Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 23 9-р сар 2019
   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж, орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайдын ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат нарын албаны хүмүүс багтсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашдын зорилт төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 
   “Манай улсын эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд алхам алхмаар сайжирч байна. Монголчууд бид азтай ард түмэн. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ, малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Манай орон 70 сая малтай. Нэг километр хавтгай дөрвөлжин  газарт хоёр хүн оногддог бол хойд хөрш Орос улсад 84 хүн, өмнөд хөршид 140 хүн, бидний хамгийн зорчдог БНСУ-д 500 хүн амьдарч байна. Ийм өргөн уудам нутагтай. Манай улс хуурай газрын хэмжээ, байгалийн баялагаараа дэлхийн 200 орны  эхний 20 дугаар байрт жагсдаг. Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай улсын   хөрсөн  доорх нөөц баялагийг  одоогийн байдлаар 15 төрлийн 1.3 орчим их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний ашигт малтмалтай гэж дүгнэсэн. Энэ бол геологи хайгуулын үр дүнд илэрсэн хэмжээ. Эрэл хайгуул хийгдээгүй газрын доорх баялаг асар их бий. Манай Тавантолгойн орд гэхэд жилд 30 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоход 200 жил зөөх нөөцтэй. Эрдэнэт үйлдвэр 41 дэх жилдээ ажиллаж байна. Цаашид 60 жил ажиллах боломж бүрдсэн. Геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр түүнээс ч илүү хугацаагаар ажиллах нөөц илрэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Мөн алт,зэс, мөнгө,төмөр,молибден, газрын тос, уран, байгалийн хий, газрын ховор элемент гээд нөөц ихтэй стратегийн орд газрууд олон бий. Хуурай газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байрт, эдийн засгийн хүчин чадлаараа 10 дугаар байрт жагсдаг ОХУ, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 4 дүгээрт, эдийн засгийн хүчин чадлаараа 2 дугаар байрт ордог БНХАУ-тай манай улс хиллэдэг. Ийм хоёр том хөрш, том зах зээлтэй холбогддог. Дэлхийн 7 тэрбум хүний 1.6 тэрбум нь Монгол улсыг тойрон амьдарч байна. Энэ зах зээлийг бид ашиглах ёстой. Хэдийгээр манай улс усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Тиймээс Монголчууд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг бий болгож, хойд өмнөд хөршийн том зах зээл рүү нийлүүлж чадвал бид хамгийн их аз жаргалтай, баян чинээлэг амьдрах боломжтой ард түмэн. Энэ боломж нөхцөлийг бид ашиглах ёстой” гэж Ерөнхий сайд Засгийн газрын  баримталж буй үндсэн бодлого чиглэл, зорилтоос мэдээлэлдээ дурьдав. Мөн одоогийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн  ажил, тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдлийн талаар дэлгэрэнгүй ярилаа. 
   У.Хүрэлсүхийн тэргүүлсэн  Засгийн газар өнгөрсөн хугацаанд хоёр үндсэн чиглэлд анхаарч ажиллажээ. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангах. Эдгээр чиглэлээр дэвшүүлсэн зорилт хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засаг, төсөв санхүүгийн зохистой бодлогын үр дүнд 2016 онд 1.2 хувьтай болж унасан улсын эдийн засгийн бодит өсөлтийг өнөөдрийн байдлаар 7.3 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, 7 дахин өсгөсөн гэсэн үг. Зөв бодлогын өгөөжөөр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл сэргэж байна. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж ажилласнаар сүүлийн 8 жилд байнга алдагдалтай явж ирсэн улсын төсөв анх удаа 2018 онд нэмэх 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2016 онд нэг тэрбум ам.доллар хүртэл унасан валютын нөөцийг өнөөдрийн байдлаар 4.1 тэрбум ам.доллар болгон өсгөж чадсан. Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 12.9 тэрбум ам.долларт хүрсэн нь гадаад худалдаа сайн хийгдсэнийг харуулж байна. Цаашид энэ ололт, эдийн засгийн макро түвшинд гарсан өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүрт хүргэж, ажлын байраар ханган ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх нь Засгийн газрын зорилт юм. 
   Ерөнхий сайдын мэдээллийн дараа Орхон аймгийн иргэдийн төлөөлөл, Засгийн газрын тэргүүн болон гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн. Иргэд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрт сэтгэл өндөр байгаагаа юуны түрүүнд илэрхийлж, цаашид энэ эрчээрээ сайн ажиллахыг Ерөнхий сайдаас хүсч байлаа. Тэдний асуусан ахмадуудын  тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, шимтгэл төлөх тогтолцоог шинэчлэх,  Хятад улсаас ажиллах хүч авахыг зогсоох,  “Зэс эрдэнийн хувь” компанийн хохирогчдын хохирлыг барагдуулахад төр засгаас дэмжлэг үзүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкинд төлсөн 40 сая долларыг буцаан төлүүлэхэд анхаарах, Хүнсний ногоо тариалагчдыг дэмжих, “Итгэлийн зээл” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эсэх, Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагад “Ахмадын сан” байгуулах, Эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг  улс орны эрх ашиг болон нийгмийн олон талт сэдвээр чиглэл хариуцсан салбарын сайд, албаны хүмүүс хариулт өглөө.  
   Уулзалтын үеэр Орхон аймгийн сонгуулийн 48 дугаар тойрогоос сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Содбилэг зарим иргэний асуултад хариулж, ирэх онд Эрдэнэтэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлсэн. Тухайлбал, Эрдэнэт хотын төвийн цахилгаан, эрчим хүчний гол зангилаа болсон хоёр дэд станцыг улсын төсвөөр бариулах асуудлыг энэ оны төсвийн хэлэлцүүлэгт оруулахаар болсон. Мөн Орхон аймгийн үерийн даланг Европын Холбооны Сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаас гаргасан. Эрдэнэтчүүдэд нэн шаардлагатай үерийн далан байгуулах ажлын нийт зардал 14 сая ам,долларын санхүүжилтийг шийдэж өгсөн Ерөнхий сайд болон холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлье гэсэн юм. Ингэснээр ирэх жил Орхон аймагт үерийн далангийн бүтээн байгуулалт эхлэх боломж бүрдээд байгаа ажээ. 
   Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэдээ сонсож, тэдний санал хүсэлт, захиа даалгаврыг хүлээн авч, улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдралыг цогцлооход хүн бүрийн сэтгэл зүтгэл, ёс суртахуун сахилга хариуцлага юу юунаас илүү чухал болохыг хэлсэн. Мөн тэрээр хүн бүр эх орондоо хайртай байж, үр хүүхдээ зөв хүмүүжлээр өсгөн бойжуулж, ирээдүйн үеийнхээ ажил амьдралын баталгааг өнөөдөр бий болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриаллаа. 
 
М.Балжинням
 
 
 
 
 
 
 
 


 
Орос цэцэрлэгийн туслах багш н.ОЮУНСАЙХАН: Манай цэцэрлэг цогц сургалтын хөтөлбөрөөр ажилладаг
 
   - Орос цэцэрлэгийн хүүхдүүд сурсан мэдсэнээ нийтэд хүргэж байгаа нь өхөөрдөм санагдлаа. Сургалтынхаа талаар онцолбол?
   - Манай “Катюша” цэцэрлэг 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид Эрдэнэт хотын иргэдийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд 3-7 настай 11 бүлгийн 260 орчим хүүхэд хүлээн авсан. Хүүхдүүдээ амин дэмээр баялаг орос хоол хүнсээр хангаж, өдөр тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулан, чийрэгжүүлэх, бялдаржуулах, витаминжуулахад ихээхэн анхаардаг. Чадварлаг, туршлагатай орос багш нараар хамт олноо бүрдүүлсэн манай цэцэрлэг  цогц сургалтын хөтөлбөр төлөвлөн, хүүхдэд гадаад хэлийг эзэмшүүлэхэд үгийн баялаг нэмэгдүүлэх, хэлний соёлыг өвлүүлэх, харилцааны чадамжийг дээшлүүлэх чиглэлээр зорилго тавин ажиллаж байна. Хүүхдүүд маань бүжиглэж, дуулж, сурсан мэдсэнээ оролцогчдод танилцууллаа.
 
 

 
Оёдлын цехийн Санхүү, маркетингийн албаны дарга М.ОЛОНЖАРГАЛ: Зах зээлээ өргөжүүлж, захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан
 

 
    - Оёдлын цехийн хувьд тулгамдсан ямар асуудал байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг оёмол бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан Оёдлын цех нь 2007 оноос “Эрдсүлж” компани болон ажилласан. 2019 оноос Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж боллоо. Эрдэнэт үйлдвэрийг ажлын хувцас, хэрэгцээт оёмол бүтээгдэхүүн, зэсийн баяжмалын уутаар хангах ажлыг хариуцаж байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар бид 3 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Үүнд нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүн, 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий баяжмалын уут тус тус нийлүүллээ. Өртөг зардлаа хэмнэж, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарахын зэрэгцээ зах зээлээ өргөжүүлж, захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Манай цех өнөөдрийн байдлаар 130 ажилтантай, үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болсоор цалингаа 20 хувиар нэмэгдүүллээ. Үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн хүрээнд хамрагддаг бүхий л дэмжлэг, тусламж, үйлчилгээг авч байгаа нь сайхан байна.
 

 
 
Энэрэл хүүхдийн төвийн эрхлэгч М.МАЙЦЭЦЭГ: Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахын сайхныг ойлгож авсан байх
 
    - Энэрэл төвийн хүүхдүүд ямар авьяасаа харуулж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг 26 жил дэргэдээ ажиллуулж байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс үйлдвэрийн удирдлагууд, уурхайчиддаа баярлаж явдгаа илэрхийлье. Хүүхдүүд маань юу сурч мэдсэнээ танилцуулахаар ирсэн. Гар урлалын бүтээлүүдээ дэлгэлээ. Багш нарын чармайлт, өөрсдийн хичээл зүтгэлээр сурсан мэдсэнээ бусадтай хуваалцана гэдэг ямар сайхан зүйл болохыг ойлгож авч байгаа байх. 
 


 
Эрдэнэт сувиллын цогцолборын Чанарын мэргэжилтэн Л.МАШБАТ: Эрүүл амьдралын хэвшилтэй болцгооё
 

 
    - Эрдэнэтчүүддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
   - Манайх өртөөчилсөн хэлбэрээр асар майхан байршууллаа. Эхо аппаратны үзлэг хийж, сахар, биеийн жингийн индекс тодорхойлсон. Мөн нурууны татлага хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ. Иргэдэд өглөөний цай, хөдөлгөөний ач холбогдлын талаар ойлголт өгч, өглөөний цайны 7 багц бэлтгэн танилцуулсан. Өглөө бүр ширгэсэн ус ууж, биеийн үйл ажиллагаагаа тэнцвэржүүлэх, булууны яс хэрэглэж хэвших, өглөөний цайгаа уух зэрэг нь өнөөгийн бидний эрүүл явах эх үндэс болох юм. Эрүүл амьдралын хэвшилтэй болцгооё гэдэг үгийг нийт Эрдэнэтчүүддээ уриалмаар байна.
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

 
 
Спорт цогцолборын их эмч П.МӨНХЦЭЦЭГ: Бассейнд 2-5 настнуудаа бүртгэж эхэлсэн
 
 
   - Спорт цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү? Энэ хичээлийн жилд шинээр нэмэгдсэн дугуйлан бий юу?
   - Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбор Орхон аймгийн хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэдний бие бялдрыг хөгжүүлэхэд бүх талаар анхааран ажилладаг. Өнөөдрийн байдлаар 118 ажилтан, 7 албатай үйл ажиллагаа явуулж байна. Алба бүр өөрийн онцлогтой. Энэ хичээлийн жилд 25 төрлийн дугуйлан, секц хичээллэнэ. Өвөл цагийн үйл ажиллагааны нээлтийн үеэр дугуйлан, секцийнхээ мэдээллийг танилцуулж, хүүхэд, залуучуудаа элсүүлэх ажлыг зохион байгуулж байна. Дугуйланг хариуцсан багш нар бүртгэл хийж, нэг цэгийн үйлчилгээнээс эмчийн үзлэг үзүүллээ. Манай дугуйлангууд төлбөрийн хувьд боломжийн, эцэг эхчүүдэд ачаалал өгөхгүй талаас нь анхаарсан. Бид энэ хичээлийн жилээс усан бассейнд 2-5 настнуудаа бүртгэж эхэлсэн. 
 
 

 
Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.ЖАРГАЛСАЙХАН: Бид эрүүл хоолоор үйлчлэхийг эрхэмлэдэг
 
 
   - Өнгөрсөн дөрөвдүгээр сараас шинэ бүтэц, зохион байгуулалтад орсон СААЖЦ-ын үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ? Өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
   - Үр бүтээлтэй сайхан үйл ажиллагаа болж байна. Нийгмийн цехүүд нь Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилтны нийгмийн бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн. Бид хүүхдүүд болон ажиллагсдаа ая тухтай амраах, халуун хоолоор үйлчлэх, хүлэмжийн, рестораны, зочид буудлын үйлчилгээ үзүүлэх чиглэлд ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Энэрэл асрамжийн төвийг ажиллуулдаг. Энэ төв ч манай нэг бүрэлдэхүүн мөн. Цогцолборын хэмжээнд хөдөлмөрийн гэрээгээр 157, хөлсний гэрээгээр 51 ажилтан ажилладаг. Ил уурхайн “Сэлэнгэ” цайны газар амжилттай ажиллаж байгаад сэтгэгдэл өндөр байна. Бид эрүүл хоолоор үйлчлэхийг эрхэмлэн, үйлчилгээний чанар стандартаа дээшлүүлэхэд анхаарах болно. 
 
 
 
Технологийн сургуулийн захирал Д.ЗОРИГТХҮҮ: ХАБЭА-н чиглэлээр жилд 8300 хүнийг хамруулдаг
 

 
   - Технологийн сургууль өмнөө тавьсан зорилго, зорилтоо хуваалцахгүй юу?
   - Технологийн сургууль жилдээ 10-12 мянган хүнд сургалт явуулдаг. Өнөөдрийн байдлаар бид сургалтуудаа танилцуулж, мэдээлэл өглөө.  Манайх ахлах сургуулийн 10 дугаар ангиас дээш, мэргэжлийн түр сургалт, мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн курс, бакалаврын, магистрын 10 хөтөлбөрөөр тус тус сургалт явуулдаг. Үүний зэрэгцээ хувь хүний хөгжлийн сургалтууд тасралтгүй зохион байгуулж байна. ХАБЭА-н чиглэлээр жилд 8300 хүнд, бүтээмж инновацийн чиглэлээр 1000-аад хүнийг хамруулдаг. 2020 онд манай сургуулийн 45 дахь хичээлийн жил тохиох тул ойгоос өмнө ахлах сургуулиа Кембриджийн хөтөлбөрт шилжүүлэх, Техникийн боловсрол олгох, Бакалаврын үр дүнд суурилсан CDIO хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцоно. Манайх 95 ажилтан, 4 тэнхимтэй үйл ажиллагаа явуулдаг. Бакалаврын түвшинд 2054 хүн төгсгөж, одоогоор 550 хүн нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 800-аад хүнд техникийн боловсрол олгосон. Багшлах боловсон хүчний 20 гаруй хувь Эрдэнэт үйлдвэрийн техникийн боловсролтой анхны 462, Оюутолгойн анхны 465 хүнийг тус тус бэлтгэсэн.
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн хүнд хортой нөхцөлд ажиллагсдын хувьд нэн чухал, асар хүлээлттэй байсан асуудал нь шийдвэрлэгдлээ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, насосны машинч, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчдын ажлын нөхцлийг хөдөлмөрийн хүнд, халуун, хортой ангилалд оруулснаар хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоогдохоор болж байна.
   Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчидтай уулзах үеэр ажилчид дээрхи асуудлаар санал, хүсэлтээ хэлж, сүүлийн 10 орчим жил төр засагт хандсан ч шийдвэрлүүлж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий захирал ажилчдын санал хүсэлтийг газар дээр нь хурдан шуурхай шийдвэрлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзалтын танхимаас шууд ярилцаж, улмаар дээрх асуудал биелэх боломжтой болсныг дуулгасан юм. 
   Салбарын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсанаар ийнхүү баталгаажиж байна. Тодруулбал, уг жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 1 дэх хэсэгт “Илчит тэрэгний түлш шүүрийн цехийн засварчин”, 27 дахь хэсэгт “Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч, нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин” гэсэн ажил мэргэжлийг дээрх ангилалд шинээр нэмж оруулжээ. Уул уурхай,  хүнд үйлдвэрийн салбарт ажиллагсдад нэн чухал уг шийдвэрийг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг баталгаажуулж хэлсэн нь уурхайчдын талархлыг хүлээв.  
   Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн голлох ажил мэргэжилд тооцогдох дээрх мэргэжлүүд  энэхүү ангилалд орсноор хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох эрх уурхайчдад нээгдэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар ийм нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гарах юм.  Өөрөөр хэлбэл, ердийн нөхцөлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад 4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, харин халуун, хортой нөхцөлд ажилладаг бол өөрөө хүсвэл 45 насандаа тэтгэврээ тогтоолгох боломжтой юм. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. Мөн л эрэгтэй даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгох эрхтэй болж байна.
 
М.Балжинням
 


 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог