Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 07 1-р сар 2020
     Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ  сарын 6-8-ны өдрүүдэд  Модуль 2.3 сургалтын  “6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.
    Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ. 
    Энэхүү сургалт нь Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан процессыг сайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэн төслийн багууд ажиллах замаар бүтээмжийг дээшлүүлэх "6 сигма" аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой гэж сургалтын зохион байгуулагч онцлов. Түүнчлэн энэ удаа суралцагчдадаа процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма”-г хэрэгжүүлэх үндсэн аргын нэг болох DMAIC аргачлалыг ашиглах мэдлэг, ур чадварыг чухалчлан олгох аж. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд "6 сигма"-н төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн  эдийн засгийн  үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа. 
 
 
 
 
М.Балжинням

    Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс энэ сарын 15-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба ажилтны оролцоо -2020” бага хурал зохион байгуулна.

    Тус үйлдвэрийн уурхайчид жил бүрийн эхний сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ зорилтоо тодорхойлдог. Энэ уламжлал ёсоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба ажилтны оролцоо-2020” бага хурлыг зохион байгуулахаар бэлдэж байна. Хуралд уурхайчдын төлөөлөл 450 ажилчин оролцож, хуучин оны ажлаа дүгнэж, санал бодлоо илэрхийлнэ.

   Тус  бага хурлын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, хэлтэс, тэргүүний цехүүдийн танилцуулга гарч, оёдлын цех болон халуун хоолоор үйлчилдэг гэрээт компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Мөн “Ослыг тэглэе” уриан дор Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, амжилттай хэрэгжүүлсэн бүтцийн нэгжид шагнал гардуулах юм. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”, “Ажилчдын эрүүл мэнд”, “Бүтээлч бүлгүүдийн ажлын үр дүн” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэн шийдвэр гаргана.

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2019 онд олон бүтээлч ажил хийгдэж, өөрийгөө болон хамтран ажиллагчдаа аюул ослоос урьдчилан сэргийлэхэд уурхайчин бүр өндөр идэвх санаачилгатай оролцсон байна. Үүний үр дүнд тус үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон сайн туршлага, соёл бусад уул уурхайн компанид сайн жишээ болж байна гэж ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат онцоллоо. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ҮЭ-ийн холбоотой  хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний зарим заалт өөрчлөгдөж орсны нэг нь тус үйлдвэрийн ажилтны ар гэр, хамаатан садны нэг хүнийг жилд нэг удаа сувилалд хөнгөлөлттэй амраах тухай заалт юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ар гэр, хамаатан садны нэг хүнээ жилд нэг удаа Эрдэнэт сувиллын цогцолборт сувилуулах эрхтэй бөгөөд тухайн хүний сувиллын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлөх боломжтой болжээ.

    Өмнө нь Эрдэнэт сувиллын цогцолбор, үйлдвэрийн ажилтны төрсөн аав ээж, үр хүүхдэд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байсан бол шинэ  хамтын гэрээгээр эл заалтыг ар гэр, садан төрлийн нэг хүнийг гэж тодотгон, илүү боломж нээж байгааг  Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Оюунбат ярилаа.

     Хамтын гэрээний наймдугаар бүлэгт нийгэм ахуйн хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар тусгасан. Энэ заалтад тусгаснаар хэвийн нөхцөлд ажилладаг ажилтан 60 хувь, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан 75 хувь, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 100 хувь, мөн ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнууд 100 хувь, тухайн жилдээ 2 дахь удаа сувилуулбал сувиллын зардлын 75 хувийг хөнгөлөхөөр заажээ. Мөн улсын болон улирлын чанартай ажилладаг рашаан сувилал, саам эмчилгээнд ажилтан, ахмад настнууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд өмнөх жилүүдийнхтэй ижил буюу 50 хувь хөнгөлөлт эдлэх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн дугуйлангууд 2019 онд өндөр үр ашигтай ажилласан байна. Анх 2005 оноос эхэлсэн бүтээмжийн хөдөлгөөн жил ирэх тусам идэвхжиж, илүү үр дүн өгч байгааг тус үйлдвэрийн бүтээмж инновацийн мэргэжилтнүүд хуучин оны ажлаа дүгнэх үеэр онцлов.

   Өнгөрсөн жилийн хугацаанд тус цехэд бүтээмж чанарын 65 дугуйлан ажиллаж, бүтэн жилийн турш 133 төсөлт ажил, 144 жижиг сайжруулалтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүний хүрээнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хэрэгжжээ. Мөн ХАБЭА-н нөхцөл сайжруулах, ажил хөнгөвчлөх, ус, эрчим хүчний хэмнэлтийн төсөлт ажлуудыг хийж гүйцэтгэн 3,5 тэрбум орчим төгрөгийн үр ашигтай ажилласан байна.

    Харин ажилтнуудын Сайн саналын системд ХАБЭА, механик, технологи, эрчим хүч, 5 сайн үйлс, үйлчилгээний чанар зэрэг чиглэлээр нийт 1405 санал бүртгэгдсэнээс нийт саналын 70 орчим хувь нь ажилчдын санал санаачилга байв. Бүтээмж чанарын дугуйлангуудын дунд зохион байгуулсан “Дэвшилд тэмүүлэгч хамт олон”, “Сайн саналын аян”, “Супер 5с” зэрэг аянд Д.Наранбаатар даргатай Засварын хэсэг, П.Баатарцогт даргатай Урвалжийн хэсэг эхний 2 байранд манлайлж, туслах хэсгүүдээс Л.Ууган-Эрдэнэ даргатай Механик боловсруулалт бигнүүрийн хэсэг, А.Ганзориг даргатай Цахилгаан хөтлүүр автоматикын  хэсэг шилдгээр шалгарчээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог