Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 3-р сар 2019

     Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилга бат, ажлын  байрны асуудалд хэрхэн анхаарах талаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж эхэллээ. Онцгой дэглэмийн үед улсын онцгой объект болох Эрдэнэт үйлдвэр дээр ажлын цаг ашиглалт, эмх цэгц, ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашид ямар зарчим баримтлах талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хүний нөөц, цалин хөлсний хэлтэс анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан дөрвөн өдрийн турш ажлын байрны үзлэг хийж, ажилчдын цаг ашиглалтыг хянахын зэрэгцээ Ерөнхий захиргааны байранд өдөрт хэдэн хүн, ямар зорилгоор үйлчлүүлдэг болохыг судалжээ.
     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Захиргааны хоёрдугаар байр 300 гаруй ажилтантай. Ажлын байрны хяналт, тандалтаар тус байранд үйл ажиллагаа явуулдаг хангамж, их барилга, олон нийттэй харилцах алба болон санхүүгийн хэлтсийн нийгмийн даатгалын нягтлан байнгын зочин хүлээн авч, өдөрт дунджаар 120-130 хүнд үйлчилдэг нь тогтоогджээ. Ингэхдээ иргэдэд “Түр” ба “Зочин” гэсэн үнэмлэх олгож нэвтрүүлдэг байсан бол тодорхой хугацаанд “Зочин” үнэмлэх хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг албаны хүн мэдээллээ. Мөн дээрх үзлэгийн үеэр иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, удаан хугацаанд хүлээж байгаа хүмүүстэй уулзан, учир шалтгааныг нь асууж тодруулжээ.
     Хяналт, шалгалт хийсэн холбогдох албаныхан “Засгийн газрын 91-р тогтоолыг сайн сурталчлах хэрэгтэй юм байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч, зочны уулзалтын өрөөтэй болох,  Нийтийн хоолны хэсгийн түргэн хоолны газрыг цайны цагаар ажиллуулах, “Түр” үнэмлэхний журам батлах, камержуулалт хийх зэрэг шат дараатай ажил тусгаж, ажилчдыг цагтаа ирж, цагтаа тарах нь бусдаар хэлүүлэх, хянах, шалгах асуудал биш гэж үзсэн байна.
     Үйлчилгээ аж ахуйн алба саяхнаас угтах үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйлчилгээний ажилтан гаднаас ирсэн зочныг ямар ажлаар, хэнтэй уулзахаар ирснийг лавлаж, тухайн ажилтан уулзах боломжгүй юмуу байхгүй тохиолдолд мэдээллийг тэр дор нь өгч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.


И.ЧИНТОГТОХ  
 

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө гуравдугаар сарын эхний 10 хоногт 100-аас дээш хувийн үзүүлэлттэй биелсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сарын эхний 17 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гүйцэтгэл ямар явцтай байгаа талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдоржоос тодрууллаа.

     - Сарын эхний хагаст үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан үйлдвэрийн Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал гуравдугаар сарын 7-ны өдөр гарсан. Уг тушаалд тодорхой зорилтууд, хариуцлага, зохион байгуулалтыг өндөржүүлэх заалтууд тусгагдсан байгаа. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна. Өнөөдөр сарын эхний 17 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт гарсан. Энэ хугацаанд бид 59,7 мянган метр куб уулын  цул гаргаж, төлөвлөгөөг 105,3 хувиар биелүүлж байна. Хүдэр боловсруулалт 20,7 мянган тонн буюу 101,4 хувиар тус тус биеллээ. Хүдэр дэх металлын агуулгын хувьд энэ сард бид зэсийг 0,460 хувь, молибденийг 0,014 хувь гэж төлөвлөсөн. Эхний 17 хоногийн байдлаар хүдэр дэх зэс 0,456 хувьтай байгаа ч бид төлөвлөгөөт үзүүлэлтэнд хүргэхээр ажиллаж байна.  Харин хүдэр дэх молибдений агуулга 0,017 хувийн үзүүлэлттэй байгаа. Зэсийн металл авалтыг 88,3 хувиар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 88,9 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100,8 хувиар биелүүлж явна. Молибдений металл авалтыг 48,5 хувиар төлөвлөснөөс 49,5 хувийн гүйцэтгэлтэйгээр 102,2 хувиар биелүүлсэн. Зэсийн баяжмал ачилт 157,2 тонн буюу 102,6 хувиар биелж, 433 вагон ачилт хийжээ. Энэ нь төлөвлөснөөс таван вагон илүү ачилт хийж, төлөвлөгөөг 101,2 хувиар биелүүлсэн гэсэн үг.  Ер нь  үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа  цаг хугацаанд нь сахилга хариуцлагын өндөр хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд холбогдох цех нэгжүүдэд онцгой дэглэмийн үед хэрхэн  ажиллах тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулан чиглэл өгч ажиллаж байна.

     - Оны эхний улирлын ажлын гүйцэтгэл, дүн үзүүлэлт удахгүй гарна. Өнгөрсөн онд манай баялаг бүтээгчид үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ түүхэн өндөр хувиар биелүүлсэн. Тухайлбал, металл авалтын хэмжээг 89 хувьд хүргэсэн гэх мэт. Тэгвэл энэ онд энэ үзүүлэлт ямар төлөвтэй байх бол?
     - Металл авалтын үзүүлэлт бол Баяжуулах үйлдвэрийн технологи болон хүдрийн агуулгаас  шууд хамаардаг. Мэдээж, ордын нөөц бас чухал нөлөөтэй. Бид энэ онд 88,3 хувь гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Сар, улирал,  жилийн эцэс болон үйл ажиллагааны явцад  энэ үзүүлэлт  хэрхэн биелэх нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар л гэхэд бид металл авалтыг 88,9 хувьд хүргээд байна. Ингэснээр боломжийн үзүүлэлттэй дүр зураг харагдаж байгаа.

     - Манай үйлдвэрт техникийн шинэчлэл үе шаттай хийгдэж байгаа. Үйлдвэрлэл найдвартай, тогтвортой үргэлжлэх хамгийн гол үндэс нь мэдээж техникийн бүрэн бүтэн байдал. Техникийн шинэчлэлийн үр нөлөөг та хэрхэн тодорхойлох вэ?
     - Техникийн шинэчлэлийн ажил үйлдвэрлэлийн хэвийн үйл явц болон төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлтэнд хамгийн гол эерэг нөлөө үзүүлж байгааг онцлон хэлье. Уурхайчдын хичээл зүтгэл, техникийн найдвартай байдал нь бидний ажлын амжилтын үндэс болдог нь ойлгомжтой. Цаашид бид техникийн шинэчлэлтэйгээ  уялдуулан ойрын болон урт хугацааны зорилт, том төслүүдээ эхлүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж,  тэр чинээгээрээ үйлдвэрийн маань үйл ажиллагаа өргөжинө. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжлийн цогц бодлогод тусгагдсан технологийн таван төслөө эхлэх нь чухал байна.


М.Балжинням



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гэрээт Гал унтраах, аврах 58-р ангид шинэ авто машин нэмэгдлээ. ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 273 морины хүчин чадалтай, гал унтраах зориулалтын Урал маркийн автомашиныг албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилтын хүрээнд нийлүүлж буй аж.
     Онцгой Байдлын Ерөнхий Газраас хэрэгжүүлж байгаа Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх стратеги зорилтын дагуу харьяа анги, нэгтгэлүүдэд техникийн шинэчлэл хийж байгаа юм байна. Гал унтраах, аврах 58-р ангийнхан шинэ техникээ энэ сарын 18-ны өдөр хүлээн авчээ.


 М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт ажилчдын 98 хувь нь хамрагдлаа. Энэ сарын 15-ны байдлаар үйлдвэрийн 5999 ажилтан, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 313 хүн, 1581 ахмад настан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бөгөөд хугацаандаа амжаагүй ажилчдыг ирэх тавдугаар сард эхлэх 2019 оны төлөвлөгөөт үзлэгт хамруулахаар болжээ. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК жил бүр нийгмийн хамгааллын зардалдаа хөрөнгө төсөвлөн, уурхайчдаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулдаг. Энэ нь хэвийн бус ажлын нөхцөлд тооцогддог уул уурхай компанийн ажиллагсдад үнэтэй хөрөнгө оруулалт болж, өвчнөө эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийлгэхэд өндөр ач холбогдолтой юм. 

 


И.ЧИНТОГТОХ
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд шат дараатай ажлууд хэрэгжүүлж эхэлсний нэг нь олон улсын зэрэг олгох гагнуурын сургалт юм. Уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн сургалтанд мэргэжлийн 5, 6-аас дээш буюу түвшин ахисан зэрэгтэй 50 гагнуурчин хамрагдаж байна. Тэд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын зэрэгтэй төгсөх юм. Сургалтыг үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс, Эрчим хүчний яамны Түлш эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд уг хичээлийн 80-90 хувь нь дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.
    Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт үндсэн 315, хосолмол мэргэжилтэй 500 гагнуурчин, 100 гаруй зүсэгч ажилладаг. Эдгээр гагнуурчдын 60-70 нь ахмад ажилтны тоонд орсон тул залуу боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гагнуурчид 14 хоногийн турш даралтат сав, өндөр даралтын хурдасгуурын шугам, шугам хоолой, металл хийц гагнах, сэргээн засварлах чадварт суралцаж, онол, дадлага хосолсон шалгалт өгснөөр олон улсын зэргээ баталгаажуулна.  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              
  

И.ЧИНТОГТОХ

     Монгол улсын төсвийн 82 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэлийн эхний хоёр сарын статистик үзүүлэлтээр зэс хамгийн өндөр буюу 259,8 тэрбум, жонш 3,3 тэрбум, төмөр 4,3 тэрбум, алт 5,1 тэрбум, цайр 11,5 тэрбум, нүүрс 184,2 тэрбум, бусад 9,7 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

     Мөн хугацаанд аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрс 8 сая тонн, зэсийн баяжмал 239,1 мянган тонн, алт 856,2 кг, молибдений баяжмал 817,0 тонн, төмрийн хүдрийн баяжмал 383,3 мянган тонн, хайлуур жоншны баяжмал 1,3 мянган тонн, цайрын баяжмал 15,9 мянган тонн, баррель газрын тос 1,1 сая тонноор үйлдвэрлэжээ. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайрын баяжмал өссөн дүнтэй гарлаа.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 И.ТОГТОХ

Бүлэг Үйлдвэр
Даваа, 18 3-р сар 2019 00:00

Залуучууд хүчээ нэгтгэж байна

     Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв оны ажлаа төлөвлөн, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Орхон аймгийн их дээд сургуулиудын Оюутны холбоо, 21 багийн салбар зөвлөлийн төлөөллүүдэд танилцуулга уулзалт зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг эдгээр байгууллага 2019 онд зорилго нэгтэй ажиллаж, Шилдэг төрийн бус байгууллага, Шилдэг оюутан, Шилдэг салбар зөвлөл төрлөөр ажлаа дүгнэх болов.  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          И.ТОГТОХ

 


    

Бүлэг Орон нутаг

     Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш-тактик”-ийн цогцолбор тэмцээн энэ сарын 14-ний өдөр зохиогдлоо. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон тус тэмцээнд хүчний зургаан байгууллагын, 12 тасгийн, 160 гаруй тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.
     Хүчний байгууллагуудад алба хааж байгаа залуучуудын сэтгэлзүйн болон бие бялдарын бэлтгэлийг сайжруулах, тэсвэр хатуужил олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын туршлага солилцох зэрэг олон талын ач холбогдолтой “Марш-тактик” нь жил бүр цогцолбор тэмцээн хэлбэрээр зохиогдож иржээ. Үүнд, хувцасны үзлэг, гранат шидэлт, гир өргөх, 10 км зайд гүйх явцдаа буудлага, саадтай зурвасаар нэвтрэх, шархадсан хүнийг хөнөөлийн голомтоос зайлуулах, буу болон хөнөөх зэвсгээс хамгаалах, норматив гүйцэтгэх зэрэг найман төрөлт тэмцээн хамаардаг байна. Өдрийн турш үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүнгээр 186 дугаар ангийн ахлах ахлагч А.Болдбаяр захирагчтай тасаг тэргүүн байр эзэлж, аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын ахлах ахлагч Г.Энхтөр захирагчтай тасаг, 186 дугаар ангийн ахлах дэслэгч Л.Эрдэнэбилэг захирагчтай тасаг тус тус удааллаа.


И.ЧИНТОГТОХ
 

Бүлэг Орон нутаг

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Энэ хүүхнүүд үү” тэмцээнд 11 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Оролцогчид “Сайхан ирээдүй биднээс” сэдэвт гэрийн даалгавар бэлтгэж, мэндчилгээний үзүүлбэрээр шилдгүүдээ шалгаруулсан юм. “Уурхайчин” соёлын ордонд зохиогдсон энэ жилийн тэмцээнд багууд ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр Ил уурхайн баг тэргүүлж, Засвар механикийн завод, Ерөнхий захиргааны багууд удааллаа. Мөн гурван тусгай байр шалгаруулж, шилдэг дүр 2, шилдэг өнгө төрх, шилдэг мэндчилгээ, шилдэг санаа номинацийн эздийг тодруулсан.

 


И.ТОГТОХ


 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжлийн цогц бодлого, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Чанар хяналтын хэлтсийн түлшний болон металлын лаборатори тоног төхөөрөмжүүдээ шинэчиллээ. 40 жилийн тэртээ байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад дээрх лабораториудын үүрэг их байсан бөгөөд хэмжилтийн багаж улам боловсронгуй болж, хүний гар ажиллагааг багасгасанд шинжээч, мэргэжилтнүүдийн сэтгэгдэл өндөр байна.
    Чанар хяналтын хэлтсийн Түлшний лаборатори нь Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц, Ган бөмбөлгийн цех, Засвар механикийн заводод нийлүүлэгдэж байгаа нүүрсний чанарт хяналт тавьдаг гол газар юм. Мөн Дулааны цахилгаан станцын зуухнаас гарч байгаа үнс, шаар болон тоосны шинжилгээг хийсээр иржээ. 2017 онд Дулааны цахилгаан станц өргөтгөл хийсэнтэй холбогдуулан тус лабораторийн ачаалал нэмэгдэж, нүүрсний илчлэг тодорхойлдог шинэ багаж тавихаас аргагүй байдалд хүрсэн байна. Өмнө ашиглаж байсан багаж нь нэг сорьцоос гурван төрлийн дээж авч, шатаах, хатаах зуухны дамжлагатайгаар нүүрсний чанарыг тодорхойлдог байсан бол эдүгээ нэг удаагийн сорьцоос гурван төрлийн хариуг зэрэг авах боломжтой бүрэн автомат төхөөрөмж суурилуулжээ. Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн энэхүү багаж нь эрчим хүчний болон эд материалын зардлаа хэмнэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт лабораторийнхон итгэлтэй байна.
     Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Металлын лаборатори нь тухайн цехийн үйлдвэрлэлийн технологийн процессын хяналтын шинжилгээг хийх зориулалтаар анх байгуулагджээ. 1994 онд суурилуулсан тоног төхөөрөмж нь 4 төрлийн хэмжилт хийдэг байсан бол шинэ төхөөрөмжтэй болсноор тодорхойлдог бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэж, бүх төрлийн металлын нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой болсныг лабораторийн эрхлэгч Х.Билэгээ онцоллоо. Тус лаборатори шинэ төхөөрөмждөө тулгуурлан үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа бүх төмөр бараа материалын болон Монгол улсын хэмжээнд хэрэглэгчдийн хүссэн төмөрлөг материалуудын шинжилгээг хийхээр төлөвлөжээ.

И.ЧИНТОГТОХ