Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 07 3-р сар 2019

     Олон хүний зүрхэнд уярал ухаарлын оч бадрааж, урсах нулимсны мэлмэрээ нь хайрынх гэдгийг харуулсан “Ижийдээ захидал бичээрэй” уралдааны нэгдсэн дүнг танилцуулсан баярын нэвтрүүлэг амжилттай зохиогдлоо. Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил 80 гаруй захидал иржээ. Хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн талархалын захидал болоод ээжтэйгээ өнгөрүүлсэн гэгээн дурсамжаа хуваалцсан бодрол ухаарлын захидал ч энд байсан. Тэдгээр элдэв маяггүй хэрнээ ижийгээ хайрласан утга төгөлдөр захидлуудыг “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчид “амилуулж”, уригдан ирсэн зочдод уран сайхнаар уншиж өгсөн нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.
     Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд зохиогдсон энэхүү захидлын уралдааны шүүгчээр Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухааны доктор, яруу найрагч, зохиолч Ж.Баатархүү, ОНХА-ны Ерөнхий редактор Ч.Бадрал, “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч Я.Энхтуяа нар уригдан оролцож, шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулсан байна. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Нийтийн хоолны хэсгийн нярав Э.Сугар, ХМТАЦ-ийн ажилтан Б.Солонго, Баяжуулах үйлдвэрийн Инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг нар эхний гурван байрт шалгарч, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, өндөр настан Ц.Балдорж, Технологийн сургуулийн багш Б.Алтансанаа нар удааллаа.
     Өнгөрсөн жилийн уралдаанд 50 орчим захидал ирж байсан бол энэ жил уралдааны цар хүрээ өргөжиж, үйлдвэрийн ажиллагсдаас гадна Орхон аймгийн иргэд, хүүхэд багачуудаас олон захидал ирүүлснийг зохион байгуулагчид онцолж байна. “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд ирэх жил заавал оролцоно гэсэн гэгээн бодол тээсээр танхимд цугласан үзэгчид маань нэвтрүүлгээ өндөрлөлөө. Урсах нулимс дотоод сэтгэлийн илэрхийлэл байдаг гэдэгсэн. Олон олон хүнд тийм нэг гэгээлэг өдрийг бэлэглэсэн, уралдааныг санаачлан зохион байгуулагч Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч П.Энхтуяад талархах нь зүй билээ. Ээж бүхэн энх жаргалтай байж, бүүвэйн дуугаараа бүх дэлхийг уяраах болтугай.

И.ЧИНТОГТОХ

Пүрэв, 07 3-р сар 2019 00:00

"Эрдэнэтийн эмэгтэйчүүд"

Гэрэл зурагчин Б.БАТТӨГС

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан баялаг бүтээгчдийн эгнээнд хөдөлмөрлөж яваа уурхайчин бүсгүйчүүдээ магтан дуулахыг хүслээ. Бүсгүй хүн уул уурхайн хүнд техникийг чадмаг жолоодож, баяжуулах үйлдвэрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахыг харахад бахдам, бас омогшим. Чадвартай, мэргэжилдээ эзэн болсон ийм л 2000 эмэгтэй Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн болоод хэтийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явна. Тэдгээр сайхан бүсгүй, сайн ээж, шилдэг уурхайчиддаа зориулан Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найраг Дамбийн Дашдондов нэгэн шүлэг тэрлэсэн нь “Уурхайчин бүсгүй” юм. Энэ шүлэг дуучныхаа захиалгаар “амилж”, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Бадарчийн Бямбаярын ая оруулснаар 2018 онд анх удаа тайзан дээр эгшиглэсэн билээ.
     Эрдэнэбатын Номинчимэг гэх эгэл даруухан уран сайханч, дуучин бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын төлөөлөл мөн. Түүний аав, ээж хоёр мөн л уурхайчин. Гэхдээ тэд урлагт элэгтэй уран сайханч гэр бүл байснаар охиныхоо бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтыг “Уурхайчин бүсгүй” хэмээн нэрийдсэн гэдэг. Алив дуу эзнээ олж, ая дан нь таарснаар олны сонорыг мялаасан, түмэнд түгэх дуу төрдөг учиртай. Тийм л жимээр “Уурхайчин бүсгүй” дуу түмэнд түгжээ. Өнгөрсөн онд Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд32 уурхайчин бүсгүй энэхүү дууг дөрвөн өнгө салгаж дуулсан нь сонин, содон үйл явдал болсныг үзэгчид онцолж байсан. “Уурхайчин бүсгүй” дуу өнөөдөр ч эгшиглэж, уянгат хөг аялгуу нэмсээр байна.
     Бүсгүйчүүдийн баяр тохиож буй энэ өдрүүдэд дуу төрсөн дурсамжаас хуваалцаж, Дамбийн Дашдондов багштай уран бүтээлийн талаар цөөн хором ярилцаж суухад тэрээр, “Би сурган хүмүүжүүлэх багшаар 15 жил, Эрдэнэт үйлдвэрт 12 жил, дараа нь “Уурхайчин” соёлын ордонтой хувь заяагаа холбож 5 жил ажилласан байдаг юм. Энэ хугацаанд уурхайчдын дунд хөдөлмөрлөж явсан үеэ бодон бодон “Уурхайчин би” дуугаа 1996 онд бичиж байлаа. Харин “Уурхайчин бүсгүй” дууг Э.Номинчимэг маань их эвтэйхэн дуулж олонд хүргэсэн. Ая нь ч тэр, дуулалт нь ч тэр их аятайхан болсонд баярлаж явдгаа хөгжмийн зохиолч, дуучин хоёртоо уламжилъя. Энэ дуу маань “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” уралдаанд эхний аравт шалгарч байсныг тодхон санаж байна. Ер нь хаа газар дууг минь дуулаад явж байгаа уурхайчдаа харах их сайхан. ЗМЗ-ын хэсэг залуус Сутай хайрханд авиралт хийж, оройд нь гараад “Уурхайчин би” дуугаа дуулсныг сонин дээрээсуншаад сэтгэл их догдолж билээ. “Уурхайчин бүсгүй” дуугаа бүсгүйчүүд маань дуулж байгаасай гэж хүсдэг” хэмээсэн.
     Яруу найрагч хүн аз жаргалыг уран бүтээлийн олз омог, түүн дундаа олны хүртээл болсон бүтээл бүхнээсээ хүртдэг нь лавтай. 2018 онд “Сэтгэлийн урлан” шүлгийн түүврээ хэвлүүлсэн Д.Дашдондов багш урын сандаа 270 орчим дуутай.Тэрээр хамгийн сүүлд Халх голын сэдэвт хүүхдийн найрал дуун дээр ажилласан бөгөөд энэ сарын 15-нд ЦДБЭЧ-ын нэгдсэн тоглолтоор олонд хүрэх ажээ. Оюуны уурхай гэгддэг Эрдэнэт хотод маань авьяаслаг уран бүтээлчид олон байдаг нь сайшаалтай. Дашрамд сонирхуулахад, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооноос “Шилдэгийн шилдэг бүтээл” өргөмжлөл хүртсэн “Бөртэ” хөгжимт драм, Монголдоо анхны фольк дуурь буюу түүхэн язгуур дуурь гэж нэрлэгдсэн “Есүхэй”, “Ану хатан” дууриуд Эрдэнэтчүүдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаасан.Эдгээр бүтээл мөн л зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондов, хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов нарын хамтарсан томоохон уран бүтээл юм. “Есүхэй” буюу “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны шилдэг бүтээлээр шалгарч байсан. Уран бүтээлийн тухай хүүрнэсэн яриа ийм.
     Ингээд уул уурхайн салбарт нэр төртэй ажиллаж яваа бүсгүйчүүддээ зориулан “Уурхайчин бүсгүй” дуугаараа баярын мэнд хүргэе.

Амьдрал дэвжээсэн уурхайгаа
Алдар нэр шигээ хайрладаг аа би
Ачийг нь зүтгэлээр хариулахаар
Агшин бүрийд хичээдэг ээ би
   Уурхайчин бүсгүй бидний
   Утга төгөлдөр амьдрал энэ ээ
   Уурхайчин бүсгүй миний
   Уйдаа нь үгүй дуу минь энэ ээ
Эрдэнэ ундраах үйлдвэрээ
Эцгийнхээ нэр шигээ хайрладаг би
Эрдэм дөрөөлсөн ажлынхаа
Эзэн байхыг хичээдэг ээ би
   Хамгаас сайхан мэргэжлээрээ
   Хаана явлаа ч бахархдаг аа би
   Халуун сэтгэлийн түшигтэй
   Хамт олондоо баярладаг аа би
Харцанд уусдаг ханийнхаа
Хайрын сайханд жаргадаг аа би
Энхрий хөөрхөн үрсийнхээ
Ирээдүйн сайханд итгэдэг ээ би


И.ЧИНТОГТОХ