Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 08 4-р сар 2019

     “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Эрд сүлж” компани хөдөлмөр хамгааллын 17 нэр төрлийн хувцас, хамгаалах хэрэгсэл оёж, 2017 оноос үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг баяжмалын уут нийлүүлдэг болсон. Ингэхдээ холбогдох хэлтэстэй хамтран ажиллаж захиалгын дагуу 100 мянган ширхэг баяжмалын уут үйлдвэрлэн, 6000 уут нөөцөлжээ. “Эрдэнэт” үйлдвэр баяжмалын уутаар дотоодын хэрэгцээгээ хангаснаар импортын бүтээгдэхүүнээс татгалзах, ажиллах хүчээ дэмжин урамшуулах, чанарыг эрхэмлэх зэрэг олон давуу тал гарч байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг үйлдвэрлэлийн зардал бууруулах, тоног төхөөрөмжийн найдвартай байдалд онцгой анхааран ажиллаж байна. Тус хэсэг оны эхний улиралд төлөвлөснөөсөө 150 мянган тонн хүдэр илүү хүлээн авч, 178 мянган тонныг давуулан боловсруулжээ.
     Энэ сард хоёрдугаар шугамын ММС2 тээрэм, ирэх зургаадугаар сард МПС2 тээрмийн хуяг солих ажил төлөвлөсөн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 2015 оноос хойш шат дараатай нэмэгдэхэд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээний чанар ихээхэн нөлөөлсөн гэж Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир онцоллоо.


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Даваа, 08 4-р сар 2019 00:00

Эрсдэлийн үнэлгээ хийв

     “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд ашигладаг 73 цөмийн хэмжүүрийн цацраг үүсгүүрийн техникийн төлөв байдалд эрсдэлийн үнэлгээ хийв. Цаашид ашиглах боломжгүй цацрагийн үүсгүүрийг устгалд оруулах, бүрмөсөн шилжүүлэн хадгалалтад өгөх судалгааг гаргажээ. Мөн компанийн хэмжээнд өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх “Зөвшөөрөл” цаасан хэлбэртэй байсныг Баяжуулах үйлдвэрийн ХАБЭАлба, ХТМАЦ-ийн инженерүүд хамтран программ боловсруулан цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Т.БАТ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийнхэн бүтцийн нэгжийн Үйлдвэр техникийн товчоодын инженерүүдтэй нэгдүгээр улирлын дараа хурал зөвлөгөөн хийдэг уламжлалтай. Энэ удаагийн хурлыг дөрөвдүгээр сарын 16, 17-нд хийхээр товложээ. Хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, 2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, цех хэлтсүүдэд зөвлөмж өгөх, хоёрдугаарт, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад юу нэмэх, “Эрдэнэт” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсонтой холбоотой үндсэн хөрөнгө худалдан авах шаардлагын дагуу бичиг баримт, программыг хэрхэн яаж өөрчлөх, гуравдугаарт, технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардалд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх аж.
     Ойрын гурван жилийн хугацаанд технологийн томоохон тоног төхөөрөмжүүд дээр дорвитой шинэчлэл хийхгүй бол хожим өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн эрсдэлийг тооцож бодлого боловсруулах хэрэгтэйг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцолсон.

М.ОД

 

 

Даваа, 08 4-р сар 2019 00:00

Илчээр боловсруулагч

     Засвар механикийн заводад 40 жилийн хугацаанд ердөө таван монгол эр “Илчээр боловсруулагч” хэмээх ховор мэргэжлээр ажилласан түүхтэй. Эдний нэг нь энэ хөрөг таталбарын эзэн Чумбуугийн  Содсайхан. Ардын  хувьсгалын 50 жилийн ойгоор хорвоод мэндэлсэн энэ эр 100 жилийн ойгоор 50 насны босго алхана. Айлын нэгдүгээр одонгийн хүү. Нэлээн хөдөлгөөнтэй дэггүй хүү боксоор хичээллэн хөнгөн жинд барилдаж явжээ. Чөлөөт бөхийн өсвөр үеийн хүүхдийн барилдаанд мөнгөн медаль хүртэж явсан удаатай. МУГД Ш.Бат-Орших багшийн анхны шавь нарын нэг. Энэ бүхэн түүний амьдралын содон тохиол. Эцэг, эхээс олуулаа болохоор нэг, нэгнийгээ өсгөх. Ахынх нь хувцас түүнд, түүнийх дүүд нь очдог тэр үеийн олон хүүхэдтэй айлын амьдралын бичигдээгүй хууль тэднийд ч үйлчилдэг байж. Тухайн үеийн сурах бичиг солигдох нь ховор. Ах, эгчийнхээ хичээлийн номыг дараа жил нь дүү нар нь үзэх жишээтэй. Анх сургуульд орохдоо хөх даалимбан цүнхтэй орж байснаа тод санадаг гэх. Тэр Эрдэнэтийн анхны цэцэрлэгээр хүмүүжиж, хорооллын гэр сургуульд суралцан, 1980 онд шинэ хичээлийн байранд оржээ. Зуныхаа амралтаар Булганы Хишиг-Өндөрт эмээдээ очиж тусална. Сумын төвд цөөн тооны малаа хариулна.  Аав ээжээс хайрласан нэр нь содон, ажил, амьдралын замнал нь ийм нэгэн бол  Содсайхан бөлгөө. Том эгч нь Орхон аймагт  суурьшсанаар  Чумбуу гуайнх Эрдэнэтийн айл болжээ. Түүний аав, ээж   Булганы Хишиг-Өндөр, Могодынх. Аав нь Эрдэнэт хотын Шуудан холбооны салбарын анхдагч. Харин ээж нь Хайдавын Балжинням гэж 80 гарсан буурал өдгөө энх тунх амьдарч явна. Нэгэн үед аав нь Холбооны техникч. Ээж нь цэцэрлэгийн тогооч. Хорооллын эцсийн гуравдугаар сургуульд гэрээсээ тавуулаа сурдаг байв. Содсайханы  хүүхдүүд ч энэ хорооллын сургуульд суралцаж төгсжээ. Эдний том хүү нь гадаадад ажиллаж амьдардаг. Удаах нь Боловсролын их сургуулийн  оюутан. Бага нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч гэнэ. “Хотын төвд байранд амьдраад хоёр жил боллоо. Эхлээд байранд ороод хийх юм олдохгүй эвгүй байсан. Гэр хороололд бол ус, түлээгээ бэлтгэнэ. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэхээс эхлээд ажил мундахгүй. Тэгэхээр хүн орчин нөхцөлдөө амархан дасах юм” гээд инээмсэглэн ярих. Айлын 10 хүүхдийн нэг тэрээр ах дүү наймуулаа Эрдэнэт үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлснийг их хувь тавилан хэмээнэ. Түүний ах дүүс нь Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Автотээврийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Эдний бүлгийнхэн ач, зээ нийлсэн 80 гаруй хүн болсон гэх. Тэр багын тээврийн жолооч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөөр Хялганатын техникумд суралцан механикч мэргэжил эзэмшсэн байна. Улмаар Зүүн баянгийн цэргийн ангид танкийн механикч жолооч болж, хоёр жилийн алба хаажээ. Дараа нь Эрдэнэтийн хүнсний үйлдвэрт слесарь, механикаар ажиллаж байгаад Сургалтын төвд ган хатаагч мэргэжил эзэмшив. Монгол улсын хэмжээнд Засвар механикийн завод машин үйлдвэрлэлийн хамгийн том объект. Үүний дотор Цутгуурын цех өвөрмөц онцлогтой. Энэ цехэд “термист” хэмээх мэргэжлээр ажиллаж, нэрийнх нь утгыг ч мэдэхгүй явлаа. Тэгсэн “ган хатаагч” байсан юм билээ гээд инээд цалгиулан хөхрөх. Тэрбээр Хасбаатар, Энхтөр нарын ахмад ажилчидтай гар сэтгэл нийлэн ажилласан бол эдүгээ тэдний үр хүүхдэд нь зааж сургаж яваа үе дамжсан баялаг бүтээгч. Өөрөөр хэлбэл уулын спортын ОУХМ Энхтөр агсны хүү мастер Мөнхтөр тэргүүтэй 12 залуусын багш нь Чумбуугийн Содсайхан бөлгөө. Илчээр боловсруулагч мэргэжлээр 23 жил буюу хамгийн удаан  ажилласан нь Ч.Содсайхан. Нэг удаад 40 тонн металлыг цельсийн 1100 хэмд хайлж хатаана. Халуун нөхцөлд галтай харьцана. 20 килограммаас 12 тонн хүртэлх металлыг зөөвөрлөж хатаадаг нүсэр ажлаар нь бахархмаар. Учирлаваас төмрийг зууханд улайсгаад кранаар өргөн хөргөлттэй усанд хийж хатаан металлын чанарыг сайжруулна. Ингэснээр эдэлгээнд тэсвэртэй болж, металлын дотор бүтэц нягтаршдаг аж. Уг үйлийг гүйцэтгэгчийг илчээр дахин боловсруулагч хэмээнэ. Түүний ажлын онцлог энэ. Цутгуурын цехэд вакуум хэвний технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр элс, шороог дахин ашиглах болсон. Ингэснээр эдийн засгийн хэмнэлт гарсан төдийгүй механик ажиллагаа багасан ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчилжээ. Түүний мэргэжлийг эдүгээ дөрвөн хүн эзэмшин ажиллаж байна. Тэр ажиллах хугацаандаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилд идэвхтэй оролцон, ажилчин хүний эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлсэн олон санал санаачилга гаргаж, өнгөрсөн онд 5133тн цутгамал бүтээгдэхүүнд илчийн боловсруулалт хийжээ. Мөн зуухнуудыг шинэ аргаар доторлох их засварын ажил хийж, илчийн боловсруулалтад орж буй цутгамлыг зөв ачаалснаар ажлын бүтээмжийг сайжруулан,гурван шатлалт тарифыг мөрдсөнөөр улирал бүр цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргасан байна. “Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслийг зохих журмын дагуу тогтмол хэрэглэж занших чухал. Энэ нь өөрийгөө болоод өрөөлийг эрсдэлээс хамгаалж,олон жил эрүүл явах нөхцөлийг  бүрдүүлнэ. Эрүүл байхад хүн ямар ч ажлыг хийнэ. Утаа, тоостой орчинд нүдний шил, каск, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн хэрэглэж ажиллах нь бидний үүрэг. Дээр нь ажил, амралтаа зөв зохицуулж явах нь үр бүтээлтэй ажиллахын үндэс юм” хэмээн тэр ярилаа. Ажил, амьдралын зөв дадал эзэмшсэн “Илчээр боловсруулагч”-ийн үйлс өөдрөг явна.


Т.БАТЧУЛУУН

     Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас энэ оны эхний улиралд нийгмийн хариуцлага,  ажилчин хүний төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай ярилцлаа.

     -Оны эхний гурван сард танай цех ажиллагчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ямар ажил амжуулав?
    -Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахаас гадна ажиллагчдад хандсан ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Бид цехийн Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран нэлээд ажил хийсэн. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, харж хандах хүнгүй, асран хамгаалах үр хүүхэд цөөтэй, хүнд өвчтэй, амьдралын бэрхшээлтэй хүмүүстээ дэм болох зорилгоор ажилчдын дунд сайн үйлсийн аян өрнүүлж, гурван ахмадад хандив хүргүүлсэн. Манай ажилчдад гэр бүлийнхний дэмжлэг хамгийн чухал. Тийм болохоор өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхэнд Баяжуулах үйлдвэрт шинээр орсон ажилтнуудын ар гэрийнхнийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгууллаа. Тэднийг цехийн дарга хүлээн авч уулзаж ярилцсан. Үйлдвэрийн ажлын байрны нөхцөл байдалтай биечлэн танилцсанаар хань ижлээ халамжлах, сайн амрааж ажилд нь бэлтгэхэд чухал нөлөөтэй. Ар гэрийнхэн нь дэмжсэнээр ажилчид сэтгэл тайван хөдөлмөрлөнө, цаашлаад эрүүл мэндэд нь ч сайнаар нөлөөлнө гэж бид үздэг. Залуучуудын холбоо, Орхон аймгийн цусны төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай үйл ажиллагааг уламжлал болгон жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг. Гуравдугаар сарын гурванд болсон уг ажиллагаанд 20 гаруй ажилчин цусаа хандивлан, сайн үйлсийн аянд нэгдсэн. Аяны үеэр тус төвийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, цусаа хандивлах нь хүний алтан амь аврах, хүмүүнлэгийн ямар их ач буянтай үйлс болохыг тайлбарлан таниулсан. Энэхүү сайн үйлсийн аян нийгэмд тустай хүн байхыг залууст ухааруулсан хүмүүжлийн ач холбогдолтой ажил юм.

     -Танайх чийрэгжүүлэлтийн төвтэй болсон. Ямар шинэлэг ажил зохион байгуулж байна?
    -Хэсэг бүрийн нэрэмжит тэмцээнүүдийг чийрэгжүүлэлтийн төвдөө явуулж байгаа. Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран “Эрүүл чийрэг ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Туршилтын журмаар даваа, лхагва, баасан гарагт суугаа ажилтай хүмүүсийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил  хийж байгаа.

     -Цаашдаа ажилчид тэдний гэр бүл рүү хандаж хийх ажлын талаар...?
    -Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Засгийн газрын тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ хүрээнд ажилчдынхаа гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн ажлыг эрчимжүүлнэ. Манайх 1100 гаруй ажилтантай, түүний ард 1300 гаруй хүүхэд байдаг. Манай ажилчид үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахаар өглөөнөөс үдшийн бүрий хүртэл 12 цагийн ээлжээр ажилладаг. Хүүхэд гэр бүлийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийг урьж, хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгүүлэх, нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хурц асуудлаас урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа  чиглүүлнэ.

     -Шинэ ажилчдыг төлөвшүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна?
    -Шинэ ажилтан туршилтын гурван сарын хугацааг давж байж жинхэлдэг. Бид эхний хоёр сард ахмад, туршлагатай ажилтнуудад дагалдуулан ажлын байранд нь тасралтгүй сургалт явуулдаг. Тэдэнтэй бид ярилцлага хийдэг. Хамт олны дунд ороход  ямар байдал угтаж байна, цаашид юу хүсч мөрөөдөж байна, шинэ хүний нүдээр харахад ямар алдаа дутагдал байгаа талаар ярилцдаг. Мөн  дүрэм журам танилцуулах ажлыг байнга хийж байна. Түүнчлэн олон нийтийн ажилд  залуусаа  түлхүү оролцуулах бодлого барьдаг.

     -Аав, ээжийгээ залгамжлан ажиллаж буй залуусын талаар та юу хэлэх вэ? Зарим тохиолдолд тэднийг ажилдаа дур сонирхолгүй, үүнээс шалтгаалан ажилдаа хайрхрамжгүй ханддаг, цалгар назгай “нялцгай” гэх хүмүүс байдаг?
     -Нэг хоёр хүн ажилдаа хариуцлагагүй хандах, хөдөлмөрийн сахилга зөрчих, асуудал гарахад бүхнийг хамарсан ойлголт бий болгоод байна. Яг тулаад харьцахад шинэ ажилтан болгон тиймгүй. Сурагч, оюутны ширээнээс ажилчин болж буй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм, алдаж онох зүйл гарна. Хүнд, тасралтгүй үйлдвэрийн хувьд ажлын нөхцөл хүндхэн, шөнө ээлжинд ажиллах гээд хэцүү зүйл тохиолдоно. Үүнийг даван туулж, ажилдаа нягт нямбай хандах, богино хугацаанд дадлагажих нь чухал. Сүүлийн үеийн залуус биеийн эсэргүүцэл муутай байх нь ажиглагдаж байна. Ажилд ороод жил болоогүй л хурц хэлбэрийн хүнд өвчлөл илэрч байна. Ийм тохиолдол хэд хэд гарсан. Суурь өвчтэй хүн  хүнд нөхцөлд ажилласнаас даамжирдаг байх. Иймээс шинээр ажилд орж буй хүмүүсийг эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд чанартай хамруулах хэрэгтэй гэж боддог.

     -Эрдэнэт үйлдвэрт хүн ажилд авахад ямар зарчим баримталбал зохистой гэж та үздэг  вэ?
   -Сонгон шалгаруулалт хамгийн үр дүнтэй, оновчтой арга. Шинээр ажилд ороход баяжуулагчийн мэргэжлээр туршлагатай хүн ховор ч цахилгаанчид, гагнуурчдын хувьд өөр салбарт, мөн гадаадад ажиллаж мэргэшсэн хүмүүс байдаг. Сонгон шалгаруулалтаар орсон хүмүүс мэргэжил, ур чадварын хувьд хамаагүй илүү гэдгийг инженер техникийн ажилтнууд, анхан шатны удирдлагууд батлан хэлдэг. Ажил мэргэжлийн уралдаанд ч тэд товойгоод гараад ирдэг.

     -Ярилцсанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог