бид ардын дууны цахим уралдаан зарлах гэж байна.

-Ардын дууны уралдаанд оролцож байгаа хүн үндэсний хувцастай байх шаардлагатай юу? Ер нь ямар шалгуур тавигдах вэ?

-Хувцас бол чөлөөтэй. Гол шалгуур нь ардын дууныхаа ая дан, донжийг гаргаж дуулсан байх шаардлагатай. Дуу, дүрс бичлэг чанартай байх ёстой. Хүүхдийн баярыг угтаж зарласан “Ээждээ дуулъя” цахим уралдаанд Солонгосоос, Америкаас гээд хилийн чанадаас маш олон хүн оролцсон. Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас утас нь сүлжээ барихгүй уулан дээр дуугаа дуулж илгээсэн хүн ч бий.  Манай монголчууд дууч ард түмэн учраас маш олон хүн оролцсон. Харин ардын дууны энэ тэмцээн зөвхөн Эрдэнэтчүүдийн дунд зохиогдоно. Мөн “Наадмын наргиа” гээд хошин ярианы цахим уралдаан зарлана. Оролцогчид бөхчүүдийн тухай, монгол ахуй амьдралын тухай онигоо, хошин яриагаар өрсөлдөнө. Түүнээс гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэннадмидын маань бүжсэн “Үүлэн бор” гэж сэтгэлгээний гайхамшигтай бүжиг байдаг. Тайзан дээр хоёроос гурван удаа заавал алга ташуулдаг, үзсэн хүний сэтгэл огшдог сор бүтээл.  Манай гавьяатаас өөр хүн одоо болтол тайзан дээр бүжиглээгүй. “Үүлэн бор”  бүжгийн улсын уралдааныг 21 аймаг, Улаанбаатар хотын мэргэжлийн театр, чуулгын гоцлол бүжигчдийн дунд зарлахаар төлөвлөсөн. Зөвхөн тэргүүн байр шалгаруулна, шагналын сан өндөр байх болно. Сонирхолтой, сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.

-Эдгээр цахим уралдаан, тэмцээн болох хугацаа тодорхой болсон уу?    

-Зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын есөн хүртэл үргэлжилж, 10-нд дүнгээ танилцуулна.            

-Үзүүлбэрүүдийг олон нийтэд хэрхэн яаж сурталчлах вэ?

-Гурван уралдаан хариуцсан ажлын хэсэг 24 цагаар ажиллана. Тэд ирсэн үзүүлбэрүүдийг олон нийтийн сүлжээнд цацах, сурталчлах ажлыг давхар хариуцах юм.   

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.  

М.ОДГЭРЭЛ

Фото: Б.БАТТӨГС

 
Бүлэг Ярилцлага

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс зарласан Аюулыг бууруулах төсөлт ажлын хүрээнд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн токарьчин Д.Мөнхболд, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Х.Ганбат нар газрын хөрсөн дэх хүнд металлын агуулгыг тодорхойлдог рентген цацраг үүсгүүртэй багажаас гарах ионжуулсан шарлагаас шинжээч нарыг хамгаалах хайрцаг хийжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хөрсний элементийн шинжилгээнд зөөврийн рентген багаж ашигладаг. Зөөврийнх учраас туяа нь орчинд цацагдаж, шинжээч нар ионжуулсан шарлагад өртөх эрсдэл үүсдэг байна. ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны санаачилгаар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн залуус, байгаль хамгаалагч нар цацрагт өртөх эрсдэлийг тэглэх арга зам эрэлхийлж хамгаалалтын хайрцаг бүтээсэн нь өндөр үнэлгээ авчээ. Цацрагийн чиглэлээр нийт гурван төсөл хэрэгжиж байна. Рентген шуурхай шинжилгээний лабораторид цацрагийн аюулын биет загвар хийсэн бол нөгөө нь Эрдэнэт үйлдвэрийн завсрын болон эцсийн бүтээгдэхүүнд байгалийн цацраг идэвх, зохиомол цацраг идэвх ямар байх ёстойг шинжилж буй судалгааны ажил юм.  

М.Гэрэл

Фото: 

Зэс молибдены хөвүүлэн баяжуулах процессын урвалжийн тунг оновчлох, загварчлах, программ зохиох ажлыг Чанарын хяналтын хэлтэс, ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн судалгааны баг хамтран боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.Металл авалт хамгийн их, баяжмалын чанарыг төлөвлөгөөт хэмжээнд нь барьж ажиллахад энэхүү туршилт судалгааны ажлын ач холбогдол оршиж байна.Хүдрийн шинж чанараас хамаарсан хугацааны тодорхой давтамж (цаг)-аар тусгай оновчлох арга, алгоритм ашиглан баяжуулах үйлдвэрийн урвалжийн тунг автоматаар тооцоолон ажиллах нь дараах давуу талтай юм.Үүнд:

  • Хамгийн оновчтой хувилбараар технологийн процессыг удирдана.
  • Флотацид өгөх урвалжийн тунг хянах, автоматаар тохируулах нь урвалжийн хамгийн бага зарцуулалттай үед хамгийн их зэс авах эдийн засгийн үр ашигтай.
  • Урвалж тугналтыг хүдрийн шинж чанартай уялдуулж удирдсанаар эцсийн бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөөлж, үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх аж.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог