Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 08 1-р сар 2020

  

 

    Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice системийг боловсруулан нэвтрүүлж байна.

   Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад: “Е-оffice системийг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр  жилийн өмнөөс энэ системийг боловсруулах судалгааны ажил хийж эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан уг системийг боловсрууллаа. Е-оffice системийг нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээгдэл арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Энэ системийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан. Ингэснээр систем рүү нэвтрэхэд мэдээллийн бааз дугаарлагдсан эсэх, мэдээллийн сан нь зөвхөн программаар нэгтгэгдэх зэрэг хэд хэдэн тавигдах шаардлагыг хангасан. Энэ систем нь дотроо бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан, хэрэглэгчдэд хүргэх вэб программ гэсэн хоёр хэсэгтэй. Систем нэвтрүүлж буйтай холбоотой олон санал ажилтнуудын зүгээс тавьж байгаа. Тодруулбал, Е-оffice системээр дамжуулан ажил үүргийг цахимаар хуваарилах, илүү боловсронгуй болгох, өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэх гэх зэргээр бидэнд хандаж байна. Тиймээс илүү сайжруулахаар хичээж байна” гэж хариулав.

М.Балжинням     

 

    Өнгөрсөн онд Чанар хяналтын хэлтсийнхэн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр өндөр бүтээмжтэй ажилласан байна. “Бид 2019 онд “Саналын чанарыг сайжруулъя” зорилт дэвшүүлж ажилласан. Ингэснээр үр ашигтай төслийн санал нэмэгдэж, олон тооны биш чанартай санал санаачилга гаргах идэвх чармайлт дээшиллээ гэж Чанар хяналтын хэлтсийн Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатар онцлов. Ажиллагсдын зүгээс нийт 152 санал гаргаснаас 148 нь сайн саналын ангилалд бүртгэгдэж, эдгээрийг 18 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлжээ. Цехийн хэмжээнд инноваци сайн саналын дөрвөн томоохон төсөл хэрэгжсэн байна. Тухайлбал, Химийн төв лабораторийн халаах зуухны шинэчлэл, Ил уурхайн хүдэр олборлолтын явц дахь эрдсийн мэдээллийг автоматжуулсан бөгөөд хүдэр дэх зэсийн агуулгаар хүдэр дундажлалын коэффициент тооцох аргачлал боловсруулж, MAS системд оруулж үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Мөн “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн эрдсийн хам үүсэл нь хам баяжуулалтын процесст нөлөөлөх нөлөөллийн судалгааг эхлүүлжээ. Эдгээр төсөл, судалгаа шинжилгээний ажлуудыг  тус хэлтсийн Техник хяналтын албаны технологич инженер, доктор О.Баттогтох санаачлан гүйцэтгэсэн байна.    

    Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Б.Чанцалмаа ОХУ болон манай улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан төсөлд “Монгол Улсын эрдэс түүхий эдийн цогцолборын үнэлгээний аргачлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах онолын судалгаа” сэдвээр оролцож, тэтгэлэгт хамрагдан дээрх судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн Химийн төв лабораторийн лаборант С.Одончимэгийн “Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт арга боловсруулах нь” эрдэм шинжилгээ судалгааны ажил БСШУСЯ-ын яамны 10 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ. Тус хэлтсийн хамт олон өнгөрсөн оны бүтээмж чанарын ажлаа дүгнэхэд, Сайн саналын системд оролцох ажилчдын идэвх дээшилж, чанартай саналын тоо нь өмнөх оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй байна. 

М.Балжинням 

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог